2024-10-07, Даваа
11.3 C
Ulaanbaatar

Аавын тухай дууль

Цонхны цаана амьдрал бужигнана. Их хотын чимээ эзгүйрсэн цээжийг дүүргэн алдаад цааш алсран одох нь ямар нэг совин, сүлд, зөн, ид адыг нааш түгээх шиг хачин сонин, нуугдмал бодлыг сэрээж байна. Өвлийн жавартай зэрэгцэн өнө холын амьдралын мод бүлээнээр нахиалахыг би мэдэрч байлаа.

Хотод суурьшаад даруй есөн өвлийг үджээ. Харин ааваасаа хагацаад таван өвлийн жаврыг тайлж хаяж байна. Диваажингийн уулнаа мөнх бусын хонхыг жингэнүүлэн буй аавдаа би шөнө бүрийд зүүдээрээ дайн амар амгалангийн захидал бичдэг билээ. Үг үсэггүй уншин буйд огтоос үл эргэлзэнэ.

Аав маань тээврийн жолооч. Би аавынхаа 37-ны жил дээр энэ хорвоод ирсэн азтай хүү. Маш хүндээр шарлаж эмнэлэгт хэвтсэн хойгуур нь ээж амаржсан юм билээ. Хожмоо аав надад хэлдэг байв. Чи төрснөөр аавыгаа үхлийн хаалга татахаас буцааж авчирсан юм шүү дээ хэмээн бяцхан толгойг минь бүлээхэн том алгаараа илдэгсэн. Тэр үхэл гэж ямар амьтан, уул, өвс, мангас… байдаг бол гэж бага ахуйдаа бясалгадаг байж. Дараа нь надад нэр өгөхөөр аав, ээж, найзууд нь маргалджээ. Хан Хөхий уулын хошууны сайн эр Даваагомбын дүү Лувсангомбо хэмээх найз нь эгчийн нэртэй ижилсүүлж пүрэвтэй нэр өгье хэмээжээ. Аав бодож сууснаа өөрийн шүтэн биширдэг волейболын мастер Цогнэмэхийн нэрийг өгсөн гэдэг. Мөн надад, манай гэр бүлд цог нэмж яваг даа хэмээжээ.

Аав маань их сайхан дуулна. Залуу зандан насандаа аймгийн урлагийн үзлэгт олонтаа явж байснаа дурсан ярьдаг байв. Аавын аав буюу манай буурал аавыг Төмөр гэдэг байж. Ачит вангийн хошууны нэртэй дуучин, мужаан хүн байсан юм билээ. Аав миний адил бас л эр ганц хүү. Аавынхаа нас нэлээд хэвийх үед төрсөн гэдэг. Хүүхэд тогтдоггүй айл байсан болохоор Битогтох гэж нэрлэсэн юм билээ.

Сүүмийн сүүмийх алс тэртээ
Сүргээ хариулж яваа даа
Зогсоо зайгүй бодогдсон
Өвгөн аавын нутаг аа хөө

Энэ дууг ЗИЛ-130 машиныхаа бүхээгт олонтаа хангинуулж явсан билээ. Хальсны бичлэг лүгээ адилаар миний цээжинд хадагдаж үлджээ. Аав маань өөрийнхөө аавд үнэхээр насан туршдаа хайртай байсан нэгэн. Надад байнга аавынхаа тухай ярина. Их ухаалаг хүн байсан даа гээд зовхи нь чийгтээд ирдэгсэн. Буурал аав болох миний үзээгүй тэр хүн Ачит ван Гончигдамбын өргөөнд шадарладаг байжээ. Ноён их тарган учраас бүсээ бүсэлж чаддаггүй буурал ааваар бүслүүлдэг байсан гэдэг. Ардын хувьсгал ялахаас өмнөхөн буурал аавд их үнэтэй бэлэг гардуулж, эхнэртээ өгөөрэй гээд халх эхнэрийн иж бүрэн алт, мөнгөн чимэглэлтэй хувцас гардуулсан гэнэ лээ. Аав маань арван хэдтэйдээ аав, ээжээсээ өнчирч хоцроход нөгөө хувцас хэрэглэл, эд эдлэлийг хэн нэгэн нь өмчирхсөн хэрэг. Харин буурал аавын мужааны иж бүрэн багажийг авч үлдээгүйдээ л их харамсдаг гэж аав минь ярьдаг байлаа. Буурал аавынхаа тухай ааваар өртөөлөн ирсэн түүх бол энэ. Аав маань нагац ах нараа дагаж жолооч болсон хүн. Арван долоон настайдаа л жолоо мушгиж аймгийн автобаазад ажиллаж байжээ. Модон бүхээгтэй ЗИС-5 унаж байсан гэхээр миний инээд хүрдэгсэн.

Тийм хүүхдийн тоглоом шиг машин байсан юм уу гэж би хөхрөнө. Улс орны хөгжил тийм байлаа гээд аав учирлаж тайлбарлана. Тэр хөгжил гээч нь надад юуны хамаа байх вэ. Нөгөө модон бүхээгтэй машин л нүдэнд харагдаад инээд хүргэнэ. Аав хотод цэргийн алба хаасан хүн. Мөн л жолоогоо мушгисаар. Халагдсаныхаа дараа хотын автобаазад ажиллажээ. Долгорсүрэн заан, Барамсай заан, морьт Пүрвээ зэрэг олон бөхчүүдтэй цуг тээвэрт явж байснаа ихэд дурсан ярьдагсан. Бөх гэхээр л амиа тавьчих шахдаг монгол эрчүүдийн нэг л дээ. Намайг төрсний дараа аав амьдралынхаа жолоог баруун хязгаар руу эргүүлж. Энэ “аялал”-ын улмаас би нийслэл хотод яслид, Завханд цэцэрлэгт, Баян-Өлгийд 1-3, Ховдод 4-6, Увсад 7-10 дугаар ангийг дүүргэсэн сонин тавиланг амталсан билээ. Геологийн жолооч болохоор хайгуулын анги хаа явна, манай амьдрал тэнд өрнөнө. 1987 оны үе санагдаж байна. Аавын тархинд цус харвасны улмаас ажиллах чадвараа алдаж нутаг тэмцсэн юм. Тураг ядрахаар уулаа гэдэг шиг. Хан Хөхийдөө очоод аавын маань бие ч дориун болов. Мал хуй эргүүлж дунд зэргийн чинээлэгдүү айлын нэгэн болж чадсан билээ.

аавБи хар “нялх”-аараа шахуу ээжийн өврөөс аавын машины бүхээг рүү шилжсэн этгээд. Бараг 5-6 настайдаа л жолооны хүрд эргүүлээд сурчихсан байв. Аавын бүлээн өвөр дээр суугаад жолоо мушгиж явахдаа өөрийгөө үлгэрийн баатар мэтээр төсөөлдөг байж. Бусад жолооч нар зам ононо гэж сайн байна шүү гэх. Нялх багын зүрх тэр үед цээжинд багтаж ядан цохилно. Нэг удаа аав намайг ийн эрхлүүлж яваад хайгуулын ангийн даргатайгаа тааралдаж орхижээ. Зургаан тоннын цистерн дүүрэн устай машиныг зургаан нас хүрээгүй хүүхдээр жолоодуулна гэж юу гэсэн үг вэ. Машиныг чинь хурааж дизелист болгоно гэжээ. Ингээд аав надаас болж гурван сарын турш дизель асаасан юм даа. Бид хоёр сална гэж үгүй. Геологийн хайгуулын ангийн 40-өөд айлыг гэрэлтүүлдэг мөнөөх дизелийн талаар би ч бас шаггүй мэдлэгтэй болов. Заримдаа аав намайг явуулаад унтраачихаад ир хэмээнэ. Нэг товчлуур дараад л гүйцээ. Бүх ампер энэ тэрийнх нь заалтыг би цээжилчихсэн болохоор аав надаас илүү хүсч байсан нь мэдээж. Гурван сарын дараа аавд тохоосон шийтгэл дуусч машинаа жолоодох болов. Би ч бүхээгтээ харайн орсон доо. Аав уурлаж байна. “Миний машиныг ямар муухай эдлээ вэ. Хүний юманд хог шиг хандаж байх юм” гэлээ. Тэгээд гурав хоног жимбийтэл янзалсан даа. Туслах слесарьчин нь бяцхан миний бие гэж байгаа.

Тэр үед монгол хүн сансарт нисэх тухай орон даяар радиогоор зарлав. Нэг шөнө аав намайг гэрийн гаднаас дуудлаа. Түм буман одод анивчсан хаврын тэнгэр рүү заагаад “Гүррагчаа тэр нисч явна” гэв. Би олж харсангүй. Сургуульд орохоороо хардаг болно оо гээд инээмсэглэж байна. Тоглоомтой эр байж дээ. Ийнхүү би аавтай цуг машинтай нь явсаар байгаад геологийн ах эгч нараас “кабины бор” гэдэг алдрыг хүртэв. Нэг удаа аав хэдэн сарын турш томилолтоор явах болж л дээ. Энэ тухай ээжид ихэд нууцлан хэлсэн боловч миний дэлдэн чихний хажуугаар өнгөрсөнгүй.

Тэр үед ГАЗ-66 машин барьдаг байв. Дугуйны шпилекнийх нь гадна талын арзгар хүрээнээс нь хоёр гараараа таг зуураад суучихснаа одоо санаж байна. Аав их зөөлөн хүн. Намайг тавиулж ч чаддаггүй, явж ч төвддөггүй байсаар орой болов. Маргааш өглөө нь сэрэхнээ аав “хулгайг-“гаар шөнө замдаа гарсан байж билээ. Ийм л түүхтэй хоёр доо.

Намайг тарваганд их дагуулж явна. Машинаар үргээж оруулсан тарвага 5-6 минут л болоод гараад ирнэ. Гуравдугаар ангид орохдоо би машин унаж сурсан байв. Аавыг тарвага сахиулахаар буулгачихаад буун дуу гарангуут гүвээний цаанаас тоосруулсаар давхиад ирнэ дээ. Аяархан яв, тэмээнээс тэмдэгтэй чулууг дайраад ирэх юм даа гэж зэмлэх аястай өгүүлээд бүдүүн бурхийг тээш рүүгээ шиддэгсэн. Сүүлдээ би аавыгаа дагаж явсаар дөрөвдүгээр ангиасаа л тарвага агнаж сурсан юм. Бас хавх хэрхэн тавихыг хүртэл зааж өгсөн. Өдгөө ч би хавхыг ямар ч анчнаас дутахааргүй тавьж чадна шүү.

Аавын сургасан, өгүүлсэн бүхэн бяцхан биед минь түүний үргэлжлэл болж тунан хоцорсоор байсан билээ. Баруун хязгаар бол олон ястны өлгий нутаг. Халх, дөрвөд, баяд, торгууд, казах, чантуу, өөлд, захчин, урианхай, хотон, мянгад гээд хөвөрч өгнө. Аав хааяа нэг халамцахаараа “Халхын хүү би хасаг, дөрвөдгүй л нөхөрлөлөө” гэж омгорхоно. Аавын найз Бекейхан гэдэг нэгэн казах эр байв. Тэр үед манайх Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутаг Улаан-Уул гэдэг газарт байлаа. Бекейхан ах надад бас хайртай, Казахуудын цээрлэдэг тарваганы махыг аав, бид хоёртойгоо хуйвалдаад хээр гарч зооглоно доо. Цогоо чи цаадуулдаа ам алдав аа гээд хөхрөнө. Аав цаашлуулж “Миний хүүд үнэгний арьсаар малгай хийж өгвөл матахгүй шүү” гээд инээнэ. Цаадуул гэдэг нь казахуудаа хэлж буй хэрэг. Нэг өвөл Бекейхан ах надад үнэгэн лоовууз хийгээд аваад ирэхэд ихэд баярлаж билээ. Тэднийд нэг удаа зочлов. Гэрээр нь дүүрэн үнэгний арьс. Энэ бол Бекейхан ахын бүргэдийн агнасан ангийн үзмэрүүд. Тэр бүргэд их залуу гэнэ. Аавтай цуг явж их өндөр хадан хясаанаас эгээ л уулчин аятай олс, аргамж, гадас хэрэглэн байж дэгдээхэй байхад нь авчирсан юм билээ. Чиний малгайг энэ нөхөр /бүргэд рүү зааж байна/ авчирсан юм даа гээд тэр хоёр инээлдэв.

Нэг өвлийн өдөр Бекейхан ах манайд нус нулимс болсон амьтан уйлчихсан давхиад ирэв. Том хүний уйлах нь эвгүй гэж. Муу бүргэдээ би алчихлаа гээд хүүхэд шиг газарт өнхрөөд л байна. Аав хэсэг дуугүй сууснаа “Анд минь тайвшир. Ахиад л дэгдээхэй олж ирье. Яасан юм бэ” гэж байна. Хэд хэдэн удаа үнэг рүү тавьсан боловч ерөөс барьж чаддаггүй, өлдсөн юм болов уу гээд ам руу нь хэд цас чихчихсэн чинь үхчихлээ” гэж байна. Монгол хүн мориндоо хайртай шиг казахууд бүргэддээ үнэхээр хайртай. Сайн бүргэд хэдэн ч адууны үнэ хүрнэ. Урь орж дулаарсан хойно бид гурав бүргэдийн гурван дэгдээхэйг аавын машины бүхээгт богцонд хийчихсэн давхиж байлаа.

Эр хүний нөхөрлөл гэдэг ястан үндэстнээр ялгаварлагдахгүй аугаа нандин зүйл гэдгийг нь би тэр үед хагас хугас аавын сэтгэлээс мэдэрсэн билээ. Би 14 нас хүртлээ аавынхаа өвөрт унтаж өссөн эрх нэгэн. Үүнийгээ бусдаас их нууна аа. Шоолох вий гэж. Нэг өглөө аавтайгаа цуг унтаж байтал манай ангийнхан экскурс аялалд явъя гээд манайд бөөнөөрөө ороод ирэв. Газар дээрээ баригдлаа даа. Миний ичсэн гэж жигтэйхэн. Тарвага шиг нүхэнд шургачихмаар, шувуу шиг нисэн одмоор санагдав. Аав “Бос, бос. Миний хүү. Цогоогоор нуруугаа жаахан бариулсан чинь арай гайгүй боллоо” гэж аргалсан юм. Үүнээс хойш би ганцаараа унтах болсон. Аавын дулаан өвөр санагдаад хэдэн сарын турш шаггүй зовоосон санагдана.

Аавын толгойны үнэр их сайхан. Үгээр илэрхийлж боломгүй халуун, дотно, нялхармаар үнэр. Алс хол явахад нь би үнэр нь шингэсэн малгайг нь дэрлээд унтдагсан. Энэ үнэр одоо ч миний цээжинд хөвж, ээл хайр, их ачлалын гэрэл гэгээг түгээдэг. Эдүгээ эцгийн үнэр, Хан Хөхий уулын алсаас жирэлзэх цэнхэр хун шиг бараа төрхийг ихэр адил сананам. Хорвоод хана дугуйлсны утга учир чухамхүү аавын гэрийн голомтоос улалзана бус уу. Надад аавын минь хөөрөг, гаанс, анд Бекейханы золгүйгээр үхсэн бүргэдийн хумстай машины түлхүүр, нуруугаа мааждаг махир мод нь үлджээ. Юу юунаас илүүтэйгээр түүний хүүгийнхээ төлөө амьдарч, тэмцэж ирсэн халуун зүтгэл үе үе намайг эзэмдэх бөлгөө. Бас түүний Хан Хөхий юугаан бишрэн тэвэрсэн халх эрийн нандин сэтгэл миний алганаас гэрэлтэхийг тодоор мэдэрнэ. Ижийтэйгээ байхад би баян байжээ гэж яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайн уулга алдсан нь үнэн батыг сүлждэг билээ.

Зарим багын дурсамж өнөө санахнаа их тунгалаг юм. Баян-Өлгийн Ногоон нуур сумын Улаан-Уулын геологийн хайгуулын ангид аав ажиллаж ахуй дор би эрдэм номын хаалгаар анх алхан оров. Тэр цагт би долоон настай байжээ. Геологийн ангийн дэргэд бага ангийн сургууль нээсэн байв. Нэг удаа цагариг түрээд тоглож явав. Бага сургуулийн хажуугаар гарлаа. Хичээлийн завсарлага болж хүүхдүүд бужигнан тоглох нь надад таатай санагдлаа. Шууд л татагдав. Аавд энэ хүслээ хэллээ. Тэр үед найман нас хүрээгүй хүүхдийг сургуульд авдаггүй хачин журам байсан хэрэг. Аав маань ёстой л арын хаалгадаж, “шовгор”-дож байгаад надад таван дэвтэр, нэг үзэг худалдан авч өгөөд сургуулийн танхимаар хөтлөн оруулсан юм. Энэ нь түүний ийш тийш явах бүртээ авчирч өгдөг элдэв машин, төмөр цэргүүд, гэрэл нь ёлтолзон асдаг автомат буу энэ тэрээс илүү том бэлэг шиг тэрхэн үед санагдаж байв. Нээрээ л тийм байсан билээ.

Өнөөгийн өндөрлөгөөс аавыгаа магтах нь багадна. Дутуу дулимагийн сүүдэр эсгэх вий дээ гэдэг үүднээс огтоос мөр хэлхэж үл ирэв. Аав маань шударга, бас тэрслүү нэгэн байж. Оросуудад элэгтэй хэрнээ дээрэлхүү занд нь үнэн голоос дургүй. Нэг удаа геологийн хайгуулын ангийн дарга аавыг дуудаад орос мэргэжилтний эхнэрийн мөөг түүх аялалд дайчлав. Миний бие “кабины бор” тул цуг явлаа. Мөнөөх орос эгч эндхийн мөөг муу байна, тэндхийн мөөг тийм ч байна хэмээн оросоор хараасаар өдөржин авч давхив. Аавын тэвчээр барагджээ. Нөгөө хоёр орос монголоор холин хэрэлдэж байна аа. Бяцхан зүрх бэмбэгнэнэ. Нэг мэдсэн чинь нөгөө орос эгчийг аав хээр орхиод давхиж явна. Хоёр зүггүй амьтан муу золигийг ганц сайн чадлаа даа гэсэн аятай хөхрөлдөцгөөгөөд л. Орой нь хэрэг бишдэж инээдэм ханиадмаар солигдов. Аав хоёр сарын цалингаа хасуулж, геологийн ойн үеэр шагнуулах медалиас ч мултарсныг би хожим мэдсэн билээ. Тэр үед монголчууд оросуудыг дууриах моод ихэд дэлгэрч байсан үе. Аав ээжүүд хүүхдүүдээ папа, мама гэж дууд хэмээн хүмүүжүүлдэг болов. Аавыгаа папа гэж дуудвал их соёлтой хүн болох ухааны юм. Хязгаар нутагт ийм өвчигнөл өрнөж байсныг одоо бодоход хөгийн шүү. Надтай цуг тоглодог жаалууд бүгд ээжийгээ мама, мама гэж дуудан шулганаад жигтэйхэн. Би ганцаараа хоцрох нь ээ. Аавд хэллээ. Муужиртлаа инээж байна. Чи орос аав, ээжээс төрөөгүй болохоор монголоороо л дууд гэв. Би аавынхаа үгээс гардаггүй байсан юм. Дараа нь аав геологийн нөхдийг цуглуулж байгаад энэ балайрлаа боль гэсэн юм билээ. Папа, мамагийн түүх ингэж шувтрав.

Би аравдугаар ангиа төгслөө. Уралдаант шалгалтад ороод Ховдын багшийн дээд сургуульд суралцах эрх авав. Энэ үеэс л ааваас яльгүй холдож, хорвоогийн үнэн худлын хооронд анх удаа бие даан дэгдэх болсон юм. Зэлнээсээ алдуурсан унага шиг тонгочин давхиж явахдаа сайн муутай ч таарч, саар сайныг ч үйлддэг юм байна. Хоёрдугаар курст байхдаа нэг хэрэгт орооцолдов. Манай ангийнхан дээд курсийнхэнтэй нижгэр зодоон хийв ээ. Эцэст нь нэг нөхрийн эрхий хуруу тасарч, бас нэгнийх нь чих цуурснаар “байлдаан” төгсөв. Биднийг ачиж аваачаад даварсан муу оюутнууд ингээд хэвтэж бай гээд мөрдөнд хийж орхив. Намайг байцааж байсан нэг ахмад Увсын Өндөрхангай руу аав руу ярьж танай хүүг шоронд хийнэ гэж сүржигнэж л дээ. Аав сонсоод шууд л ухаан алдсан гэсэн. Тэр жил энэ өвлийнх шиг хахир хатуу, цас ихтэй байв. Унаа унаш ховор тэр үед аав бараг хориод машин дамжин арван хэд хоног нойртой нойргүй, хоолтой, хоолгүй ачааны машин дээр дах нөмөрч явсаар Ховдод ирсэн билээ. Ирээд шууд л аймгийн цагдаагийн хэлтэс рүү очжээ. Танай хүүг батлан даалтад гаргасан гэж хэлж. Шууд л манай сургуулийн дотуур байр руу харайжээ. Надтай уулзан тэврээд уйлаад л байсан, уйлаад л байсан. Энэ үед би аавыгаа өтөлж буйг мэдсэн юм.

Мөн ч их зовоож явж дээ. Одоо ямар их харамсдаг гээч. Ховдоос буцахдаа аав маань “Эр хүн шиг л бай” гэсэн үгээс өөрийг өгүүлээгүй. Тэр үгийг нь би тэвэрч үлдсэн билээ. Зуны амралт ч боллоо. Нутагтаа очлоо. Би янжуур зуун асаав. Гэтэл аав “Чи есөн сүвээрээ утаа сад татуулна гэнэ ээ” гээд гал манартал алгадаад сураар ороолгож гарав. Нэлээд ороолгоод тамирдаж байна аа. Ээж үглээд л. Нас биед хүрсэн эр хүн тамхи таталгүй яахав хэмээн өмөөрч байна. Аав таг дуугүй боллоо. Би нэлээд хэд хоног тамхи татсангүй. Гэтэл хэд хоногийн дараа аав “Тамхи чинь дууссан уу” гээд Болгарын “Родопи”-г боодлоор нь гаргаж ирж өгдөг байна. Аав нь ахиад хүүгээ зодохгүй ээ гэж байна. Цээж рүү нэг юм бүлээнээр огшоод ирэв. Яг одоо аавын сурны амтыг үзэх хүсэл ямар ихээр төрж байна вэ.

Зуны амралт дуусаад Ховд явах гэж байхдаа дэндгэр оюутан миний бие аавтайгаа нэг шөнө өвөртөлж унтаад явж билээ. Аав нийслэл хот руу шилжиж ирэхдээ их л дурамжхан байлаа. Хүү явна гэнэ. Бүгдээрээ явъя даа гээд нааш шилжиж билээ. Тэр машины цонхоор Хан Хөхий уул, хээр тал, аараг толгодоо гунигтайгаар ширтсээр байсан. Ахин нутгаа хэзээ ч хараагүй юм.

“Зууны мэдээ” сонинд ажиллаж байхдаа Байгал нуурын хөвөөнд амрах аз тохиов. Ирэхдээ аавдаа оросын аль гайгүй гэсэн гурван шил архийг шилж авчирав. Байгал нуурын тухай, орос, буриадуудын тухай зөндөө л шалгаав. Нэг шил архийг нь мулталснаа “Хоёулаа сайхан ууна аа. Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэг юм. Миний хүү, овоо доо гэж билээ. Аав намайг нанчид цуг хүртье гэхэд нь би гайхав. Бид хоёр анхны бөгөөд сүүлчийн удаа архи цуг уусан нь тэр билээ. Үүнээс хойш хорь гаруй хоногийн дараа аав маань хүүгээ орхин одсон юм. Бурханч лам Г.Пүрэвбатын халуун сэтгэлийн дэмээр аавыгаа би суварганд мөнхөлж “Аавын овоо”-г үүдсэн билээ.

Сүүмийн сүүмийх алс тэртээ
Сүргээ хариулж яваа даа
Зогсоо зайгүй бодогдсон
Өвгөн аавын минь нутгаа хө…

2010.01.14

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img