2024-10-23, Лхагва
-12 C
Ulaanbaatar

Б.Билгүүн: Иргэд шатахуунаа авдаг станцын тоолуур найдвартай эсэхийг цахимаар харах боломжтой

Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүнтэй ярилцлаа.

-Хэмжих хэрэгсэлд нүүрсний пүү багтдаг гэв үү?

-Нүүрсний хулгай, ашигт малтмалын орц гэх мэт олон асуудал яригдаж байна л даа. Энэ бүхний ард хэмжил зүйн шинжлэх ухаан хэмээх том салбар бий.
Товчхондоо газар дорх баялаг буюу нийт ард түмний баялаг зөв хэмжигдэж, экспортод гарч байгаа эсэхийг шалгах нь манай ажил.

-Таксины заалт нэлээд маргаан дагуулдаг…?

-Таксины заалт зөв зааж байгаа эсэхээс эхлээд шалгах олон ажил бий. Өмнө нь шалгаж цэгцлээд дутагдал зөрчил илэрсэн тохиолдолд арга хэмжээ авах эрх нь бидэнд байгаагүй бол одоо байдал өөрчлөгдсөн. Дор бүрд нь хариуцлага тооцоод явна.

-Хэмжих хэрэгслүүдийг жилд хэчнээн удаа шалгадаг вэ, шалгалт хийдэг байцаагчдын ур чадвар, мэргэшил нь хэр бол?

-Байцаагчийн мэдлэг, мэргэшилд эргэлзэх асуудал байхгүй. Хэмжих хэрэгслийн тухайд давтан баталгаажуулалт буюу тохиргоо нь алдагдах магадлал зургаан сар, нэг жил байдаг. Тэр хугацаанд нь давтан баталгаажуулалт хийгээд явдаг. Монгол Улс дахь хэмжих хэрэгслийн тоо, импортолсон улс, хэдийнх нь баталгаажуулах хугацаа энэ жил дуусч байгаа гэх мэт бүх мэдээлэл манайд байдаг. Энэ мэдээллээ бид хяналтын байцаагч нартаа өгнө. Өөрөөр хэлбэл эргэлзээтэй буруу заах магадлалтай, давтан баталгаажуулалтад хамрагдах хэрэгслүүдийн талаар нарийн мэдээлэл өгнө гэсэн үг. Тэр мэдээллүүдийн дагуу байцаагч нар маань хяналт тавих боломжтой.

-“Шатахуун дутуу шахаад байна” гэсэн шүүмжлэлийг жолооч нар их хэлдэг. Ус, цахилгааны төлбөр их гарлаа гэсэн гомдол ч нийтлэг дуулддаг. Эдгээр гомдлууд ер нь хэр ортой байдаг бол?

-Цахилгааны болон усны төлбөр огцом их гарлаа, тогтмол өндөр гараад байна, шатахуун дутуу шахлаа гэсэн гомдлыг иргэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ирүүлдэг. Засгийн газрын 1111 төвд ч иймэрхүү гомдол олноороо ирдэг. Энэ дагуу бид шалгалт явуулдаг л даа. Шалгалтын эцэст хэмжих хэрэгсэл дээр алдаа мадаг гарсан тохиолдол бараг байхгүй. Шатахуун дутуу шахдаг гэх гомдлын тухайд машиных нь эд анги доголдсон, хүйтэн сэрүүний улиралд ялгаатай “иддэг” гэх мэтээс шалтгаалсан байх жишээний. Нэмж хэлэхэд Монголд байгаа бүх шатахуун түгээх станцыг зургаан сар тутамд шалгадаг болсон. Энэ хугацаанд ямар нэг алдаа мадаг гарсан бол шалгалтын үеэр залруулдаг. Ус, цахилгааны төлбөрийн тухайд ус алдсанаа мэдээгүй, дундаа тоолууртай хоёр айлын нэг нь илүү хэрэглэсэн гэх мэт ахуйн шалтгаанууд л байдаг юм. Цахилгааны төлбөр их гарсан гэх гомдол нэг хэсэг маш их гарсан. Гэтэл шалтгаан нь биткойн болж таарсан. Залуус биткойн олборлодог, асар өндөр тог “иддэг” машиныг ээж, аав, хөрш, оффиссын барилга түрээслэгчдэдээ хэлэлгүйгээр суурилуулсан тохиолдол цөөнгүй гарсан шүү.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Энэ мега төслийг ажил болгоход мянга гаруй стандарт хэрэгжүүлж байгаа гэж сонссон. Тэр бүх стандарт дээр танай газар ажилладаг уу?

-Газрын тос боловсруулах үйлдвэрт мянга гаруй стандарт хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй ч бид бүтээн байгуулалтад оролцдог гэсэн үг. Ер нь бид Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон мега төслүүд болох нефть боловсруулах үйлдвэр, хийн хоолой, төмөр замтай холбоотой олон улсын стандартуудыг орчуулж, үндэсний болгож тухайн мега төслийг стандартаар хангаж ажиллаж яваа.

-Тэгэхээр газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам гэх мэт бүтээн байгуулалт анхнаасаа стандартын шаардлага хангасан төвшинд өрнөж байгаа гэсэн үг үү?

-Технологийн алдаагүй, стандартын шаардлагад нийцсэн бүтээн байгуулалт өрнөж байгаа гэж ойлгож болно.

-Мэргэжлийн хяналт тойрсон том шүүжлэл бол ерөөсөө л авлига, хүнд суртал. Мэргэжлийн хяналтын ажлыг хувийн хэвшилд шилжүүлэх яриа дуулдах боллоо. Хувийн хэвшлийг яг ямар зарчмаар яаж ажиллуулна гэсэн үг вэ?

-Мэргэжлийн хяналт гар хардаг, хүнд сурталтай гэж хүмүүс шүүмжилдэг нь үнэн л дээ. Одоо бид хуулийн том реформ хийж, хяналтын том үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх гэж байна. Хувийн хэвшил нь хувийн хэвшлээ хянадаг болно, төр оролцохгүй гэсэн үг. Салбар салбарт нь мэргэшсэн чадварлаг хувийн компаниуд бий болгоё гэж байгаа юм. Салбарынхан нь хяналтаа тавиг. Хяналтын үүрэг гүйэтгэж буй компанийг харин төр хянадаг тогтолцоонд шилжих юм. Олон улсад ийм зарчмаар яваа. Хувийн хэвшил хариуцсан салбарынхаа компаниудыг хянахдаа стандартын шаардлага хангасан бол гэрчилгээ өгнө. Энэ компани хоол үйлдвэрлэлийн стандартын шаардлага хангасан байгууллага байна гээд гэрчилгээ өгнө. Аливаа түвшний хяналтын байгууллага очиход гэрчилгээгээ үзүүлэхэд давхар хяналт хийгдэхгүй гэсэн үг. Хэрэв тухайн байгууллагад хамаатай гомдлыг аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс тавибал ШӨХТГ гэх мэт хяналтын байгууллага очиж шалгана. Зөрчил илэрвэл тухайн гэрчилгээг олгосон байгууллагатай төр хариуцлага тооцох зарчмаар ажиллана. Дэлгүүр нээх боллоо гэхэд дэлгүүрийн чиглэлээр мэргэшсэн байгууллагыг дуудаад агуулах нь ийм, түргэн мууддаг бүтээгдэхүүн хадгалдаг хөргөгч нь ийм , агааржуулалт ийм гэж үзүүлж шаардлага хангаж байвал гэрчилгээ олгох юм.

-Танайтай холбоотой ямар үйлчилгээг иргэд гар утаснаасаа авах боломж бүрдсэн бэ?

-Цахим үйлчилгээг хурдтайгаар салбартаа нэвтрүүлж байгаа. Мэдээллийн нэгдсэн бааз байгуулсан. Ингэснээр иргэд шатахуунаа авдаг станцын тоолуур найдвартай эсэхийг цахимаар харах боломжтой болсон. Энэ бол үйлчилгээгээ шилэн болгож буй нэг жишээ. Регистрийн юм уу утасны дугаараа хийснээр таны гэрт байгаа хэмжих хэрэгслүүд баталгаатай юу гэдгийг харах боломж бүрдчихсан.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img