2024-07-23, Мягмар
25 C
Ulaanbaatar

П.Цэнгүүн: Нефтийн үйлдвэр барьснаар шатахуунаа хямд хэрэглэнэ гэсэн яриа зүгээр л “молиго”

“Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүний цуврал лекцээс манай сайт тоймлон хүргэж байна. Бид энэ удаа түүний “Мөнгө ба инфляц”, “Өрсөлдөөн ба хэрэглэгч”, “Бизнест яагаад философи хэрэгтэй вэ?” лекцийг сонголоо.

Арилжаа солилцоог хүмүүс анх чулуугаар, тамхиар, хонь, мал, зэс, алт, үр тариа гээд янз бүрийн зүйлсээр хийж ирсэн. Мөнгө бол бусад бараатай адилхан бараа. Бараа үнэтэй шиг мөнгө бас өөрийн гэсэн үнэтэй. Тэр үнэ нь тухайн мөнгөний худалдан авах чадварыг илэрхийлнэ. Мөнгийг Кейнсийн гэх мэт бусад онолуудад саармаг гэж үзсэн байдаг. Харин миний тухайд одоо саармаг биш гэдгийг ярих юм. Хүмүүс юм худалдаж авах гэж юмаа зарах гэж бүтээсэн. Түүнээс биш ямар нэг хаан, ноён, бий болгоогүй. Жам ёсоороо бий болсон солилцооны хэрэгсэл. Хоёр тал хоёулаа хожсон арилжаан дээр суурилсан учраас маш сайн хөгжиж, хөгжил дэвшил авчирсан байдаг.

Мөнгийг эдийн засгийн цусны эргэлт гэх нь буруу ойлголт

Манай Монголд Кейнсийн сургуулийнхан ярьдаг л даа, мөнгө бол эдийн засаг бизнест хүний цус шиг хэрэгтэй зүйл гэж. Тийм учраас тэд аль болох их мөнгө хэрэгтэй гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ мөнгийг их хэмжээгээр өглөө гээд баялаг бий болохгүй. Арилжааны хэрэгсэл учраас мөнгө их хэвлээд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн өсөхгүй. Тийм учраас цус, цусны эргэлт гэж ярих нь буруу. Сүүлийн үед Кейнсизм, Чикаго, Австрийн сургууль ноёрхож байгаа. Дэлхий нийтийн боловсрол гээд харахад 60, 70 хувь нь Кейнсийн онолоор явдаг учраас би талаар ярихгүй. Дараагийн сургууль нь монитар. Милтон Фридманы гол төлөөлөл болсон сургууль. Сайн тал ихтэй. Чөлөөт зах зээл, чөлөөт арилжаа, хувьчлал гэх мэтчилэн либертар бодлогыг маш их дэмждэг. Монитар сургуульд хувь нэмрээ оруулсан хүний нэг нь Фишер. Мөнгөний нийлүүлэлт өсөх хэрээр үнэ өснө гэсэн санааг Фишер гаргаж ирсэн. Маш зөв, гайхамшигтай санаа. Гэхдээ тэр зөвхөн үнэ л өсөөд байна гэдэгт анхаарсан. Бусад факторуудыг авч хэлэлцээгүй алдаатай. Үүнийг нь Фридман зассан. Чикаго буюу монитар сургуулийн үзэл санаа, сэтгэлгээг дэлхий нийтэд 20, 30 хувьд л заадаг, мэддэг, ярьдаг.

Өнөөдөр миний ярих гол сэдэв бол Австрийн сургууль. Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ч ярих дургүй. Учир нь энэ сургуульд төр маш дургүй. Тэр утгаараа төрөөс дэмждэг эрдэм шинжилгээний хүрээлэн, сургууль, хэвлэл мэдээлэл, бизнесийнхэн Австрийн сургууль, Австрийн эдийн засагчдын ном, хэвлэлийг гадуурхаж, хаядаг. Тэр утгаараа би инфляц, мөнгө, Австрийн сургуулийг онцолж байгаа юм. Австрийн сургуулийн тухайд Маркстай ижил үед Венээс гарсан. Энэ сургуулийн эдийн засгийн сэтгэлгээнд оруулсан маш том хувь нэмэр бол Марксын капиталыг бүтэхгүй, хуурамч гэдгийг маш сайн гаргаж ирсэн явдал. Үнэ, мөнгө, зээлийн тэлэлт буюу бизнес циклийн онолыг маш сайн гаргаж ирсэн нь эдийн засагт их хувь нэмэр оруулсан.

Инфляц бол махны үнийн өсөлт биш

Инфляцыг хэвлэлээр янз бүрээр тайлбарладаг. Инфляц бол барааны өсөлт биш. Зөвхөн мөнгөтэй холбоотой үзэгдэл. Илүү их бараа үйлдвэрлэвэл баялаг өсдөг. Харин мөнгө их нийлүүлснээр үйлдвэрлэл нэмэгдэхгүй. Мөнгө бол зөвхөн арилжаа солилцооны хэрэгсэл. Австричууд М буюу мөнгөний нийлүүлэлтэд анхаарсан. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх хэрээр сүйрэл гамшиг авчрах аюултайг олж харсан. Их мөнгө байвал нийлүүлэлт ихсээд үнэ нь буурна, үнэ нь буурчихаар тухайн мөнгөний худалдан авах чадвар буурна. Монголд болж буй процесс ерөөсөө л энэ. Хэт их хэмжээний мөнгийг зах зээл рүү оруулчихсан. Инфляц бол мах, гурил, барааны үнийн өсөлт огт биш. Зөвхөн төрийн мөнгөний нийлүүлэлтийн л өсөлт. Үүнийг улстөрчид буруугаар ашиглаж, тархи угаалт хийдэг. Тэр ёсоор нь ард түмэн инфляцийг үйлдвэрлэгч бий болгодог гээд биднийг, хувийн хэвшлийнхнийг буруутгадаг.

Дэлхийн хувьсгал, дайнуудын цор ганц шалтгаан нь инфляц

цэнгүүнРомын эзэнт гүрэн инфляцаас болж сүйрсэн. Энэ мэт жишээ дэлхийгээр дүүрэн бий. бид нэг судалгаа хийж байгаа. Монголын эзэнт гүрэн яагаад сүйрэв гэдэг талаар. Хэт их цаас хэвлэж зах зээл рүү оруулснаар сүйрсэн. Судлаачид судалвал маш гоё юм гарч ирнэ. Америкийн хувьсгал, дайн дажингийн гол шалтгаан мөнгөний нийлүүлэлтээ ихэсгэснээс үүдсэн. Октябрийн хувьсгалын гол шалтгаан бол инфляц. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Германд зөвхөн талх авах гэж тэргэнцэр дүүрэн мөнгө авч явдаг байсан. Ер нь ямар нэгэн хувьсгал, дайн дажин голдуу мөнгө, инфляцаас болсон байдаг.

Төрд мөнгө хийх хоёр арга л бий. Нэг нь татвар. Татвар хурааснаараа инфляц явагддаггүй. Бүр тодруулж хэлбэл татвар хураагаад халамжид өгвөл инфляц явагдахгүй. Нэг хэсгээс нь аваад нөгөөд нь өгч байгаа хэлбэр. Хоёр дахь арга нь хуульчлагдаагүй татвар. Тэр нь инфляц. Засгийн газар инфляцаас асар их хэмжээний ашиг хийдэг. Тэр утгаараа инфляцад их хайртай. Өөрөө ингэж, ийм зорилгоор үүсгэсэн хэрнээ бурууг нь над руу, та нар руу чихэх гэж оролддог. Тэр утгаараа инфляц мөнгө хэрхэн зарцуулсан аргад бус харин мөнгө хэрхэн олсон аргад байдаг юм. Гэтэл бид мөнгийг яаж зарцуулаад байна вэ гэдэгт л анхаардаг. Хөгжлийн банк кейс болоод өчнөөн юм яриад яваа. Хөгжлийн банкны мөнгийг хэн авч юунд зарцуулав гэж яриад байна. Энэ нэг их чухал биш. Тэр мөнгийг хаанаас, яаж, хэнээс зээлж авав гэдэг л хамгийн чухал. Мөнгө хэвлэх эрх ганцхан төв банкинд бий. Бүх дэлхий ийм. 1913 онд бий болсон зүйл. Бараа бүтээгдэхүүнийг хувийн хэвшил үйлдвэрлэдэг. Тэгээд инфляц гэхээр бурууг бидэн рүү чихдэг. Инфляцаас гарна гэдэг бол архинаас гарахын дайны хэцүү эмчилгээ шаарддаг зүйл гэж Фрийдман хэлсэн нь бий.

Мөнгөний нийлүүлэлтийг өсгөснөөр зээлийн тэлэлт бий болдог. Банкнаас зээл авъя гэвэл өөрийн хөрөнгө 70-80 хувь байж мөнгө авах эрх үүснэ. 30 саяын машинтай бол 15-20 сая төгрөгийн л зээл өгнө. Банкууд аравхан хувь дээр л тогтдог. Өөрийнх нь хөрөнгө 10 хувь гэсэн үг. Хадгаламж гэх мэтээр бусдаас авч байгаа мөнгө нь 90 хувь. Тэгээд бизнес хийдэг юм. Гэтэл Засгийн газар буюу МИК өөр. Өөрийн хөрөнгө нь тэг байдаг. Тэгсэн хэрнээ хүний мөнгөөр бизнес хийдэг.

Австрийн эдийн засагчдын үзсэнээр хямралын эх сурвалж бол зээлийн тэлэлттэй холбоотой. Тэдний хувьд хадгаламжийн хэмжээнд 100 хувь баталгаажсан зээлийг л олгож байя гэж байгаа юм. Тэгэхгүй бол 10:90 гэчихээр л хямрал бий болно гэж үздэг. Гэхдээ харамсалтай нь энэ онол өнөөдөр хэрэгжих боломжгүй. Дэлхийгээрээ Кейнсийн онолоор явж байгаа учраас.

Сүүлийн гурван жилд 8.5 тэрбум доллар олсон хэр нь төгрөгийн ханш яагаад 40 хувиар уначихав?

Алтны монополь эрх Монгол банкинд л бий. Төв банк жил бүр 20-25 тонн алт худалдаж авдаг. 3-4 их наяд төгрөг зардаг. Энэ мөнгийг яаж олгодог вэ? Хэвлэсэн төгрөг байна гэж бодож яваа бол эндүүрэл. “Иргэн Дорж та гурван тэрбум төгрөгийн алт тушаалаа. Дансанд чинь шилжүүллээ” гээд л болоо. Ингээд шинэ мөнгө бий болчихож байгаа юм. Компьютерийн ард шинэ мөнгө зах зээлд бий болгох хамгийн гоё арга бол алт худалдаж авах.

Монгол улс гадаад худалдаан дээрээ жил бүр ашигтай гараад байдаг. Ноднин жил 3.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Тэр мөнгө нь хааччихав гэхээр оффтейк гэрээ, нүүрсний хулгай гэх мэт янз бүрийн тайлбар хэлж толгой эргүүлдэг. Сайхан мунхруулж байгаа л хэрэг. Инфляц ярихаар зөвхөн доллар руу чихдэг. Та нар л доллараар гаднаас юм оруулж ирж, доллар үрээд байна гэдэг. Гэтэл бидэнд хангалттай их доллар байна. Зөвхөн алт худалдаж авснаар сүүлийн гурван жилд 4.5 тэрбум ам.доллар олсон. Гадаад худалдааны ашиг гэхэд сүүлийн гурван жилд 8.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ хоёрыг нийлүүлэхэд л сүүлийн гурван жилд Монголд орж ирж буй ашиг 13 тэрбум ам.доллар байна. Гэсэн мөртлөө сүүлийн гурван жил төгрөгийн доллартай харьцах ханш 40 хувь уначихлаа. Шалтгааныг нь олцгооё. Логикоороо нэг юм болохгүй байгаа биз. Шалтгааныг нь Австрийн онолоор л тайлбарлана. Яагаад гэвэл хэт их төгрөгийг компьютерийн ард бий болгож буй учраас олсон их доллар маань юу ч биш болчихоод байгаа юм.

Нефтийн үйлдвэр барьснаар шатахуунаа хямд хэрэглэнэ гэсэн яриа зүгээр л “молиго”

Ковидын гурван жилийн 11.2. их наядын төсөв хаанаас гарч ирэв? Ахиад эх үүсвэрээ хайя. Татвараас бий болгосон гэж хэлэх аргагүй. Мөнгөний нийлүүлэлтийг л өсгөсөн хэрэг. Тийм учраас сүүлийн гурван жилийн инфляцад ковид маш их нөлөөлсөн. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэхийн тулд зээлийн хүүг хүчээр буулгадаг. Сүүлийн гурван жилд Монголд яасныг та бүхэн мэдэж байгаа. Хууль хүртэл гаргасан. Хадгаламжийн хүүг хуульчилсан. Үр дүн гараагүй.

Зах зээлийн бус аргаар зээлийн хүүг бууруулахад зээлийн тэлэлт явагдаж таарна. Зээлийн тэлэлт нь хэрэглээний барааны үнийг өсгөдөг. Зээл их олгох тусам барааны үнэ хямдарна гэж хүмүүс боддог. Нефтийн үйлдвэр барьснаар шатахуунаа хямд хэрэглэнэ гэж баярлаж байгаа. Энэ бол жинхэнэ молиго. Хэзээ ч тэгэхгүй. Учир нь тэр ажлыг асар их хэмжээний зээл авч хийж байгаа юм. Бага хүүтэй зээлэнд мань мэт нь хошуурдаг. Хамаг юмаа тавиад уралдах нь тодорхой. Алдагдалтай байсан төсөл нь ашигтай гараад ирдэг учраас. Үүнээс болж хувийн хэвшлийн олон сайн төсөл бүтэлгүйтдэг. Буруу хөрөнгө оруулалтууд маш их хийгддэг учраас. Буруу хөрөнгө оруулалт хийгдчихээр ажилгүйдэл нэмэгддэг. Энэ процессийг өрнөл, дампуурал гэж нэрлэдэг. Австрийн эдийн засгийн сургуулийн эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан хамгийн том хувь нэмэр нь энэ. Тэд зээлийн тэлэлтээс үүдэж буруу хөрөнгө оруулалт маш их хийддэг, тэр хөрөнгө оруулалтууд эхэндээ үнэ өсгөнө, дараа нь үнэ буухад хүргэнэ, тэр утгаараа эцэст нь дампуурч эдийн засгийг их хэмжээгээр хохироодог гэдгийг олоод харчихсан. Тийм учраас зөвхөн хуримтлалтай уях ёстой гэсэн. Хуримтлалыг бий болгох ганц арга нь ашиг. Арилжаа наймаа, үйлдвэрлэлээсээ ашиг олж байж хуримтлал бий болно. Өр, зээл тавьж, зээлийн хүүг бууруулан барин хөрөнгө оруулалт хийж баялаг бүтээдэггүй.

Изм-үүд өрсөлдөөнийг яаж хардаг вэ?

Өрсөлдөөн их ярвигтай сэдэв учраас товчхон дурдъя. Энэ онолд үнэ, зах зээл, ашиг, өрсөлдөөн гэсэн зүйл л бий. Үндсэндээ гурван сургуультай. Нэг нь Маркс, нөгөө нь Кэйнс, тэгээд Адам Смит, Адам Смитээс цааш Австрийн сургууль. Аль талыг нь баримтлах вэ, өөрийгөө олъё гэвэл энэ гурвыг харчих хэрэгтэй. Сонгосон сургуулиа хараад л би хэн бэ гэдгээ таних маш амархан. Маркс, коммунизм хөдөлмөрийг чухалчилсан. Хөдөлмөрчин анги, хөдөлмөрчдийг л шүтсэн. Кэйнсизм гол анхаарлаа хэрэглээ, хэрэглэгч рүү хандуулсан. Массыг яаж удирдах вэ гэдэг дээр л гол ухаанаа зарсан. Тийм учраас хэрэглэгчдийг, хэрэглээг бий болгохын тулд төрөөс мөнгө хэвлэж өгөөд байя, зах зээл рүү л мөнгө хийе, та нар үрээд, зээлээд, өрөнд ороод, дампуураад бай гэдэг онол. Эцсийнх нь бидний дэмждэг онол буюу Адам Смитийн буюу үл үзэгдэгч гарын онол. Үйлдвэрлэгчдийг, бизнес эрхлэгчдийг анхаардаг онол. Аливаа бүтээгдэхүүнийг хэрэглэгч, хөдөлмөрчний аль нь ч биш, үйлдвэрлэгч л бий болгодог гэж үздэг. Стив Жобс байгаагүй бол iPhone байхгүй. Хэрэглэгч хэчнээн мөрөөдөөд ирэх намар iPhone-ий цоо шинэ загварыг авч чадахгүй. Тийм учраас Адам Смит, Австрийн сургууль үйлдвэрлэгч буюу бизнес эрхлэгчдэд анхаарлаа хандуулдаг юм.

Энэ гурван онол нь өмч хэний гарт байна вэ гэдгээр л ялгагддаг. Бид социализм байгуулах гэж дал гаруй жил оролдоод бүтээгүй. Уг нь социализм маань коммунизм болох учиртай байсан. Коммунизм бол нийгмийн бүх өмчийг төр мэдэх учиртай нийгэм. Дараагийн изм бол фашизм.

Хүмүүс фашизмыг муухай гэдэг. Гэхдээ коммунизмаас арай дээр. Учир нь хувийн өмчийг зөвшөөрдөг. “Хюго босс” Гитлерт зориулж хувцас хийж явсан. “Мерседес” фашистуудад зориулж машин хийж л байсан. Тэгэхээр улс, хувийн холимог өмчийг фашизм гээд байгаа юм.

Гэхдээ хувийн өмчийг юу хийх, хэчнээнийг үйлдвэрлэх, хэнд нийлүүлэхийг ганцхан Гитлер мэддэг байсан. Тэр утгаараа холимог эдийн засгийн фашизм гээд ойлгочихож болно. Капитализм бол хөрөнгөтний нийгэм. Хувийн өмч дээр тулгуурласан үйлдвэрлэл байна. Энэ нь чөлөөт зах зээл буюу хамгийн ихээр хөгжил дэвшлийг авчирдаг изм. Капитализмын үндсэн суурь нь хувь хүний үзэл дээр тулгуурладаг. Индивидуализм буюу хувь хүнийг дээдлэх, хамгаас илүүгээр хувь хүн дээр анхаарлаа хандуулсан үзэл.

Америкийн шударга өрсөлдөөний хууль хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг

Anti-trust буюу өрсөлдөөний тухай хуулийг анх Шерман гэдэг сенатор гаргаж ирсэн. Өрсөлдөөний тухай хуулийг харахаар ялгаа байхгүй кэйнсизм, чикаго сургууль гэх мэтээр түрүүн дурдсан сургуулиудад хамаарагддаг. Эдийн засгийн суурь талаасаа харвал хамгийн түрүүнд Харвардын сургуулийн Чемберлен, Кембриджийн их сургуулийн Робинсон нар гаргаж ирсэн. Тэд төгс өрсөлдөөний тухай онолыг гаргаж ирсэн хүмүүс. Энэ бол өнөөдөр дэлхий даяар ноёрхож буй хуулийн суурь нь. Үүний эсрэг онол бол Австрийн сургуулийнх. Австрийн сургуулийнхан өрсөлдөөний хуулийг маш сайн судалсан. Энтрепренер буюу бизнес эрхлэгчдийг юмыг үргэлж шинээр гаргаж ирдэг гэж харсан.

Америкийн шударга өрсөлдөөний тухай хууль хүний эрхийг хамгийн бүдүүлгээр зөрчсөн хууль. Америкийн бизнес эрхлэгчдэд дарамт болсон, шантаажилсан, төрийн хүчийг үзүүлсэн хууль. А.Рэнд “Шударга өрсөлдөөний хуулиуд төрд ямар ч бизнесийг хэзээ дуртай үедээ шүүхэд дуудаж, яллах эрх өгдөг. Гэнэт бүх хөрөнгийг нь цөлмөж, бүхнийг нь үгүй хийнэ гэсэн хуулийн сүрдүүлгээс илүү үр дүнтэй боолчлол гэж үгүй” гэж хэлсэн удаатай.

Бүх улсын шударга өрсөлдөөний хууль иймэрхүү. Энэ хуулиуд нь дэлхий даяар тарснаараа улстөрийн маш том хорт хавдрыг бий болгосон. Популист, кэйнист, зүүнийхэн, коммунистууд бүгдээрээ энэ хуулийг ашигласан. Өөрсдөд нь маш ашиг, өгөөжтэй хууль байсан учраас. Хуулийн гол санаа нь ерөөсөө л бизнес буюу худалдааг хязгаарлах, худалдаанд хязгаар тогтоох. Товчхондоо бизнес эрхлэгчдийг дарж нухаж, гартаа оруулах зорилготой хууль. Шерман 1800 оны үед энэ хуулийг гаргах үед өрсөлдөөний төгс хууль, өрсөлдөөний онол гарч ирээгүй байсан. Шерманы хувьд популист үзэл санаанаас энэ хуулиа гаргаж ирсэн. Сонгогчид болох тариаланчид үнэ буулгахыг, эсвэл өөрсдийнх нь барааг өндөр үнээр, ихээр авах шаардлага тавингуут хүслийг нь биелүүлж гаргасан хууль байгаа юм.

Харамсалтай нь түүний дараа Чикагогийн их сургуулийн профессор Ф.Найт хийсвэр, хоосон, зохиомол, бодит бус, хэнд ч хэрэггүй зөгнөл төдий төгс өрсөлдөөний онолыг гаргасан. Түүний энэ онол ашгийн эсрэг зогссон юм. Үйлдвэрлэгчдийг ашиг хийхийг хориглосон онол гэсэн үг.

Энэ онолын нэг хачин зүйл нь хэрэглэгчдийг хязгааргүй гэж харсан. Нийлүүлж буй бүтээгдэхүүнийг ч хязгааргүй гэж үзсэн. Түүхий эдийн хязгаарлагдмал байдлыг огт тооцоогүй. Бүх үйлдвэрлэгчид ижилхэн юм үйлдвэрлэнэ гэж бодсон. Үүнийг нь улстөрчид өөрсдийнхөө эрх ашигтаа тааруулж ашигласан л даа.

Ф.Найт энэ онолынхоо санааг хаанаас авсан бэ гэдэг нь тусдаа, сонирхолтой түүх. Тэр нь Платон, Кантаас эхтэй. Кантыг шүтдэг сэхээтнүүд маш их бий, манайд. Ардчиллын хараацайнууд дотор ч байгаа. Кант аюултай. Маш хорон санаатай зүйл хийсэн хүн. Хийсвэр юм гаргаж ирсэн. Алтруист үзлийг голдуу баримталсан хүн. Прагматизмыг голчилж явсан. Өнөөдөр прагматик байх нь сайн гэж ярьдаг. Юугаар нь сайн гэж хараад байгааг ойлгодоггүй. Энэ ирлээ ингэж харилцана, тэр ирлээ тэгж харилцана гэх мэтээр тууштай биш, үзэл бодолдоо чигээрээ биш, яаж ч хувьсаж өөрчлөгдөж, хэнтэй ч хамаагүй найзлахыг прагматизм гэдэг.

Кантын буюу Платоны аливаа зүйлд иррациональ байдлаар хандах үзлийг Найт төгс өрсөлдөөний онолдоо нэлээд тусгаж өгсөн. Тэр утгаараа энэ онол бол шашны үзэл, коммунизмтай ойр. Ер нь яг нарийндаа коммунизм бол шашны үзэл. Хожим энэ онолыг Кейнс шүүрч авсан. Мөнгийг нь өгөөд байя, хэрэглэгчид хэрэглээд байг, бид буюу төр хуваарилаад байя гэж харсан. Төр мөнгө хэвлээд байя, бизнесээ ингэж дэмжье, та нар маш их хэрэглэ гэчихээр эцсийн дүндээ инфляц гаардаг.

Найт “Төгс өрсөлдөөний үед бизнес эрхлэгчид хэнд ч хэрэггүй. Хэрэглэгчийн хүсэл сонирхлыг бүртгэгч автомат машин төдий болон хувирах ёстой” гэж хэлсэн байдаг. Өнөөдөр улс орнуудын өрсөлдөөний хуулиуд эдгээрийг суурь зарчмаа болгочихсон яваа.

Ашиг л эдийн засгийн эрх чөлөөг бий болгодог

Үнийг марксизм, кейнсизмд мөн л өөр өөрөөр ойлгодог. Би Австрийн эдийн засагчдын тайлбарыг хэлье. Үнэ бол эдийн засгийн хэл. Хүмүүст юуг яаж үйлдвэрлэх тухай мэдээлэл дамжуулагч. Үнийн цаана хоёр зүйл нуугддаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэр их нөөц хэрэгтэй вэ буюу нийлүүлэлт, хэн яаж хэдээр үнэлж авах вэ буюу эрэлт хэрэгцээ. Эндээс эрэлт нийлүүлэлтийн хууль төрнө. Үнийг зах зээл тогтоодог. Өөрсдийнхөө ашиг сонирхлын хойноос хөөцөлдөж буй хүмүүс юу хийхээ эрэлт нийлүүлэлтээр дамжуулан хэрхэн илэрхийлэгдэж байгаад тохируулан өөрчилдөг. Энэ бол зах зээлийн үл үзэгдэгч гар. Адам Смитийн буюу Австричуудын баримталдаг гол зарчим. Кэйнсизм буюу марксизмаас маш том ялгаатай.

Эндээс хөдөлмөрийн хуваарь гарч ирж байгаа юм. Хөдөлмөрийн хуваарь бий болсноор үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн маш нарийн төвөгтэй процесс, систем гарч ирдэг. Төр үнийг хянаж эхлэх л юм бол улс орон сүйрэл, бухимдал, үймээн самуун руу ордог. Бизнес эрхлэгчийн үндсэн зорилго бол ашиг. Бүтээж буй бүтээгдэхүүн нь үнэ цэнтэй, бусад хүмүүс хүснэ, түүхий эд нөөцөө үр дүнтэй ашиглаж яваа гэдгээ хэрхэн мэдэх вэ гэсэн асуулт бий. Хариулт нь ерөөсөө л ашиг ба алдагдал.

Ашиг бол үйлдвэрлэгч баялгийг бусдаас үр дүнтэй бүтээж байна гэсэн үг. Ашиг бол нөөц бололцоогоо зөв, мундаг сайн ашиглаж байна, үйлдвэрлэлээ үргэлжлүүл гэсэн ногоон гэрэл, амжилттай хийж байна гэдэг дохио. Энэ дохио үйлдвэрлэл цааш тэлэх хэрэгсэл болдог.

Ашиг бол хувиа хичээх үзэл. Хэрэглэгч бас хувиа хичээгч. Таашаал авах гэж бараа худалдан авдаг. Ашиг эдийн засгийн эрх чөлөөг бий болгодог. Харин алдагдал бол үйлдвэрлэлээ зогсоо гэсэн улаан дохио.

Ашгийн төлөөх тэмүүлэл нь эрсдлийг дагуулдаг. Энэ эрсдлийг энтрепренер үүрч, хөрөнгө оруулалт хийж, бүтээгдэхүүнээ зарах эсэхээ таамаглаж, байнга аз туршдаг. Ашгийг максимум байлгах нь бизнесмэний хүсэл. Ашиг нь хуримтлалыг нэмэгдүүлж шинэ төсөлд хөрөнгө оруулах гол хөшүүрэг болно. Өр зээлээр бус хуримтлалаар хийсэн хөрөнгө оруулалт нь инфляц үүсгэхгүй. Инфляцийг хэвлэсэн мөнгө, зээл хоёр л бий болгодог. Ийм өсөлт бол өөрчлөлтийн нэг хэлбэр. Ядуурлаас гарах ганц арга. Ашигтай ажиллахын тулд өрсөлдөөн хэрэгтэй. бизнесийн байгууллага хэрэглэгчийнхээ төлөө, ажилчид ажлын байрны төлөө, худалдан авагчид бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ төлөө байнга өрсөлддөг.

Лиценз бол ерөөсөө л өрсөлдөөнийг хязгаарлах хэрэгсэл

Өрсөлдөөний гурван хэлбэр бий. Нэг нь төрийн монополь. Нөгөө нь төрөөс тусламж авдаг өрсөлдөөн. Гурав дахь нь монополийн эсрэг хууль гэх мэт арга хэрэгслээр хязгаарласан өрсөлдөөн. Бид далан жил төрийн монопольд амьдарч үгүйрч ядуурсан. Дараа нь ардчилал зах зээлд шилжсэн. Гэхдээ өнөөдөр төрийн монополь Монголд бий. Цахилгаан, дэд бүтэц, төмөр зам, цэвэр, бохир ус гэх мэтчилэн дурдвал олон жишээ бий. Төрийн монополь байсан цагт энэ салбар хувийнхан хөрөнгө оруулахгүй, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Шинэчлэл бүтээгдэхүүн гарахгүй. Төрөөс тусламж авдаг монополь байна. Гадаадад ийм жишээ өчнөөн бий. Автомашины үйлдвэрээ дампууруулахгүйн тулд засаг нь дэмжсэн гэж ирээд яривал өчнөөн кейс байна. Монополийн эсрэг хуулиуд янз бүр. Томорвол задална, хэт өндрөөр үнээ нэмбэл шийтгэнэ, хэт доогуур үнэтэй бол бас шийтгэнэ.

Бүх лиценз, зөвшөөрөл бол өрсөлдөөнийг хязгаарлах зорилготой зүйл. Үүн дээр төрийн бус байгууллага, элдэв холбоод орж ирдэг. Төрөөс дамжуулж өрсөлдөөнийг хорих гэсэн зорилготой л ажилладаг. Үйлдвэрчний эвлэл ч ялгаагүй. Гишүүдээ л хамгаалдаг байгуулдаг. Эндээс картелууд бий болдог.

Картелуудыг улстөрчид, эсвэл улстөрчидтэй холбоо сүлбээ бүхий бизнес эрхлэгчид бий болгодог. Тод жишээ нь ковидын үеэр хүмүүс бултаараа вакцин хийлгэсэн явдал. Огт худлаа вирус гаргаж ирээд, НҮБ-тай юутай хээтэй нь нийлж байгаад бүх хүн төрөлхтөнд вакцин шахаж чадсан. Мундаг монополь.

Чөлөөт зах зээлийн нийгэмд монополь үүсэх боломжгүй

Шударга өрсөлдөөний хуулиуд төрийн интервенцийн нэг хэлбэр. Төр интервенцийг татвар, гааль гэх мэт маш олон хэлбэрээр хийдэг. Чөлөөт зах зээл дээр монополь үүсэх ямар ч боломжгүй. Тийм учраас чөлөөт зах зээл хамгийн цэвэр, шударга өрсөлдөөн. Чөлөөт зах зээл дээр картелууд нийлж үгсэн хуйвалдсан ч даврах бололцоогүй. Чөлөөт зах зээл байнга шинэчлэгдэж өөрчлөгдөж, байнга шинийг санаачилдаг болохоор чөлөөт зах зээл дээр монополь тогтох нөхцөл үүсэхгүй.

Бизнесмэнүүд эрсдэл үүрдгээрээ ажилчдаас ялгаатай гэж өмнө хэлсэн. Бизнесмэнүүд бас зөнч. Хоёр, гурван жилийн дараа үйлдвэр маань ашиглалтад ороход энэ бүтээгдэхүүн зарагдана гэдгийг таамагладаг хүмүүс. Нөөц баялгийг хамгийн зөв ашиглаж үйлдвэрлэлд оруулдаг хүмүүс бол төр биш бизнесмэнүүд. Төр хэзээ ч нөөц баялгаа зөв хуваарилж ашиглаж чадахгүй.

Хэн ч гай тарихгүйгээр ажиллаж яваа бизнесмэн бүр ёс зүйтэй

Цаг үргэлж орлогын тэгш бус байдал ярьсаар ирсэн Монголын нийт хүн амын 40 хувь нь ядуу байна. Ярьж байгаагийнхаа эсрэг ажилладаг учраас тэр. Төв банк мөнгө хэвлэж инфляц үүсгэчихээд бурууг бусдаас хайж хуурч аргалах гэж оролддог шиг зүйл болдог. Сая намайг ШӨХТГ-аас ёс зүйтэй бай гэсэн. Банк дээрэмдэж мөнгө олсон нөхөр үйлдвэрлэл явуулж мөнгө олсон бид хоёр хоёулаа ашиг хийх сонирхолтой. Гэхдээ банк дээрэмдсэн нөхөр бол бусдыг золиосолж ашиг хийсэн. Үүнээс ёс зүй гарч ирж байгаа юм. Гэтэл би хэнийг ч хохироолгүйгээр ашиг хийсэн. Ёс зүйг ийм хэмжүүрээр л ялгана. Хэнд ч гай тарихгүйгээр ажлаа хийж явахыг ёс зүйтэй бизнес эрхлэгч гэнэ. Капитализм яг тийм. Өөрөө өөрийнхөө төлөө хариуцлагатай бай, битгий хүнээр тэжээлгэх гээд бай гэсэн л онол. Кэйнсизм бол “Чамайг тэд тэжээнэ”, “Тэрнээс мөнгийг нь аваад чамд өгнө” гэдэг. Энэ ёс зүй юу? Товчхондоо хэн нэгнийг золиослож зорилгодоо хүрэх нь хамгийн ёс зүйгүй үзэл. Тэр утгаараа чөлөөт зах зээл бол хамгийн ёс зүйтэй. Аль аль тал хождог. Хүн бүр өөр өөрийнхөө төлөө бусдад төвөг учруулахгүйгээр хариуцлагатайгаар арилжаа солилцоо хийхийг л чөлөөт зах зээл гээд байгаа юм.

Төрийн оролцоо хэрэглэгчийг хохироодог

Кэйнс эдийн засгийн хувьд асуудлыг голдуу макро төвшинд хардаг. Хэзээ ч микро төвшинд буюу хувь хүн рүү асуудлыг хандуулдаггүй. Харин Австрийн сургуулийн онол өөр. Зөвхөн хувь хүн дээр анхаарлаа хандуулдаг. Хүн бүр өөр өөр бодол, хүсэлтэй. Тийм учраас үнэ, хэрэглэгч гэх мэтийг нэг саванд хийгээд орхиж болохгүй. Тийм учраас хувь хүмүүсийн сонголт, хэрэглэх зүйлийг төр зохицуулах ямар ч боломжгүй. Тийм учраас үйлдвэрлэгчид янз бүрийн үнэтэй байдаг. Байнгын түншдээ өөр, нэг удаа авч байгаад бас өөр үнэ хэлнэ. Чөлөөт өрсөлдөөн байсан цагт үйлдвэрлэгчид хэрэглэгчдэдээ чанаргүй бүтээгдэхүүн хэзээ ч нийлүүлэхгүй. Тэгвэл тухайн үйлдвэрлэгч өрсөлдөөнөөс хасагдаад явна. Төрийн оролцоо л хэрэглэгчийг хохироодог. Төрийн оролцоо нэмэгдэх тусам үнэ өсдөг, байхгүй болох тусам үнэ буурдаг. Би хэзээ ч өөрийгөө үндэсний үйлдвэрлэгч гэдэггүй. Үндэсний үйлдвэрлэл гэдэг чинь хууран мэхлэлт. Үндэсний үйлдвэрлэл гэж яриад яваад байвал Хойд Солонгос шиг болно.

Хэрэглэгч хаан гэсэн хачирхалтай сэтгэхгүй бидэнд бий. Тийм юм байхгүй. Хэрэглэгч хаан байсан бол iPhone гарч ирэхгүй. Стив Жобс гаргаж ирчихээд хэрэглэгчид өгч байгаа биз дээ.

Хэрэглэгчийн суверенитет буюу хэрэглэгчийн бүрэн эрхт байдал гэсэн ойлголтыг профессор W.Hutt гаргаж ирсэн. Улстөрийн зорилготой гаргаж ирсэн үзэл санаа. Засаглал гэдэг бол ерөөсөө л хүч хэрэглэнэ гэсэн утгатай. Үйлдвэрлэлийг хэрэглэгч удирдана гэсэн үг. Тийм зүйл байхгүй. Харин хувь хүн бүр өөрөө өөртөө суверенитет гэх үзлийг Австрийн сургуулийнхан гаргаж ирсэн. Ингээд харахаар хэрэглэгчийг чөлөөт зах зээл л хамгаална. Чөлөөт зах зээл сонголтыг бий болгож өгч хэрэглэгчийг хамгаалдаг. Сонголт гэдэг бол эрх чөлөө. Сонголт байсан цагт хэрэглэгч байнга хожно.

Монголын хувьд шударга өрсөлдөөний хууль бол өрсөлдөөнийг хорьсон хууль. Хэрэглэгчдийг сонголтгүй болгодог хууль. Улстөрчид популизмаараа маш их ашиг олох боломжийг өгсөн хууль. Дур зоргоороо авирлах бүрэн боломжийг олгосон хууль.

ШӨХТГ хуваагдах ёстой. Нэг нь хэрэглэгчээ хамгаалах зорилгоор ажиллах учиртай. Нөгөө нь өрсөлдөөнийг дээдлэх чигээр ажиллах шаардлагатай. Одоогоор хэрэглэгчдээ хайр зарлачихсан ажиллаж яваа. Тэр утгаараа ашгийн эсрэг ажилладаг газар болчихсон.

Silicon Valley дампуурсан шалтгааны нэг нь Америкийн төв банк бодлогын хүүгээ өсгөснөөс болсон нь үнэн. Арваад жилийн өмнө банкууд руугаа төв банк нь маш их мөнгө цутгачихсан. Агаараас бий болгосон мөнгийг зах зээл рүү хийсэн. Старт-апууд руу, эрүүл мэндийн салбарын компаниуд руу, сэргээгдэх эрчим хүчний төслүүд рүү гэх мэтээр хийсэн. Их мөнгийг ингээд оруулчихаар инфляц бий болох нь ойлгомжтой. Инфляцаа зогсоохын тулд төв банк нь бодлогынхоо хүүгээ нэмж зээл олголтыг багасгасан. Зээл олголт багасангуут өнөө төслүүд нь алдагдалтай болж, зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Ингээд л Silicon Valley гэх мэт банкуудын асуудал эхэлж байгаа юм. Манайд яг адил процесс өрнөж байна. Хөгжлийн банк тод жишээ нь.

Их хэмжээний агаарын мөнгө хэвлэхэд хамгийн түрүүнд тухайн мөнгөнд хүрсэн хүмүүс ашиг хийдэг. Манайхаар бол арилжааны банкууд эхэнд жагсана. Хамгийн сүүлд тэр мөнгөнд хүрсэн буюу жирийн ажилтан, тэтгэврийнхэн, багш, эмч гэх мэт хүмүүс худалдан авах чадвар багассан мөнгөнөөс үүдэж хамгийн их алдагдалд хүрч, цуглуулсан бүх юм нь алга болдог. Инфляц ийм хортой.

Өөрийгөө бодох, өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх үзэлд суралцмаар байна

Бизнест философи яагаад хэрэгтэй вэ лекцийг маань илүү сайн ойлгоё гэвэл Айн Рэндийн “Бизнесийн философи”, “Эх сурвалж”, “Өөрийгөө бодох нь ариун үйлс”, “Атлантын нуруу тэнийв” гэсэн номнуудыг уншихыг зөвлөе. “Өөрийгөө бодох нь ариун үйлс” номны эхний хэсэгт бизнес яагаад ёс зүйтэй, зарчимтай, философитой байх ёстой талаар товч тодорхой биччихсэн байгаа. Миний хувьд нэг их эрдэм, ухаантайдаа биш эдгээр номонд гарсан санааг л өөрийнхөө жишээтэй уяж ярих юм. Альтруизм, прагматик, индивидуализм гэх мэт гурван үзлээр харахад манай нийгмийн дийлэнх альтруист, прагматик үзэл рүү орчихсон. Индивидуалист үзлийг маш бага мэддэг.

Аливаа улс орон хөгжиж, цэцэглэж баян болъё гэвэл индивидуалист үзлийг сонгох учиртай. Өөрөө өөрийгөө бодох, өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх үзэлд суралцах хэрэгтэй. Ядуу зүдүү, увайгүй нийгмийг харахад альтруизм, прагматизмыг сонгосон байдаг.

Альтруизм нь алтер буюу өөр бусад гэсэн үгнээс гаралтай. Хүн өөрөө өөрийгөө бодох ёсгүй, бусдын төлөө амьд байх ёстой, бусдын төлөө бүхнээ зарцуулах ёстой, бусад нь сайхан бол чиний амьдрал сайхан, чи хэн ч биш учраас бусдынхаа төлөө л яв гэсэн үзэл. Энэ үзэлд бүх хамтач ёс бий. Социализм, коммунизм, фашизм, шашин гэх мэт. Прагматизмийг В.Жеймс тэргүүтэй философичид гаргаж ирсэн түүхтэй. “Чи зарчимтай байж болохгүй. Чиний өнөөдрийн ярьсан үнэн маргааш худал байж болно. Чи өнөөдөр дайсантай нэгдэж болно, маргааш найзтайгаа дайсагнаж болно. Яаж л бол яаж хувьс өөрчлөгд, дураараа бай” гэсэн гол зарчимтай. Манай өнөөдрийн улстөрчид тэр чигээрээ яг ийм. Зөвшилц, тууштай биш бай, зарчимгүй амьдар, байнга хувьс гэдэг зүйлийг л прагматизм гээд байгаа юм. Сая дурдсан хоёр үзэл нийлэхээрээ нийгмийг сүйрүүлдэг, ядуурлаг өдөөдөг, дарангуйллыг бий болгодог. Гурав дахь үзлийг Аристотель анх гаргасан. Дараа нь Жон Локк тэргүүтэй хүмүүс баяжуулж хөгжүүлсэн.

Хүний нийгэм, хүн төрөлхтөнд альтруист, прагматист үзэл маш удаан хугацааны түүх, уламжлалтай явж ирсэн. Хүн төрөлхтөн хэдэн мянган жил хааныхаа төлөө, шашныхаа төлөө өөрөө өөрийгөө тахил өргөж амьдарсан. Хүн төрөлхтөн хэдэн мянган жилдээ ядуу байсны тод жишээ нь энэ хоёр үзэлд автагдсаных.

Хүн төрөлхтөн 1776 оноос л өөрийнхөөрөө амьдарч эхэлсэн

1776 оноос байдал өөрчлөгдсөн. Шинэ нээлтүүд гарч ирсэн. АНУ-ын тусгаар тогтнолын тунхаглал батлагдсан. Тусгаар тогтнолын энэ тунхаглалд хүн өөрөө өөрийнхөө аз жаргалын төлөө зорилго тавьж, тэмүүлж амьдрах ёстой юм байна гэдгийг тодотгосон. Үүний ачаар АНУ бий болж, дэлхийн бусад улсад Үндсэн хууль гэдэг зүйлийг тарааж, хүмүүс нийгэм, шашин, хааныхөө төлөө биш өөрөө өөрийнхөө төлөө амьдарч эхэлсэн. Тийм учраас индивидуал үзэл бол хүн төрөлхтний хөгжил дэвшлийг хамгийн баян, чинээлэг, тансаг болгосон.

Сая дурдсан гурван үзлийг мөнгөн дээр авч үзье. Хүн өөрийнхөө мөнгийг өөрийнхөө төлөө зарцуулбал хамгийн сайн зарцуулалтыг хийж, хамгийн арвич хямгач байна. Тухайн юманд үрэх эсэхээ шийдэхийн тулд ухаанаа ажиллуулна, логикоор харна. Бусдад өөрийнхөө мөнгийг өгвөл нэг их ухаанаа ажиллуулах шаардлагагүй. Аль болох бага өгөхийг бодно. Бусдын мөнгийг өөрийнхөө төлөө зарцуулбал үрэлгэн хандана. Бусдын мөнгийг бусдад зарцуулна гэдэг бол товчхондоо төрийн зарцуулалт. Төр бол мөнгийг хамгийн муу захиран зарцуулдаг, хамгийн их үрэн таран хийдэг, хамгийн их хулгай хийдэг, хамгийн том авлигач. Бусдын мөнгийг бусдад зарцуулж байгаа учраас ийм үзэгдэл гаарч байгаа хэрэг.

Хүн төрөлхтөн хэдэн мянган жил ядуу зүдүү аж төрсөн. Энэ дунд наймаачид, худалдаачид, гар урлалаар юм хийдэг хүмүүс хамгийн их ад үзэгддэг байсан. Ер нь хэн ч өөрийнхөө үйлдэлд өөрийнхөө сонголтоор л ханддаг. Эдгээр сонголт бүгд өөр. Энэ бүх сонголтыг төлөвлөж социализм маягаар хөгжүүлэх нь боломжгүй зүйл. Тэр утгаараа индивидуализм маш олон сая хүний үйлдлийн сонголтон дээр бий болж буй үзэл учраас өнөөдрийн интернэт хөгжсөн нийгэмд хамгийн чөлөөтэй хөгжиж яваа. Үүнийг зогсоож хорих бололцоогүй. Үүнийг төвлөрүүлж удирдах гэсэн оролдлого бүр бүтэлгүйтдэг. Хүн төрөлхтний түүхээс харахад шашны дараа нийгэмдээ тустай учраас гэсэн тайлбартайгаар төр л бүхнийг төвлөрүүлэх гэж оролдож байгаа. Гэхдээ энэ оролдлого хэр амжилттай явахыг хэлж мэдэхгүй. Тийм учраас ад үзэгдсэн бизнес эрхлэгчид бусадтайгаа адил өөрийнхөө төлөө ажиллаж амьдарч яваа хүн шүү гэдгээ ойлгуулж харуулахын тулд хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл бол философи.

Бизнесмэнүүд индивидуалист байж амжилтад хүрнэ

Бизнесмэнүүдэд ямар философи хэрэгтэй вэ? Би хувьдаа индивидуал үзлийг онцолно. Ахиад хэлэхэд энэ бол өөрөө өөрийгөө дээдэлсэн, өөрөө өөрийнхөө төлөө амьдрах үзэл. Индивидуал үзлийг хэдийчинээ сайн эзэмшиж чадна, төдийчинээ найдвартай зэвсэгтэй болно. Хүн бүр өөрийн гэсэн философитой. Тийм учраас ямар философид харьяалагдаж, алийг нь дагаж байна вэ гэдгээс бүх зүйл шалтгаална.

Хэрвээ бизнесмэн хүн бусдын төлөө альтруист байвал амжилт олохгүй. Олсон мөнгөө бүгдийг нь үрээд дуусна. Тийм учраас бизнес эрхлэгчдэд альтруист үзэл огт зохихгүй. Хамгийн хортой үзэл гэж харах хэрэгтэй. Прагматист үзэл ч ялгаагүй. Би наадахыг чинь өгчихнө гэж итгэлийг нь авчихаад маргааш нь хулхидвал амжилт олохгүй. Тийм учраас бизнес эрхлэгчид прагматист байх боломжгүй. Ингээд харахад бизнес эрхлэгч хүнд ашгийнхаа төлөө бардам зантай, ёс зүйтэй ажиллах философи л үлдэж байна. Товчхондоо бизнесийн философи бол цэвэр индивидуалист үзэл, объектив ёс зүй.

Хэдийчинээ энгийн байх тусам хүлээж авах чадвар сайн байдаг. Австрийн сургуулийн хамгийн гоё нь маш энгийн. Ямар нэгэн математикийн арга, экономикс хэрэглэдэггүй. Тоо, томъёо байдаггүй. Эдийн засгийг их энгийнээр тайлбарладаг нь хүмүүст маш сайн хүрдэг. Яг түүн шиг философи энгийн, ойлгомжтой, хэрэглэдэг байх ёстой.

Ёс зүй бол зарчим. Этик эдгээр зарчмыг судалдаг шинжлэх ухаан. Индивидуал үзэл прагматизмынхаа эсрэг зогсохын тулд хамгийн чухал зүйл нь рациональ байх ёстой. Рациональ байна гэхээр яана гэсэн үг вэ? Ерөөсөө л юманд бодитой хандаж, хийж буй зүйлээ ёс зүйтэй эсэхийг харж анзаарахыг рациональ гээд байгаа юм. Рациональ биш хүн хэн бэ гэвэл өнөөдрийн манай улстөрчдийн олонхийг нэрлэж болно. Рациональ үзэл бол шинжлэх ухаанд тулгуурладаг. Баримттай, бодитой, хөрсөн дээрээ буусан байдаг.

Хүмүүс өөрийн гэсэн философитой байхаас гадна өөрийн гэсэн үнэт зүйлтэй аж төрдөг. Амьтан ургамлаас ялгаатай нь үнэт зүйлсээ гаргаж ирж чаддаг явдал. Хүний хамгийн чухал үнэт зүйл бол амьд явах, эрх чөлөөтэй байх. Тийм учраас үнэт зүйлээ гаргаж ирж, түүндээ тулгуурлаж бодитой шийдвэр гаргах нь их чухал. Машин, компьютерт үнэт зүйл байхгүй. Хиймэл оюун ухааны хөгжлөөр роботууд захирлуудыг орлож байна гэдэг. Ямар ч үнэт зүйл гаргаж ирж чадахгүй. Хайр ч ялгаагүй үнэт зүйл.

Миний ярьж буй сэдвийн тухайд гурван үнэт зүйл бий. Тэр нь логик, зорилго, өөрийгөө хүндлэх. Аливаа зүйлд хандахдаа үнэт зүйлээ логик талаас харах нь хамгийн чухал. Логикгүй бол утгагүй. Заавал зорилгоо тодорхойлох ёстой. Бизнесмэн бүр зорилгынхоо араас тэмүүлж, логикийнхоо дагуу явдаг байх учиртай.

Бизнесмэн хүн өөрийгөө хүндлэх хэрэгтэй. Өөрийгөө хүндлэхгүй хүн өөрийгөө золиослоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл альтруист болно. Өөрийгөө хүндэлж чадахгүй, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч чадахгүй бол дээрэлхүүлээд, хүний золиос болоод явна. Тийм учраас өөрөө өөрийнхөө үнэт зүйлийн төлөө өөрөө өөрийгөө хүндэлж, маш бардам байх нь хамгаас чухал.

Үнэт зүйлд гурван сайхан чанар бий. Сая хэлсэн рациональ байх, бүтээлч байдал, тэгээд бардам байх. Ямар ч уран бүтээлч хүн өөрийнхөө авьяасыг үнэлж, хүндэлж, өөрөө өөртөө бардам байж амжилтад хүрдэг. Өөрөө өөрийгөө үнэлэхгүй, бардам биш байвал амжилтад хүрэхгүй.

А бол А гэж үздэг үздэг учраас рациональ байдал шударга ёсыг хамгийн ихээр тогтоодог. Тийм учраас индивидуал үзэл дээр тулгуурлаж буй капиталист буюу хөрөнгөтний нийгэм хамгийн шударга нь байдаг. Гэтэл өнөөдөр бид капитализмыг зүгээр л шулдаг, увайгүй баяжигсад гэж хардаг. Баяжихад ялгаа бий. Альтруист үзэлтэй хүн бизнесмэн байвал хэцүү. Хөгжлийн банкны сонсголоос анзаарахад манай том бизнесмэнүүд нүүрээ улалзуулаад гарч ирж байна. Тэд яагаад тийм байдалд оров гэсэн асуулт тавиад харъя. Тэд нэгдүгээрт прагматикчид. АН, МАН хоёулантай нь найзална. Тууштай биш. Хоёрдугаарт тэд альтруистууд. Хямд зээлийг нь аваад жирийн хүмүүсийг золиосолчихож байгаа юм. Золиослох сэтгэлгээтэй, хүнийг хохироох санаатай. Тийм учраас бизнесмэнүүд үүнийг ялгаж салгах ёстой.

Бизнесмэн хүн “Би альтруист, прагматист байж болохгүй. Би индивидуалист л байх ёстой” гэж харах учиртай. Би яагаад үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 61 тэрбумаас татгалзсан бэ гээд харъя. Философитой учраас татгалзсан. Давуу эрх эдэлж, төрөөр хамгаалуулж татвар төлөгчдийн мөнгөөр бизнес эрхлэхгүй гэж бодсон учраас татгалзсан. Өөр ямар ч тайлбар байхгүй.

Хөгжлийн банкнаас зээл авч бизнес эрхлэх, үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдах, төрийн ямар нэгэн татаас оролцоотой, татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж яваа хөтөлбөрүүдийн цаана дандаа ямар нэгэн золиос бий болж байдаг. Өөр хэн нэгнийг хохироож байгаа хэрэг. Тэр утгаараа альтруист байна гэсэн үг. Ингэж харахыг бизнесийн ёс зүй гэдэг юм.

“Философи бол хүмүүсийн зорилго чиглэлийг тогтоож замыг нь заадаг. Нийгмийн ялзрал, хэцүү үед ганцхан философи л хүн төрөлхтнийг аварна” гэсэн Айн Рэйндийн үгээр лекцээ дуусгая.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img