2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Я.Бямбасүрэн: Бүгдийг төрөөс нэхдэг иргэдийг төр өөрөө бүтээсэн

Удирдлагын академийн улс төр, бодлого судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Я.Бямбасүрэнтэй төрийн бодлого, төлөвшлийн талаар ярилцлаа.

Төрийн ёс суртахуунгүй байдал ёс суртахуунгүй иргэдийг төрүүлж байна

-Төрийн бодлого алдагдаж ирсний учир шалтгаан юундаа байна?

-Төр юу хийх эсвэл хийхгүйгээ ард түмэнд ойлгуулах, хийнэ гэсэн зүйлээ чирэгдэлгүй хийж өгөхийг л төрийн бодлого гээд байгаа юм. Онолын хувьд төрийн бодлогын үндэс нь улс оршихуй. Улс оршихуйн үндэс нь их энгийн. Газар нутаг, хүн ам, түүнийгээ тэтгэх эдийн засаг, удирдах төр засагтай байх ёстой. Ингэж үзвэл манай улс газар нутаг, хүн ам, эдийн засагтай улс мөн үү гэвэл мөн. Харин улс шиг улс, төр шиг төр байж чадсан уу гэвэл нэг өөр асуудал яригдана. Б.Долгоржав багш Төрийн удирдлага сэтгүүлд улс оршихуйн үндсийг “Улс төрхөт төлөв байдал” өгүүлэлдээ тодорхой бичсэн байгаа. Саяхан гарсан бүтээл. Их сонирхолтой. Төр нь улс орныг оршин тогтнуулах үндсэн зорилготой. Мөн улс нийгмийн ямар харилцааг сонгож авсан гэдгээсээ хамаараад тухайн харилцааг зохицуулах үүрэгтэй. Бид ардчилсан гэх харилцааг сонгосон. Тэгэхээр ардчиллыг дотооддоо сахин хамгаалах, хөгжүүлэх, төгөлдөршүүлэх ёстой гэсэн үг. Гэтэл бид ардчиллаа өнөөдөр аль нэг намын өмч мэт ойлгож, булаацалдаж, урвуулан ойлгож байна. Төр ардчилал хэмээх харилцааг сонгосон бол нийгэмд зөв түүчээлэх, суулгаж өгөх үүрэгтэй. Төрийн хувьд юу хийх, юу хийхгүйгээ шууд хэлэх ёстой.

Иргэн өөрийнхөө болоод төрийн хийх ажлыг ялгаж салгаад ойлгочихвол амьдрал энгийн ойлгомжтой болно. Гэтэл өнөөдөр манай төр бүх зүйлийг хийх юм шиг, тэгсэн мөртөө хийхгүй ч юм шиг тодорхойгүй байдлыг нийгэмд үүсгэчихсэн. Үүнээс болоод иргэн юу хийхээ мэдэхгүй, бүх зүйлийг төрөөс нэхэх хандлагатай болчихсон.

-Төр хийх ёстой зүйлээ мэдэхгүй явсаар ирсэн нь төрийн бодлогын гол алдаа гэсэн үг үү?

-Нэг ёсондоо тийм. Төр өнөөдрийг хүртэл хийхгүй ажлаа огт хэлэхгүй явж ирсэн. Бүх зүйлийг хийх юм шиг амлаж ирсэн нь том алдаа. Энэ нь зөв сайн бодлого төрөхгүй байгаагийн үндэс. Нөгөө талаас төрийн алба нь шийдвэр гаргагчдад хэрэгтэй мэдээ, мэдээллийг нь гаргаж өгч чадахгүй байна. Үүний шалтгаан нь 1996 оноос бүх төрийн байгууллагуудад бий болсон хяналт шинжилгээ гэдэг төрийн функцийг маш сайн ажиллуулах ёстой байтал, маш муу ажиллуулсан. Үүний үр дагавар нь төр амжилт, алдаагаа ялгахгүй болчихсон. Алдаагаа мэдэхгүй учир амжилт үзүүлсэн хүнээ дэмжихгүй, буруу зүйл хийсэн хүнийг дэмжих хандлага руу чиглэсэн. Өөрөөр хэлбэл буруу зөвөө ялгаж чадахгүй болчихсон. Нэгэнт буруу зөвөө ялгаж чадахгүй тул бодлого нь эргээд иргэдийнхээ зан төлөвийг буруу тийш нь залсан.

-Төрийн бодлого иргэдийн зан төлөвийг буруу тийш нь залсан гэнэ ээ?

-Тэгсэн. Энгийн жишээ хэлье. Нэгдүгээрт татварын бодлогод маш том алдаа гарсан. Хоёр удаа татварын өршөөлийн хууль гаргасан нь иргэд татвараа төлөөгүй тохиолдолд төр өршөөж магадгүй гэсэн зан төлөвийг суулгасан. Энэ нь төр татварын шударга систем тогтоож чадахгүй байдалд оруулсан.

Төр нэгнээс нь татвар аваад нөгөө хүнээс нь татвар авахгүй орхисон. Ийм байдал газар авснаар улс орны эдийн засаг сэргэж босож чадахгүй болсон. Түүнээс биш татварын их бага хэмжээ дараагийн асуудал. Эхлээд төр авах ёстой татвараа жигд авч сурах ёстой.

Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр зам тээврийн зөрчил гаргасан иргэдийн, торгуулийн мөнгийг 50 хувь хөнгөлсөн явдал байна. Энэ нь мөн дээрх жишээтэй адил иргэдэд торгуулиа төлөхгүй байх нь зөв юм байна гэсэн зан төлөвийг дэмжсэн. Энэ мэтчилэн төр өөрөө иргэдээ зөв амьдрахад нь дэмжлэг үзүүлэх байтал эсрэгээрээ буруу амьдрахыг нь дэмжээд байгаа учир өнөөдрийн энэ ёс суртахуунгүй байдал газар авсан.

Бүр тодруулбал төр “Буруу үйлдэл хийсэн чнь зөв, буруу үйлдэл хийснийхээ төлөө хариуцлагаа хүлээхгүй байсан ч болно” гэж иргэдийнхээ толгойг нь илээд байхаар ард түмэн яаж зөв ёс суртахуунтай болж төлөвших юм. Төрийн энэ алдаатай бодлого торгуулиа төлсөн хүмүүст “хариуцлагаа ухамсартай хүлээсэн чинь буруу байна” гэсэн санаа өгчихөж байгаа юм. Энэ ажлыг төр өөрөө хийчхээд эцэстээ иргэдийг ёс суртахуунтай бай гэж шаардах нь ой гутам хэрэг л дээ. Төр өөрөө ёс суртахуунгүй байгаа нь иргэдийг ёс суртахуунгүй байдал руу хөтөлж байна.

-Та түрүүн орон сууцны тэнгэрт хадсан үнэ төрийн бодлого буруу байгаагийнх гэчихсэн үү?

-Хямралын үед үл хөдлөх хөрөнгийн үнэ буурах ёстой. Гэтэл эсрэгээрээ үнэ нь тэнгэрт хадсан. Эдийн засгийн ерөнхий тооцооноос гадуур татварын системд ордоггүй маш их мөнгө байгаагийн л шинж. Товчхондоо төрийн бодлого буруу зүйлийг дэмжиж, маш их мөнгийг эдийн засгийн тооцооноос гадуур байх боломжийг олгосон гэсэн үг. Ёс суртахууны хэм хэмжээнүүдийг баримталбал сайн, сайхан явахгүй гэдэг үзлийг бий болгоод байна л даа.

Хүн бүр ажлаа чин сэтгэлээсээ хийж байж л ёс суртахуунгүй байдлаас сална

-Ёс суртахуунтай байя гэхээр зүй бус үйлдэл давамгайлаад буй нийгэмд, яаж ардчиллыг хөгжүүлж, шударга ёсыг бий болгох юм бэ. Нарийндаа яривал бид хөршдөө итгэхээ больсон нийгмийг үүсгэчихээд байна шүү дээ?

-Санал нэг байна. Уг нь Ардчилал бусдад садаа болохгүй, сонголтоо зөв хийж амьдрах нийгэм. Гэтэл эсрэгээрээ бусдад төвөг садаа болдог, бусдын эрхэнд халддаг асуудал зонхилсон. Энэ бол бодлогын алдаа. Мөн хүмүүсийн харилцан итгэх итгэл алга болсон. Нийтийн сайн сайхны төлөө чармайлт гаргах эрмэлзэл байхгүй. Зам дээр маш тод харагддаг. Би хурдан явж байвал бусад нь хамаагүй гэсэн хандлага гаргадаг.

Замын түгжрэлийн бас нэг шалтгаан нь хүүхдэд аюултай нийгэм. Ямар олон хүүхэд алга болж, хэчнээн хүүхэд зүй бус хүчирхийлэлд өртөж байгаа билээ. Хүүхдэд аюултай, айдастай нийгмийн бүтээчихсэн учраас аав, ээжүүд хүүхдээ яаж ийгээд машинаараа хүргэж өгөхийг боддог болчихсон. Хүн бүр ингэхээр зам түгжрэх нь аргагүй.

Нийгэм ёс суртахуунгүй байгаа нь зөвхөн төрийн өндөрлөгүүдийн асуудал биш.Монгол Улсын иргэн бүрийн анхаарах асуудал болчихоод байгаа юм. Энэ бүх буруу бодлогыг залруулъя гэвэл өөрийнхөө орчинд хүн зөв байх асуудал гарч ирнэ. Тухайн иргэн өөрийнхөө хийх ажлыг чин сэтгэлээсээ л хийчих. Тэгээд л болоо. Хажуу дахь хүн чинь буруу үйлдэл хийж байвал түүнд шаардлага тавь. Энэ бүх алдааг залруулах боломж иргэн бүрийн гарт бий. Гэтэл бид алдаагаа өөр зүйлээс хайгаад байна. Улс төрийн тогтолцоо нь буруу байна, шуналтай хүмүүсийг сонгосноос боллоо гэж шүүмжлээд гарц гаргалгаа олдохгүй.

-Нэгэнт гажуудсан тогтолцоог ганцхан чин хандлагаар засч чадах уу, Үндсэн хуулиа өөрчлөх гэх мэт том өөрчлөлт хийж байж засах юм биш үү?

-Бид гажуудлыг засах арга, гарцыг намын систем, хууль өөрчлөх, тогтолцоо гээд хэт том зүйлээс хайдаг л даа. Энэ буруу. Хуулийг баталж, хэрэгжүүлдэг нь хүн өө. Энгийн жишээ авъя л даа танд машин байж болно. Таныг унах үе тэр хөрөнгө чинь машин, унахгүй бол зүгээр л төмөр. Та шударга байдлаа түгээн дэлгэрүүлэхгүй бол тэр чинь хоосон яриа төдий зүйл. Тэгэхээр өөрийнхөө нөлөөлж чадах хэмжээнд шударга байж бусдад нөлөөлөх л хэрэгтэй. Ингэж чадвал бидний үзэн ядаад байгаа төрийн завхрал арилна.

УИХ-д сонгогдох гэж байгаа иргэн хувь хүний хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ өөрт нь байхгүй зүйлийг бичдэг. Яагаад гэвэл тэнд оччихоод улсын байна уу ямар нэг хөрөнгөнөөс шамшигдуулж нөгөө худал бичсэн зүйлээ нөхнө гэсэн үг. Дэргэдэх хүн нь “та ингэж болохгүй” гэж хэлэхгүй байгаа учраас энэ хандлага улам бүр дэврээд байна л даа.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэг өөр зүйл ярьчихаад гэртээ, нийгэмд өөр зүйл хийгээд яваагийн учир энэ. Тэгэхээр ард иргэд удирдагчдынхаа үйлдлийг нь харж сурах хэрэгтэй.

-Дэргэд байгаа хүнээ хяна гэхээр социалист нийгмийн үеийн матаасархуу сонсогдоод байх юм?

-Би хуучин үеэ санагалзаж, эргээд тэр нийгэм рүү очих тухай огт яриагүй. Дэргэдэх хүнийгээ бурууг олж хараад шаардлага тавьдаг ухамсрын тухай л яриад байгаа юм.

-Нэг талаасаа иргэд өөрсдөө буруу хүнээ сонгоод байгаад асуудал байх шиг…?

-Ард иргэдийг сонголтоо зөв хийж чадахгүй байгаа учраас гэж хэлж бас болохгүй. Тэдэнд хийх сонголт алга. Нэр дэвшигчид дунд зөв хүн алга. Манай нийгэмд зөв хүн цөөрсөн юм биш үү гэж эргээд би танаас асуумаар байна.

-Нам зөв нэр дэвшигчдийг сонгож чадахгүй байна гэсэн үг үү?

-Тийм. Гэхдээ намын олонх нь зөв сэтгэдэггүй учир нам буруу ажиллаад байна. Олонх нь яагаад зөв сэтгэхгүй байна гэхээр манай нийгмийн иргэдийн олонх нь зөв сэтгэхгүй байна. Үнэгүй зүйл авна гэж сэтгэж буйд учир байгаа юм.

Шүүгчийн цалинг нэмээд шударга ёс тогтохгүй

-Багш хүнийхээ хувьд төрийн бодлогод харамсаж буй зүйл гэвэл юуг онцолмоор байна?

-Хоёр зүйлд харамсаж явдаг. Нэгд бага ангийн багш нарын цалин бага байна. Бага ангийн багшийг маш өндөр цалинтай болгох ёстой. Тэр хүн Монголын ирээдүйн суурь үндсийг бэлтгэж байгаа. Тэгэхээр бага ангийн багш хамгийн шилдэг, зөв, шударга хүн ажиллах ёстой. Зөв сурсан зургаан настнууд аяндаа зургаа, долоон жилийн дараа зөв нийгмийн үндсийг тавина шүү дээ. Жишээ нь зургаан наст ааваа та хог хаяад, гэртээ тамхи татаад байна, зурагтаар та архи ууж болохгүй гэж ярьчихаад гэртээ яагаад архи уугаад байна гэж хэлэхээр тэр аав юм бодно биз дээ.

Хоёрдугаарт татварын систем шударга биш, бүх хүнээс татвараа авч чадахгүй байна. Бага ангийн багшийн цалинг нэмж, бүх хүнээс татвар авдаг болчихвол шударга ёс тогтоно. Шүүгчийн цалинг нэмээд шударга ёс тогтохгүй.

-Төрийн хийсэн сайн зүйл гэвэл та юуг онцлох вэ?

-ЗХУ-ын их өрнөөс гарсан. Болсон ч болоогүй ч авлигатай тэмцэнэ гэж яриад байна. Буруу хазгай ч хамаагүй урт хугацааны бодлого гаргасан. Мөн гурав дах хөршийн бодлогыг онцолмоор байна.

-Төр төлөвшихөд урт хугацаа ордог болохоор өнөөдрийн бужигнаан арилахгүй яваа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Төр маш хурдан төлөвшиж болно. Хаан нь “Манай түшмэд, иргэд хулгай хийгээд байна яах уу “ гэж нэг мэргэн хүнээс асуухад өнөө мэргэн хүн “Та өөрөө л хулгай хийхээ больчих гэж хэлсэн гэдэг. Төрийн гурван өндөрлөг л шударга байчихвал төр төлөвшинө. Гэхдээ өнөөдрийг хүртэл хэн нь үүнийг хүсэхгүй байна л даа.

-Яагаад?

-Мэдэхгүй. Тэр хүмүүсээс л асуу. Шударга байдлын үлгэр жишээ байж чадаагүйг нь л мэдэж байна. Шударга ёсыг тогтоосон төрийн том зүтгэлтнүүдийн гарч ирсэн замнал нь цагаан байдаг. Тэд өөрсдийн олсон орлогоороо амьдарсан. Шударга хүмүүсээр өөрсдийгөө хүрээлүүлсэн. Шударга байдлынхаа төлөө чин үнэнчээр зүтгэсэн байдаг. Гэтэл өнөөдрийн “томчууд” маань амьдрах орчноо өөрийн хүчээр бий болгосон болов уу? Насаараа төрийн албанд ажиллаж, улс төрд зүтгээд тэрбумтан болчих нөхцөл одоогоор байхгүй. Манай эдийн засаг ямар билээ. Гэхдээ би тэднийг буруу амьдарсан эсэхийг мэдэхгүй. Онолын хувьд ийм байх боломжтой, боломжгүй гэдэг зүйлийг л тайлбарлаад байгаа юм.

Ерөнхий сайдын өөдөөс харж суугаад бурууг нь хэлж чадах хүн алга

-Шударга хүмүүсээр хүрээлүүлж чадахгүй байна гэсэн үг үү?

-Тийм. Шударга хүмүүсийг хөөж явуулсан гэсэн үг. Харин долигоногч, тал зусардах, бялдууч хүмүүсийг цуглуулсан учир буруу шийдвэр гаргаад байна. Тухайлбал Ерөнхий сайдын өөдөөс харж байгаад чи буруу зүйл хийлээ гэж хэлэх хүн алга. Буруу зүйл хийж байна гэсэн иргэдийн дуу хоолой тэр хүнд хүрэх боломжгүй. Хэдэн давхар шилэн хамгаалалттай учраас. Шилэн хамгаалалт гэдгийг би ёгт утгаар хэлж байна л даа. Харахаар хамгаалалтгүй юм шиг гэхдээ тойроод бөөн шилэн хамгаалалт бий.

-Төрийн гурван өндөрлөг хуулиараа тусгай эрхтэй учраас автобусаар зорчиж, захаас хүнсээ авах боломжгүй, амьдралаас тасраад байх шиг санагддаг?

-Германы Ерөнхий сайд Ангела Меркель нөхрөө дагуулаад тороо бариад л явж байгаа зураг бишгүй л байдаг. Тэнд яагаад болдог энд яагаад болдоггүй юм.

-Хуулиараа болдоггүй юм биш үү?

-Хуулиа өөрсдөө хийдэг. Хуулийг хэн хийж, засдаг юм. Хүн биз дээ. Тэдэнд засах бүрэн эрх нь байна шүү дээ. Хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэд хүсэхгүйд л хамаг учир байгаа юм. Сайн систем байлаа гээд сайн хүн болохгүй. Өөрсдөө хулгай хийхээ больж, шударга хүмүүсийг цуглуулж байж л асуудлыг шийднэ.

-Бодлого тодорхойлоход мэргэшсэн судлаачдын хувь нэмэр чухал. Та нарын бодлого төрд суурь бааз болдоггүй юм уу?

-Бодлого боловсруулаад өгье гэхээр мэдээлэл олдохгүй. Хаана ямар мэдээлэл байгаа нь бүү мэд. Мөн багшийн цалин хэд билээ. Гэтэл илүү цагаар ажиллуулчихаад хөлс өгөхгүй, хийлгэх дуртай. Мэдлэг ур чадвар байж л байгаа. Төр улсуудаа зөв ажиллуулах л хэрэгтэй.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img