-Таныг таван олимп дарааллаж оролцсон гэж сонссон?
-Ах нь Токио, Мексик, Мюнхен, Монреал, Москвагийн гээд таван олимпод дараалан оролцохдоо буудлагын спортоор хүч үзсэн. 1962 оноос буудлагын спортоор хичээллээд 63 онд шигшээ баг гэж анх байгуулахад тамирчнаар нь орж байлаа.
-Олимпод өнөөдрийнх шиг шалгаруулж оруулдаг байсан уу?
-Өө, тийм юм байхгүй. Тэр үед олимпийн аль ч төрөл хүний хязгаарлалт байгаагүй юм.
-Анх удаа олимпод орох үед мэдэхгүй, чадахгүй, үзээгүй дуулаагүй юм их таарсан уу?
-Мэдээлэл их муу байлаа. Дор хаяад хоолонд ороход л мэдэхгүй юм их. Тэр үед хоёр систем гэдгээрээ үзэл суртал ухуулга айхтар байсныг Японд очоод мэдэрсэн. Ямар сайндаа л Японд анх очоод метрогоор зүгээр ч явахгүй, нэг буудал яваад л бууж хараад байгаа юм чинь. “Хөрөнгөтөн оронд гуйлга гуйдаг, ажилгүй ядуу хүмүүс их байдаг” гээд сонсчихсон болохоор гуйлга гуйж байгаа ядуу хүнийг олж харах гэж байгаа нь тэр. Буугаад харна, гуйлгачин байдаггүй. Нэлээд хэдэн буудал дээр буусныхаа дараа “Манайхан Намын Их хурал, түүхт ойгоор болохгүй, согтуу улсаа Зүүн хараа, Ерөө рүү гаргачихдаг. Эд бас тэгж л дээ” гэж бодож байгаа юм. Нөгөө суртал ухуулгад нь тэгтлээ итгэчихсэн хэрэг. Японы олимпийн үеэр дэлгүүр сонирхож байгаад цуг явсан хэдээсээ төөрчихдөг байгаа. Нэг цагдаатай таараад үнэмлэхээ үзүүллээ. Тэр үед олимпод оролцож байгаа гэсэн үнэмлэх өгдөг байсан юм. Нөгөө цагдаа чинь үнэмлэх харчихаад машинд суу гэж байгаа бололтой дохиж байна. Нэг харсан чинь хажууд суусан цагдаа маань утсаар ярьж эхэллээ. Утасгүй юмаар яриад байхаар нь айснаа мартаад гайхаж хоцорно биз дээ. Нарийхан утас татсан аппаратын товчнуудыг эргүүлж л утсаар ярьдаг гэж бодож байсан болохоор үүнийг харж түүнийг гайхав гэгч л болсон. Нөгөө утсыг нь нүд салгалгүй харсаар яваад олимпийн хотхондоо ирж байлаа. Японд байхад тохиолдсон бас нэг хөгжилтэй явдал санаанаас гардаггүй юм. Олим¬пийн хотхондоо амрангаа телевиз үзэж суутал нэг хижээлдүү насны эмэгтэй найгаж ирээд дуулж байна аа. Нөгөөхөөс чинь ичиж байгаа юм. “Дууг номхон зогсч байгаад дуулдаг биз дээ. Настай хүн байж намбагүй гэдэг нь” гэсэн шүү юм бодоод ичсэндээ зурагтаа унтрааж байлаа шүү дээ.
-Таныг анхны олимпдоо орж байхад токиогийнхон монголчуу¬дын талаар ямар сэтгэгдэлтэй байсан бол?
-Их муухай ойлгуулж байсан байгаа юм. Хотхондоо байх үедээ “Сайхан гоймонтой хуурга идэх юмсан” гэсэн чинь хэлмэрчилж байсан япон залуу “танайд гоймон байдаг юм уу” гэж асууж байлаа.
-Токиогийн дараагийн олимпийн нээлтэд ямар гоёлтой оролцож байсан бэ?
-1968 оны олимп Мексикт болж байсан юм. Манайхан чинь улаан пиджак, цагаан өмд, шляпан малгайтай жигтэйхэн амьтад явж байлаа. Дээд, доодгүй олимп гэж юу байдгийг мэдчихээд явж байгаа нь тэр. Гэхдээ л Японы олимпоос дутахгүй гайхаж явсаар ирсэн. Нөгөө найгаж дуулаад байдаг эмэгтэй юу ч биш болж таарсан. Нэг өдөр олимпийн хотхонд хөнгөн хөгжимтэй, рок попынхон дууллаа. Хөлс нь гоожсон хүмүүс л сөхөрч сууж байгаад дуулж байна. Дуулж байгаа хүнийг нь хэсэг гайхаж харлаа. Хөгжөөн дэмжигчид нь бүр сонирхолтой. Жигтэйхэн баярлалдаад хачин байна гэж. “Хөлсөө гоожтол ингэж ядартлаа дуулах хэрэг юу байна, тэрийг нь ингэж хөөрцөглөж сонсохдоо ч яахав дээ, ичмээр дамшгууд вэ” гэсэн шүү юм бодоод зогсч байлаа.
-Гурав дахь олимпод орохдоо бүр догь болсон биз дээ?
-1972 оны олимп Мюнхенд болсон юм. Тэр олимпод бол өөр амьтад очсон л доо. Жижигхэн хүлээн авагчтай, тэрнийгээ чихнээсээ салгахгүй. Энэ тэр рүү нүд унагахаа байсан шүү /инээв/.
-Ингэхэд та анхнаасаа буудлагаар хичээллэдэг байсан уу?
-Миний үед чинь долдугаар анги төгсдөг байсан юм. Зургадугаар ангиасаа сургуулиас гараад хөдөө явчихсан юм. Мал дээр жил байж байгаад сургуульд сурна гээд хотод ирлээ. Ирсэн намраасаа дараа хавар хүртэл нь ачигч хийлээ. Тэгсэн нэг өдөр найз маань дагалдан бүжигчин болчихлоо гээд хүрээд ирдэг байгаа. Тэгэхээр нь гоё санагдаад шалгуултал театрт дагалдан бүжигчин болчихдог байгаа. Лхасүрэн гэж балетын багш байсан даа. Дараа нь тэр хүнд шалгалт өгч жинхлээд Ардын ансамбльд хуваарилагддаг юм байна.
-Тэгээд ансамбльдаа бүжиглэж эхэлсэн үү?
-Тайзан дээр гэхээс илүү хөдөөгүүр урлагийн баригадаар их явдаг байлаа. Орлогын төлөвлөгөө аваад гарч өгнө шүү дээ. Гурван жил бүжиглэсэн.
-Ямар бүжгүүд бүжиглэхэв?
-Заасан бүжгийг нь л хийнэ. Тэр үед сумдууд, сүүн фермээр их явна. Машиныхаа гэрлийг тавьж байгаад гадаа тоглоно. “Цаатан” гэдэг бүжиг бүжиглэдэг байснаа их тод санаж байна. “Үхэрчин” гэж бүжиг байлаа. Үхрийн толгойны баг өмсч байгаад бүжиглэнэ.
-Бүжиглэж байгаад дараа нь юу хийв?
-Чихэр боовны үйлдвэрийн печень хийдэг цехэд хэвлэгч машин дээр ажиллаж эхэлсэн. Норм төлөвлөгөө биелүүлнэ гэж жигтэйхэн. Бүр 200, 300 хувиар нь биелүүлнэ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа сайн ажиллалаа гээд дөчин мянгатад нэг хажуу өрөө өглөө. Нэг бүтэн сайн өдөр гэрээсээ гараад явж байтал буу дуугардаг юм байна. Чагнасан чинь манай хажуугийн орцны подвалиос гарч байна аа. Ороод очтол нийтийн тэмцээн болж байна. Эхлээд урт буугаар буудтал шальсангүй. Сонирхоод гурван төгрөг өгч арван сум аваад гар буу буудсан чинь гуравдугаар зэрэг хийчихлээ. Зохион байгуулж байсан хүмүүс нь секцэнд яв гэж байна. Тэгээд л буудлагаар хичээл¬лэсэн.
-Шууд зэрэг авсан гэхээр та өмнө нь буудаж байжээ?
-Огт буудаж байгаагүй. Ачигч хийсэн болохоор бие жаахан хөгжсөн байх. Бүжигчин байсан болохоор тэнцвэрийн эрх¬тэн хөгжсөн хэрэг. Эхэлж буудангуутаа гуравдугаар зэрэг авчихаар нь дараа долоо хоногийнх нь бүтэн сайнд хоёрдугаар зэрэг, тэгээд нэгдүгээр зэргээ авчих юм байна гэж бодтол байдаггүй. Арванхоёрдугаар сар гарсны дараа арай гэж хоёрдугаар зэргээ хийж байгаа юм. Хавар нь бэлтгэл хийж байж улсын аваргад ороод мастер хийж байлаа. Тэр үед мастер цөөхөн болохоор хэр мундаг цол гэдгийг нь ч мэдэхгүй тэмдгээ зүүгээд явна. Хажуугаар ижил тэмдэгтэй хүн хааяахан зөрөхөөр “Хөөх надтай адилхан тэмдэгтэй хүн байна” гэж бодоод.
-Манайхан хоёр дахь олимпоосоо анхны медалиа авлуу?
-Бөхчүүд анхны олимпынхоо дараа Мексикээс анхны медалаа авсан юм. 1980 онд Дамдин Москвагийн олимпоос мөнгө авч байсан.
-Та хэр амжилттай буудаж байв?
-Наяад хүнээс 16 -д орж байсан үе миний хамгийн дээд амжилт байсан. Монголчууд 1974 онд Ираны Тегеранд болсон Азийн наадамд анх удаа орсон юм. Тэр наадамд гавьяат дасгалжуулагч Жанцанхорлоо бид хоёр багшгүйгээр орж Азийн наадмаас анхны хүрэл медаль авч байлаа. Тэндээсээ шууд дэлхийн наадамд орох байсан ч Төв хороо зөвшөөрөөгүй учраас орж чадаагүй. 2004 онд бүх ард түүний есдүгээр спартакиадад 60 гаруй насандаа орж отгон алтан медалиа аваад л амжилт дуусч байна даа хө /инээв/.
-Тэр үед тэгсэн бол илүү амжилт гаргах байсан даа гэж харамсах үе байсан уу?
-Ялигүй харамсах сэтгэл төрдөг нь Мексик, Мюнхений олимп, ид амжилт гаргах үе минь байсан. Буудлагын спортод нэг айхтар онцлог байдаг. Техникийн спорт хэрнээ сэтгэл зүй оюун ухааны спорт ч гэж яригддаг. Нэг удаа муу буудчихаад яана аа гээд бодчиход л зүрх цохилоод болохоо байчихдаг спорт. Мексикийн олимпийн үеэр тэр үеийн олимпийн медальтнуудын амжилтыг бэлтгэлийнхээ үеэр үзүүлээд жигтэйхэн байсан юм. Гэтэл олимпоос хэдхэн хоногийн өмнө манай удирдлагууд бүх тамирчдаа дагуулж яваад бухын тулаан үзүүлдэг юм байна. Бух хүн мөргөөд байхаар ямар олиг байхав, үймрээд эхэлж байгаа юм. Хотхондоо ирээд бэлтгэлээ хийх гэтэл гар хөдөлгөөн орчихсон олигтой буудаж өгдөггүй. Яаснаа мэдэхгүй гайхаж байгаад өнгөрлөө. 1972 оны Мюнхений олимпод 50 метрт буудсан юм. Бэлтгэлээ хийж байхдаа дэргэдээ байсан таваг буудлагын тамирчдыг хэсэг сонирхлоо. Тас тас гээд л буудаж байгаа юм. Хурдан буудаад онох нь амархан гэж бодчихоод бэлтгэ¬лээ хийх гэтэл нэг л болж өгсөнгүй. Өргөөд л тас буудаад болдоггүй. Тэр үед дөрвөн жилийн өмнө бухын тулаан үзэж байгаад гартаа хөдөлгөөн оруулсанаа мэдсэн.
-Гадаадаас ирэхдээ эхнэр хүү¬хэд, ойр дотныхондоо юу авчирдаг байсан бэ?
-Одоотой адил доллар зарах биш, хоолны мөнгөнөөс илүү гарч байна гэсэн байдлаар засаг хэдэн төгрөг өгдөг байсан юм. Зуугаад доллар өгнө. Засгийн буянаар Энэтхэг, Тайланд, Япон, Куб, Канад гээд яваагүй газар ховор шүү. Социалист орнуудаас Румын, Солонгос хоёр л явж үзээгүй. Гадаад орнуудаас авгай хүүхдийн үсний хавчаараас эхлээд жижиг сажиг юм их авчирна. Тэр үед зурагтай гялгар уут том бэлэг байлаа. Тэрийг барьсан бүсгүй ганган хүүхэн харагдана шүү дээ. Барууны зурагтай футболк авчраад өмсөх гэхээр наадах чинь “энэ барааг аваарай” гэсэн зар байгаа юм гээд өмсүүлдэггүй байлаа. Гэхдээ эвийг нь олоод өмсчихнө өө (инээв).