2024-07-23, Мягмар
17 C
Ulaanbaatar

Микросоциумд амьдрахын зовлон

  1. Ларс фон Триер “ДОГВИЛЬ”, 2003

Америкийн гурвалын анхны бүтээл. Үйл явдал 1930-аад оны үеийн Америкийн нэгэн жижигхэн тосгонд өрнөнө. Энэ хотхонд насанд хүрсэн 15 хүн, зургаан хүүхэд амьдардаг. Үйл явдал Америкт болж байгаа ч энэ кино нь Америкийн тухай, америкчуудын тухай кино биш. Дэлхийн хаана ч байдаг хүмүүсийн тухай, өөрийн гэсэн зовлонтой, амьдралын хэмнэлтэй, үзэн ядалт, эрх мэдлийн шуналтай, сул нэгнийгээ хүчирхийлэх зоригтнуудтай тийм нэгэн микросоциумын тухай бүтээл. Өөрөөр хэлбэл бид бүхний тухай кино.

Декораци гэх юмгүй павильонд авсан зураг авалт. Гудамж, байшин, байшингийн дотоод бүтцийг тэр ч бүү хэл жимсний мод, нохойг хүртэл шалан дээр бүдүүвчлэн зурсан харагдана. Кино гэхээсээ ямар нэгэн тайзны бүтээл шиг санагдана. Минималист хэв маяг нь орчин үеийн декорацийн гял цалд сатааралгүй жүжигчдийн тоглолт, мимик, диалогт төвлөрч Триерийн өгөгдлийг харж үзэгчдэд бодож бясалгах, төсөөлөн сэтгэх орон зай ихтэй, ном уншиж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Гайхалтай шийдэл шүү. Иймэрхүү шийдлийг Питер Гринуэй, Дэрэк Жармэн зэрэг Британийн алдарт авангард найруулагчдийн зарим бүтээлээс харж болно. Гэхдээ тэд фон Триер шиг ингэж зоригтой стилизаци ашиглаагүй.


Есөн бүлэгтэй энэ кинонд гангстеруудаас зугтах Грейс /Николь Кидман/, Хадат ууланд орших Догвиль хэмээх жижигхэн тосгоны хүмүүсийн хоорондын хэцүү, ээдрээтэй харилцааг харуулна. Гаднаасаа харагдаж байгаа шигээ тосгоныхон тийм ч найрсаг, зөөлөн сэтгэлтэй, сайн хүмүүс биш болох нь мэдэгдэнэ. Сүүлдээ Грейсийг боолын адил дөнгөлж, хүнд хүчир ажил хийлгэн, тосгоны эмэгтэйчүүд нь үзэн ядаж, хүүхдүүд нь тохуурхаж, эрчүүд нь ээлж дараалан хүчиндэнэ. Энэ тосгоны эрчүүд дотроос гагцхүү Грейст хайртай гэх Том л түүнтэй нэг хөнжилд ороогүй байлаа. Нэгэн шөнө тосгоныхны хуралдаанаар Грейс бүгдийг илчлэн ярина. Тэд харин бүгдийг улайран үгүйсгэх бөгөөд түүнээс ангижрах ёстой гэдгээ ойлгоцгоож байв. Бие биеэсээ үхтлээ нууцлах муу муухайг нь мэддэг, багийг нь хуу татаж чадах Грейс тэдэнд аюултай байсан нь мэдээж. Том Грейстэй шөнийг өнгөрөөхийг хүсэх авч Грейс татгалзсанаар уурссан залуу гангстерууд руу утасдаж түүнийг илчлэнэ. Грейсийг хайж явсан гангстерууд ирж түүнийг авна гэдгийг мэдсэн тосгоныхон тайвширч Грейст “сайнаар” хандаж эхэлнэ. Дотроо тэд Грейсийн үхлийг хүлээнэ, гангстеруудыг хүлээнэ. Тэд ч ирнэ. Том болон тосгоныхон гангстердуудыг эелдэгээр угтан авна.


Гэвч гэмт бүлэглэлийн толгойлогчийн охин Грейс зөв замаар амьдрахын тулд гэрээсээ дайжсан байж. Тэр тамлуулж, доромжлуулсныхаа өшөөг аван тосгоныг галдан шатааж бүх хүмүүсийг нь алахыг тушаана. Грейс ганцхан Моисей нохойн амийг л хэлтрүүлэв. Америкийн үзэгчид, судлаачид энэ киног хүйтнээр хүлээж авсан түүхтэй. Америк амьдралын хэв маягийг, америк нийгмийг шүүмжиллээ, ямар ч ёс суртахуун байхгүй гэх мэтээр түүн рүү дайрч байлаа. Тэд Канны наадмын хэвлэлийн бага хурал дээр фон Триерийн хэлсэн “Би бол америк хүн … Догвиль энэ тэндгүй л бий шүү дээ” гэсэн үгийг нь ойлгохыг хүсээгүй юм.

Ларс фон Триер “Догвиль” кино зураг авалтын үеэр

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img