2024-10-17, Пүрэв
9 C
Ulaanbaatar

Аугаа их өдөөн хатгагч

1983 онд Данийн Кино институтийг төгссөн залуу дараа жил нь “Гэмт хэргийн бүрэлдэхүүн” киногоороо Канн, Чикаго, Мангеймийн кино наадмуудаас шагнал түүж эхэлсэн нь түүнийг магадгүй авьяаслаг найруулагч хэмээх алдрыг зүүлгэхэд хүргэсэн байх. Тэр ч даруухан загналгүй өөрийгөө дэлхийн хамгийн сайн найруулагч гээд тунхаглачихсан. Орчин үеийн кино найруулагчдаас хамгийн “наадмын найруулагч” бол Ларс фон Триер.

Ларс фон Триерийн тухай…

1983 онд Данийн Кино институтийг төгссөн залуу дараа жил нь “Гэмт хэргийн бүрэлдэхүүн” киногоороо Канн, Чикаго, Мангеймийн кино наадмуудаас шагнал түүж эхэлсэн нь түүнийг магадгүй авьяаслаг найруулагч хэмээх алдрыг зүүлгэхэд хүргэсэн байх. Тэр ч даруухан загналгүй өөрийгөө дэлхийн хамгийн сайн найруулагч гээд тунхаглачихсан. Орчин үеийн кино найруулагчдаас хамгийн “наадмын найруулагч” бол Ларс фон Триер.

Оюутан цагийнх нь богино хэмжээний кино, телевизийн төсөл, бүрэн хэмжээний бараг бүх кино нь аливаа нэгэн наадмаас ямар нэгэн шагнал авсан байдаг. Тэр бол Каннын кино наадмын хайртай найруулагч. Кинонууд нь “тайван Канн”-ыг үргэлж шуугиулж, кино бүтээгчдийг хоёр хувааж, заримыг нь гайхшруулан баярлуулж, нөгөөг нь үзэн ядахад хүргэдэг. Ларс фон Триерийг дэлхийн хамгийн сайн найруулагч гэж хэлэхэд хэцүү ч түүний бүтээл бол XXI зууны кино мөнөөсөө мөн.

Коммунист нудистуудын гэр бүлд төрсөн тэрээр шашингүйн үзэлтэй байсан нь тодорхой ч өөрийн гэсэн “шашин”-тай аж төрсөн юм. Түүний шашин бол кино урлаг. Энэ холбоо үг инээдтэй сонсогдох хэдий ч тухайн үед радикалуудын дунд коммунист байх нь мода байсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. “Кино урлагийг хүндэтгэх хэрэггүй түүнийг зүрх сэтгэлээрээ хайрлах л хэрэгтэй” хэмээх түүний үг кино урлагт хэрхэн шашинлаг ханддаг болохыг нь харуулдаг.

Триерийн хувьд Андрей Тарковскийг бурханчлан шүтдэг бөгөөд анх түүний “Толь” /Зеркало, 1975/ киног үзээд өөртөө “Би ийм л зүйлийн төлөө амьдралаа зориулмаар байна. Би ийм дүрслэлийн төлөө үхэж ч чадна” гэж хэлсэн гэдэг. Түүний бодлыг уншиж чадахгүй болохоор хэлсэн үгэнд нь итгэхээс өөр зам бидэнд үгүй. Харин сүүлд тэрээр католик шашинтан болсон юм. Энэ нь түүнд “Антихрист”- ийг бүтээхэд саад болоогүй бололтой.

Lars fonАнтихрист, кинокадр

Триерийн гурвал

Хэдий тэрээр дөрвөн хүүхэдтэй хоёр удаа гэрлэж байсан ч гурвалд тун дуртай нэгэн. Магадгүй тэр хамгийн олон гурвал бүтээлтэй найруулагчдын нэг байх. Анхны гурвал болох Европын гурвал буюу гурван “Е” /The Element of Crime, 1984/, /Epidemic,1987/, /Europa, 1991/, Алтан зүрхний гурвал буюу /Breaking the Waves, 1996/ , /The Idiots, 1998/, /Dancer in the Dark, 2000/-г онцлох учиртай. Мөн Амеркийн гурвал болох /Dogville, 2003/, /Manderlay, 2005/ /Washington/ бий.

Триер “Европ” бүтээлээ гаргасны дараа 1992 онд дотны анд, продюсер Питэр Олбэк Иэнсэний хамт “Zentropa Entertainments” нэртэй кино компаниа байгуулжээ.

Lars fon”Zentropa Entertainments” нь Европын 10 гаруй улсуудад салбартай, олон чадварлаг продюсеруудыг эгнээндээ нэгтгэж чадсан Скандинавийн томоохон кинокомпани юм. “Zentropa Entertainments” кино компани Догма 95 хөдөлгөөнийг кино урлагт нэвтрүүлснээрээ, мөн анх удаа кино мэйнстриймд порног нэвтрүүлснээрээ алдартай.
Догма 95 нь сөнөж буй кино урлагийг дахин төрүүлэх гэсэн эрмэлзэлтэй нэгэн төрлийн найруулагчдын клуб юм. Хатуу заалттай энэ манифестийг Ларс фон Триер дөрвөн өдрийн дотор зохиож Томас Винтерберг гарын үсгээ зурсан гэдэг. Ларс Догма төсөл “Тэнэгүүд” киногоо 1998 онд гаргачихаад Догмагийн өөр киног олон жилийн хугацаанд хийсэнгүй. Ямар ч тайз засал, тусгай жижиг хэрэглэл, гэрэлтүүлэггүй, дуу дүрс хоёроо нэг замаар бичихийн зэрэгцээ зөвхөн гар камераар авна гэдэг хэцүү. Хэдий тийм ч энэ хөдөлгөөнд өөрийн гэсэн сайхан зүйл бас бий. “Оддын дайн”, “Бөгжний эзэн”, “Халк”, “Х мен”, “Аватар” зэрэг техник, технологиор бөмбөгдсөн эрин зуунд максимум реалист кино үзэх нь бас нэгэн өөр мэдрэмжийг өгнө.

Ларс фон Триер нэгэн ярилцлагадаа “Догмаг мөрдөх нь Библийн 10 хуулийг мөрдөхтэй адил боломжгүй зүйл” хэмээн инээж байсан удаатай. Сэтгэлгээ гээч зүйл хэн нэгний хүссэнээр болохгүй гэдгийг тэр сайн ойлгож байсан биз. Догмагийн “Тэнэгүүд” кино бүтээл нь бас нэгэн эхлэл байсан юм. “Тэнэгүүд” кино мэйнстриймийн бүх табуг даван гарч олон нийтэд зориулсан кинонд порнографийн элементүүдийг оруулж, түгээн дэлгэрүүлсэн юм. Энэ нь 1970-аад оноос хойшхи үзэгдэл байсан ч “Тэнэгүүд”-ээс хойш артхауст үзэгдэж байгаа шиг тийм нийтийг хамарсан үзэгдэл байгаагүй юм.
Түүнээс хойш Францын найруулагч Катрин Брейя, Амеркийн Ларри Кларк, Английн Майкл Уинтерботтом, Шведийн Жессика Нилсон зэрэг олон найруулагч кинондоо порнографийг ашиглах болсон нь бараг л арт-порно хэмээх үзэгдэл болчихсон. Энд “Zentropa Entertainments”-ийн үүрэг их байсан бөгөөд Ларсийн кино компани нь нэлээд олон арт порно кинонд продюссинг хийж зарим кино нь эмэгтэйчүүдийн дунд маш их амжилт олсныг тодотгоё.

Өдөөн хатгалтад бэлэн байх нь

Lars fonТүүний найруулсан “Харанхуйд бүжигч”, “Догвиль”, “Хонгор Вэнди” зэрэг кино нь тэртэй тэргүй оргилд хүрсэн амжилтыг нь бататгасан бол “Мандерлай” нь маш их шүүмжийг түүнд авчирсан юм. Бараг л бүх л орны шүүмжлэгчид “Ларс фон Триер уран бүтээлийн гацаанд орлоо” гэж бичиж байсан ч “Мандерлай”-г бишрэн үзэгчид одоо ч бий.

Триерийн “Антихрист” нь бас л шуугиан тарьсан бүтээл. Андрей Тарковскийн гэгээн дурсгалд зориулсан гэх энэ киног үзсэн зарим нь ариун Тарковскийн нэрийг барьж PR хийлээ, нэр хүндийг нь гутаалаа, эмэгтэй хүнийг үзэн ядсан сэтгэлгээгээр хийсэн, хэтэрхий хэрцгий, дур гутаж бөөлжис цутгамаар гэх мэтчилэн янз бүрээр хэлж тал талаас нь дайрч байв. Гэсэн ч түүний үнэнч үзэгчид энэ киног баярлан хүлээж авсан.
Байнга хүнд депресст орж олон сараар эмчлүүлдэг орчин цагийн кино урлагийн агуу их өдөөн хатгагч, бусдаас онцгой, бүхнээс өөрөөр сэтгэдэг, хийдэг, хийснээ үзүүлдэг, өөрийгөө хамгаалах зөн совин нь хэт хөгжсөн, шүүмжлэлээс болж гутардаггүй, үргэлж шинийг эрэлхийлдэг Ларс фон Триер.

Түүнийг хэнбугуай нь ч юу ч гэж хэлж байлаа ч тэрээр өөрийн гэсэн кино хэлтэй, онцгой даль жигүүртэй, харин кино бүтээлүүд нь зүрх сэтгэлийг татаж чадах импульстэй, амьтай гэдэг нь яах аргагүй үнэн.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img