Ар Монголын алдарт дуучин П.Адарсүрэнгийн хүү Амартайвантай ярилцлаа.
-Таны аав алдарт дуучин П.Адарсүрэн гэдгээс гадна өвөө Адууч бас Ховдод нэртэй сум нэгдлийн дарга байжээ?
-Өвөө маань Ховдын Булганы “Жаргалын зам” нэгдлийн дарга Адууч гэж хүн байлаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн эмээ манай эмээ хоёр төрсөн эгч дүү хоёр. О.Цолмон бид хоёр хаяалууд. Гэхдээ би Н.Энхбаяр Ерөнхийлөгч, О.Цолмонг гуйж царай алдаж яваагүй. Эсвэл зэрэг зиндаа доогуур юм шиг харилцаа байхгүй. Улстөрчдийг байгаа цаг үе нь л санана. П.Адарсүрэн бол уран бүтээл нь дуурсаж байгаа цагт мөнх амьдарна. Аавын нэр Хөхөө Намжил шиг үлгэр домог болоод үлдэнэ.
-Та айлд өргүүлсэн төрсөн ахтай юм билээ. Тэр ахтайгаа хэр холбоотой байдаг вэ?
-Ахыг 1986 онд билүү Ховдын Алтайгаас ирэхэд нь би анх харсан. Сургуулийн хуваарь аваад манайд ирэхэд төрсөн үр нь юм чинь ээж баярлаж хүлээж авч байсан. Тэгээд уулзалдахгүй байж байгаад намайг Швейцариас ирэхэд 1993 онд ах маань Ховдын Алтайд дэлгүүр хоршоо ажиллуулдаг гээд Эрээнээр дамжиж бараанд явдаг байсан. Тэгээд л бид нар холбоотой байдаг. Ахыг маань Адууч өвөөгийн дүү Шийлэг гэж хүн өргөж авсан юм.
-Үр хүүхэдгүй айл юм уу?
-Арван охинтой айл байхгүй юу. Хүүгийн мөрөөсөл болчихсон. Ахыг өргөж авангуут араас нь эхнэр нь хүү төрүүлсэн гэдэг. Хүү дагуулсан гэж манайхан ярьдаг. Тэгээд тэр талдаа амьдардаг.
-Ах чинь дуулдаг уу?
-Дуулдаг байсан. Нутаг орныхон нь Адраагийн хүү гэж мэдэх юм чинь. Нөгөөдөхийг чинь яг л аавын замаар оруулаад, архи дарс өгөөд явсан.
-Аавтай чинь төстэй хоолойтой байсан уу?
-Адилхан.
-Гэхдээ урлагийн замаар яваагүй гэсэн үг үү?
-Яваагүй.
-Хаана дуулдаг байсан бэ?
-Ховдын Алтай суманд амьдардаг. Айл амьтан гуйж тоглуулаад, сүүлдээ сумынхан бүгдээрээ “Ариунболдыг авчирч дуулуулна” гэдэг байсан. Шийлэгийн Ариунболд гэдэг. Хэрэв тэр ах маань гэртээ, аав ээжийнхээ дэргэд өссөн бол аавыг илүү их дуурайх өгөгдөл байсан.
-Хүмүүс танаас бас авьяас хүлээдэг байсан уу?
-“Адраагийн хүү байна, эрх биш ая барьчих байлгүй дээ” гэцгээдэг байлаа. Үгүй гэж гүрийнэ. Албадаж шахна. Сүүлдээ “За яршиг дууны утгыг нь ярьчихъя” гэдэг байсан. Миний хувьд дуулна гэдэг хэцүү. Усанд орж байхдаа, хөдөө явж байхдаа дуу аялмаар санагдахад өөртөө л дуулдаг. Машиндаа аавын дууг тавиад дагаад дуулаад явдаг.
-Эхээс тавуулаа билүү?
-Ахыгаа оруулаад эхээс тавуулаа.
-Аавын чинь сүүлд суусан эмэгтэй бас хүүхэдтэй гэсэн үү?
-1983 онд төрсөн Наранцацралт гэж охин бий.
-Түүнтэй холбоотой байдаг уу?
-2013 онд нэг уулзсан. Хааяа нэг чат бичдэг байснаа больсон л доо. Өөр аав, ах дүүстэй, өөр орчинд өссөн хүүхэд.
-Тэр эмэгтэйтэй аав чинь нэг их удаагүй л юм байна даа?
-Одтой хамт амьдарна гэдэг үнэндээ амаргүй, тэсэхэд хэцүү шүү дээ.
-Гэр бүл, үр хүүхдээсээ олон түмний хүслийг илүүд үздэг хүнтэй хамт амьдрахад хэцүү л дээ?
-Хүсэн хүлээдэг шүтэн бишрэгчид, гэрт байгаа үр хүүхэд хань ижил гэсэн хоёр талд од зовдог. Гэр бүлээ тэжээхийн тулд мөнгө олж ирэх ёстой. Мөнгөө олж ирэхийн тулд нөгөөдүүлтэйгээ хамт байх ёстой болно.
-П.Адарсүрэн чуулгын хамаг төлөвлөгөө норм биелүүлэх зүтгүүр болж байжээ. Мөнгө оруулдаг гол хүн нь байж. Харин цалин хэр авдаг байсан бол?
-Би бага байсан. Ээж шинэ байранд орсон юм чинь сайхан тавилга авмаар байна гэж хүсэхэд аав гоцлол дуучны цалинтай, 750 төгрөг билүү дээ. Хөдөө гадааны томилолтын мөнгө нэмэгдэнэ. Сайдын цалинтай л адил авдаг байж. Тэр үед мөнгө байсан ч юм ховор. Хойно сурдаг хамаатан дүүдээ орос мебель захиж авчруулах жишээтэй. Тухайн үеийн монголчуудын ярьдгаар баян айл, сайд дарга нарын гэр шиг л байсан, манайх.
-П.Адарсүрэн гуай гэртээ байхдаа хийх дуртай зүйлс нь юу байв?
-Гэртээ байх боломж байгаагүй. Гэрийн утасны дугаарыг хүмүүс мэддэг.
-Танд онцолж захисан зүйлс байдаг уу?
-Аав элдэв юм ярьж байгаагүй. Зүгээр л намайг сургууль төгсөж байхад “Аав, хүү хоёр хамт хөдөөгүүр тоглолт хийвэл сайхан” гэж байсан. Би Ардын дуу бүжгийн чуулгад бүжигчин байсан. Надад тэгж явах чөлөө өгөхгүй шүү дээ.
-Гэхдээ та хоёр нэг тайзан дээр гарч байсан гэсэн үү?
-Чуулгын 50 жилийн ойгоор 1991 билүү 1992 онд нэг тайзан дээр гарсан. Саяхан Сэвжидийн Сүхбаатар багштайгаа уулзаад аавын тухай дурссан юм. Ойн тоглолтын найруулагч нь Сүхээ багш байсан юм чинь. Би тайзны хажууд зогсоод харж байхад тэр тоглолтод ганцхан аав л дахиулсан шүү дээ. Төрийн хэмжээний хүндэтгэлийн тоглолтод дахиулдаггүй. Аавыг дуулаад ёслоод орчихоод байхад л хүмүүс алга ташаад байсан. Аав ёслоод орно. Хоёр гурван удаа ийм үйлдэл давтагдсан. Сүүлдээ Сүхээ багш дотуур холбоогоор “Дахиулаад нэг дуу дуулуул” гэх нь сонсогдсон юм. Тэгсэн Сүхээ багш сая “Яг тэр тоглолтын дараа Адраа чи бид гурвын авахуулсан зураг надад бий” гэж хэлсэн.
-Тэр үед аав чинь ямар нэг юм хэлсэн үү?
-Тоглолтын дараа хүмүүс зураг авхуулаад бөөн юм болоод, аав “Хүү минь хаана байна, Амараа хаа байна” гээд байсныг нь санаж байна. Үүнээс өөр зураг үлдэхгүй гэж мэдэрч байж. Тэр үед одоогийнх шиг утсаараа зураг авдаггүй. Зургийн аппараттай ганц хүн л зогсч байв. Хүн болгоны зургийг ч дараад байдаггүй.
Аав гэдэг өвлийн өвгөн гэсэн үг. Бусад нь тэр хүнд хүслээ хэлдэг. Би багадаа ааваас юм хүсдэг. Гэхдээ аав хол байдаг. Би хүслээ хэлж чаддаггүй байсан. Ээжтэй сүүлд суусан аавдаа би бас хүслээ хэлдэггүй.
-Хойд аав чинь ямар хүн байв?
-Офицер хүн. Ээжийг бодоод би тэр хүнийг гэртээ хүлээж авах үүрэг хүлээсэн. Эхэлж аав гэж дуудсан. Намайг тэгж дуудахаар эгч дүүс бүгд аав гэж дуудсан.
-Тэр хүн хүүхдүүтэй нь сайн харилцаатай байсан гэсэн үг үү?
-Яаж муу байх вэ дээ. Үнэнийг хэлэхэд биднийг өсгөсөн хүн. Дөрвийн дөрвөн хүүхэдтэй хүнтэй суух хүн ховор шүү дээ. Ээж нэг охин төрүүлж өгсөн.
– П.Адарсүрэн гуай эхнэр нь хүнтэй суусан ч ирдэг байсан гэлүү?
-Эрх чөлөөтэй, дураараа хүн шүү дээ. Би аавыгаа дагуулаад, бушуухан гарахын түйс болдог байсан. Хүн эвгүй байдалд оруулах хэцүү. Ээж бөндөгнөөд, аав тэнд бөндөгнөөд, би тэр дунд нь баярлаад хөөрөөд байж болохгүй.
-Аав, ээж хоёрыгаа хоёр тийш болоход та 11 настай байсан гэл үү?
-Аав намайг 11 нас хүрэхээс ч өмнө гэрээсээ явчихсан шүү дээ. Чуулгын гуч билүү дөчин жилийн ойгоор шагнал өгөөгүй, түүнээс хойш аав гэртээ үзэгдэхээ байсан. Ирсэн ч согтуу ирнэ. Түүнээс өмнө манай гэрт хөл хөдөлгөөн ихтэй, урлагийнхан орж гардаг идэж уудаг, үргэлж найр болдог байлаа. Гэнэтхэн аав гэрт үзэгдэхээ болиод, ээж уйлаад л байж байдаг. Одоо болоход тийм л байсан.
Гэрт аав байхгүй, аавыгаа үгүйлдэг. Тэгээд аав ээж хоёр гэрлэлтээ цуцлуулсаны дараа ээж аавын суусан хүүхэн дээр очиж, шинэ төрсөн хүүхдийг нь надад харуулахад л би аав ирэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд л би золбин болж эхэлсэн.
– Хөгжим бүжигт яагаад шалгуулахаар болсон бэ?
-Би нэг хэрэг тарьсанаас л болсон. Өвөөгийндөө байхдаа найзтайгаа нийлж дэмий тэнэж, орцны хүүхдүүдтэй тамхи татаад. Ээж “Харьж бай, чи” гэсэн. Харихаар турсагаа хуулуулна гээд айгаад, тэнээд явчихсан. Замдаа автобусанд тэнэмэл хүүхдүүдтэй нийлээд, нөгөөдүүлийг дагаад явсан. Долоо хоног Био комбинатад тэдэнтэй байшингийн дээвэр дээр амьдраад. Гэртээ харихаасаа бүүр айдаг болоод, сүүлдээ яалт ч үгүй гэр орноо санаад харьсан л даа. Ээж тэвэрч уйлаад “Ганц хүүгээ алдаж асгаад явуулчихлаа гэж хэчнээн айв” гээд. Нөгөө “Амьдрал нулимсанд дургүй” кинон дээр Гошаг байхгүй болонгуут хүүхнүүд уйлаад байдаг. Яг түүн шиг юм болсон. Тэр үед ээж радиогоор Хөгжим бүжгийн сургуульд бүжигчний ангид элсэлт авч байна гэж зар сонссон байгаа юм. Би хаана очих гэж байгаагаа ч мэдээгүй. Би багш нарын зөвлөлгөөнөөр хоёр удаа орчихсон. Гурав дахь удаагаа орвол сургуулиас хөөгдөх байсан. Аав нь салаад явчихсан. Тухайн үед ээж зовж л байсан байх даа. Ээж өөрийн багшилж байсан сургуульд намайг шилжүүлж авсан. Тэнд дахиад бас хэл ам татлаад эхлэнгүүт бүжгийн ангид шалгуулаад үздэг юм уу, эрхбиш эцгийнх нь нэрээр авьяасгүй байсан ч авах байлгүй дээ гээд очиж шалгуулсан. Манай Нарангэрэл багш, талийгаач Жав багш хоёр шалгаад “Адраагийн хүүг авалгүй яах вэ“ гээд авсан. Уг нь би бөх болно гэж байсан юм. Нагац ах нар бүгд барилддаг. А.Басхүү, А.Баатархүү, А.Баасанхүү, А.Бархүү гээд бүгд барилддаг. Би ч мариалаг махлаг хүүхэд байсан.
-Хөгжим бүжигт хэрэг тариагүй юу?
-Наймдугаар анги хүртлээ бүжгийн хичээлдээ дургүй явсан. Ээж нэг өдөр аавын тухай, авьяас чадварынх нь тухай яриад, “Хэний хүү гэдгээ үзүүлэх ёстой” гэсэн юм. Түүнээс хойш өөрийгөө дайчилж эхэлсэн. Наймдугаар ангидаа ихэд хичээж, авьяастай хүүхдүүдийн тоонд орох болсон. “Мэргэжилдээ сайжирч байна” гээд багш нар ч ам сайтай байх болов. Төгсөхдөө нэг номероор төгссөн.
-Бүжигчний замаар явахад аав тань яаж хүлээж авсан бэ?
-Чуулга дээр таарахад “Миний хүү сайн байна, сургуулиа л төгсөнө шүү” гэдэг байсан. Чуулгын уран бүтээлд хүүхдүүд ордог хэсэгт манай ангийнхан оролцоно. Нэг удаа аав таараад “Миний хүү ангийнхантайгаа явж байгаа юм уу” гээд буфетнээс поднус дүүрэн кекс тэр чигээр нь худалдаж аваад, “Ангийнхантайгаа ид” гээд өгсөн. Ангийнхан тэр тухай хэзээ хойно ч дурсдаг сан.
-Та бүжигчнээр нэг их удаан ажиллаагүй байсан.
-1992 онд гараад явсан. Тайваньд тоглолтоор очихдоо тоглолтын групптэйгээ буцахгүй үлдээд, ардчиллын өлгий болсон Америкийг зорихоор шийдсэн юм. Монгол даяар “Адарсүрэнгийн хүү эх орноосоо урвалаа” гэж яригдаж байсан.
Гэхдээ би тэгж үлдэхийгээ аавдаа хэлчихээд явсан юм. Аав хориглоогүй. “Миний хүү хэзээ эргэж ирэх юм бэ” л гэсэн. “Монголд амьдрал сайхан болохоор ирнэ, тэр хүртэл та амьд байна шүү” гэхэд маань “За” гэсэн.
Тайваньд үлдэх боломжгүй байсан учраас найзтайгаа хамт Турк орсон. Тэндээсээ Москва ниссэн. Унгарт очсон. Швейцарид нэг жил болоод Монголдоо ирсэн.
-1993 онд Монголд ирэхэд тогтоход хэцүү байсан уу?
-Ирээд ганзагын наймаа хийсэн. Оюутан охинтой танилцаж, 1995 онд анхны хүү маань төрсөн юм. Хулигануудтай найз. Гэхдээ хүнд муу юм хийгээгүй.
Москвад Халхын алдартай атаман Мөрөн намайг дэргэдээ авсан юм. Бас л аавын нөлөө байсан. Мөрөн аавын сайн найз. “Адараагийнхаа хүүг ах нь хажуудаа авна аа” гэсэн. Мөрөн атаман яагаад надад сайн байсан гэхээр 1985-1986 оны хооронд аавтай Сэлэнгийн Бугантад шоронд хамт байсан юм билээ. Гудамжинд согтуу явж байгаа хүмүүсийг барьж аваад засан хүмүүжүүлдэг байсан. Аавыг Эрдэнэтийн гудамжинд барьж аваад засан хүмүүжүүлэхэд аваачиж хийж. Тэр үед нь Хадаа аварга бас яг тэр засан хүмүүжүүлэх газар хоригдож байсан гэдэг.
Шоронгийн атаманы дэргэд байхаар хүмүүс надад халдахгүй. Орос, Турк хоёрын хооронд наймаа хийдэг байлаа. Гэхдээ би мөнгө хураахын төлөө наймаа хийгээгүй. Одоо ч би мөнгө хураах гэж амьдардаггүй. Олсоноо хэрэглээд л явдаг.
-Одоо та юу хийж байна?
-Кино төсөл яриад явж байна. Бараг 18 жил энэ талаар бодож явна.
-Та автобусанд гулууз мах үүрээд орж явахдаа аавыгаа сүүлийн удаа харсан гэж ярьсан байна лээ. Тэр үед та аавтайгаа нэг их уулздаггүй байсан гэсэн үг үү?
-1997 онд Москвагаас ирэх үеэрээ Үйлдвэрчний соёлын төв ордонд тайлан тоглолттой гэж зар сонсоод, гүйгээд очсон юм. Тэр тоглолт болиод, аав надтай хамт хадмынх руу явсан. Тэгэхэд би тусдаа гараагүй, эхнэр хүүхэдтэйгээ хадмындаа байсан. Хадам аав хөгжмийн зохиолч хүн, аавтай нийлээд шөнөжингөө ярьж, ууж идэцгээсэн. Аав маргааш нь “Хүнтэй уулзах ажилтай” гээд яваад өгсөн л дөө. Дараа жилийн зун нь аавтай тэгж автобусанд таарсан хэрэг. Сүүлийн удаа харсан нь тэр байв. Орон гэртэй болж байгаад аавыгаа авчрах сан гэж боддог байсан.
-Та Бельгид нарны эрчим хүчний чиглэлээр ажилладаг байсан гэлүү?
-Бельгид 2009-2014 он хүртэл байсан. Экс эхнэр, хүүхэд тэнд бий. Онцгой шаардлагатай мэргэжил зэмшсэн хүмүүсийг “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд Монголдоо ирж ажилла гэж урьж байсан юм. Нарны эрчим хүч суурилуулагч, цахилгаанчин, дээвэрчин. Гурван мэргэжил зэрэг эзэмшиж байж дээвэр дээр нарны эрчим хүч суурилуулах ажилтан болдог. Манайхаар бол техникум төгссөн гэсэн үг.
-Одоо нарны эрчим хүч хураадаг дээвэртэй байшинтай болохыг хүсдэг хүмүүс олон болоод байгаа юм биш үү?
-Тийм. 2013 оноос хойш энэ ойлголтыг нутагшуулах гэж олон хүнтэй уулзаж байсан. Анхны хөрөнгө оруулалт өндөр ч урсгал зардал бага гарах боломжтой. Нарны эрчим хүч бэлтгэх парк байгуулах асуудал яригдаад, Хөгжлийн банкны зээл авч чадаагүй. Барьцаа хөрөнгө шаардаад нурсан.
-Аавыг чинь архичин энэ тэр гэхээр багадаа эмзэглэдэг байсан байх даа?
-Аавыг архичин гэсэн хүмүүстэй хар багаасаа том, жижиг гэхгүй зодолдоод ирсэн.
Бага ангид байхад дуу хөгжмийн хичээл дээр “Намрын өнгө” заахад аавыгаа санаад асгаруулж билээ. Уйлаад гараад гүйхэд багш барьж авсан ч мултраад гараад гүйсэн юм.
Зургийн тайлбар: Аавынхаа 1980 оны тоглолтын дээлийг өмсч үзлээ.