Далай лам өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Энэтхэгийн Дарамсала хотод сургааль айлдахдаа Монгол дахь буддизмын дээд лам Жавзандамба хутагтын хойд дүр тодорсон тухай айлтгасан билээ. Түвдээс гаралтай буддизмын энэхүү шашны урсгал Монголд ч мөн тэргүүлдэг. Тэрхүү шашныг Түвдэд Далай лам, Ванчин богд нар, харин Монголд Жавзандамба хутагтууд удирдсаар ирсэн түүхтэй.
Хачирхалтай нь, шашингүйн үзэлтэй, коммунист намаар удирдуулсан БНХАУ Түвдийн болон Монголын шашны удирдагчдыг Чин гүрний манж хаад шийдвэрлэдэг байсныг өвлөн авсан гэлтэй. Гэвч БНХАУ Монголын түүхэн газар нутгийн Өвөрмонгол гэгддэг нэгээхэн хэсгийг л хянаж буй. Монголын өөр нэг хэсэг ЗХУ-ын дагуул гэсэн статусаараа Хятадын өөртөө нэгтгэх амбицаас хамгаалагдаж өдгөө тусгаар тогтносон Монгол Улс болсон. Энд тэмдэглэхэд, үе үеийн Далай лам, Жавзандамба хутагт нарын шийдвэрүүд өнөөгийн Түвд, Хятад, Монголын газрын зургийг бүрэлдүүлж байсан билээ.
Далай лам 2016 онд Монголд айлчлахдаа Жавзандамбын 10 дахь хойд дүр мэндэлсэн тухай зарлажээ. (Өмнөх Жавзандамба 2012 онд таалал төгсчээ.) Далай ламын тэрхүү айлчлалын улмаас БНХАУ Монгол Улсад хориг арга хэмжээ авахад хүрсэн юм. Учир нь БНХАУ-ын Шашны хэрэг эрхлэх газар 2007 онд тавдугаар тушаал гээчийг гаргаж, Түвдийн шашин дахь аливаа “амьд Будда”, хувилгаануудыг албан ёсоор тогтоосон журмын дагуу гадаадын аливаа байгууллага, хувь хүний эрхшээлээс гадуур зөвхөн БНХАУ-ын нутаг дэвсгэрт “төрүүлнэ” гэж заажээ. Тэгвэл шинэ Жавзандамба хутагт Хятадад төрөөгүй, иймээс тус улсын Шашны хэрэг эрхлэх газраар хүлээн зөвшөөрөгдөөгүй юм.
Энд гэж хэлэхэд, 10 дахь Богд Жавзандамба хутагт хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн монгол хүү АНУ-д төрсөн тухай мэдээ бий. Учир мэддэг зарим хүн түүнийг дараагийн Далай ламын хойд дүрийг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Гэхдээ одоогийн Далай лам түүний хойд дүр тодрохгүй байж магад гэж нэгэнтээ хэлсэн билээ. Хэдий тийм ч Далай лам, Жавзандамба хутагт нарын өнгөрсөн гуравдугаар сард хэдэн зуун лам, гэлэнмаа, монгол зочдын өмнө хийсэн уулзалт маш их ач холбогдолтой. Учир нь өнөөгийн 87 настай Далай лам, 8 настай Жавзандамба хутагтын уулзалт аль 17-р зуунаас эхтэй.
Түвдийн буддизм нь дэндүү нууцлаг ухагдахуун бол Жавзандамба хутагт гэдэг ойлголт түүнээс ч дутахгүй том оньсого. Гэхдээ аль аль нь чухал. БНХАУ өнөөдөр Шинжаан, Түвд, мөн Монголын түүхэн газар нутгийн зарим хэсгийг яагаад өөртөө нэгтгэсэн, мөн тэдгээр нутаг дэвсгэр дахь уугуул хүн ам хятад үндэстний улам бүр гаарах болсон үндсэрхэг үзэл, өөртөө уусгах бодлогод өнөөг хүртэл яагаад тэсч үлдсэн нь дээрх хоёр шашны зүтгэлтэнтэй ямар нэг сэжмээр холбоотой.
ХКН (Хятадын коммунист нам) Түвдийн буддизмыг бүрэн хянах эрх мэдэлтэй гэх болжээ. ХКН 2018 онд тус улсын Засгийн газрын Шашны хэрэг эрхлэх газрын хариуцаж байсан ажлыг Нэгдсэн фронтын ажлын хэлтэс гээчид шилжүүлснээр шашны хэргийг шууд хяналтдаа авсан юм.
БНХАУ Түвдийн газар нутгийг хянадаг ч Түвдийн буддизм нь Ромын католик шашны адил олон улсад дагагчтай даяар шашин. Далай лам, Жавзандамба хутагт зэрэг эргэн төрдөг хувилгаан лам нарыг түвдээр тулку, хятадаар хуофо буюу амьд Будда гэж нэрлэдэг ажээ.
Тулкугийн удам угсаа Европ, Хойд Америкт төдийгүй Түвдийн шашин дэлгэрсэн Монгол, Хятад, Энэтхэг болон Азийн бусад бүс нутагт ч бий. Богд Жавзандамба хутагтын шинэ хойд дүр тодорсон талаар Бээжин хараахан тайлбар хийгээгүй. Хэрэв тэгвэл, Ватикан Мексик эсвэл Нигерийн кардиналуудыг сонгоход Бээжин оролцохтой агаар нэг болох юм.
Түвдийн буддизм, тэр дундаа Далай ламын тэргүүлсэн гэлүгбагийн шашин монголчуудтай анхнаасаа холбоотой. Монголын эзэнт гүрний үед гэлүгбагийн шашин хожим Чин гүрнийг байгуулсан манж нар, тэр байтугай Москва төвтэй Орос улстай зэрэгцэн босч иржээ.
Аварга том эзэнт гүрний аль ч хэсгийг захирахад хоёр зүйл шаардлагатай байжээ. Нэгдүгээрт, захирагч бээр Чингис хааны удмын хүн байх ёстой. Хоёрдугаарт, тухайн бүс нутгийн шашныг тэтгэж дэмжих нь чухал байв. Монголын эзэнт гүрний баруун хэсэгт ислам, харин зүүн дайдад Түвдийн буддизм хамгийн нөлөөтэй байсан бөгөөд монгол хаад өөрсдийгөө болон үр хүүхдээ тулку хэмээн тулган хүлээн зөвшөөрүүлдэг байсан аж.
Анх арванзургадугаар зуунд Чингисийн удмын монгол хаан Далай лам хэмээх цолыг Түвдийн бурхан шашны гэлүгба урсгалын тэргүүнд өргөмжилжээ. Тэр цагаас хойш Далай ламууд монголчуудаар дамжуулан олон улсын геополитикт багагүй үүрэг гүйцэтгэх болсон юм.
Тавдугаар Далай лам (1642-1682 онд тус албыг хашсан) болон түүний түшмэд бооцоо өндөртэй энэхүү дипломат тоглоомд гарамгай байсан юм. Тэрээр 1650-иад оны эхээр залуу байхдаа Бээжинд айлчилж, Хятадыг эзэлсэн манжуудын Чин улсын эзэн хааныг бодьсадвагийн хувилгаан Манзушир хэмээн зарлаж тал зассан. Үүнээс хорин жилийн дараа Чин улсын гол дайсан Зүүнгарын монголчуудтай харилцаагаа бэхжүүлж, Түвдэд суралцаж байсан хунтайж Галданд Тэнгэрийн нигүүлслийн хаан цол олгож байсныг мөн дурдах хэрэгтэй.
Галдан хэдийгээр Чингисийн удам биш боловч тэр үед нэр хүнд нь өргөн дэлгэрсэн гэлүгбагийн шашны тэргүүн Далай лам түүнийг хаан гэж өргөмжилснийг Зүүнгар даяар хүлээн зөвшөөрчээ.
Чухамхүү тавдугаар Далай ламын ятгалгаар Галдан хаан баян бүрдийн тариалантай, торгоны зам өнгөрдөг Уйгарыг эзлэн авсан юм. Тэгээд уйгаруудыг Или мөрний хөндийд газар тариалан эрхлүүлэхээр нүүлгэн шилжүүлснээс гадна Зүүнгарын нийслэл хотоо байгуулахад хүчин зүтгүүлжээ.
Энэ үед Манжийн Чин гүрний эзэн хаан Канши Мин улсын хятад жанжидтай удаан тэмцсэний эцэст өмнөд Хятадыг эзэлж, Тайванийг өөртөө нэгтгэсний дээр оросуудтай харилцан ашигтай гэрээ байгуулжээ. Зүүнгар түүний хувьд хамгийн аюултай сүүлийн дайсан байв. Зүүнгарын санаачилсан монгол Буддын шашинтнуудын их хуралд тархай бутархай Хөх нуур, тэр ч бүү хэл Ижил мөрний монголчууд хүртэл хүрэлцэн иржээ. Хүчээ авсан Галдан хаан орчин үеийн Монгол Улс буюу халх монголчуудыг эзлэн өөртөө нэгтгэхийг зорих болов. Тэр мөчид анхны Богд Жавзандамба хутагт тус бүс нутгийн орчин үеийн газрын зургийг бүрэлдүүлсэн чухал шийдвэр гаргасан юм.
Анхны Богд Жавзандамба хутагт нь Чингисийн удмын, ар Монголд нутагладаг халх хүн байв. Тэрээр Зүүнгарын түрэмгийлэлд өртөх аюул нүүрлэсэн халх монголчуудын хувь заяа хэрхэхийг шийдсэн билээ. Халх монголчууд Оросоос тусламж хүсэх үү? Эс бөгөөс Чин гүрэнд дагаар орох уу?
Жавзандамба хутагт Гэлүгба сүмийг ивээн тэтгэгч Чин гүрэнд дагаар орохыг илүүд үзжээ. Тэрээр 1691 онд Долоон нуурын орчимд болсон ёслолоор хэдэн арван мянган өмнөд халх түмний хамт Чин гүрний харьяат болсон юм. Нэгэнт Чингис хааны удмын хүн Манжид дагаар орсон тул Каншигийн нэр хүнд монголчуудын дунд ихээхэн нэмэгдсэн нь тодорхой. Иймээс дараагийн арван жилийн хугацаанд Чин гүрэн халх монголчуудын морин цэргийн тусламжтайгаар ар Монгол, Зүүнгарын холбоо, Хөх нуурын монголчуудын газар нутгийг эзэлж, улмаар Түвдийг өөрийн болгосон юм.
Чин гүрэн өвөр Ази дахь шинэ эзэнт гүрнээ зуун жилийн турш гайхалтай сайн удирдсан нь Чингисийн удам болон Түвдийн буддын шашинтнуудад хууль ёсны эрхийг эдлүүлж, монгол, түвд, лалын шашинтнуудын соёлд хөндлөнгөөс оролцох нь бүү хэл хятаджуулах оролдлого ер хийгээгүйтэй холбоотой. Арванесдүгээр зууны дунд үе хүртэл Чин гүрний түшмэд Монголд хууль бусаар суурьшсан хятадуудыг цаазалдаг байв.
Гэвч Чин гүрэн оршин тогтносон сүүлийн хэдэн арван жилдээ Тайпиний бослого, барууны империалистуудын шахалтаас болж ихээхэн суларч, хятад түшмэдийнхээ Манжуур, Монгол, Шинжаан зэрэг газар нутгийг Орост алдахгүй тулд хятад иргэдийг суурьшуулах бодлогыг аргагүй дэмжихэд хүрчээ. Үүгээр барахгүй мөхөхөөсөө өмнөхөн 1910 онд Түвд рүү хятадуудаас голдуу бүрдсэн арми илгээж, тухайн үеийн Далай лам Энэтхэг рүү зугтсан юм.
Харин 1911 оны сүүлээр Хятадын босогчид Чин гүрнээс тусгаар тогтносноо зарлангуут наймдугаар Богд Жавзандамба халх ноёдын хамтаар маш чухал шийдвэр гаргаж Монголыг ч мөн адил тусгаар улс болсныг тунхаглажээ. Далай лам 1913 оны эхээр Лхаст буцаж ирэнгүүтээ Монголын үлгэр жишээг даган Түвдийн тусгаар тогтнолыг ч зарлан тунхагласан түүхтэй. Ийнхүү наймдугаар Жавзандамба хутагт Монголын төрийн тэргүүн Богд хаан, Далай лам Төвд улсын удирдагч болжээ.
Анхны Жавзандамба хутагт ард түмнээ Чин гүрэнд дагаар оруулсан бол, найм дахь нь Хятадын савраас гаргасан. Тэгвэл Жавзандамбын шинэ дүрээр дөнгөж тодрооод буй наймхан настай хүүгийн мөрөн дээр дутахгүй их дарамт ачаа ирж буйд эргэлзэх зүйлгүй.