2024-07-24, Лхагва
17 C
Ulaanbaatar

Ц.Төрбат: Хүннүгийн хаад глобальчлагдсан, жирийн иргэд нь илүү уламжлалаа хадгалсан байж

МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал, доктор Ц.Төрбаттай ярилцлаа.  

-Археологичид  одоогийн цаг үеэс илүү өнгөрсөнд амьдардаг хүмүүс юм биш үү?

-Ажил руугаа оронгуут бид өөр цаг үед оччихож байгаа шүү дээ. Бидний судалж байгаа зүйлс өөр цаг үеийнх болохоор. Би ихэвчлэн хүрлийн үеийг судалж байна. Тэгэхээр 3000-4000  жилийн өмнөх цаг үеийг ойлгохыг хичээж  байгаа юм шүү дээ.  Тэр үеийн эд өлгийн зүйлстэй харьцана шүү дээ, бид.

Тэр үеийн булш оршуулга, тэндээс гарсан олдворууд, хадны зургуудтай харьцдаг. Тэгэхээр тэр үе рүү аялж байна л гэсэн үг.

Бидний ажил  хуучин руу аялж байгаа мөртлөө ирээдүйд зориулж байгаа гэсэн үг.

Ирээдүйн иргэдэд зориулж өнгөрсөн түүхийг бичиж байгаа юм. Өнгөрсөн үеийн соёлын өвийг гаргаж ирэх. Түүх гэдэг бахархал, сургамж, ирээдүйгээ зөвөөр төлөвлөхөд  чухал хувь нэмэр оруулдаг.

-Хадны зураг гэснээс энэ зургууд үнэхээр эртний хүмүүсийн зурсан бүтээл мөн үү. Хадны зургийн кодыг тайлсан эрдэмтэд ч байдаг. Зарим нь энэ бол  харь гаригийн хүмүүсийн бидэнд илгээсэн мессеж гэдэг юм билээ?

-Хадны зургийн он цаг бол нэлээд тодорхой болсон юм. Тэнд эргэлзэх юм байхгүй. Археологийн судалгааны  хоёр үндсэн арга  үнэмлэхүй болон харьцангуй аргаар аль алинаар нь хадны зургийн он цагийг тогтоочихсон юм. Дэлхий дээрх хамгийн эртний хадны зураг гэхэд 42 000 жилийн өмнөх зураг Индонезид  байна. Үнэмлэхүй аргуудыг ашиглаж байгаа юм. Тухайн гадаргуу дээр ямар нэг органик зүйл  тухайн зургийг зурсан будаг дотор байвал үнэмлэхгүй аргаар  физикийн аргаар тогтоож байгаа юм. Эсвэл хаалттай цогцолбор дотор өөрийнх нь орон зайд бусад төрлийн органик зүйл байвал бид тухайн зургийн он цагийг тогтоочихож байгаа юм.

Жишээлбэл Францын Коскьер  гэж агуй бий.  Энэ агуйг хориодхон жилийн өмнө  санамсаргүй байдлаар нээсэн юм. Сонирхогчид орж амжаагүй. Судлаачид шууд анх нээчихсэн. Тэгэнгүүтээ хүн оруулахгүй хаачихсан. Жуулчдын хөлд дэвслэгдэж, орчин нь эвдрээгүй. Хадны зураг хийж байгаа хүмүүс тас харанхуй агуйд бамбар бариад л явж байгаа шүү дээ. Бамбараас унаж байгаа органик үлдэгдлүүд дээр үнэмлэхүй он цаг физикийн аргаар олж тогтоож байгаа юм. Хуучин чулуун зэвсгийн үеэс нааш хөөсөөр хүрлийн түрүү үе, төмөр зэвсгийн түрүү үе гээд хадны зургийн дүрслэл, арга техник бүгд хувьсаж өөрчлөгддөг.

Тэр болгон дээр нь бид  он цагийн схемийг бүрэн гаргачихаж байгаа юм. Энэ чинь бас нарийн мэргэжил.  Хэмжигдэж болдог зүйл.  Коскьер агуйд гэхэд  бамбарын үлдэгдэл, шатсан модон дээр  цацраг идэвхит нүүрстөрөгчийн аргаар он цагийг тогтоогоод хоёр дээж авлаа гэж бодъё.

Нэгийг нь лабораторид өгөөд, нөгөөг нь  Америкийн ч юм уу лабораторид аваачиж шинжлүүлэхэд яг адилхан үр дүн гарна. Шалгагддаг, баталгаатай арга байхгүй юу. Тийм учраас он цаг, ямар хүмүүс хийсэн нь тодорхой. Харин агуулга, утга зүйг тайлах асуудал бол С.Дулам багш шиг утга соёл судлаач хүмүүсийн ажил. Археологичдын хийдэг юм бол хадны зураг дээр  бол зургаа илрүүлнэ, сайн чанартай баримтжуулалт хийнэ. Он цагийг нь тогтооно. Ангилал зүйг нь хийдэг. Ийм төрлийн, ийм техникээр бүтээсэн зургууд байна гээд он цаг, соёлын бүтэн схем зурдаг байхгүй юу. Гэхдээ утга соёлын судалгаа хийдэг археологичид бас олон байдаг.  Тэд бол хадны зургийн агуулгын гүн рүү ордог.

-Юугаар зурсан гэхээрээ өчнөөн мянган жил хадгалагдаж үлддэг юм бол?

-Хоёр, гурван үндсэн техник байгаа шүү дээ.  Зос, бэх, байгалийн гаралтай чанартай будгаар будах, нөгөө нэг арга нь чулуу эсвэл металл үзүүртэй зүйлсээр сийлэх, сараачих, цоолборлох, бүх талбайгаар нь хонхойлгох техник хэрэглэж бүтээж байгаа юм.

Тэр нь ерөнхийдөө сайн хадгалагдана. Гэхдээ он цагийн уртад өнгө нь бүдгэрэх, бороо салхины хурц нөлөөтэй газар бол гадарга нь элэгдэх тохиолдлууд байгаа.

Дроноос өмнө зураг авах гэж элгийн юм болдог байжээ. 1997 онд Эгийн голын Битүүгийн цагаанд.

Чулуун зэвсгийн үеийн зургууд ч Монголд байгаа шүү дээ.

Монголын чулуун зэвсгийн үеийн ихэнхи зураг 12-15 мянган жилийн өмнөх  сийлмэл зургууд байдаг. Дандаа нээлттэй тэнгэрийн дор байгаа.   Хойд Цэнхэрийн агуйнх шиг улаан зосон будгаар зурсан цөөн зургууд бий. Ихэнхи нь сийлмэл зургууд бий. Нэлээд гүнзгий сийлсэн учраас одоо хүртэл хадгалагдаж ирсэн.

-Та бас хадны зургийн дижитал сэргээлт хийх төсөл дээр ажилласан байсан уу?

-Монгол Алтайн хадны зургийн цогцолбор гэж ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн зургууд байгаа юм. Монголоос соёлын салбарт бүртгэгдсэн хоёр дахь Дэлхийн өв. Энэ өв Цагаан салаа, Бага Ойгор, Шивээт хайрхан, Арал толгой гээд гурван том дурсгалыг багтаасан. Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор дурсгалт газар нь нийт 11300 га талбайг эзлэн, Баян-Өлгий аймгийн гурван хэсэг газарт байдаг. Голынхоо хоёр талаар зурагтай. Монголын төдийгүй дэлхийн хамгийн том хадны зургийн дурсгал байж магадгүй.

-Энэ олон зургууд ямар цаг хугацааг хамардаг вэ?

-Чулуун зэвсгийн үеэс авхуулаад дундад зууны төгсгөл хүртэл цаг хугацааг хамардаг. 2011 оноос хойш энэ өв дээр гүйнзгийрүүлсэн судалгаа хийгээгүй. Урьд нь манай академич  Д.Цэвээндорж,  багш, Оросын нэртэй эрдэмтэн В.Д. Кубарев,  Америкийн Э. Якобсон гээд том эрдэмтдийн хийсэн том судалгаа бий.  Тэр хүмүүсийн хэвлүүлж гаргасан номууд бий. Бид яагаад тэнд ажиллаад байгаа гэхээр бидний мэдэж байгаа зарим зургууд тэр номонд ороогүй байгаа юм.

Ер нь баримтжуулалт өөр шатанд гарсан байна. Өмнөх үеийн судлаач гурван том эрдэмтэн маань маш сайн судалж, хамгийн шилдэг зургуудыг хэвлэсэн байна. Гэхдээ бүх зургийг бүрэн хамруулаагүй. Тухайн үед энэ зургууд дэлхийн өвд  хараахан ороогүй байсан. Одоо бол нэгэнт дэлхийн өвд орсон учраас нэг ч хадны зураг үлдээлгүй бүрэн баримтжуулалт хийе гэсэн юм.

Энэ дурсгал маань алслагдсан нутагт байдаг. Баян-Өлгий аймаг Улаанбаатараас 1700 км, хадны зургийн дурсгал ахиад цаашаа 160-170 км-т бий. Үнэхээр гайхалтай дурсгал ч хүн үзэхэд бэрхшээлтэй. Эртний соёл, хадны зураг сонирхдог аялагч, судлаач, сонирхогчдод зориулаад, вэб сайтад тулгуурласан  VR  технологиор  виртуал аялал хийх боломж олгоё гэсэн юм.

Гуравдугаарт орчин цагийн газар зүйн мэдээллийн системийн олон хэрэгслүүд боловсронгуй болсон. Түүнд тулгуурлаад,  дижитал сан үүсгэсэн.

Тэгж байж бүрэн төгс болж цаашдаа судалгаа хийгдэх бааз бий болох юм.

Цаашид судалгаа, сурталчилгаа, аялал жуулчлал гэсэн олон хэрэглээтэй бааз бий болгохыг зорьсон төсөл. Боловсрол шинжлэх ухааны  яам, Монгол судлалыг дэмжих сангаас санхүүжүүлээд хоёр дахь жилдээ ажиллаж байна. Хоёр жилд өмнөх судлаачдынхаас 3,5 дахин олон зураг баримтжуулсан. Тэдний судалгаанд орж чадаагүй, хүрэхэд хэцүү, уулын орой хэц хэсгийн  олон зургийг баримтжуулсан.

Дижитал сэргээлт гэхээр газарзүйн мэдээллийн системд суурилсан жирийн хэрэглэгчид ч нээлттэй программ. Электрон хэлбэрээр бүх зураг бүхий цэгүүдийг нэг товч дараад  үзэж болно.   Хамгийн чухал зургуудыг 3D  хэлбэрээр үзэх боломжтой.

– “Хүннүгийн жирийн иргэний булш” бүтээл чинь Хятад хэл дээр орчуулагдсан байна лээ. Хүннүгийн жирийн иргэний булшнаас юу гардаг вэ, бид ихэвчлэн хаад ноёдын булшнаас гарсан зүйлсийн талаар их ярьдаг?

-Хүннүгийн оршуулгын дурсгал хоёр үндсэн төрөл бий. Нэг нь хаадын булш. Нөгөөдөх нь жирийн иргэдийн гэж нэрлэж байгаа цагирган хэлбэрийн чулуун дараастай булшнууд байгаа юм. Хаадын оршуулгын зан үйл Хятадаас авсан байдаг. Яг Хан улсынх биш түүнээс арай түрүү үеийн. Ялангуяа Чу улсын оршуулгын зан үйлийн үндсэн элементүүд яг тэр чигээрээ байдаг. Хаад нь болохоор хятад маягийн оршуулгын зан үйлтэй. Жинхэнэ уугуул нүүдэлчдийн соёлын онцлогийг илэрхийлсэн зан үйл жирийн иргэдийнх. Хүннүгийн хаад илүү глобальчлагдсан, жирийн иргэд нь илүү уламжлалаа хадгалсан. Юань улсын үетэй харьцуулаад бодоход тэр үеийн хаад бурхны шашинд орсон.  Бүгд санскрид  нэр аваад л. Гэтэл ард иргэд нь бөөгийн шашин шүтсэн хэвээрээ, уламжлалт зан үйлээрээ амьдарч байлаа шүү дээ. Түүнтэй адилхан. Хүннү үндэстэнг ойлгоё гэвэл жирийн иргэдийг судлах учиртай. Хаад бол огт өөр. Зарим нь хятад хатан авдаг, зарим нь жаахан цус холилдсон. Миний энэ зохиол нэлээд олон жилийн өмнөх бүтээл Хятадад орчуулагдаж байгаа юм билээ. “Нэлээд хуучирсан биш үү”  гэж орчуулагч, судлаач нарт хэлэхэд “Энэ түвшний мэдээлэл одоохондоо хангалттай” гэсэн юм. Хэрэгтэй гэж үзээд орчуулсан шиг байгаа юм.

Хүннү хүний тухай ойлголт зузаан. Нэлээд баттай ойлголттой болсон гэж болно.

Яагаад гэхээр оршуулгын зан үйлийг нь мэдэж байна. Ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлэгийг нь ойлгож байна.    Хүннү хүнийг физик талаас нь ямар махбодтойг нь тогтоосон.

Хэр өндөр, ямар царай зүстэй, удамшил зүйн хувьд хэнтэй холбоотойг тогтоосон. Энэ асуултуудын хариу ерөнхийдөө гарсан. Генетикийн судалгаа хийгдсэн хүннү хүмүүсийн 60 гаруй хувь нь өмнөх дөрвөлжин булшны оршин суугчдын үргэлжлэл. Тэр 60 гаруй хувь нь дараагийн үедээ өвлөгдсөн. Тэр нь дундад зууны монголчууд. Гурван үе бий. Дундад зууны монголчууд, одоогоос 2000 жилийн өмнөх хүннүчүүд, одоогоос 3000 жилийн өмнөх дөрвөлжин булшныхан гэж гурван үе шаттай. Энэ гурван үеийнхны генийн сангийн 65 хувь нь одоогийн монголчуудад шууд уламжлагдсан. Гол цөм нь 3000 жилийн турш тасраагүй гэсэн үг.  Харин  үлдсэн 35 хувь нь үе үед өөр. Хүннүчүүдийн 20-иод хувь нь баруун Ази, зүүн Европын сармат гэж үндэстэн байсан.  Европ царай төрхтэй. Тэр хүмүүсийн ген явдаг. Бас монгол нутагт хүннүгийн өмнө амьдарч байсан скифүүдийн ген байгаа. Бас 20-иод хувь нь умард хятад. Умард хятад гэдэг яг хятад гэсэн үг биш шүү дээ. Тухайн үед киданчууд, тангадууд, зүрчидүүд.  Дундад зууны монголчууд руу орохоор аланууд бий. Умард кавказын, европ хэлээр ярьдаг хүмүүс. Гэтэл тэдний ген дундад зууны монголчуудад их гардаг.

Монголчуудын удамшил зүйн түүх хүннүгийн жирийн иргэдийн булшаар дамжаад, бидэнд ирж байгаа юм. Тийм учраас энэ судалгаа чухал.

Хүн үхэхээр яах вэ. Оргүй болох юм уу? Дахин энэ ертөнцөд төрдөг юм уу? Бие нь үхсэн ч сүнс нь өөр төрөл рүү очоод, нөгөө ертөнцөд амьдардаг юм уу? Энэ үзэл дээр тулгуурлаад ертөнцийг үзэх үзэл нь гарч ирдэг.

Хүннүчүүдийн булшинд тодорхой эд зүйлс тавьдаг. Үхсэний дараах амьдрал байхгүй бол энэ бүхэн хэрэггүй шүү дээ. Тэгэхээр үхсэний дараа амьдрал байна гэж итгэж байгаа биз. Эд зүйлд хүртэл сүнс, амь байна гэж итгэж байгаа юм. Эд зүйлсийг ч гэмтээж хийдэг. Эд зүйлийнх нь сүнс нь бас эзэнтэйгээ цуг явах учиртай гэж үздэг.

  Хоёрдугаарт зүг чигийн асуудал байдаг. Монголчуудын уламжлалт ойлголтоор зүгийн муу зүүн хойд зүг гэдэг.  Зүүн хойд зүгээс ирсэн атгаалжин хар мангас гэж үлгэрт гардаг. Мангасууд яагаад зүүн хойд зүгт амьдардагийг мэдэх үү?

Бүх монгол тууль дээр тэд дандаа зүүн хойноос ирж байгаа юм. Зүүн хойд зүгт нөгөө ертөнц байдаг гэж үздэг.  Хүн бус амьтдын ертөнц гэсэн үг. Монголчууд бараг долдугаар зуунаас хойш өөд болоочдоо тасралтгүй зүүн хойд зүг рүү харуулж оршуулж байгаа. Хүн үхсэнээс хойш нөгөө ертөнц рүү явдаг гэж үздэг. Тийм учраас эд зүйлс адуу мал, хувцас хэрэглэл, зэр зэвсэг, сав суулга дагалдуулж тавьж байсан.

-“Булшиндаа аваад орох биш дээ” гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Гэхдээ олон юм булшиндаа аваад орж байжээ?

-Хүнд хэрэгтэй бараг бүх зүйлийг дагалдуулж тавьдаг байсан. Жирийн иргэдийн гэж ялгаж нэрлэж байгаа ч яг үнэндээ бас жир бус хүмүүс байгаа юм. Нийгмийн тодорхой статустай хүмүүс байж. Одоогоор Монголд 13-15 мянган хүннүгийн булшийг илрүүлээд байна. Хүннүгийн хүн ам наад зах нь 500-600 мянга байсан. Наад зах нь 100 мянган булш байх учиртай. Тэгэхээр хүн болгонд булш хийдэггүй байж. Тодорхой түвшний, байр суурьтай хүмүүст  зан үйлийн дагуу  сонголт хийж зарим хүмүүст булш хийдэг, заримд нь хийдэггүй байж. Язгууртан, хаадын булшнаас ялгарч байгаа нь уламжлалт зан үйлийн дагуу оршуулж байсан.

Тийм учраас жирийн иргэдийн булшнаас маш баялаг эд зүйл гарч болно. Гэхдээ харамсалтай нь хүннүгийн бараг бүх булшийг тоночихсон.

Тэгсэн ч асар их зүйл үлдсэн. Тонуулчид бүх талбайгаар орохгүй. Гол үнэтэй зүйлсийг нь хамдаг. Гэхдээ олон зүйл үлддэг. Адууны тоног хэрэгсэл, сав суулга, голдуу эрчүүд зэр зэвсэгтэй байна. Гэхдээ хүннүгийн эмэгтэйчүүд бас зэр зэвсэгтэй байдаг. Хүннүгийн эмэгтэй булшны 20 хувиас нь зэр зэвсэг гардаг.

Булшиндаа маш их юм авч ордог байсан.

Гэхдээ нүүдэлчид  одоогийн хэллэгээр бол минималист амьдардаг хүмүүс шүү дээ. Хогшил ихтэй бол нүүдэл хийж чадахгүй. Гэхдээ хүннүгийн үе бол бусад үетэй харьцуулахад маш баялаг. Оршуулгандаа их  анхаарал тавьдаг. Их хэмжээний эд өлгийн зүйлс дагалдуулдаг байсан. Жишээлбэл хүннүгийн зарим булшнаас арав, хорин мал гаргаж байсан. Гэхдээ бүтнээр нь тавихгүй. Үхэр, хонь, ямаа, адууны яснууд гарч байгаа юм.  Толгой, дөрвөн шийр, хүзүү, сүүл  цэгцтэй бөөндөө байдаг.

 Дундад зууны монголчуудынх хамаагүй хөнгөн болоод явчихдаг.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img