2024-10-16, Лхагва
4 C
Ulaanbaatar

Монгол Улс төмөр замын сүлжээгээ өргөжүүлэхэд Энэтхэгийн компаниудыг татан оролцуулахыг хүсэж байна

Энэтхэгийн бизнес мэдээллийн “Mint” цахим хуудсанд ийм нийтлэл гарчээ.

“Монголоос Энэтхэгт суугаа Элчин сайд Д.Ганболд манай цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа, тус улс төмөр замын бүтээн байгуулалтдаа Энэтхэгийн компаниудыг түлхүү татан оролцуулах сонирхолтойгоо илэрхийлжээ.

Тэрээр, “Манай улс босоо тэнхлэгтэй, хойноос урд зүгийг чиглэсэн ганцхан төмөр замтай. Тэр нь Монголын газар нутгаар дамжин өнгөрч Бээжин хүрдэг Оросын Транссибирийн төмөр замын нэг хэсэг юм. Тэгвэл манай улсын цаашдын хөгжилд урдаас баруун тийш чиглэсэн хэвтээ тэнхлэгийн төмөр зам чухал шаардлагатай болж байна. Энэтхэгийн цөөнгүй компани олон улсад төмөр зам, хурдны зам зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд гаргууд мэргэшин туйлын сайн туршлагажсан. Иймд Монголд төмөр зам барих нь тэдгээрийн сонирхлыг татаж, хоёр орны хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.

Энэтхэг бол олон оронд төмөр зам барих төсөл хэрэгжүүлсэн арвин туршлагатай. RITES буюу 1974 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Энэтхэгийн төмөр замын техник, эдийн засгийн үйлчилгээний байгууллага бусад улс оронд төмөр замын дэд бүтцийн судалгаа, хөдлөх бүрэлдэхүүний зураг төсөл, тоног төхөөрөмжийн дизайн, инженерийн цогц үйлчилгээг үзүүлсээр иржээ.

RITES Энэтхэгийн төмөр замын бүтээн байгуулалтаар дамжуулсан дипломат бодлогыг хэрэгжүүлэн Ази, Африк, Латин Америкийн 55 оронд төсөл хэрэгжүүлсэн юм. Өдгөө тус компани Балба, Шри Ланк, Мозамбик, Маврикий, Бангладеш, Ботсванад төмөр зам барьж байна.

“Бид танай улсын Засгийн газартай хэвтээ тэнхлэгийн төмөр зам барих тухай хэлэлцээрийг эхлүүлээд буй. Энэхүү асуудлыг хоёр орны Засгийн газар хоорондын комиссийн энэ онд болох ээлжит хуралдаанаар идэвхтэй хэлэлцэхээр тохиролцсон.
Энэтхэг, Монголын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг бол харилцаа холбоо, зам тээврийн салбар. Иймээс ч манай хоёр улс эдийн засгийн хувьд улам ойртохын тулд тогтмол шууд нислэг үйлдэж эхлэх талаар ч мөн ярилцаж байна. Энэ жилээс эхлэн Энэтхэг, Монголын хооронд сард хоёр удаа шууд нислэг хийх боломж нээгдэх төлөвтэй” гэж Д.Ганболд хэлсэн юм.

Энд цохон дурдахад, Монголын газрын тос боловсруулах анхны үйлдвэрийг барих үйлсэд Энэтхэгийн компаниуд өдгөө идэвхтэй оролцож байгаа билээ. Энэтхэгийн Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй тус үйлдвэр 2025 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй. ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүний экспортоос бүрэн хамааралтай хэвээр байгаа Монголд энэ үйлдвэр ажиллаж эхэлснээр том дэвшил болох нь дамжиггүй. Ингэснээр, Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 70 хувийг дотоодоосоо хангаж, энэ тал дээрх хойд их хөршийнхөө нөлөөллөөс ангижрах юм.”

Монгол-ЭнэтхэгЕр нь Монгол, Энэтхэгийн харилцааг бараг гурван мянган жилийн тэртээгээс эхтэй гэж түүхчид үздэг. Эртнээс улбаатай оюун санаа, соёлын хэлхээ холбоо, мөн ардчилал, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй орнуудын хувьд Энэтхэг, Монгол нь стратегийн түншлэлийн харилцаагаа улам өргөжүүлэн бэхжүүлж буйд гайхах зүйлгүй. Манай улс чухал гуравдагч хөрш болох Энэтхэгтэй хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг гэдгээ нэг бус удаа илэрхийлсэн.

Энэтхэг судлаач, дипломатч О.Нямдаваа, “Дэлхийн өнцөг булан бүрт монгол гаралтай, өөрсдийгөө монгол гэж үздэг хүн ард цөөнгүй. Энэтхэгт гэхэд л 30 сая гаруй хүн өөрсдийгөө монгол гарал үүсэлтэй гэдэг. Энэтхэгийн зүүн хойд хэсгийн найман мужид яг монголчууд бидэн шиг зүс царайтай, хоол хүнс ижил, бидэнтэй ижил төстэй хувцас өмсдөг улсууд байдаг. Түүхийн нугачаанаас үүдэн 3000, 2000, 1500 жилийн өмнө Энэтхэгт ирж амьдрах болсон гэдэг” хэмээжээ.

Орчин цагт манай хоёр улс 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон юм. Энэтхэг нь манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны орон бөгөөд 1961 онд НҮБ-д элсэхэд гол дэмжлэг үзүүлсэн аж. Монгол, Энэтхэгийн ард түмэн газар зүйн хувьд хол оршдог ч сэтгэл санаа, соёлын хувьд ойр байдаг “оюун санааны хөрш” орнууд.

Монгол-ЭнэтхэгМонгол Улс Дели хотноо Элчин сайдын яамаа 1956 онд нээсэн бол, Энэтхэг Улаанбатарт 1971 онд Элчин сайдын яамаа байгуулжээ. БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчид Энэтхэгт 1959, 1973 онуудад хоёронтаа албан ёсны айлчлал хийж байв. Социалист бус оронд БНМАУ-ын төрийн тэргүүн хоёр удаа зочилж байсан өөр түүх үгүй.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1994 онд, дараа нь 2009 онд Ц.Элбэгдорж, улмаар Х.Баттулга 2019 онд Энэтхэгт мөн албан ёсны айлчлалаар очиж байв. Манай улсад 2011 онд Энэтхэгийн Ерөнхийлөгч Пратибха Патил, 2015 онд Ерөнхий сайд Нурендра Моди хариу айлчилсан юм.

Энд сонирхуулахад, манай улсын нийслэл Улаанбаатарт Их Британийн булаан эзлэгчдийн эсрэг Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөнийг удирдсан Махатма Гандийн гудамж болон хөшөө бий. Тэгвэл Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо Улаанбаатарын гудамж, Монголпури район байдаг ажээ.

Эцэст нь, Махатма Гандийн үйл хэргийг амжилттай үргэлжлүүлж, тусгаар тогтносон Энэтхэгийн анхны Ерөнхий сайд болсон, Монголд элэгтэй Жавахарлал Неру “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” номондоо юу гэж бичсэнийг эшлэе.

“Монголчууд дайснуудаасаа тооны хувьд хавьгүй дутмаг ч чанд сахилга бат, зохион байгуулалтынхаа ачаар тулалдааны талбарт их ялалт байгуулж байжээ. Бас Чингис хааныхаа цэргийн жанжны гайхамшигт чадварын хүчээр дэлхийг байлдан дагуулсан. Чингис хаан бол дэлхийн түүхэн дэх цэргийн хамгийн шилдэг удирдагч төдийгүй улс гүрний жолоодогч эргэлзээгүй мөн. Түүний дэргэд Македоны Александр, Юлий Цезарь нар юу ч биш. Чингис хаан өөрөө цэргийн их стратегич байгаад зогсохгүй, гайхамшигт олон цэргийн удирдагчдыг бий болгожээ. Түүний хүмүүжүүлсэн жанжид, хан хөвүүд дэлхий дахиныг донсолгож, Европын хотууд, мөн Багдадыг эзлэн түрэмгийлсэн ба аз болж Энэтхэг маань үүнд өртөөгүй.”

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img