2024-10-08, Мягмар
-0 C
Ulaanbaatar

Ш.Болдбаатар: Гэрийн тэжээмэл нохойнд зиндааг нь төлөвшүүлэх ёстой

Биологийн ухааны доктор Ш.Болдбаатараас яриа авахаар хүлээнгээ  “Амьтны сэтгэл судлал” хичээлээр шавь нартаа сонирхолтой мэдээлэл өгөхийг нь сонслоо. Тогтоож чадсан зүйлс гэвэл   “Бүх эм тахиа өндөг дардаггүй. Өндөг дардаг эхийн инстинктэй тахиа л өндөг дардаг. Өндөг дотор байхад нь хүмүүжүүлж байнга “үглэж” байдаг. Тийм учраас шувууны үржлийн фермүүдэд өндөг дарж байгаа тахианы дууг тавьдаг. Тэгэхгүй бол шувуу хөдөлгөөнөө хийж сурахгүй шүү дээ.

Гүрвэл хөлөөрөө тогшдог, тэр хэсгээрээ сонсч байдаг.

Хэвлээр явагчид хумстай. Хумс гэдэг гайхалтай. Захын  мэдрэлийн төгсгөл.

Шувуу маш дурдатгалтай амьтан.

Зүрх хүчтэй байх тусам уураг тархи сайн хөгждөг. Ухаандаа  биднийг агаарт гар гэдэг. Агаарт гарахгүй бол ядраад, мэдрэлийн дутагдалд ордог.

Шувуу эр нь гоё, эм нь царай муутай байдаг. Эм нь гялалзаад байвал анхаарал татна. Өндөг дараад, анхаарал татахгүй чимээгүй хэвтэж байхын тулд  ийм байдаг.

Махчин шувуудын эр нь жижиг, эм нь том хүчирхэг байдаг. Шонхор эрийгээ бариад идчихдэг. Үр тогтооход сайн эрэгчин хэрэгтэй болохоос биш үр тогтсон хойно хэн ч биш. Идэж ч болно. Эм амьтан тэжээл сайтай байж,  үр төлөө тэжээх ёстой. Хоол байхгүй үед эрийгээ бариад идэх нь ашигтай.

Монгол хүн 36 авиа гаргадаг. Сүүлийн үеийн судалгаагаар хэрээ 46 авиа гаргадаг гэж тогтоосон.

Сүүгээр бойжсон сүү уу гээд байдаг.  Хөхтөн амьтан 15 хүртлээ сүүгээр хооллоод, дараа нь түүнийгээ задалж чадахаа байдаг, гэдэс нь дүүрдэг гэх мэтээр сонирхолтой зүйлс чих дэлссэн.

Харин Ш.Болдбаатар доктор  “Амьтны сэтгэл судлахын ач холбогдлын талаар ярихыг л зөвшөөрсөн юм. “Амьтны сэтгэл судлал” гэдэг хичээл сургалтын хөтөлбөрөөс хасагдаж байгаа.  Амьтны сэтгэл судлалаар хоёр том Нобелийн шагналтан бий гэнэ.

Түүнтэй цөөн хором ярилцлаа.

 -Амьтны сэтгэл судлал гэхээр амьтанд сэтгэл байдаг юм уу гэж зарим хүн гайхах байх л даа?

Амьтны сэтгэл судлахын ач холбогдол юу вэ гээд ярьж өгье.

Амьтны сэтгэцийн процессийг судалдаг шинжлэх ухаан. Энэ сэтгэцийн процессийг бүр  XIV  зууны үеэс эхлээд амьтныг нарийвчлан судалдаг болсон үеэс эхлээд, амьтны хөврөлийн процесс, эволюцийн онол энэ тэрийг тайлбарлаж байсан эрдэмтэд судлаад, амьтан сэтгэцтэй, түүнийг судлах хэрэгтэй гэж байсан.  Аристотель амьтан сэтгэцтэй  гэж үзсэн.  Оюунлаг амьтан гэж байхгүй. Амьтан оюунлаг бус сэтгэцийн процесс нь өндөр, өөрөөр хэлбэл сэтгэх чадвартай. Гэхдээ үйл хийхгүй, юм бүтээхгүй, харин сэтгэх чадвар нь өөрийгөө хамгаалах, үржих, хоол тэжээлээ олж идэх гэх мэтчилэн байгальд шалгарах чадварыг нь сайжруулдаг тийм л процесс. Амьтан дээр сэтгэцийн процесс үйлчилж байгаа юм.

Орчин үед сайн үүлдрийн малын гарцыг сайжруулах шаардлагатай болсон. Манай мал хагас зэрлэг мал. Төлийг нь пүнзэнд хашчихсан юм чинь ээж нь ирэхээс биш яах вэ. Бэлчээрт хөөгөөд гаргачихдаг. Хоолоо олж ид гээд. Хөөрхий явж явж орой болохоор үр зулзгаа санаад хүрээд ирнэ. Ирэхээр нь өвс, ус өгнө. Түүндээ болоод хүрээд ирдэг. Хагас зэрлэг. Ийм малаас их ашиг гарахгүй.

Хэрэв малын сэтгэлийг судлаад, тухайн амьтны сэтгэцийн процессийг жолоодож чадвал ашиг шим нь өндөр болно. Жишээлбэл сайн үүлдрийн үхэр болгоны нэрийг саальчид мэддэг.  За энэ нөхөрт чихэр өгвөл сайхан аашилна гээд  тохируулж харьцдаг. Амьтан болгон өөрийн сэтгэцийн процесстой учраас сүүний гарцыг нь  сайжруулахын тулд заримд нь талх өгнө. Заримд нь чихэр өгнө, заримыг нь илж таална, магтана. Үнээ болгон өөр сэтгэлийн хөөрөлтэй. Түүнээсээ болоод хайдагшуулсан үнээ хүртэл сүү өгдөг.

Энэ тухай манай хөдөө аж ахуйн эрдэмтэд мэддэг байсан. Эрдэнэсүрэн  доктор анх удаа “Сарлагийн стресс” гэдэг сэдвээр докторын зэрэг хамгаалж байсан. Зарим хүн гайхаад байдаг. Сарлагийн стресс байхдаа яах вэ дээ гэдэг. Энэ чинь амьтны сэтгэл судлалын асуудал.

Сарлаг стрестэхээрээ саваг нь унаад, таргалахаа болиод, сүү нь багасаад ирдэг.  Сайхан бэлчээрт хашгичиж гуугчихгүйгээр идэш тэжээлтэй газар нь бэлчээр сэлгэж байх хэрэгтэй.

-Тахианы фермд бас сэтгэл судлал хэрэгтэй юм байна даа?

-Фермийн тахиануудыг ядраахгүйн тулд өдрийн гэрлийн хэмжээг нь богиносгож уртасгадаг.  Намар байгалийн гэрэл бүдгэрээд  ирэхээр заалны гэрэл нэмэгдээд явчихдаг. Тэгэхгүй бол гэрийн тэжээвэр тахиа өвөл болохоор өндөглөхөө больчихдог шүү дээ.

-Зориудаар гэрэл нэмээд байхаар тахиа нь стресст ороод, стресст орсон өндгийг нь хүн идэхээр нөлөө үзүүлдэг байж болох уу?

– Өндгөнд стрессийн асуудал ирэхгүй. Өндөг хөврөл хөгжөөгүй үр тогтоогүй өндгөн эс байдаг.

-Тахиа болохгүй юу.

-Болж болно л доо. Тахиа эр тахиатай нэг нийлчихээд нийлэхгүйгээр нэлээд удаан хугацаанд эр эсийг  хадгалж   байгаад, үр тогтоогоод байдаг процесс байдаг. Эр амьтантай ховор уулзах тусам эр амьтныхаа эсийг авч төлжих үржлийн хэлбэр байдаг.

Наадах чинь огт өөр процесс.

Амьтны зан араншинг судлаад  нэгдүгээрт ашиг шимийг нь сайжруулна.

Амьтны зан араншинг судлах хоёр дахь шалтгаан амьтныг үржүүлэх тэжээхийн тулд гэрийн тэжээвэр амьтан нохой, муурны занг мэддэг байх хэрэгтэй.

Жишээ нь бульдогууд зодолдох инстинктэй. Тай бол давхих инстинктэй.

Нэг л юмыг онцгой анхаарах хэрэгтэй. Бүх амьтан дотор тэр дундаа махчин амьтад дотор зиндаа гэж  байдаг.

-Амьтдад бас зиндаа байх нь?

-Зургаан гөлөг гарсан байлаа гэхэд нэг нь л атаман байдаг.  Цээжний хоёр гөлөг нь мундаг байдаг. Очоод тоглох гэхээр дээшээ хараад хэвтэж байгаа нь зиндаа багатай. Дээрээс нь хазаж хөөгөөд байгаа нь зиндаа өндөртэй л байхгүй юу.

Гэртээ тэжээж байгаа нохойг гэрийн бүх хүмүүсийн тэр байтугай хамгийн жаахан хүүхдийнхээ доод зиндаанд байлгахгүй бол ээжийн ард талд аавын дунд талын амьтан юм байна гээд өөрийгөө ойлгочихвол бусдыг нь хазна шүү дээ.

Тэр зиндааг төлөвшүүлэх ёстой.

Түүн шиг бусад амьтдыг судлахдаа сэтгэцийн процессийг нь ойлгох хэрэгтэй болдог.

-Нохой үнэнч нүдтэй, хүнийг ойлгож мэдрээд байгаа юм шиг байдаг?

 -Нохой болгон өөр  темпераменттай. Амьтныг үржүүлэх, өсгөх тэжээж сургахын тулд  сэтгэцийн процессийг нь мэдэж байх хэрэгтэй. Жишээ нь, адуунд бөмбөг өгөөд тоглуулах гэвэл чадахгүй. Гэтэл циркт үхэр бөмбөг өнхрүүлээд явж байдаг. Үхэр бол мөргөх инстикттэй.

Түүнийг нь ашиглаж бөмбөг өнхрүүлж сургаж байгаа юм.

Түүнээс биш үхрээс гарч байгаа ухаан биш.

Урд хөл нь чөлөөтэй болох тусам сэтгэцийн процесс нь өндөр байдаг. Муур бол өмнөд хоёр хөл нь чөлөөтэй хөдөлдөг, бөмбөг тоглож чадна, утас бөмбөрүүлнэ, юм цохиж унагаж чадна.

Амьтныг сургах гэдэг сэтгэцийн процессийг нь жолоодож байгаа хэрэг.

Юу чаддагаар нь сургана. Үлийн цагаан огтоно судалж байгаа бол түүнийхээ сэтгэцийн процесийг мэдэж байх хэрэгтэй. Сэтгэцийн гол онцлог нь мөөгийн эффект. Өөрөөр хэлбэл төвөө идэж дуусаад гадагшаа тарна л гэсэн үг. Энэ бол үлийн цагаан огтоны инстинкт.

Нэг газрыг улайлгаж хаяад цаашаа яваад байна.

Мөөгөөн хүрээ гэж байдаг даа, Мөөг гадагшаа л явдаг. Мөөгөн хүрээ томроод л байна гэсэн үг. Энэ нь мөөгийн эффект, үр дүн.

Сэтгэцийн процессийг жолоодох хоёр дахь үр дүн энэ.

Гуравдугаарт амьтны сэтгэцийн процессийг яагаад судлаад байдаг гэхээр хүний хүүхэд, ухаалаг амьтны зулзага хоёрын  хөгжлийн зарим шат нь адилхан байдаг.

Хүүхэд мэндлэхэд эх сүүгээр тэжээнэ. Ярина хөөрнө, тэнд л хүмүүжил явж байгаа шүү дээ.

Гэрийн хүмүүжлийн суурь өлгийтэй байхаас нь гэж манай монголчууд ярьдаг.

Чавхайтал нь сайхан өлгийдөөд хөл гарыг нь хөдөлгөөнгүй болгоод бүүвэйлээд, унтуулдаг. Миний хүү сайхан гээд дандаа сайхан үг хэлдэг. Одоо шууд хувцас өмсүүлчихдэг. Сэтгэцийн процессийн тогтвор үүсэхгүй байна. Өлгийдүүлж өссөн хүүхэд өлгийгөө санадаг шүү дээ.

 Хүүхдийн тоглох үе, амьтны тоглох үе гэж байдаг. Дээд зэргийн хөгжилтэй зарим шувуу бүх хөхтөн (сүүгээр тэжээдэг амьтан) тоглодог. Хөөцөлдөж тоглоно. Зиндаагаа гаргаж зодолдоно. Нэгийгээ барина, сургуулилт, сурах процесс, дээр нь тоглох.

Тоглож  байж тоглоомоороо  дамжуулж амьдрал сурна.

А үсэг гэж тоглуулахгүй ээ. Энэ чинь хүүхдийн тоглоом биш. Түүний оронд нэг машин өгөөд эвдүүлсэн нь дээр. Хүүхэд тоглож байхдаа сэтгэхүй нь хөгждөг. Олон хүүхэдтэй айл, хүүхдээ гоё хүмүүжүүлсэн айлд дан эвдэрхий тоглоом байдаг.

Хүн юмыг задалж шинжилж , хөгждөг учраас өөрийнхөөрөө тоглож ухаан суух ёстой.  Том болоод а үсгээр тоглож байсан гэж ярилтай биш.

Хүүхэд тоглож байж хүн болно гэдэг үг байдаг.

-Ковидын дараа амьтад стресст орсон уу?

-Амьтад ковид тусаагүй шүү дээ.

Амьтанд стресс бий. Агнуурын амьтдыг агнахгүй байснаас стресст орж байгаа.

Тоо толгой нь хэт их болоод, байгальд шалгарах чадвар нь байхгүй болдог. Хүн хуучин байсныг нь эвдээд хаячихсан болохоор агнуурын амьтан давжаа болж тоо нь цөөрч байгаа. 1970-аад оны үед Шведэд ятуу их агналаа гээд хориглочихсон чинь таван жилийн дараагаас ятуу бөөн бөөнөөрөө үхээд байсан.

Хурдан үрждэг амьтан хурдан олшироод, ханиадаа тараагаад үхчихсэн байгаа юм.

Хүн хөдөлгөөн дотор нь жолоодоод орсон бол  жолоодох хэрэгтэй.

Сургалт бол нарийн. Амьтны сурах процес сонин. Нэгдүгээрт эхээсээ сурч байгаа юм. Муур тэжээдэг хүмүүс сайн мэднэ. Муурын зулзагыг айлаас авахдаа ээжийгээ дагаж шээж баадаг газраа шээж сурсан уу гэж асуух хэрэгтэй. Сурсан гэвэл авч болно. Тэгвэл мууранд шээсний сав тавьж өгөхөд өөрөө очоод шээчихнэ.

Тэгж сураагүй улаан нялцгай амьтныг авчраад сургах гэхээр сурч өгдөггүй.

Шээсэн газраа шээх гээд байдаг.

Ээжийгээ дуурайдаг. Үнээ мод шөргөөгөөд загатнуураа гаргадаг бол тугал очоод мод шөргөөгөөд загатнуураа гаргадаг. Эхийг нь муу зан сургахгүй бол үр зулзага нь муу зан сурахгүй.

Жишээ нь шавжуудыг яаж сургах вэ.

Би гэртээ Мадагсакарын жоом үржүүлж байгаа. Тэрийг хоол идэж сургах хананаас авирахгүй болгож сургах хоёр асуудал бий. Савнаас гараад явчих гээд байдаг.

-Шавж тэжээж яах гэсэн юм бол?

-Хобби л байхгүй юу. Би гүрвэл, могой, аалз тэжээдэг байсан. Ийм том аалз гар дээр явж байх ч бас гоё шүү.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img