2024-10-23, Лхагва
-12 C
Ulaanbaatar

Төв банкны бие даасан байдлын шүүмжлэл ба Монголбанкны туршлага

Судлаач Б.Эрдэнэхуяг Монголбанк, Хууль эрх зүйн газар, Төв банкны эрх зүйн хэлтэс, Хэлтсийн захирал. Цахим хаяг: erdenekhuyag@mongolbank.mn

Хураангуй:
Төв банкны хөгжлийн өнөөгийн үе шатанд онол, практикаар батлагдсан ололт болох Төв банкны бие даасан байдлыг хөгжингүй улс орнууд дахь инфляцын нам тогтвортой түвшин удаан хадгалагдаж буй байдал, эдийн засгийн өсөлтийн шаардлага, санхүү эдийн засгийн хямралын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс үүдэлтэйгээр ач холбогдлыг нь бууруулах, шүүмжлэх үзэгдэл гарч байна. Энэхүү шүүмжлэл нь ихэнх тохиолдолд Төв банкны бие даасан байх шаардлагын үндэслэлийг үгүйсгэдэг боловч Төв банкны зорилт ба түүний бие даасан байдлын улс төрийн эдийн засгийн уялдаа холбоог төдийлөн тодруулаагүй байдал ажиглагддаг. Монголбанкны жишээн дээр шүүмжлэл болоод төв банкны бие даасан байдлын үндэслэлийг харьцуулсны үндсэн дээр төв банкны зорилтыг тодорхой болгох, хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлэх боломжтой байна.

Түлхүүр үгс:
Төв банк, Монголбанк, бие даасан байдал, шүүмжлэл, ашиг сонирхол,
JEL ангилал: E50, K10

I. Удиртгал
Төв банк бие даасан, хараат бус байх ёстой юу гэсэн асуултын хариу нь 1970-аад оноос хойш 100-аас 180 гаруй болж нэмэгдсэн төв банкуудын тоогоор илэрхий хариулагдах хэдий ч хөгжингүй улсуудад 30 жил тогтвортой байгаа үнийн тогтвортой байдлын ач холбогдол, эдийн засгийн хямралын эсрэг төв банкуудын авсан арга хэмжээ, оролцоо ихэссэнээс үүдэлтэйгээр энэ мэтгэлцээн сэргэж зарим тохиолдолд Төв банкны бие даасан, хараат бус байдал (ТБД)-ийг шүүмжлэн “үгүй” гэж хариулах, цаашлаад төв банкны чиг үүрэг, эрх зүйн байдлыг хуульчлан өөрчлөх үзэгдэл гарах болжээ. Энэхүү өгүүллээр ТБД-ыг шүүмжлэх хандлагын үндэслэлийг холбогдох эх сурвалжаас тодруулсны үндсэн дээр шүүмжлэлийн няцаалтыг онолын судалгаа, хэлэлцүүлгийн үр дүнд тулгуурлан Монгол Улсын Төв банк (Монголбанк)-ны жишээнд буулгаж толилуулахыг зорьсон болно. ТБД-ийг шүүмжлэгчид улс төрийн явцуу ашиг сонирхлоос шалтгаалсан инфляцын асуудлыг бие даасан, хараат бус Төв банкаар шийдвэрлэдэг гэх онолын үндэслэлийг няцаадаг бөгөөд ТБД нь төв банканд өөрийн үзэмжээрээ нийгмийн баялгийг тэгш бусаар хуваарилах нөлөөтэй, хяналтгүй шийдвэр гаргах боломжийг олгодог ардчиллын эсрэг үзэгдэл гэж тайлбарладаг. Гэтэл улс төрийн урт хугацааны ашиг сонирхол ба төв банкны зорилтын нийцтэй байдал хоёр, инфляцын хүлээлтийн ач холбогдлыг тэдгээр шүүмжлэгчид орхигдуулснаас гадна хууль, эрх зүйн зохицуулалт, олон нийтийн харилцаагаар төв банкны хариуцлагыг нэмэгдүүлэх боломжтойг анзаараагүй юм. Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг 1996 онд баталсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн үзэл баримтлалаар тодорхойлон заасан хэдий ч олон улсын сонгодог жишигтэй бүрэн нийцээгүй, өнгөрсөн хугацааны алдаа, дутагдлыг гаргахгүй байх эрх зүйн зохицуулалт хангалттай бүрдээгүй байгааг ТБД-ийн шүүмжлэлийн үндэслэлийг тодруулахын зэрэгцээ зөвлөмж шийдлийг сөргүүлэн тавьсан болно. 2019 оны Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дэх “Монгол Улс төв банктай байна. Төв банк нь хараат бус, бие даасан байгууллага байх бөгөөд Монголбанк гэж нэрлэнэ” гэсэн заалт хэлэлцүүлгийн явцад олон хууль тогтоогч, олон нийтийн дэмжлэг авалгүй хасагдсан шалтгааны цаад учиг болоод УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны нэг болох “Төв банкны мөнгөний бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх улс төр, эрх зүйн орчныг бүрдүүлэх” заалт нь Төв банкны зорилт, бие даасан байдлыг хангахад нийгмийн зүгээс шүүмжлэлтэй байгаагийн илэрхийлэл гэж дүгнэхээс өөр аргагүй юм. Энэ нь ТБД-ийг шүүмжлэл Монгол Улсыг тойрч гараагүйн жишээ бөгөөд төв банкны зорилтыг тодорхой болгож, түүнд тууштай байснаар хүлээлтийг урт хугацаанд тогтворжуулж, инфляцын хяналтдаа авсан бусад улсын амжилтыг давтаж чадах билээ.

II. Төв банкны бие даасан байдлын шүүмжлэл
Төв банкны бие даасан байдлын шүүмжлэлийн эх сурвалж нь нэг талаас төв банкны онолын үндэслэлийг няцаасан онолын урсгалд тулгуурлаж байгаа бол нөгөө талаас Дэлхийн эдийн засгийн хямрал, Ковид-19 цар тахлын үеийн төв банкны зорилт, чиг үүрэг өөрчлөгдөж байгаатай холбоотой байна. Өгүүллийн энэ хэсэг нь шүүмжлэлийн агуулга, төлөөллийг дэлгэрүүлэн танилцуулж, цаашдын шүүмжлэлд өгөх хариуг тодруулахад уншигчид туслах болно. Төв банкны бие даасан байдлын шүүмжлэл нь чөлөөт зах зээл, хувийн өмчийг дээдлэх Либерализм ба төрийн оролцоог чухалчилдаг Кейнсийн чиглэлийн эдийн засгийн сөргөлдөөнөөс үүдэлтэй байгааг шүүмжлэгчдийн дэвшүүлсэн ихэнх үндэслэлээс (Жорг Вибов,5 2010; Томас Паллей, 2019; Фернандо Карвалхо, 1995; Фордер, 2002) тодхон харж болно. Бие даасан, хараат бус төв банкийг алдаатай онолд тулгуурласан, үр ашиггүй, ардчилсан бус гэж үздэг тэдгээр судлаачид нь сонгуулийн циклийн хугацаанд эдийн засагт эерэг нөлөө гаргахыг зорьдог улс төрийн оролдлого нь урт хугацаанд эерэг нөлөөлөхгүй бөгөөд зөвхөн инфляцыг нэмэгдүүлдэг тул мөнгөний бодлогыг бие даасан, хараат бус Төв банканд хариуцуулах ёстой гэсэн онолыг хэд хэдэн үндэслэлээр шүүмжилдэг байна. Төв банкны хараат бус байдлыг хангах нь зүйтэй болохыг харуулсан Нордхаус (1975), Барро, Гордон (1983)-ын жишээг сөргүүлэн няцаахад ТБД-ийн шүүмжлэлийн гол санаа төвлөрснийг ажиглахад тийм ч хэцүү биш. Тухайлбал, Нордхаус (1975) судалгаандаа улс төрч нар дахин сонгогдохын тулд эдийн засгийн өсөлт, уналтыг сонгуулийн мөчлөгтэй уялдуулан бий болгодог бөгөөд энэхүү эдийн засгийн савлагаа нь нийгмийг хохироох учир эдийн засгийг тогтвортой байлгах институц хэрэгтэйг онцолсон. Харин Барро, Гордон нарын хувьд улс төрч нь мөнгөний бодлогыг ашиглан ажилгүйдлийн түвшинг “хэвийн ажилгүйдлийн түвшин”-өөс доогуур барьснаар түр хугацаанд эдийн засгийг өдөөх ч урт хугацаанд эдийн засагт ажилгүйдлийн түвшин хэвийн түвшиндээ буцаж очсоны үр дүнд зөвхөн инфляц нэмэгддэг гэжээ. Шүүмжлэгчдийн зүгээс дээрх хоёр судалгааны үр дүнг нэгтгэн ТБД бол зөвхөн “улс төрчийн богино хугацааны явцуу ашиг сонирхол”-оос эдийн засгийг хамгаалахад зориулсан хэрэгсэл гэж үзэж энэ бол логик алдаатай зүйл гэдгийг нотлохыг зорьсон байна. (Томас 2019). “Бие даасан” гэх тодотголтой төв банкны удирдлагыг улс төрөөс томилдог учраас төв банкны удирдлага нь улс төрчтэй “адил” бөгөөд улс төрчийн ашиг сонирхолд нийцүүлэн, тэдэнд таалагдахын тулд эдийн засгийг тэлэх, багасгах бодлогыг хэрэгжүүлэхгүй гэх баталгаа байхгүй (Фордер 2002). Мөн рационал сонгогчид инфляцыг өдөөж байгаа улс төрчийг сонгохгүй байж чадах тул улс төрч нар инфляцыг бууруулахыг зорьж, түүндээ тууштай байх тул Төв банкийг улс төрөөс ангид, бие даасан байлгах шаардлагагүй юм. Иймд улс төрийн ашиг сонирхлоос мөнгөний бодлогыг ангид байлгахын тулд заавал “бие даасан Төв банк” байх ёстой гэсэн үндэслэл логик алдаатай бөгөөд илүүц хэмээн дүгнэжээ. Товчхондоо, богино хугацаанд эдийн засаг (ажил эрхлэлт)-ийг өсгөж сонгогчдод таалагдах явцуу “улс төрийн ашиг сонирхол”-ыг хязгаарлахад л Төв банкны бие даасан байдлын зорилго оршдог гэсэн онолыг няцаахад шүүмжлэл чиглэсэн байгааг анзаарч болно. Шүүмжлэгчид ийнхүү ТБД-ын онолын үндэслэлийг няцааснаас гадна Төв банканд “бие даасан байдал” тохиромжгүй гэж үзжээ. Төв банкны бодлого нь өөрийн үзэмжээр шийдвэр гаргах нөхцөлийг агуулдаг тул улс төрчийн өөрийн үзэмжээр шийдвэр гаргах эрхийг бие даасан, хяналтгүй этгээдэд шилжүүлэх нь бүр ч аюултай хэмээжээ. Тухайлбал, төв банкны “эцсийн зээлдүүлэгч”-ийн үүрэг нь ялгавартай байдлыг бий болгож, хямралын үед хэнийг нь төв банк аварч санхүүжүүлэх, хэнд нь зээл олгохгүй байх зэргийг шийдвэрлэдгээрээ нийгэмд тэгш бус баялгийн хуваарилалт үүсгэдгийг жишээ болгон авсан. Мөн төв банкны бие даасан байдал нь төв банкийг сонгуулиар бүрдсэн улс төрийн байгууллагатай адилгүйгээр хариуцлагаас ангид байлгаж, иргэд сонгосон төлөөллөөрөө дамжуулан шийдвэрлэх ёстой асуудлуудад дангаар шийдвэр гаргадаг тул ардчиллын зарчмыг гажуудуулдаг гэсэн байна.
Тэгвэл ТБД нь “алдаатай” зүйл бол яагаад өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөгдөж байгаа вэ? гэсэн асуултад ТБД-ийг туйлбаргүйгээр дагах болсон улс төрчийн “Танин мэдэхүйн хүлэгдсэн байдал”, неолиберализмыг дэлхийн даяар сурталчлан тарааж буй Олон Улсын Валютын Сангийн оролцоо, зөвлөмж нь улсууд бодлогоо тодорхойлоход нөлөө үзүүлсэн хэмээн хариулт өгсөн байдаг.
Харин 2008 оны Дэлхийн санхүүгийн хямрал (ДСХ)-ын дараанаас өргөжих болсон санхүүгийн тогтвортой байдлыг хангах төв банкны мандат, уламжлалт бус мөнгөний бодлогын үйл ажиллагааны цар хүрээнээс шалтгаалж үйл ажиллагааг илүү хяналттай болгох, хязгаарлах, эсвэл өргөжүүлэх талаар хэлэлцэж, хууль эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх санал гарах, улмаар ТБД байдлыг шинээр шүүмжлэх хандлага дахин сэргэх болжээ. Санхүү, эдийн засгийн хямрал, хүндрэлийн үед төв банкнаас яаралтай авсан арга хэмжээ нь төв банкны эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангах бүрэн бололцоотой гэсэн төсөөллийг нийгэмд бүрдүүлж, энэ төсөөлөлд хүрэхгүй тохиолдолд түүний бие даасан, хараат бус байдалд эргэлзээ төрүүлэх эрсдэлийг үүсгэхгүй гэх баталгаа байхгүйг онцолсон байна. Дээрх эрсдэл бодит байдалд илэрсэн эсэхийг дэлхийн ДНБ-ий 75%-ийг бүрдүүлдэг улсуудын хувьд судлан үзэхэд төв банкны хуулиар хамгаалсан бие даасан байдал нь хөндөгдөөгүй боловч хуулийн хэрэгжилт бодит байдалд тэдгээрийн улсуудын тал хувьд нь суларсан буюу мөнгөний бодлогын зорилтоос үл хамаарч эдийн засгийн өсөлтийг дэмжих талаар Засгийн газраас нөлөөлж байгаа үр дүн гарчээ. Тухайлбал, Аргентин Улсын Төв банкны зорилтод “Төв банк нийгмийн тэгш байдал бүхий эдийн засгийн хөгжлийг дэмжих” заалт нэмэгдсэн бол Өмнөд Африкийн төв банкны зорилтод “эдийн засгийн шинэчлэл, хөгжлийг тэтгэх” зорилтыг оруулах талаар хэлэлцүүлэг өрнөж эхэлсэн байна.
ДСХ-ын дараа, ТБД-ыг шүүмжлэх чиглэл нь төв банкны хариуцлагын хангалтгүй байдал, бодлогын зорилтын зөрчилдөөн, бодлогын харилцан уялдаа болон баялгийн тэгш бус хуваарилалт үүсгэдэг асуудалд анхаарал хандуулж эхэлжээ. Жишээлбэл, инфляц ба ажилгүйдлийн богино хугацааны хамаарал (Филлипсийн муруй) суларсан байдал ажиглагдаж буй хөгжингүй зарим улсууд (АНУ, Европ)-д эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь инфляцад нөлөөлөхгүй тул мөнгөний бодлогыг үнийн тогтвортой байдлаас эдийн засгийн гарцыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй гэсэн хандлага давамгайлж эхэлсэн. Санхүүгийн тогтвортой байдлыг хариуцдаг төв банкны хувьд энэ зорилтыг хангагдсан эсэхийг хэмжихэд бэрхшээлтэй бөгөөд зарим тохиолдолд банкны салбарыг дэмжихийн тулд төв банк хүүгийн түвшинг зохиомлоор дор түвшинд байлгах сонирхол үүсэж болзошгүй. Ийм төрлийн “бие даасан” төв банкнаас хэрхэн хариуцлага нэхэх асуудлыг одоогоор тодорхойлж чадаагүй гэдгийг ТБД-ын шүүмжлэлд онцлон дурдсан байна.

III. Төв банкны бие даасан байдлын шүүмжлэлд хариу

3.1 Урт хугацаа ба богино хугацааны ашиг сонирхол

Өгүүллийн энэ хэсэгт ТБД-ын шүүмжлэлийн үндэслэлийг Монголбанкны жишээ, хууль, эрх зүйн зохицуулалтад буулгаж тодрууллаа. Төв банкны бие даасан байдлын шүүмжлэлийн гол бай нь Төв банкны бие даасан байдлын онолд дурдагддаг “улс төрийн богино хугацааны явцуу ашиг сонирхол” болохыг эргэн санацгаая. Шүүмжлэгч нарын “шүүмжлэлийн бай” болох улс төрийн явцуу ашиг сонирхолтой холбогдуулан дараах тэдний үндэслэл болгосон хоёр асуултын бодит хариултыг олох нь зайлшгүй чухал юм: Нэгдүгээрт, богино хугацааны явцуу ашиг сонирхолтой улс төрч яагаад бие даасан, хараат бус төв банктай байж, мэргэжлийн этгээдэд мөнгөний бодлогыг хариуцуулахыг зөвшөөрнө гэж? Хоёрдугаарт, Иргэд инфляцыг өдөөж байгаа улс төрчийг сонгохгүй байх рационал шийдвэр байнга гаргаж чадах уу? Улс төрч парламентын гишүүн, Засгийн газар нь Үндсэн хууль, бусад хуулиар эрх үүрэг нь тодорхойлогддог, үйл хөдлөл нь эрх зүйн хэм хэмжээнд захирагддаг этгээд бөгөөд түүний энэ шинжийг харгалзахгүйгээр сонгуулиар дахин сонгогдох гэсэн эцсийн зорилго бүхий богино хугацааны явцуу ашиг сонирхолтой гэж шууд үзэх нь өрөөсгөл болно. Өөрөөр хэлбэл, улс төрчийг хуульд захирагдах урт хугацааны болон дахин сонгогдох богино хугацааны гэсэн хоёр төрлийн ашиг сонирхолтой гэж үзэх нь зүйтэй бөгөөд улс төрч ямагт инфляцыг “эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт” зорилтоор доогуур тавьж Төв банктай зөрчилдөх нь зайлшгүй биш юм. Ийм учраас улсын нийтлэг ашиг сонирхол болох эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдлын үүднээс улс төрч богино хугацааны ашиг сонирхлоос ангид байдлаар төв банк бие даасан, хараат бус байхыг хүлээн зөвшөөрдөг байна. Мөнгөний бодлого нь угаас урт хугацаа шаардлагатай тул энэ бодлогыг төв банканд шилжүүлж байгаа нь улс төрчийн урт хугацааны зорилтыг илтгэж байгааг АНУ-ын холбооны нөөцийн банкны дэд дарга асан Алан Блиндерийн тайлбарласнаас харж болно.
3.2 Хуулийн хязгаарлалт, зохицуулалт
Монгол Улсын Үндсэн хуульд заасан нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх үүднээс эдийн засгийн тогтвортой байдлыг хангах (ажилгүйдлийг бууруулах, эдийн засгийг өсгөх биш) зорилт бүхий, Засгийн газраас хараат бус байх Төв банктай байх хуулийг 1996 онд баталж байгаа нь үүний бэлэн жишээ юм. Үүнтэй ижил төстэй олон жишээний нэг нь аливаа хуулийн хэрэглээ, тайлбарыг сонгуулийн циклээр солигддог хууль тогтоогч-улс төрч нарт биш харин урт хугацаагаар томилогддог шүүхэд хариуцуулж хуулийн үзэл баримтлалд туссан бодлогын тогтвортой байдлыг хадгалах зарчим билээ.
1996-2020 оны хугацааны инфляцын түвшин нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн эсэхийг судлахад аливаа хамаарал ажиглагдаагүй бөгөөд шүүмжлэгчдийн дэвшүүлсэн иргэд инфляцаас хамаарч улс төрчийг сонгох, эсвэл сонгохгүй учраас төв банкны бие даасан байдал ач холбогдолгүй гэсэн нь няцаагдаж байна. Дээрхээс дүгнэж үзвэл ТБД-ыг улс төрчийн зөвхөн богино хугацааны ашиг сонирхолтой уялдуулан шүүмжлэх нь алдаа болно.
ТБД-ыг шүүмжлэх дараагийн томоохон шалтгаан болсон Төв банкны хариуцлагын тухайд хэд хэдэн тайлбарыг сөргүүлэн тавих бололцоотой байна. Бодлогын нөхцөл байдалд тохирсон дотоод үзэмжээр нийгэм эдийн засгийн асар их нөлөөтэй шийдвэрийг бие даан гаргах эрхийг Төв банканд олгосон байдаг ч нөгөө талаас хариуцлага, хяналт тавих тогтолцоог бий болгосон байдаг тул Төв банкны бие даасан байдал ба хариуцлага нь нэг “зоосны хоёр тал” болохыг томоохон төв банкирууд онцолдог. Монголбанкны хариуцлагын асуудлыг Улсын Их Хуралд мөнгөний бодлогын хэрэгжилтийн үр дүн, хэрэгжээгүй шалтгаан зэргийг тогтоосон хугацаанд тайлагнах, олон нийтэд мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгсэлд гарсан өөрчлөлт, мөнгө, зээл, санхүүгийн зах зээлийн байдлыг мэдээлж байх үүргийг Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд ч тодорхойлжээ.
Мөн төв банк нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг, иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хөндсөн (өөрийн үзэмжээр ялгамжтай үр дагавар гаргах боломжтой) байгууллага болохын хувьд түүний үйл ажиллагаа нь шүүхийн хяналтаас гадуур байдаггүй бөгөөд Монгол Улсын хувьд энэ хяналтыг Захиргааны хэргийн шүүх хэрэгжүүлж байна. Ийнхүү Төв банкны үйл ажиллагаа нь парламент, олон нийт, шүүхийн хяналтад байх тул ТБД нь ардчилсан бус, өөрийн дур зоргоор шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлдэг Төв банканд тохиромжтой бус гэх шүүмжлэл нь хэт өрөөсгөл юм.
Төв банкны бие даасан байдлын шүүмжлэлд улс төрчийн явцуу ашиг сонирхлын шалтгаанд тулгуурлахгүйгээр хариу өгсөн онол бол ОУВС-ийн судлаагч Гаути Еггэртссон, Эрик Ле Боргне нарын санал болгосон “Төв банкны бие даасан байдлыг хангах улс төрийн төлөөллийн онол” юм. Энэхүү онол нь компанийн санхүүжилтийн хүрээнд хөндөгддөг “оновчтой гэрээ”-ний загварт үндэслэсэн бөгөөд төлөөлүүлэгч нь төлөөлөгчид урт хугацаатайгаар эрхээ шилжүүлсэн тохиолдолд төлөөлөгч нь илүү чармайлт гарган шийдвэрийн чанараа сайжруулдаг гэсэн судалгааны үр дүнд үндэслэсэн байна. Төв банканд мөнгөний бодлогыг эрх мэдлийг бие даан хэрэгжүүлэх эрх мэдлийг урт хугацаатайгаар шилжүүлснээр төв банкны таамаглал сайжирч, бодлогын алдаа багасан нийгэмд үзүүлэх эерэг нөлөө нэмэгдэх буюу улс төрчийн ашиг сонирхолтой нийцдэг гэдгийг олон тооны төв банкны жишээ, судалгааны үр дүнгээр нотолсон байна. Уг онолын давуу тал нь ТБД-ын шүүмжлэлд өртөж, маргаан дагуулдаг өгөгдөлд суурилахгүйгээр ТБД яагаад бие даасан байх ёстой, ямар хүчин зүйл үүнд эергээр нөлөөлөх боломжтой гэдгийг дараах байдлаар таамаглан баталсан явдал болжээ:
• Бие даасан төв банк нь инфляцыг бага түвшинд огцом өөрчлөлтгүйгээр барьж чаддаг
• ТБД нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгадаг (гарцын хувьд).
• Төв банкны удирдлагын бүрэн эрхийн хугацаа урт байх нь эхний хоёр өгөгдөл биелэх суурь хүчин зүйл болдог.
• ТБД нь зөвхөн улс төрийн ажлын хугацаанаас төв банкны удирдлагын бүрэн эрхийн хугацаа их байгаа тохиолдолд хангагдана.
• Улсын засаглалын үзүүлэлт ТБД эерэг хамааралтай.
• Төв банк зорилтын бие даасан байдлаас илүүтэй хэрэгсэл (үйл ажиллагаа)- ийн бие даасан байдалтай байх нь эерэг нөлөөтэй.

IV. Дүгнэлт, зөвлөмж

Төв банкны бие даасан байдал шүүмжлэл болон түүнд өгч буй няцаалт, ТБД-д дэлхийн даяар тулгарч буй эрсдэл, түүнийг шийдвэрлэх талаар санал дэвшүүлсэн судалгааны үр дүн нь өгүүллийн эхэнд дурдсан Монгол Улсын Төв банканд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх бололцоог олгож байгаа билээ. Төв банк улс төрчийн ашиг сонирхлоос хамааралтай богино хугацааны шийдвэр гаргах эсвэл улс төрөөс шилжүүлсэн бүрэн эрхийг өөрийн дур зоргоор хяналтгүй ашиглах боломжтой талаар ТБД-ын шүүмжлэгчдийн дэвшүүлсэн байр суурь Монголбанканд онцгой хамааралтай байна. Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зорилт “төгрөгийн тогтвортой байдал” гэж томьёологдсоноор нэг талаас богино хугацааны ашиг сонирхолд хөтлөгдсөн “ханшийг тогтвортой байлгах” зорилтыг төв банканд тулгах, нөгөө талаас төв банк өөрийн үзэмжээр “үнийн тогтвортой байдал” ба “ханшийн тогтвортой байдал”-ын хороонд сонгож, зорилтын шилжилт хийх нөхцөлийг бүрдүүлжээ. Иймд олон жилийн судалгааны үр дүн, практик туршлагаар төв банкны бие даасан байдалтай шууд хамааралтай, урт хугацааны эдийн засгийн эерэг үр дагаварт хүргэх “үнийн тогтвортой байдал”-ын зорилтыг хуульд тодорхой тусгах шаардлагатай байна. Төв банкны зорилтыг Үнийн түвшний тогтвортой байдлыг хангах” гэж нийгэм, улс төрийн зөвшилцлөөр ойлгомжтой хуульд тодорхой тусгахгүй тохиолдолд инфляцыг төв банк удирдаж чадна гэсэн итгэл арилж, улмаар ТБД хэрэгтэй юу гэсэн асуултыг үүсгэж болзошгүй.
Улс төрийн урт хугацааны зорилт болон мөнгө, санхүүгийн тогтвортой байдал нь төв банкны үйл ажиллагааны зорилттой нийцтэй байх тул ТБД дэмжигддэгийг шүүмжлэлд өгсөн тайлбараар тодруулсан билээ. Гэтэл Монгол Улсын хувьд мөнгөний бодлогын зорилтыг нэг жилийн богино хугацаагаар Улсын Их Хурал тодорхойлж байгаа нь улс төрийн богино хугацааны ашиг сонирхлыг мөнгөний бодлогод оруулах, цаг хугацааны нийцгүй байдлыг үүсгэж, урт хугацааны зорилттой зөрчилдөх, улмаар Төв банкны хариуцлагыг бүрхэгдүүлэх эрсдэл бодитой болсныг өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй арга хэмжээ нотлон харуулсан19. Энэхүү асуудлыг мөнгөний бодлогын батлуулах давтамжийг уртасгах, урт хугацааны зорилтод үл хамаарах чиглэлийг мөнгөний бодлогын төсөлд тусгахыг хориглох талаар мөнгөний бодлого боловсруулалт, мөнгөний бодлогыг хэлэлцэх УИХ-ын хэлэлцүүлгийн тусгай дэг тогтоох боломжтой байна. Монголбанкны бие даасан байдал, түүнтэй зэрэгцэх хариуцлагыг нэмэгдүүлэхэд төв банкны үйл ажиллагаа, түүний бие даасан байдлын ач холбогдлыг олон нийтэд таниулах ажил чухал ач холбогдолтой байна. Үүний тулд олон нийт, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоо, хяналтын институцийг дэмжиж Төв банкийг өөрийн зорилтоосоо хазайх, нөлөөлөлд орох тохиолдолд эрс шүүмжлэх, хуулийн бус үйл ажиллагаа явуулах, эс явуулах тохиолдолд “олон нийтийг төлөөлж” шүүхэд ханддаг арга замыг идэвхжүүлэх боломжтой. Олон улсын эрсдэлийн үнэлгээгээр авлига, засаглалын индексийн үзүүлэлтийн хувьд 145 орноос 87-д жагсаж буй Монгол Улсын ТБД-ыг нэмэгдүүлэх боломж олон нийтийн оролцоо, хяналт байж болох юм. Эцэст нь Дэлхийн эдийн засгийн хямрал, Ковид-19-ын цар тахлын дараа төв банкуудад учирч буй зорилт, түүний чиг үүрэг өргөжсөн байдал, түүнтэй холбоотойгоор ТБД-д ирэх дарамтыг бууруулахын тулд төв банк үндсэн зорилтод нийцэхгүй үйл ажиллагааг нээлттэй эсэргүүцэж, өөрийн бодлогын хязгаарыг баримтлан бусад оролцогч нар өөрсдийн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардаж байхыг Европын холбооны төв банкны хэлэлцүүлгээс уриалга болгожээ. Чикагогийн их сургуулийн профессор Ражаны “Иргэд төв банкны чиг үүрэг хийгээд төв банк юу хийж чадах, юу хийж чадахгүйг хэдий хурдан ойлгоно, тэр чинээгээр иргэдийн мөнгөний бодлогын үр дүнгийн хүлээлт сайжирдаг” гэсэн оновчтой үгээр өгүүллээ төгсгөе.

Ашигласан материал
1. Bibow, Jцrg (2010) : A post Keynesian perspective on the rise of Central Bank independence: A dubious success story in monetary economics, Working Paper, No. 625, Levy Economics Institute of Bard College, Annandale-on-Hudson, NY
2. Benoоt Cœurй, “Two sides of the same coin? Independence and accountability of the European Central Bank”, Brussels, 28 March 2017;
3. Д.Ган-Очир. Монголын хөгжлийн зам: Сургамж, сорилт, боломж. 2020
4. Dall’Orto Mas, Rodolfo & Vonessen, Benjamin & Fehlker, Christian & Arnold, Katrin, 2020. “The case for central bank independence: a review of key issues in the international debate,” Occasional Paper Series 248, European Central Bank.
5. Eggertsson, Gauti B., and Eric Le Borgne. “A Political Agency Theory of Central Bank Independence.” Journal of Money, Credit and Banking 42, no. 4 (2010): 647–77. http:// www.jstor.org/stable/40732606.
6. Fernando J. Cardim De Carvalho. “The Independence of Central Banks: A Critical Assessment of the Arguments.” Journal of Post Keynesian Economics 18, no. 2 (1995): 159–75. http://www.jstor.org/stable/4538484.
7. Fischer, S. (2015), Central Bank Independence, Fed Speeches, November.
8. Forder, J. (2002). Interests and independence: The European Central Bank and the theory of bureaucracy. International Review of Applied Economics, 16(1), pp. 51-69. https:// doi.org/10.1080/02692170110109335
9. Goodman, John B. “The Politics of Central Bank Independence.” Comparative Politics 23, no. 3 (1991): 329–49. https://doi.org/10.2307/422090.
10. Palley, Thomas. Central Bank Independence: A Rigged Debate based on false Politics and Economics. Inv. Econ [online]. 2019, vol.78, n.310, pp.67-102. Epub 10-Mar-2020. ISSN 0185-1667. https://doi.org/10.22201/fe.01851667p.2019.310.71547.
11. Rajan, R. (2019), Central Banks Are the Fall Guys, Project Syndicate Commentary, July. The PRS Group, International country risk. rankings August 1, 2021.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img