2024-07-23, Мягмар
17 C
Ulaanbaatar

Л.Дэлгэрзул: Агаарын бохирдлыг тав дахин бууруулж чадвал ураг зулбах тохиолдол дөрөв дахин буурах боломжтой

“Агаарын бохирдол урагт нөлөөлж байгаа нь тогтоогдсон учир жирэмсэн болох саруудаа төлөвлөх ёстой” хэмээн  орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзул ярив.  Анагаахын эмэгтэйчүүдийн холбооны ТУЗ-ийн гишүүн, орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзулын яриаг хүргэе.

  Тэрбээр “Сургалт хүмүүжлийн газарт тавигдах шаардлага бий болгох” ёстой гэж онцолж байв. “Агаарын бохирдол ганц яамны асуудал биш. Боловсролын яам манлайлж оролцох хэрэгтэй.

Хана будаж байгаа будаг  үүнээс болоод агаарт дэгдэж байгаа маш олон химийн хортой бодисууд дотоод орчинд ялгарч байдаг.

Гэтэл  есдүгээр сарын 1-нээс өмнөхөн бүх сургууль их засвар хийдэг. Хичээл эхлэсэн эхний гурван сар  сургуулийн анги танхим дахь дотоод орчны агаарын чанар гадаад орчноос бохирдолтой байдаг.

Үүнд анхаарч, сургуулийн дотоод орчны агаарын чанарыг бууруулахад  Боловсрол, шинжлэх ухааны яам  манлайлж ажиллах учиртай”  гэж тэр тайлбарласан юм.

Эмч, орчны эрүүл мэнд агаарын бохирдлын асуудлаар судалгаа шинжилгээ хийдэг судлаач Л.Дэлгэрзул   “Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлдөг. Амьсгалын тогтолцоо, нөхөн үржихүйн эрүүл мэнд, зүрх судас гээд  нөлөө үзүүлэхгүй эрхтэн байхгүй” хэмээн ярьж байна.

Нас баралтад бас нөлөө үзүүлж байгаа гэнэ.

Нас баралтын тэргүүлэх таван шалтгаанд ордог. Гадаад орчин, дотоод орчны агаарын бохирдол хоёулаа эхний аравт багтдаг.

Зүрх судасны өвчин, уушгины хорт хавдар, цус харвалт нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. Үүнд агаарын бохирдол нөлөөлдөг гэдгийг дэлхий дахин баталсан. Долоон сая хүн агаарын бохирдлын улмаас нас барсаныг тогтоосон байна.  Найман нас баралтын нэг нь агаарын бохирдлын улмаас болж байна.

Энэ бол дэлхийн тоо. Монголд юу болж байна?

2022 онд яг хэдэн хүн агаарын бохирдлын улмаас нас барав гэж асуудаг.

Үүнийг тодорхойлохын тулд  нарийвчилсан судалгаа  шаардлагатай. Энэ хүн тамхи татдаг байсан уу. Гэр хороололд амьдарч, гал түлдэг байсан уу?

Маш том системтэй судалгаа хийж байж,  ямар шалтгааны улмаас нас барж байгааг тогтоодог.

Монголын нөхцөлд 2010 онд ийм судалгаа хийж байсан.

Есөн хүний нэг нь агаарын бохирдлын улмаас нас барж байна гэж үзсэн.

Үүнээс хойш мөнгө төгрөг зарцуулж ийм судалгаа хийснийг одоогоор би олж хараагүй байна.

Хүүхдийн эрх маш зөрчигдөж байна. Хүүхдүүд насанд хүрэгчдийг бодвол илүү мэдрэг байдаг. Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндийг сүйрүүлдэг. 20 настай хүн агаарын бохирдолд хүүхдээс арай бага өртдөг.    Яагаад гэвэл  долоон нас хүртлээ хүүхдийн уушгины хөгжил явдаг.  Хүүхэд насанд хүрэгчдээс  хэд дахин хүчин чадал багатай уушгиар амьсгалж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тэгж байж  бид хүүхдээ хамгаалахад илүү анхаарна.

Агаарын бохирдол хүүхэд бага жинтэй төрөх, төрөлтийн гажиг үүсэхэд нөлөөлдөг гэсэн олон улсын судалгаа бий.

Лос Анжелосын  их сургуулийн судлаачид, Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн эмч судлаачидтай хамтарч хийсэн судалгаагаар хэрэв бид агаарын бохирдлыг тав дахин бууруулж чадвал  ураг өөрөө зулбах тохиолдол дөрөв дахин буурах боломжтой.

Өвлийн улиралд ураг зулбах, ургийн өсөлт зогсох тохиолдол маш олон.

Энэ судалгааны дүнд би хичээл заадаг багш хүний хувьд  өвлийн улиралд буюу арваннэгээс нэгдүгээр сарын хооронд жирэмсэн байх хэрэггүй. Өвлийн улиралд жирэмслэхгүй бол зулбах эрсдлийг бууруулж байгаа гэсэн үг гэж онцгойлон захидаг.

Ургийн дутуу хөгжил нярайн өөрчлөлт, астам багтраа, дунд чихний үрэвсэлд хүртэл агаарын бохирдол  нөлөөлж байна. Жирэмсэн байх хугацаандаа ээж агаарын бохирдолтой нөхцөлд байвал хүүхдийн өсөлт хөгжлийн ямар ямар шатанд нөлөөлөхийг харуулсан зураг энэ байна.

Ургийн эхний гурван сард эрхтэн тогтолцоо хөгжиж байдаг чухал үе учраас энэ үед агаарын бохирдолд өртөхөөс зайлсхийх хэрэгтэй.

Хүүхэд мэндлээд амьсгалахын тулд төрөхөөсөө өмнөх гурван сард уушгиа бэлтгэдэг.  Энэ үед нь эрсдэлтэй орчинд  байж бас  болохгүй. Гадаад орчны агаарын бохирдол эхэст, урагт ээжид нөлөөлөх нь байна.

Нарийн ширхэгт тоосонцор хүүхдийн амьсгалын замаар ороод, судсаар дамжин хүчилтөрөгч цус руу шахагдахад нэвтэрч ордог. Тийм учраас “Маск зүү” гэж сануулдаг.  Судас руу орсон нөхцөлд бүх эрхтэн тогтолцоонд нэвтэрч очихгүй газар байхгүй.

Судас цусаар дамжин тархинд очно.

Мэдрэлийн холбоосуудад нэвтэрч гэмтээдэг. Хүүхдийн сэтгэн бодох чадвар муудаж байна гэж эмч судлаачид сануулдаг шүү дээ.

Би гадны судлаач нарт “Манай агаарын бохирдол үнэртэж харагддаг” гэдэг.  Хамаг мэдэрхүйгээр мэдрэгддэг болсон.

Одоо тэгээд яаж хамгаалах вэ?

Жирэмсэн ээжүүд агаарын бохирдол ихтэй цагуудад гадагш гарахаас зайлсхий.

Шүүлтүүртэй амны хаалт хэрэглэж, ХЕПА шүүлтүүртэй агаар шүүгч ашиглаарай.

НҮБ-ын Хүүхдийн сангаас санхүүжүүлж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Нийгмийн хүрээлэнгийн  сургуулийн багш нар хэрэв агаарын бохирдол бууруулахгүй байвал  (2008-2019 оны датан дээр анализ хийсэн) ирээдүйн таван жилд ямар байхыг тооцоолоход  яг энэ хэвээрээ амталж үнэрлэж мэдэрч байгаа тохиолдолд хүүхдийн багтраа астма өгсөж  байгааг гаргасан.

Хүүхдийн өвчлөл дандаа өгсч байна.

Хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалсан хууль эрх зүй, бодлогын орчин ямар байна вэ?

Агаарын тухай хууль 2011 онд батлагдсан. Агаарын чанарын стандартыг Байгаль орчны төрийн захиргааны байгууллага батална гэж  заасан. Гэтэл дэлхий дээр ДЭМБ агаарын чанарын зөвлөмж гаргадаг. Дэлхийн ихэнхи оронд эрүүл мэндийн салбар хүнийхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд стандартаа эрүүл мэндийн салбарынхан тогтоодог байх нь ээ.

Манай оронд бол Байгаль орчны яам тогтоогоод байна.

Маш олон хууль дүрэм байна. Иргэд талбай дээр гарч жагсаад анх удаа  Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй болсон.

Дараагийн төвлөрч ярих зүйл дотоод орчны стандартын талаар юм.

Тав хүртэлх насны хүүхдийн хатгалгаа өвчний  45 хувь нь дотоод орчны агаарын чанараас хамаарч байна.

2007 онд гаргасан Агаарын чанарын стандарт манайд байна. Эрүүл мэндийн эмнэлэгийн тусламжийн үйлчилгээний  хорооноос энэ стандарт гарч байсан байгаа биз.

Дараа нь 2016 онд Байгаль орчны стандартын техникийн хорооноос гарсан байна.

Эрх зүйн орчны хувьд бид ийм болчихоод байгаа юм.

Хамгийн доод талд нь дотоод орчны агаарын чанарт хамаарна гэж бичсэн байна.

Гэтэл 2016 онд дотоод орчны агаарын чанарын стандарт гэж байхгүй болсон.

Ийм болохоор бид эрх зүйн хувьд дотоод орчныг агаарын чанарыг сайжруулах гэж шаардах боломжгүй.

Стандарт хэмжил зүйн төвийн вэб сайтаас авсан мэдээллээр стандарт баталдаг техникийн хороодод эрдэмтэн судлаачид 22 хувь байдаг. Эрх бүхий байгууллагын төлөөллүүд өөрсдөө стандартаа батлаад, өөрсдөө шаардлага тавиад явдаг.

Гэтэл АНУ-д агаарын чанарын стандартыг баталдаг олон механизмтай. Хэд хэдэн удаа эрдэмтэд нь хэлэлцэж, зөвлөмж өгдөг.

Монголын хүн амын 50 орчим хувь нь хүүхдүүд.

Хүүхдүүдэд илүү анхаарах учиртай.

Гэтэл одоо  мэргэжлийн хяналтын газар  байхгүй болсон. Байхад нь 2017 оны мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар “Сургууль хүмүүжлийн газарт тавигдах  шаардлага” гэж байсан.

   Бидэнд ямар нэг тоо байж л хүмүүст шаардлага тавина. Цаасан дээр гарч ирсэн тоо байхгүй байна. Ядаж хүүхдийнхээ сурч байгаа ангид тавигдах шаардлагыг мэдэж байвал эцэг, эхчүүд шаардлага тавина. Үгүй ядаж эцэг эхчүүд мөнгөө нийлүүлээд агаар цэвэршүүлэгч авч өгнө.

Юунд хүрэх ёстой юм, стандарт нь ямар байх ёстойг бид мэдэхгүй. Би сая өөрөө Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн ажлын хэсэгт орсон. Үзэл баримтлалд нь орчны бохирдол гэдэг үг байгаагүй.  Гэтэл нийгмээрээ агаарын бохирдолд өртөөд байна шүү дээ. Орчны бохирдол гэдэг хоёр үгийг үзэл баримтлалд суулгаж деталь дээр ажиллаж байгаа. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд орж чадсан. Стандарт ч байхгүй учраас эрдэмтэн судлаачид хууль стандарт боловсруулах орчинд орооч ээ гэж уриалж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img