2024-10-08, Мягмар
5 C
Ulaanbaatar

Оюу толгой 2010 оноос хойш 9.2 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төлжээ

“Оюу толгой” компани 2023 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн олборлолтын явцаа өнөөдөр танилцууллаа.
Тус төслийнхөн 21 дэх хүдэр буулгуурыг аюулгүй тэсэлж, гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэнээ мэдээлэв. Ингэснээр нэг жилд олборлох зэсийн хэмжээг 500,000 тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэх алхам нээгдэж байгаа аж. Оюутолгой төслийнхөн 2028-2036 оны хооронд, гүний уурхайд хэдэн зуун хүдэр буулгуурыг тэсэлснээр дээрх зорилтод хүрэх төлөвлөгөөтэй байгаа юм.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Бид 2023 оны эхний улиралд өөрсдийн төлөвлөгөөний дагуу зорилтоо биелүүлж, түүхэн үйл явдлыг хамтдаа бүтээлээ. Өнгөрөгч гуравдугаар сард бид хөрөнгө оруулагчид, Монгол Улсын Засгийн газрын төлөөллүүд, орон нутгийн удирдлагууд, Оюу толгойн хамт олон, гэрээт ажилтнууд, бүхий л цаг үед хамтран ажилласан зөвлөхүүд, түншүүд болон орон нутгийн ард иргэдийн хамт Оюу толгойн Гүний уурхайн олборлолтын нээлтийг тэмдэглэн өнгөрүүллээ. Бидний бүтээсэн энэхүү амжилт нь дан ганц бидний бус харин Оюу толгойд хүч хөдөлмөрөө зориулсан ахмад, дунд, залуу үе болон түншүүдийн маань их ажлын үр шим билээ. Цаашид бизнесээ үргэлжлүүлэн аюулгүй, тогтвортой, ашигтай ажиллуулах арвин үйлс биднийг хүлээж байна. Бид цаашид техник, технологийн чадавхыг бэхжүүлэхийн сацуу манлайллыг дэмжих замаар бизнесээ хөгжүүлж, хүний нөөц, орон нутаг, байгаль орчны чиглэлээр өгсөн амлалтаа биелүүлэн ажиллах болно. Гагцхүү бид одоогийн түншлэл, нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажилласнаар тус амлалтаа биелүүлэх юм” хэмээн онцоллоо.

 Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 куб метр ашигладаг бол Оюу толгой нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 метр кубээс бага (2023 оны 1- р улиралд 0.4 куб метр ус ашигласан) ус ашигладаг, дэлхийн усыг хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайнуудын нэг юм. 2022 онд Скэрн Ассосэйшн (Skarn Associates) хэмээх бие даасан судалгааны байгууллагаас ижил төстэй 157 уурхайн усны хэрэглээнд хийсэн судалгааны дүнд Оюу толгой нь усыг хэмнэлттэй ашигладаг зэс олборлогчдын эхний 25 хувьд багтсан билээ. Оюу толгойн уурхайн хэрэгцээнд “Гүний хоолой”-оос татаж буй усны хэмжээг Ханбогд сумын байгаль орчны байцаагч, улсын байцаагчид сар бүр шалгаж, баталгаажуулдаг байна. Онцолж хэлэхэд Оюу толгойн нийт ус ашиглалтыг Олон улсын санхүүгийн корпорацын нэрийн өмнөөс жил бүр хөндлөнгийн бие даасан байгууллага шалгаж, таван жил тутамд аудит хийдэг. Хамгийн сүүлийн таван жилийн аудитыг Эрдэнэ Дриллинг компани 2021 онд хийж дуусган Оюу толгойн ус ашиглалтын мэдээлэл үнэн зөв болохыг баталгаажуулжээ.

Дашрамд дурьдахад Оюуолгой төсөл татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 89 сая ам.доллар буюу 312 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газарт төлөөд буй.  Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 3.98 тэрбум ам.доллар буюу 9.2 их наяд төгрөгийг дээрх хэлбэрээр төлсөн гэж мэдээллээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img