Нэг, хоёрдугаар шатандаа оношлогдвол эмчлэгдэх бүрэн боломжтой
Элэгний хавдар нэг, хоёрдугаар үе шатанд оношлогдвол эмчлэгдэх бүрэн боломжтой гэж эмч нар онцолж байна. Элэгний хавдар йихэвчлэн элэг хатуурахй өвчинтэй хамт илэрдэг аж. Хатуурах өвчин, элэгний хавдар гэсэн хоёр өвчин нэг дор бий болдог гэсэн үг. Ж.Чинбүрэн эмч “Хавдрыг нь эмчилсэн байхад элэгний хатуурал нь ноцтой бол хэцүү. Элэгний хатуурал буюу цирроз бол айхавтар хүнд онош. Манай эмч нар буруу онош тавиад байдаг.
Цирроз буюу элэгний хатууралгүй хүмүүсийг хатууралтай гэж оношлоод аймшигтай байдалд оруулдаг тал бий. Хатуурлыг эмчилдэг цорын ганц арга бол элэг солих. Хатуурлын өмнө элэг сорвижилтын үе гэж бий. Тэрийг нь цирроз гэж буруу оношлоод байна л даа. Элэг сорвижилтод зөв эмчилгээ хийвэл элэг хэвийн байдалдаа эргэж ордог. Цирроз болсон үед хэвийн болдоггүй” хэмээн онцолсон нь бий.
Архины хэрэглээ элэгний хатуурлын гол шалтгаан
Элэгний хатуурлын гол шалтгаан нь B, C вирус. Ийм вирустэй хүмүүс архи уувал элэгний хатуурал гэсэн оноштой болох, ийм өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байдаг аж. Вирустэй хүмүүс цирроз болоход 10-15 жил шаардагддаг бол архи уудаг тохиолдолд 5-7 жилийн дотор л цирроз болох эрсдэлтэй юм байна. Вирусгүй байлаа ч архаг архичдын хувьд элэг хатуурах эрсдэл бий. Түүнээс гадна таргалалт том эрсдэл болдог байна. Таргалалт элэг өөхлүүлдэг, өөхөлсөн элэг хатуурдаг гэж эмч нар сануулдаг.
Элэг өөхөлнө гэдгийг Ж.Чинбүрэн эмч “Элгэн дотор байгаа эс дотор өөхөн бөмбөлгүүд дүүрдэг. Дүүрсээр байгаад өнөө эс нь задраад үхэхийг л элэг өөхөлнө гээд байгаа юм. Таргалаад байвал өөх нь томорч, элэгний эс нь задраад сорви болно гэсэн үг. Энэ утгаараа таргалалт гэдэг бол маш аюултай зүйл” хэмээн тодотгож байж. Жингийн илүүдэлтэйгээс гадна чихрийн шижинтэй бол бүр эрсдэлтэй гэнэ. Ж.Чинбүрэн эмч “Ийм хүмүүс заавал үзүүлж байх ёстой.
Зүй нь элгэнд сахар хуримтлагдаж байх ёстой юм. Гэтэл элэг сахар хуримтлагдах зайгүй, сорви болж, эс нь устсан бол хаанаа сахар хуримтлуулах вэ дээ. Гадагшаа хаяж таарна. Ингээд сахар ихэсдэг. Энэ мэт цаад углуургаар нь ойлговол элэгний өвчлөлд нөлөөлж байгаа шалтгаануудыг ойлгож мэдээд, энэ өвчнөөс сэргийлэх боломжтой” гэж зөвлөжээ.
Архи уудаггүй, вирусгүй хэрнээ элэг нь өвчлөөд байдаг хүмүүс олон таардаг, энэ талаар тэрээр “Архи дарс уухгүй, вирусгүй хэрнээ элэгний үрэвсэл өндөр байдаг шалтгаан нь маш тодорхой. Төмрийн илүүдэл байдаг юм. Төмрийн эх үүсвэр цусанд байдаг. Улаан цустай зүйл гэхээр мах л бий. Махан идэш ихтэй ард түмний дунд элэгний өвчлөл өндөр байдаг. Мах их идэхээр биед төмөр их хэмжээгээр хуримтлагддаг. Төмөр ихээр хуримтлагдахаар элгийг гэмтээдэг. Тэр дундаа монгол эрчүүдийн цус их өтгөрөлттэй, төмрийн илүүдэлтэй байдаг. Ер нь тарган байх гэдэг тэнэгийн л шинж. Өөрөө өөртөө арчаагүй, тэвчээргүй байна гэсэн үг. Тэгэхээр ийм байдлаасаа татгалзах хэрэгтэй” хэмээн онцолсон байна.