2024-07-13, Бямба
23 C
Ulaanbaatar

Ши даргын томилгоо барууныхны шүүмжилснээр зүгээр л нэг жүжиг үү?

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлаар БНХАУ-ын дарга Ши Жинпинийг өнгөрсөн долоо хоногт албан тушаалд нь улируулан сонгосон юм. Ирэх зургадугаар сард 70 нас хүрэх Ши Жинпинь гурав дахь удаагаа сонгогдсон нь энэ. Тэрээр дахин таван жил Хятадыг удирдах юм. Ингэснээр Хятадын түүхэнд хамгийн урт удаан хугацаагаар төр удирдсан хүн болж байна. Ши Жинпинь тангараг өргөхийнхөө өмнө Барууны орнуудыг “Хятадыг дарж байна” хэмээн буруутгаж, үндэстнээ нэгдэхийг уриалж байв. Урд хөршийн шинэ удирдагчийн талаар барууны хэвлэлүүд “Хятадын дарга хууль ёсных гэж харуулахыг зорьж байгаа нь зүгээр л нэг жүжиг. Эрх баригч элитүүдийн нэгдмэл байдлыг харуулах зорилготой, сайтар найруулсан улс төрийн жүжиг” хэмээн бичиж байв.

Урт удаан хугацааны эрх мэдэл

Ши Жинпинийг БНХАУ-ын даргаар дахин сонгосон нь гэнэтийн үйл явдал байгаагүй юм. Өмнө нь ч ажиглагчид үйл явдал ийн эргэхийг таамаглаж байлаа. Гурав дахь удаагаа улиран сонгогдсон тэрбээр Хятадыг хамгийн удаан удирдсан хүн болж буй. Өмнө нь төрийн тэргүүний алба хашиж байсан нэг ч хүн, тэр бүү хэл коммунист Хятадыг үүсгэн байгуулагч эцэг гэгдэг Мао Зэдун ч ийм удаан төр барьж байсангүй.

Ши Жинпиний тангараг өргөх ёслолыг Хятадын төв телевиз дамжуулахдаа “1.4 тэрбум хүнд хүргэх мэдээ” хэмээн зарласан бол АНУ-д ч энэ үйл явдлыг анхааралтай ажиглаж байлаа. Ёслол болохоос өмнөхөн Ши Жинпинь АНУ тэргүүтэй барууны орнуудыг БНХАУ-ыг тогтоон барих гэж хичээж, ноцтой асуудлуудыг үүсгэсэн хэмээн буруутгасан юм. Үүний дээр барууны эсрэг тэмцэлд нэгдэхийг үндэстэндээ хандан уриалж байлаа.
Мөн өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яам ч ширүүхэн мэдэгдэл хийв. Украины тусгаар тогтнолын талаар байнга ярьдаг ч Тайванийн асуудал дээр Хятадын тусгаар тогтнолыг хүндлэхгүй байгаа хэмээн Гадаад хэргийн яам АНУ-ыг буруутгасан юм.

“АНУ Тайваньд зэвсэг зарж,1982 оны хэлэлцээрийг зөрчсөөр байгаа атлаа Орост зэвсэг нийлүүлэхгүй байхыг шаардаж байгаагийн учир юу вэ? ” хэмээн Гадаад хэргийн сайд Цинь Ган мэдэгдэв.

Ши Жинпинийг дахин сонгогдсоныг барууны хэвлэлүүд мэдээлэхдээ шүүмжлэлтэй өнгө аясаар бичиж байлаа. “Өөр нэр дэвшигч байхгүй сонгуулиар 69 настай Ши-г Хятадын парламентын 3000 гишүүн санал нэгтэй дэмжив” хэмээн Ройтерс мэдээлсэн бол “Хятадын дарга хууль ёсных гэдгийг болон эрх баригч элитүүдийн нэгдмэл байдлыг харуулах зорилготой, сайтар найруулсан улс төрийн жүжиг” гэж CNN мэдээлсэн юм. Ши Жинпинь төрийн тэргүүн хоёроос дээш удаа улиран сонгогдохыг хязгаарласан заалтыг хүчингүй болгосноор ийнхүү дахин сонгогдоод байна. Ингэснээр Ши Жинпинь “урьд хожид байгаагүйгээр ноёлж, эдийн засаг, АНУ-тай өрсөлдөх тал дээр гол анхаарлаа төвлөрүүллээ” хэмээн “Нью-Йорк Таймс” бичжээ.

Ши Жинпинь дахин сонгогдсоноор урьд өмнө нь баримталж байсан бодлогоо өөрчлөхгүй гэж ажиглагчид үзэж байна. 2022 оны аравдугаар сард болсон Коммунист намын ХХ чуулганы үеэр Ши нам болон БНХАУ-ын үндсэн бодлого, бодлогын гол чиглэлүүдийг тодорхойлсон. Энэ хурлын үеэр зургаан баримт бичиг баталсан бөгөөд эдгээрт 2035 он хүртэлх ойрын хугацааны үндсэн чиглэлүүдийг тодорхойлсны дээр 2023 оны нийгэм эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг тодорхой тусгасан байсан юм. Тодруулбал, Хятадын эдийн засгийн өсөлт, хүн амын амьдралын төвшнийг дээшлүүлэх зорилтуудыг тусгасан байлаа. Энэ бодлогыг өөрчлөхгүй, цааш хэрэгжүүлнэ, харин олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтөөс үүдэн гадаад бодлого нь өөрчлөгдөнө гэж ажиглагчид үзэж байна.

Путины дотночирхсон мэндчилгээ

ШиШи Жинпинийг сонгогдсоны дараахан, өнгөрсөн баасан гарагийн өглөө Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “эрхэм нөхөртөө” хандан баярын цахилгаан утас илгээсэн юм. “Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын шийдвэр нь таны төрийг тэргүүний хувьд гаргасан гавьяаг хүлээн зөвшөөрч байгааг гэрчлэхийн дээр Хятадын нийгэм эдийн засгийн цаашдын хөгжил, үндэсний ашиг сонирхлоо дэлхийн тавцанд хамгаалах таны бодлогыг өргөнөөр дэмжиж байгаагийн илэрхийлэл боллоо” хэмээн Путин баярын цахилгаан утсандаа бичжээ. Мөн Орос, Хятадын харилцааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлдэг гэж онцолсон байна.
Аливаа орны төрийн тэргүүн сонгогдоход бусад улс орнууд баяр хүргэдэг энгийн уламжлал байдаг ч Путин, Ши Жинпиний хувьд энэ мэндчилгээ нь арай гүнзгий утгатай. Барууны орнуудын эсрэг харилцаа нь улам нягтрах болсон энэ хоёр орны төрийн тэргүүнүүд хоёулаа л үндсэн хуулиа өөрчлөх замаар эрх мэдлээ өргөжүүлсний дээр Америкийн ноёрхлын эсрэг зогсдог юм.

Ши Жинпинь энэ сард Орост ажлын айлчлал хийнэ гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ нь Хятадын төрийн тэргүүн дахин сонгогдсоны дараа хийж буй анхны гадаад айлчлал болох юм. Оросын хувьд энэ айлчлал энэ оны хамгийн гол улс төрийн үйл явдал болно гэж хэлэхэд хилсдэхгүй. Нэгдүгээрт, цар тахлын улмаас Ши Жинпинь гадаад айлчлал хийгээгүй, хоёрдугаарт дэлхийн улс төрийн байдал амаргүй байгаа үед Ши Жинпинь Орост айлчлах нь томоохон дэмжлэгийн илэрхийлэл болох юм.

Өнгөрсөн сарын сүүлээр, Хятадын хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг, Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн Ван И ОХУ-д айлчилсан. Энэ айлчлалын үеэр Ши Жинпиний айлчлалын талаар хэлэлцсэн байх магадлалтай. Ши Жинпин гуравдугаар сарын 21-ний өдөр Орост айлчилна гэж Оросын зарим хэвлэлийн Телеграм суваг мэдээлсэн ч одоогоор албан ёсны эх сурвалж энэ айлчлалын талаар баталгаатай мэдээлэл цацаагүй байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийхдээ Ши Жинпинь Москвад хийх айлчлал нь “дэлхий ертөнцөд Орос, Хятад гол асуудлаар бат бэх нэгдмэл байр суурьтай” гэдгийг харуулна хэмээн онцолж байлаа. Ши Жинпинь Орост айлчлах үеэр хоёр орны төрийн тэргүүн олон асуудал, тэр дундаа Украины хямралыг зохицуулахаар Хятадын талаас дэвшүүлсэн “энхийн төлөвлөгөө”-г хэлэлцэж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img