2024-11-11, Даваа
-10 C
Ulaanbaatar

Сурагчид төв талбайд гурван хэлээр сонгодог зохиол уншсан нэг өдөр

Хүүхдийн үлээх хөөсөн бөмбөлөгүүд агаарт дэгдэж,  үлгэр домгийн ертөнцөд аялах мэт сонихон сэтгэгдэл төрүүлнэ.  Амралтын өдөр Сүхбаатарын талбайд отго жинстэй малгайтай монгол ноён, хатан,  дээлтэй хүүхдүүд, дундад зууны үеийн Европыг санагдуулам өндөр цилиндр хэлбэрт малгай, фрак эсвэл смокинг, бүрх малгайтай залуус, ордны маягийн хиймэл үс, дэрвэгэр хормойтой даашинзтай охидыг харж болохоор байв. Дэлхийн номын баярын өдрийг тохиолдуулан  төв талбайд “Сонгодог зохиолоор аялахуй” наадам болсон юм. Уг наадмыг хятад хэлний сургалттай “Үй цай” сургууль Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан билээ.

Б.Мишээл:  “Монте Кристо гүн”-г гурван хэл дээр уншихад өгүүлбэрийн бүтцээрээ ялгаатай санагдсан

“Үй цай” сургуулийн 11”А” ангийн сурагч  Б.Мишээл “Монте Кристо гүн” зохиолыг хятад, монгол, англи хэлээр уншиж, зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг нь сонгон авч  судалжээ. Хэдийгээр түүний сонгосон сэдэв  хялбар биш  байсан ч талбай дээр сонссон хүмүүс дажгүй хүлээж авч, алга ташиж байлаа. Тайзнаас бууж ирсэнийх нь дараа түүнтэй хэдэн хором ярилцав.

-Гурван хэл дээр илтгэл тавих хэцүү юу?

-Төрөлх хэлээс өөр хэл  дээр илтгэл тавих амаргүй. Гэхдээ хятад хэлийг олон жил сурсан. Англи хэлийг бас таван жил үзсэн учраас гайгүй байсан.

-Ийм илтгэл бэлтгэхэд хэр их хугацаа зарцуулдаг вэ?

-Сайн судалж хийвэл нэг сар зарцуулна.

-Яагаад ийм сэдэв сонгов?

-Гадаад хэл сурч байгаа хүн өгүүлбэрийн онцлог, нийлмэл өгүүлбэр гэж юу болох, онцлог төрлүүдийг нь ялгах чухал учраас нийлмэл өгүүлбэрийн нэгэн төрөл болох зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг сонгоод, гурван хэл дээр ямар ялгаатай гарч ирж байгааг судалж, багш нарын заадгаас илүү хялбараар хүмүүст тайлбарлахыг хичээсэн.

-Нэг зохиолыг гурван хэл дээр уншихад ямар онцлог мэдрэгдсэн бэ?

-Гурван хэл дээр уншихад өгүүлбэрийн бүтцээрээ ялгаатай санагдсан.

Хэл болгон өөрийн онцлогтой. Үйлийн эзэн, үйл үгийн байрлал монгол, хятад,  англи хэлэнд огт өөр байдаг.  Тухайн үгийг орчуулж байгаа байдал ч өөр. Хятад зохиол дээр гадаад үгийг гадаадаар нь оруулчихдаг бол  монгол хэлэнд орчуулж оруулах жишээтэй.

-Олон хүний өмнө маш чөлөөтэй илтгэсэн. Илтгэх чадварт суралцах боломжтой байдаг уу?

-Манай сургуулийн сурагчид  жил бүр олон төрлийн илтгэл тавьдаг. Би наймдугаар ангиасаа эхлээд олон удаа  ангидаа болон сургууль дээрээ  илтгэл тавьж байсан. Өмнө нь би өөрийгөө илэрхийлэх чадвар тааруу байсан бол илтгэл тавьсаар байгаад олон хүний өмнө сандрахгүй, ярьж сурсан л даа гэв.

“Манай сурагчид Сүхбаатарын талбайд анх удаа тайлангаа тавьж байна”

“Үй цай” сургуулийн захирал Д.Баяраагаас  “Сонгодог зохиолоор аялахуй” наадмын  талаар тодруулав.

-“Үй цай” сургуулийнхан энэ өдөр хүмүүст юу үзүүлэхээр бэлтгэсэн бэ?

-Хичээлийн жил өндөрлөхөд сар гаруй хугацаа үлдэж байна. Энэ хичээлийн жилд манай сургуулийн сурагчид нэмэлт хөтөлбөрөөр хичээллэсэн. Нэмэлт хөтөлбөрийн хүрээнд “Би судлаач хүүхэд”, “Эртэч хүүхдүүд” өглөөний уншлага, уран зураг, яруу найраг, сэтгэмжит эх хөтөлбөрүүдээр хичээллэсэн юм. Энэ хөтөлбөрүүдийн хүрээнд сурагчид маань үндэсний болон сонгодог уран зохиолтой танилцсан. Үндэсний уран зохиолуудаас Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж, Д.Намдаг, Ч.Лодойдамба, Д.Пүрэвдорж нарын  зохиолууд, мөн “Цагаан соёот”,  “Шадар гурван цэрэг”,  “Женни Герхард”, “Монте Кристо гүн” дэлхийн сонгодог зохиолуудыг  монгол, хятад, англи хэл дээр уншсан юм. Уншсан зохиолуудаа хичээлийн аль нэг хэсэгт, өглөөний уншлагын цагуудад оюуны зураглал хийж, багаараа илтгэл тавьж, бусаддаа танилцуулж, хэлэлцүүлсэн. Бас эсээ бичсэн. Жүжигчилсэн тоглолт хийсэн. “Цагаан бээлий”, “Монте Кристо гүн”, “Шадар гурван цэрэг”, “Женни Герхард” зохиолуудаар жүжигчилсэн тоглолт хийсэн.

“Би судлаач хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хэл шинжлэлийн судалгаа хийгээд, хос болон олон хэл дээр харьцуулсан судалгаа хийн, илтгэлүүд тавьсан.

Энэ удаагийн нэмэлт хөтөлбөрийн  сургалтын  тайлан онцлог болж байна. Онцлог нь юу гэхээр нийслэлийнхээ төв талбай Сүхбаатарын талбайд нэгээс арванхоёрдугаар ангийн сурагчид,  багш эцэг эхчүүд, биднийг дэмждэг хамт олон маань хамтарч тайлангаа тавилаа.

Тайлан тавих энэ цаг үе маань Дэлхийн номын баярын  өдөр тохиолоо. “Сонгодог зохиолоор аялахуй” наадмыг  Нийслэлийн Соёл урлагийн газар дэмжсэнд талархаж байна.

Багш, эцэг эхчүүд хамтраад, хүүхэд багачуудтайгаа нэгэн дурсамжит өдрийг өнгөрүүлж байна даа.

Өглөөний уншлагууд, хос болон олон хэл дээрх уншлагууд Номын баяр маань  26 дахь хичээлийн жилдээ болж байна. Өмнө нь сургуулийнхаа орчинд тэмдэглэдэг байсан юм. Урин хаврын  сайхан өдөр Нийслэлийн Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр анх удаа Сүхбаатарын талбай дээр явуулж байна.

-Оюуны зураглал гэж юуг хэлж байгаа вэ?

-Сонссон, уншсан шинэ мэдээллээ нүдэнд харагдахуйц байдлаар зураг дүрслэлээр схемчлээд, бүлэглэж, ангилан, харах мэдрэхүйгээрээ уншиж тайлах тэмдэглэгээ юм. Оюуны зураглал, орчин үеийн хүүхэд залуус, боловсролтой хүмүүсийн  чадварын нэгэн үзүүлэлт болдог. Үүнийг орчин үеийн сургалтын арга зүйн хувьд, хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, авьяас, хөгжлийг дэмжих, инноваци технологи гэж тодорхойлдог юм. Ерөнхий боловсролын сургалтын практикт оюуны зураглал ерээд оноос нэвтэрсэн. Ялангуяа  оюуны зураглалыг гадаад хэлний боловсрол болон нийгмийн ухааны  сургалтад өргөн хэрэглэж байна.

-Асруудад “Үй цай” сургуулийн сурагчдын бүтээлүүдийг дэлгэн харуулжээ. Сурагчдын илтгэл, судалгааны ажлаар   олон ном  хэвлэсэн байна лээ?

      -Нэгдүгээр ангийн сурагчид маань эх хэл дээрээ болон хятад хэл дээр өөрөөр хэлбэл хос хэл дээр илтгэл бичдэг. Жишээлбэл “Хавар” шүлгээр хүүхдүүд эх зохиож бичсэн. Цуврал үйл явдалтай зургаар эх зохиосон. Эх хэл дээрээ бичсэнийгээ хятад хэл дээр хөрвүүлдэг. Долдугаар ангиас дээш хүүхдүүд Д.Нацагдоржийн “Од” шүлгээр бас эх зохиож бичсэн юм.

Уран зураг гэвэл  реалист зураач Х.Баярмагнайгийн “Говийн өглөө” зургийн тухай хэлэлцэж шүүн тунгаагаад, түүнийхээ дагуу эх зохиож ярилцсан юм. Анги бүлэг хамт олон, багаараа хийсэн ажлыг  эмхэтгээд, ном болгож гаргасан юм.

-Танай бага ангийн сурагчид хөөрхөн жижиг үлгэр орчуулсан байна лээ?

-Хоёр дахь хэл дээрээ судалж байгаа эх сурвалж  материалууд нь ихэвчлэн сургамжит, ёгт үлгэр өгүүллэгүүд байдаг юм. Байгалийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээллийг шингээсэн  өгүүллэгүүдийг хятад хэлнээс монгол хэл рүү орчуулан,  эмхэтгээд ном болгож гаргадаг. Хүүхдийн бүтээлч үйл ажиллагаа хөгжүүлэх том ажил болдог юм гэв.

Хоёрдугаар ангийнхан “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”,  долдугаар ангийнхан ”Цагаан соёот” роман, наймдугаар ангийнхан “Дэлхийг тойрсон 80 хоног” зохиолоос хятад хэл дээр  жүжигчилсэн тоглолт хийж, алга ташилтаар мялаалгав.

 Харин есдүгээр ангийнхан “Шадар  гурван цэрэг”,  аравдугаар ангийнхан “Женни Герхард” роман, арваннэгдүгээр ангийнхан “Монте Кристо гүн” романаас англи хэл дээр  жүжигчилсэн тоглолт хийж, хэлний мэдлэгээ гайхуулсан юм.

“Шадар гурван цэрэг” манай ангийнханд  ч  сонирхолтой санагдсан

“Шадар гурван цэрэг” зохиолоос  англи хэл дээр жүжигчилсэн тоглолт найруулсан есдүгээр ангийн сурагч Э.Сувданзамбагацэцэгээс энэ талаар тодруулав.

-Хэдийгээр “Шадар гурван цэрэг” романыг сургуулиас уншаарай гэдэг ч бидэнд ч бас энэ зохиол сонирхолтой санагдсан. Франц улсын тухайн үеийн нийгэм, улс төрийн байдлыг маш тод гаргаж өгсөн  бас хайр дурлал, адал явдал ихтэй учраас сонирхолтой санагдаад, энэ номоос шилж авсан хэсгүүдээ найруулж тавьсан юм.

Энэ зохиолыг бид хятад, англи, монгол хэл дээр уншсан. Миний хувьд англи хэл дээрх зохиол нь илүү сонирхолтой санагдсан учраас түлхүү уншсан л даа. Хятад хэл дээрх зохиол нь англи хэл дээрхтэйгээ дөхүү байдаг.  Англи хэл дээрх зарим хэсэг нь тоочсон шинжтэй байгаа бол монгол хэл дээрх зохиолд зарим хэсгийг нь дэлгэрэнгүй оруулсан байсан.

-Чамайг яагаад найруулагчаар сонгосон бэ?

-Би найруулах дуртай. Өмнө жил ч найруулж байсан болохоор намайг туршлагатай гээд сонгосон байх.  Манай багш нар өөрсдөө хийвэл туршлагатай болно гээд сурагчид өөрсдөө найруулахыг дэмждэг. СУИС-ийн багш нар авчирч бас зөвлөгөө авсан гэв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img