2024-05-17, Баасан
12 C
Ulaanbaatar

Яргуйн тухай 8 баримт

  • Яргуй бол холтсон цэцгийн овогт багтдаг, хавар эрт цэцэглэдэг олон наст ургамал. Цэцэгс нь гол төлөв цар голтой, хөх ягаан өнгийн хонхон цэцэг байдаг. Дэлхийд 35 төрөл байдгийн зургаан зүйл нь Монголд ургадаг. Энэ зургаан зүйлийн тав нь хөх, нэг нь шар цэ­цэгтэй. Жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгал, нүүд­лийн мал аж ахуйтай манайх шиг орны нөхцөлд яргуй бу­сад цэцэгнээс түрүүлж ур­гадаг нь малд ашиг шимээ өгдөг тустай. Учир нь хаврын сульдсан малыг тэнх­рүүлэх увидас яргуйд бий. Тиймээс ч малчид хавар яргуйтай газар нутагладаг. Яргуй нь хүн мал аль алинд нь хүч тэнхээ өгөх ач холбогдолтой ургамал. Сонирхуулахад яргуйн хамгийн олон буюу 16 төрөл Кавказад ургадаг.
  • Уламжлалт анагаах ухаанд яргуйг эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр ирсэн түүхтэй. Тухайл­бал, Түвдийн анагаах ухаанд эртнээс энэ цэцгийн бүлээн чанарыг ашиглан арьс­ны янз бүрийн шарх, үрэвсэлт өвч­ний үед хэрэглэж иржээ. Мөн аливаа хор тайлах, хавдар хариулах, хүний биеийн хэм барих, булчир­хайн сүрьеэ, шамбрам, хо­доодны галын илчийг сайж­руулж тамир тэнхээ оруулах, шар усны өвчнийг хатаах, хуучирсан хүйтэн бэтгийг дарах зэрэгт хэрэглэдэг байж. Дэлбээг нь цэцэглэж байх үед нь эмчилгээний журмаар хэрэг­лэвэл цусны даралт буул­гадаг хэмээдэг. Мөн зөвхөн дэлбээнээс гадна үндсийг нь буцалган амьсгалын замын өвчинд уух нь нэн сайн төдийгүй халуун намдаах ач холбогдолтой аж.
  • Яргуй нь Францын бэлгэдэлт цэцэг. Хаврын цас ханзраагүй байхад хамгийн түрүүнд ургадаг хүйтэнд тэсвэртэй цэцэг учраас европууд яргуйг итгэл найдварын цэцэг гэж үздэг. Мөн эртний домогт Адам, Ева хоёр диваажингийн цэцэрлэгээс хөөгдөхөд яргуй итгэл найдвар бэлэглэсэн хэмээх нь ч бий. Хөөгдөн өлсөж даарсан Евагийн өмнө тэнгэрийн элч мэт гарч ирэн, цасыг хайлуулан дэлгэрснээрээ ийн итгэл найдварын бэлгэдэл болсон гэж домоглодог.
  • яргуйДоктор Д.Суран манай улсад ургадаг зургаан зүйлээс ээдрээт хэмээх төрлийг “Үндэс орчмын навч нь өдлөг бөгөөд үзүүр рүүгээ салбарласан байх энэ цэцэг элсэрхэг, эргийн хайрга, нуга, чулуурхаг хажуу, ойн цоорхойг голдог учир тэнд ургадаггүй. Тиймээс ээдрээт хэмээн нэрийдсэн юм. Ээдрээтийг хортой гэдэг ч хавар, зуны цагт бог мал идэх нь их. Харин бидний танил хөх яргуй бутаар ургадаг. Ээдрээтээс эрс өөр” хэмээн тайлбарласан нь бий.
  • •Яргуйн цэцэг богино хугацаанд дэлбээлээд хагдравч хур бороо сайтай жилийн намар эргээд цэцэглэдэг аж. Үүнийгяргуй хэнзлэх хэмээдэг. Дашрамд сонирхуулахад хөрсөн дээрх хэм шөнөдөө тэг болсон үед яргуй ургах нөхцөл бүрддэг юм байна.
  • Яргуй идэх нь эрүүл мэндэд сайн уу гэх асуулт бий. Энэ асуултад Биологийн олон янз байдал судлаач Н.Батсайхан “Яргуйныанагаах, сэргээх “увидас”-ны шинжлэх ухааны бодит үндэслэл, нотолгоотой ажил одоогоор олсонгүй.Харин дорнод болоод өрнөдийн ард түмний дунд уламжлалт байдлаар эрт үед ямар эмгэг, өвчинд хэрэглэж байсан тухай “саарал эх сурвалж”-д дурдсан байдаг.
    яргуйШинэ залуу ургаж буй яргуй хор, харин хатаасан нь эм болдог гэж Хятадын уламжлалт эмнэлэгт үздэг.Интернет хуудсанд дэлгэсэн мэдээгээр эрчүүд төмсөг нь хавдаж, томорсон, төмсөгний дайвар үрэвсэж хөндүүр өвчтэй үед өвчин намдаах зорилгоор хэрэглэж байж. Тэгэхдээ, төмсөг нь хавдаж үрэвсэж өвдсөн шалтгааныг мэдэхгүй уух нь эм болох уу гэдэг бол том асуулт. Тэр үед өвчинг илааршуулж байсан тухай мэдээ үгүй. Эмэгтэйчүүд “сарын тэмдэг”-ийн мөчлөг алдагдах, өндгөвч өвдөхөд хэрэглэж байсан гэх. Мөн л нотолгоо үгүй.Харин ч жирэмсэн болон хөхүүл эмэгтэй яргуй “амандаа хийх”-ийг аюултай гэж онцгойлон анхааруулсан байдаг. Түүний хоруу чанартай “бодис, нэгдэл” таны амны хөндий, залгиур, ходоод гэдэс, шээс бэлгийн замыг хүнд хэлбэрээр цочроодог. Өөрөөр хэлбэл, ядаргаа тайлах, эмнэх бус харин ч элдэв харшилтай болох магадлалтай” гэсэн хариулт өгчээ. Харин Б.Болдсайхан эмч “Яргуйг Европын ч бай, дорнын уламжлалт анагаах ухаанаар ч бай, хамгийн их судалсан. Монгол анагаах ухаанаар бол яргуй нь халуун чанартай, цус бага зэрэг шингэлдэг гэж батлагдсан. Тэгэхээр цусаа шингэлэх гэж байгаа бол заавал яргуй идэж ходоод гэдсээ шархлуулж байснаас аспирин уучхаж болно гэж хэлмээр байна. Яргуй их халуун чанартай ургамал. Хордож харшил авах эрсдэлтэй” хэмээн онцолсон байдаг. Сонирхуулж хэлэхэд яргуйнд галантамин гэдэг органик нэгдэл байдаг аж. Үүнийг нь хүүхдийн ууц нурууны татанги, мэдрэлийн төв системийн гажуудалтай холбоотой хөдөлгөөний доголдол зэргийн өвчний эсрэг хэрэглэдэг байна.
  • Яргуй идсэн ямааны мах сайн гэсэн яриа монголчуудын дунд тархсан байдаг. Энэ талаар Оточ Одь эмнэлгийг үүсгэн байгуулагч, гавъяат эмч П.Баатар эмч “Сүүлийн үед хүмүүс яргуй идсэн ямааны мах идэх сайн гэж ярих болсон нь их буруу ойлголт. Энэ бас л буруу ойлголт. Харин борцлоод хоолондоо хийвэл илүү тустай” гэсэн тайлбар өгсөн удаатай. Мөн П.Баатар эмч нэгэн ярилцлагадаа “Хавар болоход хүмүүс шинэ гарсан яргуй идвэл хүч тамир орно гэж үздэг. Гэхдээ ургаж гүйцээгүй, хор нь гараагүй байхад яргуйг идсэн ихэнх тохиолдолд могойн яр өвчин тусдаг. Монголчууд үүнийг лусын өвчин ч гэдэг. Тэгэхээр наанадаж тухайн ургамлын хор нь гарсны дараа хэрэглэх хэрэгтэй” хэмээн зөвлөжээ.

яргуй

  • Яргуй цэцгийн өдрийг тэмдэглэдэг улс бол Англи. 1984 оноос тэмдэглэх болж. Англи улсад яргуй дөрөвдүгээр сарын дундуур цэцэглэдэг аж. Яргуй буюу латинаар “галянтус” (Galanthus) – “Сүүн цэцэг” гэх энэ ургамал бараг мянгаад жилийн өмнөөс танигдах болжээ. Дундад зууны үед эвдрээгүй цэвэр ариуны бэлгэдлээр тооцож байсан яргуйг газар өөр өөрөөр нэрлэдэг. Англид цасны дусал буюу цасан ээмэг, Чехэд цасан ширхэг, Немцүүд цасан хонх гэдэг. Зөвхөн яргуй л эрт хаврын жаварыг дааж чаддаг, бусад ургамалд тийм чадвар байхгүй аж. Яргуйн төрлөөс дэлхийд хамгийн их тархсан нь цагаан яргуй. Баглаа болгож зарах болсноос үүдэж яргуйн ургац жилээс жилд буурч байгаа юм байна. Ийм шалтгаанаар яргуйн олон төрөл Улаан номонд бичигдэх болж. Оросын Улаан номонд кавказын, лагодехын, нарийн навчит, өргөн навчит, Борткевичийн, Вороновын гэсэн нэртэй яргуйн зургаан төрөл оржээ. Энэ улсад яргуйг хууль бусаар цуглуулж зарвал өндөр торгуультай. Сонирхуулж хэлэхэд яргуй цуглуулах хоббийг “галантофилия” гэдэг аж.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img