2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн гүний уурхай ажиллаж эхэллээ

Цаашдаа дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн гүний уурхай Монголын өмнийн говьд ажиллаж эхэллээ. Газрын хөрснөөс 1.3 км гаруйн гүнд эхэлж буй олборлолт ирэх жилүүдэд зогсолтгүй үргэлжилж, манай улс ирээдүйд зэсийн зах зээлийн гол тоглогчдын нэг болох юм. Оюу толгойн ордын үнэ цэнийн 80 хувь гүндээ агуулагддаг гэдэг утгаараа монголчууд зэс, алтныхаа том төслийн том өгөөжийг хүртэх эхлэл өнөөдрөөс тавигдаж буйг тодотгоё. Оюу толгойн гүний уурхайн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын танхимын сайдууд, хөрөнгө оруулагч талаас Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нарын захирал, удирдлагууд оролцож байна.

Якоб Стаусхолм: Оюу толгой бүрэн чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 6 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ

ОюутолгойНоён Якоб Стаусхолм “Эрхэм Ерөнхий сайд аа, жил гаруйхан хугацааны өмнө тантай уулзсанаас хойш Рио тинто групп итгэлцэл бий болгохын тулд шаргуу ажиллалаа. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид ирэх сар, жилүүдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн сацуу угтах ирээдүй, хамтын замналдаа нэг мөр анхааран төвлөрөх боломжтой боллоо. Мөн Оюу толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийж байна. Оюу толгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 6 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Бид урт хугацаанд үргэлжлэх хамтын ажиллагааныхаа ердөө эхэн үед яваа. Цаашид үргэлжлэх хамтын ажиллагаа маань илүү үр дүнд хүргэх нь дамжиггүй. Оюу толгой зогсолтгүй ажиллаж байгаа цагт уурхайг түшиглэн илүү их хөрөнгө оруулалт татаж, энэхүү бүс нутагт олон төсөл хэрэгжүүлж, илүү олон ажлын байр бий болгож чадна. Ирэх саруудад Ерөнхий сайд, Засгийн газартай хамтран ажиллаж, энэ ажилд Рио тинто хэрхэн хувь нэмрээ оруулж болохыг тодорхойлохдоо таатай байх болно. Бид хамтын ажиллагаагаа шинэ төвшинд гаргахад бэлэн байна” хэмээн онцоллоо.

Л.Оюун-Эрдэнэ: Оюу толгой бол гуравдагч хөрш оронтой бие даан хөгжүүлж яваа түүхэн төсөл

OyutolgoiЕрөнхий сайдын мэндчилгээ ч анхаарал татсан үгсээр дүүрэн байв. Газрын хөрснөөс км гаруйн доор буюу 12 “Блю скай”-г нийлүүлэхүйц гүнд өрнөсөн гүний уурхайн нээлтийн ажиллагааны үеэр гүйцэтгэх засаглалын тэргүүн “Хөрөнгө оруулагч тал гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэсэн амлалтдаа бүрэн хүрч чадлаа. Энэ нь цаашдын хамтын ажиллагаанд харилцан итгэлцлийн, хоёр талын хариуцлагатай байдлын суурь зарчим болж чадна гэдэгт итгэж байна. Оюу толгойн төсөл бол Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй, Монгол Улс гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл юм. Оюу толгой компани өнгөрсөн жил 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэснийг онцолъё. Цаашид Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа “Монголын За Андгай буй заа” хэмээх эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн язгуур үнэт зүйлдээ тулгуурлан эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ Монгол Улсын Засгийн газраа төлөөлж, нийт хөрөнгө оруулагчдын өмнө дахин хариуцлагатайгаар илэрхийлж байна” гэв. Ерөнхий сайдын үгнээс хөрөнгө оруулагч талтай хамтран зэс хайлуулах үйлдвэр байгуулна гэсэн мэдэгдэл нь содон дуулдав. Одоогоор энэ чигийн яриа хэлэлцээ Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн дунд өрнөөгүй байгаа юм.

Гүний уурхайн онцлох бүтээн байгуулалтууд

Газрын хөрснөөс 1 км 300 метрийн гүнд ажиллах уурхайн бүтээн байгуулалтын энгийнчилсэн статистикуудыг сонирхуулъя. Газрын гүнд олборлож буталсан хүдрийг дамжуулах туузан дамжуулагчийн урт гэхэд л Сүхбаатарын талбайгаас Толгойтын өртөө хүртэл зайтай тэнцэх аж. Гүний уурхайн таван босоо амны нэг бүр нь ойролцоогоор 1.2 км-ээр хэмжигдэнэ. Хөндлөн малталтын нийт урт нь 203 км. Одоогоор 130 гаруй км-ыг нь бүтээж босгоод буй. Хар үгээр хэлбэл Улаанбаатараас Дархан хүрэх хэмжээний урттай том хонгилуудыг газрын гүнд бүтээн байгуулахаас талаас илүүг нь хийчихсэн гэсэн үг. Тэр хонгилоор уул уурхайн том машин техникүүд сүлжилдэнэ гэхээр ямар том бүтээн байгуулалт өрнөж буйг багцаалдчихаж болно. Гүний уурхайн геотехникийн өрөмдлөгө гэхэд л 30 гаруй км-т хүрчээ. Хүдэр татах цэгийн тоо 2231, үйлдвэрлэл дээд цэгтээ хүрэхэд өдөрт 95 мянган тонн хүдэр гаргах хүчин чадалд хүрнэ гэж ирээд яривал гүний уурхайн тухай сонирхолтой статистик өчнөөн.

Блокчлон олборлох арга гэж юу вэ?

Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн дийлэнх хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь Хюго Даммент ордын гүнд оршдог. Километр гаруйн гүн дэх энэ нөөцийг олборлох аргыг блокчлон олборлох гэж тодотгож буй. Энэ аргыг Рио тинто 25 жилийн турш хөгжүүлж байгаа юм.

Блокчлон олборлох аргыг Рио Тинто компанийн гүний уурхайн Техник судалгааны төвийн захирал, доктор Крэйг Стегман энгийн ойлгомжтой тайлбарласан байдаг. Түүний “Панель буюу блоклон нураах арга нь Оюу толгой шиг металлын агуулга багатай их хэмжээний хүдрийг олборлоход тохирно. “Блок” буюу хүдрийн биетийн доод хэсэгт малталт хийж, өрөмдөж тэслэх замаар энэхүү блокийг нураан олборлоно гэсэн үг. Аварга хэмжээтэй юүлүүр, хонгилын сүлжээг энэхүү блокийн дор инженерийн нарийн ур ухаан сийлж байгуулна. Блок чулууг тэсэлж зайлуулснаар том хэмжээний орон зай үүсэх тул хүдрийн биет аажмаар хүндийн жингээрээ тухайн орон зай руу нуран орж ирж шууд утгаараа хүдрийн биет өөрөө хонхойж эхэлнэ гэсэн үг. Нурж буй хүдрийн биетийн дор тосох юүлүүр урьдчилан барьсан байх юм. Түүн рүү гулсан орж ирэх хүдрийг хонгилоор тээвэрлэн газрын гадарга руу зөөвөрлөнө” гэсэн тайлбараас Оюу толгойн гүний уурхай олборлолтоо ямар технологиор хийхийг багцаалдчихаж болно.

oyutolgoiБлок хүдрийн биет аварга том хэмжээтэй, баримжаалбал нэг блок нь хааш хаашаа 300x 300 метрийн хэмжээтэй, 500 орчим метрийн өндөртэй байх нь. Хар ухаанаар багцаалдвал Сүхбаатарын талбайг хоёр нийлүүлсэнтэй тэнцэх талбайтай, Шангри-Ла барилгыг зургаа давхарласантай тэнцэх өндөртэй гэсэн үг. Гүний уурхайгаа барьчихвал олборлолтын зардал нь бага, бүтээмж нь өндөр гэсэн давуу тал Оюу толгойд бий аж.

oyutolgoiХөрөнгө оруулагч Рио Тинто группийн хувьд уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэгч компани гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Тус групп уул уурхай, хайлуулах, боловсруулах үйлдвэр, борлуулалтын төв, өгөгдлийн удирдлагын төв, судалгаа хөгжлийн лаборатори, хиймэл оюун ухааны төв ажиллуулах зэргээр дэлхийн 35 улсад үйл ажиллагаа явуулдаг юм.

Гүний уурхай Монголд юу өгөх вэ?

Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноор Монгол улс цаашид дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн уурхайтай болж байна. Ингэснээр ирээдүйд хэрэглээ нь өссөөр байх зэсийн зах зээлийн гол тоглогчдын нэг болох юм. Бүр тодруулж хэлбэл гүний уурхайгаас өдөрт нийлүүлэх хүдрийн хэмжээг ирэх гурван жил аажмаар нэмэгдүүлнэ, үйлдвэрлэлийн оргил үедээ буюу 2030 он орчим жилд 500 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэхийг зорьж байна. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр баяжмал дахь зэсийн гарц гурав дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюу Толгой компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Энэ хэмжээгээр Монгол Улсад төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарч байна” гэж онцолсныг энэ дашрамд тодотгоё.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img