2024-12-05, Пүрэв
-23 C
Ulaanbaatar

Ч.Хүрэлбаатар: Гүний уурхайн өгөөжөөр 2026 онд зэсийн баяжмалын экспорт хоёр дахин нэмэгдэнэ

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас Оюу толгойн гүний уурхайн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл болон зэсийн зах зээлийн талаар тодрууллаа.

-Оюу толгойн гүний уурхай ажиллаж эхэллээ. Зэсийн зах зээлээс олж буй төсвийн орлого, гүний уурхайн олборлолт эхэлснээр үүсэх эерэг нөлөөллийн талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Нэлээд жилийн дараа Оюу толгой ордын хамгийн гол хэсэг байдаг гүний уурхай ажиллаж эхэллээ. ЭЗХЯ дээр 2022 оны наймдугаар сард төсвийг өргөн мэдүүлэхээс өмнө Оюутолгойгоос авч хэлэлцсэн тоон мэдээлэл өнөөдрийнхтэй яг адилхан байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдрийн энэ үйл ажиллагааг бид 2022 оны намар тооцчихсон байсан. Үүнтэй холбоотой бүх холбогдох өөрчлөлт төсөв болон эдийн засгийн тооцоонд багтчихсан яваа. Бидний хүсч буй нэг чухал зүйл бий. 2028-2036 оны хооронд цэвэр зэсээр нь тооцвол 500 мянган тонн зэс гаргахаар байна. Монгол улсын Оюу толгой, Эрдэнэт гэсэн хоёр үйлдвэр нийлээд төсвийн 2.3 их наяд төгрөгийн татварыг өнгөрсөн жил төлсөн. “Эрдэнэс Таван толгой” нүүрсэн дээрээ 1.1 их наядыг төлсөн. Ингээд харахаар төсөвт төлдөг татварын хэмжээгээрээ зэс яах аргагүй голлодог.

-Манай улсад Оюу толгой, Эрдэнэтийг залгах зэсийн шинэ ордууд олдох боломжтой гэж геологичид ярьдаг. энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Манай улсад зэсийн орд шинээр олдох боломж ихтэй гэж хардаг. Дэлхийн хөгжлийн хандлагыг харахаар цахим эдийн засаг хөгжиж байна. Нэг хүнд оногдох зэсийн хэрэглээ нэмэгдэж байгаа. Цахилгаан машины үйлдвэрлэл ирээдүйд огцом өсөх дүр зураг харагдаж байна. Эдгээрээс харахад Монгол улс зэсийн томоохон тоглогч болж хувирах боломжтой. Оюутолгойгоос гадна шинэ ордууд нээж чадвал улсаа хурдацтай хөгжүүлэх боломж бий. Ингэхийн тулд нэлээд амбицтай бодлого дэвшүүлж яваа. Оюу толгой гүний уурхайн олборлолт эхэлж буй нь бидний дэвшүүлсэн зорилгын хүрээнд нийцэж байгаа.

-Оюу толгойн гүний уурхайн нээлтийн үеэр зэс хайлуулах үйлдвэрийг хөрөнгө оруулагч талтай хамтрах барих талаар санамж бичиг байгууллаа. Зэс хайлуулах үйлдвэрийн талаар өмнө нь тохирсон зүйл байснаас үүдсэн шийдэл үү?

-Өнөөдөр бид зөвхөн зэсийн баяжмал гаргаж яваа. Харин одоо цэвэр зэс гаргах, зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. 2007 онд Хөрөнгө оруулалтын анхны гэрээг байгуулахад миний бие оролцож байсан. Тухайн үед тэр гэрээнд зэс хайлуулах үйлдвэрийн тухай заалтыг оруулж чадсан. Өнөөдрийн тухайд олон жилийн өмнөх тэр заалтыг биелүүлэх, ажил болгох боломж бүрдэж байна. Зөвхөн зэсийн баяжмал экспортлох биш цэвэр зэс гаргаж авах, зэсээр хийсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэхэд Монгол улсад илүү хэрэгтэй. Ажлын байр олноороо бий болно. Иргэдийн амьжиргаа дээшилнэ. Энэ мэтээр яривал өгөөж нь их л дээ.

-Та түрүүн гүний уурхайн олборлолтоос хүртэх татварын орлогыг энэ оны төсөвт тусгасан гэж онцолсон. Ирэх оноос олборлолт өсөөд явах байх, тийм үү?

-Төсөвтөө тооцоо хийгээд оруулчихсан. Өнөөдрийн хувьд 660 мянган тонн зэсийн баяжмал гаргаж байгаа. 2024 онд энэ тоо өснө. 780 мянган тонн болох юм. 2025, 2026 он гээд цааш явах тусам 1.3 сая тонн зэсийн баяжмал болно. Өөрөөр хэлбэл одоо байгаагаасаа хоёр дахин өснө гэсэн үг. Тэр хэрээр эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэсэн үг.

-Таван толгойн цахилгаан станцыг барьчихвал Оюу толгойн эрчимх хүч худалдан авах хэрэгцээгээр урд хөршид өгч байгаа валют дотооддоо үлдэх боломжтой. Цахилгаан станцын тухайд сүүлийн үеийн мэдээлэл хуваалцаач?

-Удахгүй Таван толгойн нүүрсний орд газраа ашиглаж цахилгаан станц барих асуудлаар тендер зарлахаар төлөвлөж байна, Засгийн газар. Оюу толгой компанитай Монголд үйлдвэрлэсэн эрчим хүчийг худалдах, худалдаж авах гэрээг хийчихсэн.

-Оюу толгойн гүний уурхай блокчлон олборлох технологи ашиглаж байгаа. Энэ технологийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл өгөөч?

-Дэлхийд хэрэглэгддэг шилдэг технологийг гүний уурхайд ашиглаж байгаа.

-Хөрөнгө оруулагч талтай өрнүүлсэн арбитрын маргаан юу болж байна вэ?

-Арбитрын татварын маргаантай холбоотой асуудлын тухайд төр засаг, компаниудын хувьд байнга л байдаг зүйл. Яриад, хэлэлцээд, ойлголцоод явна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img