2024-03-03, Sunday
-23 C
Ulaanbaatar

Ж.ЗОЛЖАРГАЛ: Эмхлэх гэж оролдох нь байгалийн хуулийн эсрэг үйлдэл, ингэснийхээ горыг Ленин, Гитлер хоёр хангалттай амссан

Инженер Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Нэг нийтлэлийг чинь саяхан уншлаа. Эмх цэгцгүйгээс эмх цэгц үүсдэг, цэгцэнд оруулах гэж улайрах тусам хөгжил биш мөхөл ирдэг гэсэн санааг шинжлэх ухааны олон өнцгөөр тайлбарласан нь сонирхол татлаа л даа. Тэгж бичих санаа анх яаж төрсөн бэ?

-Орост оюутан байх үед нэг өдөр телевизээр Brаun гэдэг нэртэй сахлын машины сурталчилгаа явав аа. Сахлын машины торных нь хэлбэрийг томсгож харуулсан чинь нүхнүүд нь гурвалжин, дөрвөлжин тохиолдлын өнцгүүдтэй, эмх цэгцгүй гэж жигтэйхэн. Багад аавын сахлын машин олон жижигхэн ижил хэмжээний бөөрөнхий нүхтэй байсан нь гэнэт бодогдлоо.

Гэтэл сурталчилгаа нь гарч байгаа сахлын машиных зөгийний үүр шиг зургаан өнцөг бүхий том жижиг маш олон нүхтэй. Тэр рекламыг хараад шууд л “Эмх замбараагүй дүрсний олонлог учраас сахлыг илүү сайн авдаг байх нь. Энэ чинь ерөөсөө байгалийн хууль юм байна. Бас хүний нийгмийн хууль ч үүнээс ялгаагүй” гэсэн бодол төрсөн л дөө. За тэгээд ургуулаад бодлоо. Санаанд хамгийн түрүүнд орж ирсэн зүйл бол шингэний молекул. Усан доторх молекулыг харвал ямар ч эмх замбараагүй хөвөрч байдаг даа. Ямар ч эмх цэгцгүй, дуртай зүг рүүгээ хөдөлцгөөдөг. Үүнийг Броуны хөдөлгөөн гэдэг юм. Үр дүнд нь ус хэмээх эмх цэгц үүсдэг гэсэн үг. За тэгээд усаа ургуулж бодлоо. Ус ууршихаараа үүл болчихдог, тэгээд бороо болж бууснаа буцаад л урсдаг. Урсахдаа бас л эмх замбараагүй дураараа урсдаг.

Гэхдээ урсаж буй ус голыг харахад хэчнээн эмх цэгцтэй, үзэсгэлэнтэй билээ. Товчхондоо амьд амьгүй байгаль дээрх энэ эмх цэгц, гоо үзэсгэлэнг усны эмх замбараагүй байдал үүсгэдэг. Амьд байгалийг цааш нь ургуулаад бодохоор их сонирхолтой. Байгалийн шалгарлын хууль гэж байдаг даа.

-Мөн л эмх замбараагүй зүйл. Энэ төрлийн өвсийг арай их ургуулъя, ийм үүлдрийн үхрийг илүү олноор тэжээе гэдэг бол хүмүүсийн л хийдэг үйлдэл. Түүнээс биш байгалийн хууль биш. -Байгаль юу ч төлөвлөдөггүй, эмх замбараагүй нь байгалийн шалгарлын үед эмх цэгц болж байгаа гэж үү?

-Яг тийм. Экологийн тэнцвэр буюу ургамал амьтдын зохистой харьцаа, гоо сайхан, эмх эгц бол эмх замбараагүй байдлын үр дүнд л бий болдог. Хүн л өөрсдийгөө бүхнээс ухаантай гэж сэтгэж юм бүхнийг яг таг ойлгож, яс тас зааварлах гэж оролддог амьтан. Ийм төрлийн ургамал илүү ихийг тариална гээд тариалдаг, өнөөх нь илүүдэхээрээ байгалиа эвдэж эхэлдэг. Үр дүнд нь бусад төрлийн ургамал амьтныг сүйтгэдэг. Аж үйлдвэр хүний гараар бүтсэн хөгжил. Хэт их аж үйлдвэржилт дэлхийн дулаарал гэсэн том асуудлын шалтгаан болчихоод байгаа. Товчхондоо хүний бүтээсэн эмх цэгц гэдэг зүйл эргээд экологийн тэнцвэрийг эвддэг. Эмх цэгцтэйгээр мал аж ахуйг хөгжүүлье гээд асар том хэмжээний фермүүдийг дэлхий даяар барьсны нөлөөгөөр илүүдэл жинтэй хүмүүсийн тоо, амьтны гаралтай элдэв өвчний өсөлт, хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэж яваа. Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 18 хувь нь мал амьтны гаралтай. Малын амьсгал, унгас гэсэн үг л дээ. Мал амьтны хатуу хаягдал ялзрахаараа метан болж хувирдаг. Ер нь мал амьтнаас гаралтай хүлэмжийн хий автомашинаас өндөр байдаг. Махыг хэрэглэдэг хүнээс ялгардаг хүлэмжийн хий ч гэж бий. Хүний эмх цэгцтэй хөгжүүлнэ гэсэн хүсэл эргээд байгалийн тэнцвэрийг алдагдуулдаг жишээг энэ мэтээр дурдаад байвал барагдахгүй. Хүн гэдэг амьтны бүхнийг цэгцэнд оруулах гэсэн хүслийн балаг ганц байгальд ч биш, нийгэмд ч нөлөөлж байна. Хүмүүс нийгмийг өөрсдийнхөө бодлоор хайрцаглаж эмх цэгцэнд оруулах гэж хичээдэг. Үр дүнд нь элдэв мөргөлдөөн, зөрчил, гэмт хэрэг гэх мэт асуудлууд ургадаг жишээ ч өчнөөн бий. Яг нарийндаа хүн гэдэг чинь байгалийн бүтээгдэхүүн шүү дээ. Байгалийн бүтээгдэхүүн болох хүмүүс нийгмийг бүтээдэг учраас байгальд үйлчилдэг хууль нийгэмд ч ялгаагүй үйлчилнэ.

-Байгалийн хууль нийгэмд ч ялгаагүй үйлчилнэ гэдгийг тодорхой жишээтэйгээр яривал…?

Ж.Золжаргал-Хамгийн тод жишээ бол чөлөөт эдийн засаг. Эдийн засгийн олон янзын томьёо онолууд бий. Нийгэм өөрчлөх бүрт эдийн засгийн мэдээлэл, хандлага өөрчлөгдсөөр ирсэн. Гэхдээ хамгийн их үр дүнтэй буюу эмх цэгцэнд хүргэсэн нь чөлөөт эдийн засаг. Чөлөөт эдийн засаг бол хүмүүсийн сайн дурын чөлөөт харилцаан дээр тулгуурласан зүйл. Үл үзэгдэх гар гэж ярьдаг даа. Зах зээлийн зохицуулалтыг хэн нэгний хүчтэй гар биш, хүмүүсийн эрх чөлөөтэй үйл ажиллагаа, жам ёсоороо өрнөж буй эдийн засгийн харилцаа хийдэг. Ингэж чадсан эдийн засаг зохистой тэнцвэрт байдалд орж улам төгөлдөрждөг. Үр дүнд нь ард түмний орлого, баялаг өсдөг. Сахлын машины нүх олон янзын, замбараагүй байж гэмээнэ хүний нүүрэнд эмх цэгцийг үүсгэдэгтэй агаар нэг зүйл л дээ. Хүмүүсийн үйл ажиллагаа эрх чөлөөтэй байх тусам нийгэм, эдийн засаг хөгждөг.

-Үе үеийн дарангуйлагчид бүгдийг эмх цэгцэнд оруулах гэж улайрснаасаа болж улсаа мөхөөсөн жишээ өчнөөн шүү…?

-Тийм жишээ хүн төрөлхтний түүхэнд олон гэдэгтэй санал нэг байна. Ерөөсөө энэ надад таалагдахгүй байна, тэгэхээр ингээд өөрчилчихье гэсэн оролдлогууд хүний түүхэнд олон гарч байсан. Хүчээ нэгтгэж нэг зүгт хөдлөх ёстой гэж ярихаараа л бурууддаг гэсэн үг. Эмх замбараагүй молекулууд ус гэдэг эмх цэгцтэй, амин хэрэгтэй эдийг үүсгэдэг шиг хүн бүр эрх чөлөөтэй, өөрсдийнхөөрөө хөгжиж аж төрж байж нийгэм, эдийн засаг хөгжиж, эмх цэгцэндээ ордог. Таван молекул яг нэг ижил зүгт хөдөлж, нэгдсэн санаатай байвал ус гэж зүйл үүсэхгүй. Ус байгаагийн утга нь Броуны хөдөлгөөн буюу эмх замбараагүй хөдөлгөөн. Ус байхгүй бол үүл үгүй, үүлгүй бол бороо орохгүй, усгүй бол гол мөрөн урсахгүй, ургамал амьтан үгүй болно. Амьд байгалийн гоо үзэсгэлэн тэр чигтээ байхгүй болчихно. Гэнэтхэн нэг нөхөр гарч ирээд “Эрх чөлөө гэдэг утгагүй зүйл. Чөлөөт эдийн засаг гэж байхгүй. Бид маш сайн, зөв гоё эмх цэгцтэйгээр хүчээ нэгтгэж нэгэн зүгт урагшилна” гээд ирэхээрээ л “усны молекулууд адилхан замаар явбал ус үүсэхгүй, амьд байгаль гэсэн ойлголт ч үгүй болно” гэдэгтэй агаар нэг зүйл болж хувирна. Хүчээ нэгтгэж цэгцтэйгээр урагшилна гэчихээр л нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа царцаж эхэлдэг. Хөдөлгөөн нь эрс багасна. Хөдөлгөөн багассаны үр дүнд эдийн засаг агшдаг. Түүхэн харамсалтай байдалд хүрэх ч эрсдэл бий.

-Түүхэн харамсалтай байдал гэдэг нь…?

-Нийгэмд асар том хэмжээний зөрчил үүсч жам ёсны тогтолцоо нурна. Тогтолцоо ингээд нурчихаар ядуурна, өвдөнө, байлдана, алалцана. Хэдэн мянга, өчнөөн сая хүний амь нас үрэгддэг маш том хэмжээний гамшигт эмх замбараагүй байдалд хүргэдэг. Өөрөөр хэлбэл, эмх цэгцэнд оруулна гэсэн оролдлогын хамгийн том эрсдэл нь энэ.

-Улс үндэстнээ ийм хэцүү байдалд оруулсан удирдагчдаас онцлоод явах уу, хоёулаа?

-Нэг тод жишээ нь Ленин. Тэр бол гүйцэтгэгч. Франц, Германаас эхэлсэн онол явсаар олон хүнтэй том гүрэнд дайнч эзэнт гүрний хувьсгал байдлаар гай болж ирсэн хэрэг. Октябрийн хувьсгал ялсны дараа шинжлэх ухааны коммунизм хөгжсөн. Социалист нийгмийг эргээд бодох нь ээ science fantasy маягийн нийгэм. Ном бүтээлүүдэд төсөөлсөн байдаг даа. Том том гоё байшинтай, өргөн чөлөөтэй, архитектур нь хүртэл агуу ихэмсэг, нисдэг такси сүлжилдээд гэх мэтээр. Социализмаа эргээд харахаар нэг талаас их шинжлэх ухаанч нийгэм байсан. Бүх юмыг төлөвлөдөг байлаа. Зөвхөн инженер биш эдийн засгийг, нийгмийг төлөвлөнө. Хувь хүний амьдралыг хүртэл төлөвлөнө.

Нэг нь буруу харьцаа үүсгэвэл хамт олны хурлаар авч хэлэлцдэг байсан шүү дээ. Бүх юмыг хэт төлөвлөж моделчлох гэсэн оролдлого л доо. Тэгж байж нийгэм гоё хөгжинө гэсэн санаагаа хэрэгжүүлэхийн тулд хувьсгал гаргасан. Үр дүнд нь маш замбараагүй юм болсон. Наад зах нь гэхэд олон сая хүн өлсгөлөнгөөр үхсэн.

-Ийм зүйл болж байж л бид дараа нь эмх цэгцээ хэрэгжүүлэх боломжтой болно гэсэн тайлбар хэлдэг л дээ, дарангуйлагчид. Тэгэх боломжтойг нотолсон жишээ байдаг юм болов уу?

-Байхгүй. Таны хэлсэнчлэн өөрсдийнхөө улайрлыг тэгж зөвтгөдөг л дөө. Харамсалтай нь тэр бүхний дараа эмх цэгц үүсдэггүй. Хойд хөршийн хувьд хэсэг байж байгаад л эдийн засгаасаа эхлээд нурж эхэлсэн. Болхи, үр ашиггүй, зардал өндөртэй. Эцсийн дүндээ буцаад нурсан. Дэлхийн талаас илүү нь тийм загвар руу орох гэж хичээсэн. Буцаж задрахад нь хэчнээн хүн хохирсныг та мэдэж байгаа. Наад зах нь олноороо архинд орсон гэх мэтээр яривал өчнөөн асуудал ургасныг яг тэр замыг нь туулаад ирсэн монголчууд андахгүй. 90-ээд онд юу боллоо, ядуурал өлсгөлөн гээд газар авсан өчнөөн асуудал үүссэн шүү дээ. Жам ёсны зүйлийг эвдэхээр ийм харамсалтай үр дагаварт хүргэдэг. Хоёр дахь тод жишээ нь нацистууд. Нөгөөдүүлтэйгээ зарим талаараа төстэй. Бас л социалистууд. Юмыг төлөвлөнө. Нийгмийг эрэмбэ дараанд оруулна гэж улайрсан. Гэтэл хүн гэдэг амьтан байгалиасаа жам ёсоороо өөр өөр үүлдрийн, өөр өөр түвшинд байх ёстой. Илүү чадаж байгаа нь үндэстнээ манлайлна. Чадвар муутай хүмүүс хойноос нь жагсдаг. Жам ёсны үзэгдлийг бүдүүлгээр тоймлоход нэг иймэрхүү. Ингэж явж чадвал дэлхий нийтээрээ эмх цэгцэнд орно. Хоёрдугаар дайны хувьд мянган жил хөгжинө гээд түүнийгээ хүчээр хийх гэж оролдсон нь асар их гарз авчирсан. Дэлхийн 50 сая хүний амийг авч одсон аймшигтай, дайн гамшиг болсон. Хүний толгойноос гардаг иймэрхүү болхи санааны эцсийн үр дүн нь эмгэнэлтэй төгсдөг жамтай. Ертөнц дээр явагдаж байгаа нарийн загварыг буулгаад, болхи байдлаар модел хийснийгээ хэрэгжүүлэх гэж хүчээр зүтгэдэг нь гамшигт хүргэдэг.

-Хуучин нийгмийн үед хүн байгалийн хуулийг ялан дийлж байна гэж их ярьдаг, бичдэг байсан даа. Таны ярианаас анзаарахад байгалийн хуулиа дагаж байж л хөгжил ирэх нь…?

-Тэгнэ. Социализмын үед сонсогддог байсан “Байгалийн хуулийг ялан дийллээ” гэсэн үг, хандлага маш аюултай үзэгдэл. Монголчуудын уламжлал харин их өөр. Байгальтайгаа шүтэн барилдлагатай, байгальдаа ойр оршихуйтай. Олон сая жилийн хугацаанд ойлгож таньсан ухаан л даа.

-Хүн төрөлхтний түүхийг харахаар, ялангуяа ковидын жилүүдийн дараа байгаль руугаа эргээд хандах үзэгдэл хүчтэй ажиглагдаж байна. Элдэв хэрэглээгээ танаж байгальдаа ээлтэй минимал амьдаръя гэх болж. Уул хадаар аялах, үүргэвчээ үүрээд улс орнуудыг хэсэхдээ хээр хоноглох шахуу энгийн аялах нь түгээмэл болоод эхэлчихлээ л дээ. Хүн төрөлхтөн байгалийн хуулийн дор амьдрах нь хамгийн зөв зам гэдгийг ухаарсан хандлага шиг санагдаад байх юм. Танд тэгж санагддаг уу?

-Санал нэг байна. Хүн төрөлхтөн аж үйлдвэржиж ханаад буцаад жам ёсны зүйл рүүгээ татагдаж эхэлж байна. Идэж ууж байгаад нь, амьдралын хэв маягт өөрчлөлт орж байна. Орон байр энгийн болж байна.

-Бүгдийг цэгцэнд оруулах удирдагчдын улайрал одоо дэлхийн гуравдугаар дайн маягаар илэрч байх шиг. Энэ дайны харамсмаар тал нь юу вэ?

-Одоо өрнөж буй зөрчил, дайн бол тусдаа сэдэв. Хольж яримааргүй байна. Харамсаж яваа зүйл бол даяаршил гэх маш гоё ололтоосоо ухрах гээд байна л даа, хүн төрөлхтөн. XXI зууны хамгийн том олзуурхал бол даяаршил. Хүн төрөлхтөн мэдээлэл, харилцаа, соёлын хувьд даяаршина гэдэг сайн, муу аль аль талтай. Гэхдээ сайн нь муугаасаа хавьгүй илүү. Үр дүнд нь хүмүүс илүү чөлөөтэй болсон. Нэгнээ илүү сайн ойлгодог болсон. Хүний эрх чөлөө асар их нэмэгдсэн. Харамсалтай нь одоо өрнөж буй үйл явдлаас болоод буцаад багасах магадлалтай болчихлоо. Даяаршина гэдэг чинь хүмүүс бие биенээ хайрлах, хүндлэх, хүлээн зөвшөөрөх асуудал шүү дээ. Үүгээрээ даяаршиж яагаад болохгүй гэж. Даяаршингаа дангаарших бүрэн боломжтой. Монгол нь Монголоороо, Хятад нь Хятадаараа, Орос нь Оросоосоо байг л дээ. Гэхдээ бие биенээ хүлээн зөвшөөрч, өөрөө өөрийнхөө онцлогийг хадгалсан байдалтайгаар оршин тогтноход л болоод явчихна.

-Сүүлийн асуулт. Либералчлал манайд зохихгүй гэсэн утгатай тайлбарууд дуулддаг. Таны хувьд энэ хэр зөв шүүмжлэл вэ?

-Либерал эрх чөлөө гэдэг бол барууны үнэ цэнэ гэж их ярьдаг. Тийм биш л дээ. Харин ч Монголын уламжлалт үнэ цэнэ. Эрх чөлөө, байгальтайгаа ойр байх гэдэг чинь бидний юм. Барууных гэхээс илүү дорнын үнэт зүйл гэх гээд байна л даа. Дорныхон үүнийгээ жам ёсны харилцан зөв зохистой харилцаа гэцгээдэг. Тэгэхээр яаж ч бодсон “барууных учраас бидэнд зохихгүй” гэж хэлэх аргагүй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img