2024-10-07, Даваа
7.1 C
Ulaanbaatar

Ч.Насантогтох: Хүүтэйгээ дуулахад үзэгчид маш гоё хүлээж авсан

Зууны манлай “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин,  гавьяат жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор Ч.Насантогтохтой ярилцлаа.

-“Нандин эрдэнэ” киноны дууг сонсох дуртай. Гэхдээ таныг Б.Бадруугантай дуулсан гэж сүүлд мэдсэн. Их нарийхан хоолойгоор дуулсан болохоор  танигддаггүй шиг байгаа юм?

-Хөгжилтэй дурсамж санууллаа. 1993 онд зах зээлд шилжээд удаагүй ороо бусгаа цагт бие даасан тоглолт хийхээр зориглосон юм. Б.Нандинцэцэг  эгчтэйгээ хамт  “Соёл-Эрдэнэ” хамтлагийн хоёр эмэгтэй дуучин байлаа шүү дээ. “Та тайлан тоглолт хийгээч, таны араас би бас тоглолт хиймээр байна” гэхэд маань Нандиа эгч  “Хот хөдөөгүй  урлаг уран сайхнаар үйлчилж бишгүй л явсан, одоо тайлан тоглолт гэж миний санаанд буухгүй байна” гэсэн юм. “Тэгвэл би тоглолт хийж болох уу” гэсэн чинь “Тэг тэг, болохгүй  юу байх вэ”  гэсэн л дээ.

Дуучид тайлан тоглолт гэж хийдэггүй байхад анх би салхи хагалж байв. Тоглолтоо хэнээр найруулуулах вэ гэж бодсон.    Б.Бадрууган бид  найзууд байлаа. Утсаар яриад “Уугаан, чи  найзынхаа тоглолтод дэм болоод найруулаад өгөөч, хажуугаар нь бас болоогүй, чи хөтөлнө өө”  гээд санаа оноогоо хэлсэн чинь дуртай хүлээж авсан юм. Тоглолтыг маань гоё найруулж өгсөн дөө.

 Тэр үед спонсор байгууллага энэ тэр гэж мэдэх ч үгүй. Бас л зоригтой байж дээ гэж одоо боддог юм.

Насантогтох.ЧЗохиол нь гараад  “Ийм, ийм дуу байна, энэ дууг чи мэднэ, бид хоёр хамт дуулж байсан” гэсэн чинь “Айн…би чамтай энэ дууг дууллуу” гэдэг байгаа.  “За чи болиод өгөөрэй” гээд гомдох шахуу юм боллоо. Нээрэн л хөөрхий Ууганы ч бас буруу биш. Тэр үед арван жилийн хүүхэд шиг  хоолойгоор дуулчихсан юм билээ. Ууган битгий хэл би ч өөрөө “Энийг би дуулсан билүү” гэхээр юм болсон.

 Бадрууган  “Уучлаарай, Насаа” гээд савж унатлаа инээж билээ. Тэгж бид хоёр миний  анхны бие даасан тоглолт дээр “Нандин эрдэнэ” киноны дуугаа хамт  дуулж байсан юм.

Яг энэ дууг бичүүлэхэд бол би гадаадад төгсч ирээд удаагүй байсан. 1986 онд байх аа. Кино үйлдвэрт  симфони найрал хөгжмийнхнийг  нэг талд нь суулгаад, нөгөө талд нь “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхныг  суулгаад, Ууган бид хоёр нэг, нэг микрофонтой  шууд бичүүлж байсан юм.

Хажууд киноны хэсгээс тавиад, “Нандин эрдэнэ” дууны аялгууг бичсэн  УГЗ Г.Пүрэвдорж ах маань  “Чи   дуулаачаас гадна бас хөгжмөөр төгссөн юм чинь ганц нэг газар  виолончелийн соло номер тоглочих” гэхээр нь  чимэг болгож, хөгжмийн номер тоглосон түүхтэй.

-Саяхан та бас “Нандин эрдэнэ” дуугаа  хүү Э.Булгантамирын хамт дуулж бичүүлсэн байна лээ. “Хүүтэйгээ гоё дуулсан байна” гэж олон хүн баяр хүргэсэн харагдсан?

– “Соёл-Эрдэнэ 50 жил”  давтагдашгүй түүхэн том  нэвтрүүлэг МҮОНРТ-ээс хийсэн юм.  “Соёл- Эрдэнэ” хамтлагийн үе үеийн уран бүтээлчид, залуу уран бүтээлчдийг хамруулах ажлыг  “Сүнс” хамтлагийн ахлагч, продюсер Б.Лхагвасүрэн зохион байгуулсан юм. “Нандин эрдэнэ” дуугаа дуулахдаа хүүгээ бас оруулаад, бичүүлсэн. Өмнө нь 2018 онд “Best of” дан хөгжмийн цомгийн нээлтийн тоглолтын үеэр хүүтэйгээ энэ дууг дуулахад үзэгчид маш гоё хүлээж авсан юм.

-Ямар ч уран бүтээлчийн хувьд хүүтэйгээ нэг тайзан дээр гарна гэдэг сайхан мөч. Ингэхэд хүү тань дуучин уу?

– Дуулах маш дуртай. СУИС-ийн Соёлын сургуулийн менежментийн анги төгссөн юм.  Дуучны мэргэжил, урлагийн хүний  амьдрал адармаатай хэцүү гээд “Дуучин болмоор байна” гэхэд нь би эхэндээ дэмжээгүй юм. Хүү маань таван настай байхдаа  “Миний  охин сайн хүн болоорой”  цомогт маань хүүхдийн дууны попури, “Нарны бүжиг” гээд дуунд маань  хип хоп үглэж дуугаа мөнхөлсөн юм. Клип нь ч бий.

Ковид дөнгөж эхлэж байхад хүү маань бидэнд хэлэлгүй  явж очоод, Л.Балхжавын  “My voice” тэмцээнд тэнцчихсэн байсан.  Чимээгүй явсаар байгаад нэг мэдсэн гуравдугаар шатанд шалгарчээ.

Тэр үед шүүгч нь  манай хүү гэдгийг нь санамсаргүй мэдээд,  нүд нь орой дээрээ гарч “Хүүш ээ,  Насаа эгчийн Бөмбүүлэй  мөн үү, чи нааш ир, үнсүүл” гэж бөөн инээдэм болсон гэсэн.

-Та  дуучин Баярын Хонгортой дуулсан болохоор хүүтэйгээ хамт дуулах юм сан гэж бодсон уу?

-Хүү маань “Ээж ээ би тантай дуулвал яах вэ” гэсэн юм.  Хамт дуулаад үзье гэсэн.  “My voice”  сүүлийн шатанд оролцоход нь ч хүүдээ заавар зөвлөгөө өгөхдөө  “Ээ дээ, миний хүү   хичээгээрэй. Ээж нь чамайг үнэхээр ингэж гайгүй явахыг нь мэдсэн бол дэмждэг л байж дээ” гэсэн. Загасчны морь усгүй гэдэг шиг юм болсон.

Сургууль төгсч, эхнэр авч, маамуутай болсон болохоор олон юм давхацсан. Одоо бол хүүгээ  дуулъя гэвэл дэмжнэ ээ.

-“Миний охин сайн хүн болоорой” гээд таны дуулдаг гоё дуу бий. Та охинтой билүү?

-Тэр дуу төрийн соёрхолт УГЗ, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын  аялгуу, Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт  яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн шүлэг юм.  1984 оны үед Б.Шарав ах маань надад энэ дууг өгч,  олны хүртээл болгож байв. Олон том тоглолт, гадаад дотоодод энэ дуугаа дуулж гайхагдаж явсаан. Б.Лхагвасүрэн гуай гурван сайхан охинтой юм билээ. Түүнээс биш би нэг л хүүтэй л дээ. Охинтой байсан бол  бас гоё доо л гэж бодогддог юм.

-Таны төрсөн өдөр тавдугаар сарын 9-нд Ялалтын баяраар болдог гэсэн шүү дээ. Тухайн үед Арменид сурдаг,   Ялалтын баяр ч нижгэр болдог байсан. Одоо бол та төрсөн өдрөө яаж тэмдэглэдэг вэ?

-Надад зориулж салют буудаж байгаа юм шиг л хөөрдөг байлаа. Намайг баярын өдөр төрсөн гэж оюутнууд мэддэг болохоор өр зээл тавьж байгаад ч хамаагүй тэмдэглэдэг байв. Одоо бодоход бүр инээд хүрмээр. Гэхдээ мартагдахгүй гоё тэмдэглэдэг байсан. Одоо бол найз нөхөд, шавь нар маань утасдаж баяр хүргэнэ. Гэр бүлээрээ хоол идэх юм уу, амралтын өдөр таарвал ах дүү нартайгаа зуслангийн байшинд сайхан ширээ засаад,  цомхон тэмдэглэдэг.

-Таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

-Миний нэг өдөр оволзсоор байгаад өнгөрдөг шүү дээ. Өглөө гэрээсээ найм гэж гараад, хичээл сургалтаа өгнө. Гадна, дотроос уран бүтээлчид ирж зөвлөгөө авна. Уулзалт хийнэ. Рок попынхон маань ч ирж уулзах санал солилцох юм зөндөө. Ачаа тэврээд сурчихсан болохоор 17 цаг гэхэд хичээл ном, ажил төрөл дууссан байх ёстой. Гэртээ очоод, ачаа харах, оройн хоолоо хийх гээд ажил ихтэй.

-Та багшийн ажлаас гадна шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Дотроо бодож төлөвлөсөн юм бий. Гэхдээ одоохондоо яримааргүй байна.

Дуучнаас гадна хөгжимчин хүн шүү дээ, би.  Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Дээр үед яагаад ч юм би “Хөгшрөхөөрөө хөгжмөө л тоглоно доо” гэдэг байсан. Одоо дуу гэхээсээ хөгжим рүүгээ анхаардаг. Хөгжмөө л баримаар санагдаад. Нөхөр маань хүртэл “Чи энэ хөгжмөө бариад суух юм, ингээд хэрэг байгаа юм уу” гэдэг.

Хөгжимчин хүн өдөр бүр хөгжмөө барьж,  тоглолтын формтой  байхгүй бол болдоггүй. Заримдаа ажил ихтэй үед  хөгжмөө  ч барьж амжихгүй үе  гардаг л даа.

-Таны “Үерхэл чамайгаа нандигнана” гэдэг дууг сурагч байхдаа  сонсох дуртай байлаа.

-“Үерхэл чамайг нандигнана”  дуугаараа 2017 оны тоглолтоо нэрлэж байлаа. Шавь нар маань оролцсон. Гавьяат багш Л.Галмандах, Д.Мандахсан гээд  Эрдэнэтийн дунд сургуулийн багш хоёр гайхалтай эрхэм хүний бүтээл. “Соёл-Эрдэнэ” хамтлаг хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр бэлтгэдэг.  Тийм учраас энэ дууг надад авчирч өгөх сэжүүр гарсан болов уу.  Нэг шавь маань энэ дууг   электро ремикс хэлбэрээр  дуулж бичүүлсэн байдаг. Энэ дуугаа дуулахаар хүмүүс  сурагч насаа дурсаад,  маш сайхан хүлээж авдаг. Аргагүй хөлс, хүч шингэсэн, урт настай олон дуу дуулжээ.   Тийм ч учраас одоо ч энэ дуунууд маань эгшиглэсээр байдаг.

“Зүүд” дууг маань шавь маань цоо шинэ хувилбараар авч дуулахад залуус “Гоё дуу гарч” гэж хүлээж авч байгаа юм.  “Таны дуулсан нь илүү гоё“ гэдэг хүмүүс ч байдаг.

-Таны хувцаслалт ч  тэр үед содон, загварлаг  байсан даа?

-Тэр үед бидэнд  тоглолтын хувцасны тусгай зураач, оёдолчин,  агуулах хүртэл байсан.   Д.Ухнаа гуай филармонийн  дарга байв.  “Би өөрийхөө хувцсыг өмсч болох уу” гэхэд маань дурамжхан хүлээж авсан. Би Арменид  есөн жил суралцаж ирсэн болохоор төгсч ирэхдээ хэдэн жил өмсөх хувцсаа бэлтгээд ирсэн байлаа. Чөлөөт  стилиэр хувцасладаг, бүжиглэдэг дуулдаг. Гадаад дуу дуулж, бүжиглэдэг байв. Тэр үедээ л содон байж.

Надаас өмнө ч манайхан гадаад дуу дуулж байсныг мэднэ.

Хөгжим бүжгийн дунд сургуульд зургадугаар ангид байхдаа  Японы “Зуурдын сэтгэл” киноны дууг Нандиа эгч маань дуулж байхад нусан буу царайлаад,   чардакан дээр ангийнхаа  хэдэн сахилгагүй охидтой гарчихаад, жижигхэн нүхээр ээлжилж харж байж билээ. Тэр үед би “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гишүүн болно, энэ эгч шиг дуучин болно гэсэн төсөөлөл надад огт байгаагүй. Юм гэдэг тийм сонин.

-Та тэр үед яах аргагүй,  содон гялалзсан од байсан.  Дурлаж бичсэн захиа олон авдаг байв уу?

-Захидал их авдаг байсан. Зарим нэг дурсгалтай гоё захидлыг хадгалъя гэж тэр үед яагаад ч бодоогүй юм. Хожим нөхөрт гарсан хойно ч гэр бүлтэй гэж мэдсэн хэрнээ бүтэн таван жилийн турш захидал бичсэн нэг хүн байж билээ.  Миний дуулж байгаа зураг, сонины хайчилбарыг хүртэл надад илгээж байсан. “Ирж уулзаж болох уу” гээд, нэг удаа  уулзсан юм. Их соёлтой, багш хүн байв. Хожим “Гэр бүлтэй боллоо. Тэр сумаас тэр суманд очлоо” гээд бичсэн гэгээлэг дурсамж байдаг. Шоронгоос хүртэл захидал ирж байсан. Гадаадад төгссөн залуу гэнэдээд шорон оронд орчихсон байсан. “Гадаадад оюутан байхдаа  ч дууг чинь сонсч байсан” гээд бичсэн байж билээ.   Маш урт захиа байсан. Олон үзэг, харандаа, балаар нэг тодорч, нэг бүдгэрээд асар урт бичсэн. Хариу юу бичихээ ч мэдэхгүй байсан.

Насантогтох-Таны аав Улсын ардын дуу бүжгийн чуулгын  их хуурч байсан юм билээ. Аавынхаа хөтөлж оруулсан морин хийл хөгжимчин мэргэжлээр олон жил сурчихаад, ажилласангүй дээ гэж харамсах үе байсан уу?

-Цаг наргүй ажиллах, урам хугарах үе байсан.  “Чи дуучнаар хоолоо олж идэхгүй дээ, залуу насан дээрээ хөгжмөөрөө л явахгүй” гэдэг хүмүүс ч байсан. Би анхны дээд боловсролтой дуучин байсан. Хожим хөгжмөө барьж, авч дан хөгжмийн цомог гаргасан ч түүнийгээ сайн сурталчилж чадаагүй.  Манай рок попынхон намайг дан хөгжмийн цомог гаргасныг мэдэхээсээ мэдэхгүй нь олон. Дан хөгжмийн цомог гаргана гэдэг асар их хөдөлмөр. Арваад жилийн турш тэр цомгийнхоо ард гарах гэж асар олон зүйл туулсан. Гэхдээ тэр бүхнийгээ олон хүнд ярьж байгаагүй л дээ. Поп дуучин хэрнээ дан хөгжмийн цомог гаргасан өөр уран бүтээлч байдаг эсэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ гандан буурахгүй.  Хөгжмөөрөө оролдож л байгаа. Мэр сэр юм хийж л байгаа.

Монгол хүн хүн байна даа. Уртын дуу сайхан дуулж чадахгүй юм аа гэхэд  морин хуур сайхан тоглоод сурчих юм сан гээд  сурч эхэлсэн.

-Морин хийл, морин хуур хоёр төстэй юу?

-Огт өөр. Харагдах байдал, сууж байгаа дүр төрх ойролцоо харагддаг байж магадгүй.  Огт өөр барилаар тоглодог. Хуруу цэврүүтэж, хорсоод  нэг хэсэг жаахан  шантарсан.  Сүүл рүүгээ бага сага тоглож сурч л байна.  Саяхан өөрийн мастер морин хууртай болсон.  Өөрийн хөгжимгүй бол сурахад хэцүү. Америкт олон жил болж байгаа эрэгтэй дүү маань “Та заавал сурах ёстой” гээд  дэмжсэн юм.

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img