2024-07-23, Мягмар
13 C
Ulaanbaatar

З.Цэнгэлсайхан: Шавь нарын маань талаас илүү нь “Нөхөртөө даалин оёх гэсэн юм” гээд ирж байсан

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, уран хатгамалч Задийн Цэнгэлсайхантай ярилцлаа.

-Та хэдтэй байхдаа уран хатгамал сурав?

-Уран хатгамал олон төрөл л дөө. Монгол хатгамалыг түгээн дэлгэрүүлэх гээд яваа юм.  Зүү ороох хатгамал  монгол урлал. Сургуульд ороогүй жаахан хүүхэд байхдаа авга эгчийнхээ зүү ороохыг харж байлаа. Ерэн онд Дарханы эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгогдсон юм.  Зах зээлд шилжээд хүмүүс ажил төрөлгүй болоод, өдөр болгон хүнд амьдралтай хүмүүс орж ирдэг байв. Ажил төрөл, орлого байхгүй, амьдралаа яаж дээшлүүлэх вэ гэдэг байсан. Тэр үед Д.Мөнхөө дарга Монголын эмэгтэйчүүд хорооны дарга байв. Ажлын байр бий болгодог туршлага судлахаар НҮБ-ын шугамаар бид Индонез явсан юм.

Гар урлал хийж, хүмүүс ажилтай болж, гадаад зах зээлд борлуулж байгаатай танилцлаа. Тэд ганц зүүний дугуй салфетка нэхээд Японд гаргадаг гэж байсан юм. Тэгвэл би мэддэг чаддаг зүү ороох хатгамалаараа орчин үеийн өргөн хэрэглээний олон жижиг эдлэл хийж, баахан хүн ажилтай болгоод гадаад зах зээлд гаргая гэж зорьсон юм.

Уг нь би авга эгчийгээ харж сурсан. Сүүлд Дарханы Үзмээ гээд эмч найз маань уран эмэгтэй байсан. Нөхөртөө аяганы уут, хөөрөгний даалин, оймсны хараа гээд жигтэйхэн гоё юмнууд оёчихсон.

Тэгээд би хүүхэд байхдаа сонирхож байсан юм энэ байна гээд “Яаж эхлэхийг заагаад өг, бусдыг нь мэдээд байна” гээд эхлэлийг нь найзаараа заалгаад, түүнээс хойш хөгжүүлж яваа.

  Багаасаа нэхэх хатгах оёх дуртай байв. Зургадугаар ангид байхдаа дээл оёж сурсан.

-Биднийг багад “Монгол эмэгтэй үйлэнд уран, үгэнд цэцэн” байх ёстой л гэдэг байсан даа? 

– Оёдол үйлэнд угаасаа л сонирхолтой охин байсан. Дотуур байрны хүүхэд өөр юу хийх вэ. Даалгавраа хийчихээд, орны гүржвааг гурав хоногт нэгийг дуусгадаг байсан, оймс бээлий нэхнэ. 

Анх ажлын байр бий болгоё  гэхдээ даалингаар эхэлсэн. Зүү ороох хатгамалын хамгийн том төлөөлөл хөөрөгний даалин, аяганы уут.

Би 1990 онд анхны даалингаа оёж байв.

-Анхны даалингаа хэнд зориулж байв?

-Ах маань гоё чамин эдлэлд дуртай. Ахыгаа цэрэгт яваад ирэхэд нь дээл хийж тавьсан. Ах маань миний хийсэн дээлийг өмсч айл хэсч ирээд “Наадам дөхлөө, ахдаа өлзийтэй нударгатай дээл хийж өг” гэсэн юм. Ээжээрээ анх өлзий унагахыг заалгаж, ахдаа өлзийтэй нударгатай дээл хийж өгсөн. Өлзий унагана гэж ярьдаг юм даа, өлзийгээр хээ тавина гэсэн үг л дээ. Нарийн ур шаардана. Түүнээс хойш гоё л юм харвал үүнийг ахдаа хийж өгөх юмсан гэж боддог. Анхны даалингаа ахдаа хийж өгч байсан. Хожим “Дүүгийн маань хийж өгсөн даалин урагдаад” гэхээр нь ахиж нэг даалин хийж өгч байв. Намайг дуурайгаад хүүхдүүд нь бүгд хатгадаг болсон.

-Нөхөртөө зориулж даалин хатгасан уу?

-Хоёр дахь даалингаа нөхөртөө зориулж оёсон юм. Одоогийнх шиг утас бэлэн байдаггүй. Торгоны утас, лентны утас хөвж, буцааж нийтгэж оёдог байсан. Гоё гээд хэрэглэж байсан.  Сүүлд “Зоосон ширээний сүлжмэлтэй гоё даалинтай болмоор байна” гэсэн. Тэтгэвэрт гарахаар нь зоосон ширээний сүлжмэл заагаад өгсөн. Сүлжмэл хийхэд цаг зарцуулахгүй, нөхөр хийж, даалингаа өөрөө оёдог байв. Манай хүн зоосон ширээний сүлжмэлийн мастер болсон л доо.

-Хамгийн их хүч хөдөлмөр зарцуулж үнэ хүргэсэн ямар даалин байв?

-Би бол үнэ хүргэж, бизнес хийе гэхээсээ бусад хүмүүст зааж сургаж, орлоготой ажилтай болгоё гэж хамаг цагаа зарцуулсан даа.

-Хэдэн хүн сургасан бэ?

-Бараг 15 000 шахам хүн сургасан.

-Гэхдээ алдартай уран хатгамалчийн урласан бүтээлийг авмаар байна гэж ханддаг байх даа?

-Одоо бол тэгж ханддаг болсон. Таны гараар хийсэн юмыг эдэлмээр байна гэдэг хүмүүс бий. Улсын баяраас өмнө гэсэн хоёр, гурван ч  захиалга байна.   Гэхдээ даалин биш л дээ. Даалин тийм хурдан гарахгүй, ядаж л гурав, дөрвөн сар оёно шүү дээ.

-Та  юм ярьж байхдаа ч оёж байх юм. Байнга оёж хатгаж байдаг юм уу?

-Байнга л оёно. Хатгамал дээр суурилсан соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдгийг хөгжүүлэхээр хичээж байна. Сургалт хийж баахан явлаа. Зүү ороох оёдлыг сэргээе гэж нэг хэсэг явсан. Үндэсний хэмжээнд сэргээж чадсан. Одоо үүнийгээ үндэсний уламжлалт хэв загвараар нь хүмүүст зааж сургах ажил тасралтгүй явна гэсэн үг. Сүүлийн арваад жил технологийн шинэчлэлд хувь нэмэр оруулъя. Зоосон сүлжмэл, зүү ороох хоёр дээрээ технологийн шинэчлэлт хийж байгаа юм. Тэгээд хэрэглээний шинэчлэлт рүү оруулж байгаа гэсэн үг.

-Хэрэглээний шинэчлэлт гэхээрээ яана гэсэн үг вэ?

-Соёлын бүтээлч үйлдвэрлэл гээд уламжлалт  хөөрөгний даалин, аяганы уутаас илүү, нэрийн хуудасны гэр, түрүүвч, паспортын уут, цүнх сав,  дээл хувцас гээд хийхгүй юмгүй.

-Уран хатгамал гэдэг хатан ухааны үндэс гэж  та хэлсэн байл уу?

-Олон юмнаас судлаад тэгж хэлсэн л дээ. Монголчууд эмэгтэй хүн үйлэнд уран, байхыг чухалчилж байсан юм билээ. Эзэмшвэл зохих есөн эрдмийн тэргүүнд үйлэнд уран байх. Түүний учир шалтгаан юу юм бол гээд сонирхож үзсэн. Уран бэрийн нүүдэл гэж ярьдаг. Яагаад цэцэн бэрийн нүүдэл гээгүй уран бэр гэсэн юм. Уран хүнээс бурхан ухаан гардаг. Дархан хүн бурхан ухаантай гэдэг шүү дээ. Үйл урлах нь нэг ёсондоо эмэгтэй хүний том сургууль байсан шиг. Амьдрах ухааны бүх талын мэдлэгийг үйл урладаг чанараас авдаг. Ур дүйтэй байх чадвар, оюун санааны хөгжил, үр хүүхдээ захирч сурах, цаг ашиглалт хүний амьдралд хэрэгцээтэй мэдлэгийг үйл урладаг соёлын өвөөсөө авч байж.

-Үйлэнд уран гэдгээрээ  түүхэнд үлдсэн хатан байдаг уу?

-Дондогдулам хатныг уран хүн байсан гэж сонссон. Сангай аймаг гэж урчуудын том аймаг толгойлж байсан. Өөрийнх нь урласан юм гэж гараараа барьж үзээгүй ч  өөрөө уртай байж тэр олон урчуудаар  юм хийлгэнэ шүү дээ. Хүний оюун ухаан, ур чадварыг бий болгодог юм үйл урлах соёл юм.

-Төрийн сүлдийг та уран хатгамалаар хийсэн юм уу?

-Зүү ороох хатгамалаар урласан. Богд хаант Монгол Улсаас өнөөдрийг хүртэл  таван сүлдийг уран хатгамалаар хийсэн. 1940-1960 оны сүлд нэг нь монгол бичигтэй, нөгөө нь крилл бичигтэй хоёр янз байдаг юм.  Зүү ороох хатгамалаар ямар ч нарийн дүрсийг оёж болдог. Хамгийн  нарийн оёдолтой нь Цагаан шүхэрт бурхан. Зөвхөн зүү ороож оёсон. Зүү ороох хатгамалаар нэг зураас гурав болж харагддаг.

-Та ямар бүтээлээрээ хамгийн их бахархдаг вэ?

– Би орон нутагт төрийн албанд олон жил удирдах ажил  хийсэн. Төрөөс гарсан шийдвэрийг уран бүтээлтэйгээ холбох сонирхолтой. “Миний эх орон мөнхөд мандан бадраг” цуврал бүтээл хийсэн.   “Монгол төрийн бэлгэдлийн цомог” бүтээлийг  метр 15 метр 30-ийн харьцаатай хоёр том бүтээл хатгамалаар оёсон. Төрийн долдоон эрдэнээс авхуулаад, төрийн сүлд, туг далбаа, төрийн дуулал гээд бүх юмыг оруулсан. Монгол бичгийн бичээсийн төрлүүдийг хүртэл багтаасан юм. Тэр бол үнэхээр бахархмаар бүтээл. Төрөө дээдлэх үзлийг шингээсэн. Тэрний нэг нь энэ “Хүндэтгэлийн даалин”.

-Энэ ямар том даалин бэ?

-Хоёр метр 25 см урттай. 85 см өргөнтэй.

Хүндэтгэлийн даалинг  Богд хааны эдэлж байсан даалингийн хээ загвараар оёсон юм.

Богд хаан шашин төрийг хосолж барьж байсан тухайн үеийн Монголын төрийн тэргүүн байсан хүн шүү дээ. Тухайн үеийн төрийн тэргүүн байсан хүний даалинг хүндэтгэлийнх болгосон. Ерөнхийлөгчийн гэр өргөөнд орж учиг шингээж байлаа.

-Олуулаа оёсон юм уу?

-Бэлгэдлийг бодож 108 хүнээр учиг шингээлгэсэн. Энд найман эрэгтэй оролцсон.

Зүү ороох хатгамал, зоосон ширээний сүлжмэл, загасан нуруу гурван төрлийн соёлын өвийн амжилтуудыг дандаа ахиулж хийсэн.

-Таны сургасан олон хүнээс хатгамалаар дагнаад хоолоо олж идэж байгаа нь олон байдаг уу?

-Зөндөө олон байлгүй яах вэ. Хатгаж сураад, анхныхаа бүтээлийг хийхэд л ойр тойрны хүмүүс захиалга өгөөд эхэлдэг шүү дээ.

“Эх нь хээр алаг бол унаган нь шийр алаг” гэж үг байдаг даа. Хүний зан төлөв хүмүүжил төлөвшил талд нь голдуу хэрэглээд байдаг. Одоо шинжлэх ухаанаар гадаад дотоодгүй нотолж байна даа.

Хүний оюуны чадамж цусан төрлөө дагаад ээжээсээ удамшдаг гэж шинжлэх ухаан тогтоосон. Эх нь эрдэм, ухаантай,  чадвартай байвал хүүхдүүд нь оюунлаг байна. Түүнийг манай өвөг дээдэс мэддэг байсан учраас эмэгтэй хүнийг уран байлгахыг чухалчилж байж.

-Танай охин  бас өвлөн уламжлагч байх аа?

-Охин  С.Ганцэцэг  дээд зэргээр мэргэшсэн шүү дээ. Арван настайгаасаа эхлээд намайг дагаад оёсон.

-Хүү чинь бас уртай юу?

-Бага хүү маань зоосон ширээний сүлжмэлийн мастер.  Аавыгаа бурхан болсны дараа хийж байсныг нь  өвлөж сурна гэсэн юм. Зоосон ширээний сүлжмэл гэдэг ийм олон янзын туузыг  сүлждэг. Уламжлалт сүлжмэлүүд бий. Миний баяжуулж гаргасан сүлжмэлүүд ч бий. Зөвхөн зоосон ширээний сүлжмэлээр хийсэн даалин ч бий. Мөн л уламжлалт соёлын өв шүү дээ.

-Та эмчээр ажиллаж байх хугацаандаа оёдог байсан уу?

-Эмч байхдаа сонирхож эхлээд, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болоод бүр энэ рүүгээ орж, хүүхнүүддээ зааж эхэлсэн. 1987 онд Дархан хотын Хүүхдийн больницын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаа сонгогдоод, түүнээс хойш удирдах ажил хийгээд явсан. Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийг  23 жил орон тооны бусаар толгойлсон л доо. Аймгийн захиргаанд тамгын газрын дарга, Хууль зүйн хэлтсийн дарга ч  хийж байсан.

-Ерээд онд та бүхний хийсэн гар урлалын бүтээл хэр борлогдож байв?

 -Даалин захиалгаар хийж эхэлсэн юм. Тэр үед даалин 25000 төгрөг байлаа. Одоо бол даалин дээд тал нь 10-20 саяд хүрч байна шүү дээ. Монголчуудын чамин тансаг юм эдэлж хэрэглэх хүсэл эрмэлзэл нь энэ хүмүүсийг уран хатгамал урлахад нөлөөлж байна. Хамгийн гоё даалинг нөхөртөө хийж өгнө, хүндэлсэн хүндээ хийж өгнө гэдэг. Зүү ороох хатгамал хайр хүндэтгэлийн урлал.

-Өөрийн гараар нөхөртөө даалин урлаж өгөхийг хүссэн  бүсгүйчүүд ханддаг уу?

-Шавь нарын дийлэнх нь тэгж ханддаг. Эхлээд би “Ямар зорилгоор манайд хандав” гэж судалдаг байсан. “Нөхөртөө даалин оёх гэсэн юм” гэж талаас илүү нь хэлж байсан.  Зарим нь бизнес хийх гэсэн юм,   сурмаар байна гэдэг.

Цагаан сарын дараа сурах гэсэн хүмүүс их ирдэг байв. Хүмүүсийн даалинг хараад нөхөртөө оёж өгье гэдэг сэдэл төрдөг юм  байна л даа.

Манай гэрт нэг залуу эмэгтэй шинийн дөрвөнд ирээд “Яг одоо л даалин хийж сурмаар байна” гэсэн юм. Тэгээд их гоё оёж сурсан юм. Айлын отгон хүүхэд гэж байсан.  Тэр бүсгүй ярьсан юм. Цагаан сарын өмнөхөн нөхөр нь даалинтай болъё гэж л дээ. “Мөнгөн завьяа” дээр ирээд нэг даалингийн үнэ асууж гэнэ. Гурван сая гэхээр нь буруу сонсчихов уу гэж итгэж ядаад “Мишээл экспо”-д ирсэн чинь дөрөв, таван сая,  бүүр түүнээс ч үнэтэй  байж.  Нөхөр нь нэгийг авчихъя л гээд байна гэнэ. “Ер нь би оёчих юм шиг байна, чадах юм шиг санагдаад байна. Чи энэ удаагийн цагаан сарыг өнгөрүүлчих, би чамд даалин оёж өгье” гэж. Тэгж нөхөртөө амлачихаад ирж сурсан юм билээ. Даалин оёж өгөхөд нөхөр нь “Би дэргэдээ байсан эрдэнийг мэдэхгүй явсан байна” гэж хэлсэн гэсэн.

Дарханд Эмэгтэйчүүдийн ордонд даалин, дээл оёх сургалт хийдэг байхад Архангайгаас айлд айлчилж ирсэн нэг охин ирж сурсан юм. Ээж нь хүнийг “Арван нөхөр ч хаяж болно, арван хуруу чинь хаядаггүй юм” гэж хэлсэн юм билээ.

-Уран хатгамал хатгаж  суух бясалгал болдог гэсэн үү?

-Ялангуяа зүү ороож суухад орчноос тасарна шүү дээ. Орчноос тасарна гэдэг бясалгал. Америкт хатгамалаар эмчилдэг эмчилгээний арга гарсан гэнэ. Үүнийг оёж байхад муу юм бодогдохгүй. Сэтгэл тавгүй байвал хатгамал хатгаж суухад бүх юм мартагдана шүү дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img