2024-11-07, Пүрэв
8 C
Ulaanbaatar

Дэлхийг аврах төлөвлөгөө ба ногоон хувьсгал

Дэлхий даяар байгалийн гамшигт үзэгдэл ихэсч байна. Байгалийн энэ ширүүн савлагаа хүний буруутай үйлдэлтэй холбоотойг цэнхэр гарагийн бүх улс хүлээн зөвшөөрсөн. Шинжлэх ухааны дүгнэлтээр бол 2050 он гэхэд амьдрал орших, эс орших нь эргэлзээтэй болсон цаг үед хүн төрөлхтөн аж төрж яваа. Байдал иймдээ хүртэл хурцадсан учраас Парисын гэрээнээс хойш дэлхийд асар том бодлогын тектоник хөдөлгөөнүүд өрнөсөөр байгаа юм. Монголчуудын хувьд дэлхийд өрнөж буй эдгээр өөрчлөлтийг мэдэж байх нь аминд өлзийтэй болоод байна.

Парисын гэрээ

Дэлхийн удирдагчид нэг асуудал дээр санал нэгдэх нь өдрийн од шиг үзэгдэл. Харин ийм үйл явдал 2015 оны арванхоёрдугаар сарын 12-нд Парис хотод болсон юм. Дэлхийн 196 орны төлөөлөл НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн чуулганы үеэр хүний нөлөөгөөр дэлхийн уур амьсгалд өөрчлөлт орж байгааг хүлээн зөвшөөрч, арга хэмжээ авах амлалтаа “Парисын гэрээ”-гээр баталгаажуулсан түүхтэй.

Уур амьсгалын өөрчлөлт ба төгсгөл

Шинжлэх ухааны төлөөллүүд уур амьсгалын өөрчлөлтийг дэлхийн дулаарал гэж ерөнхийлөн томьёолохоор санал нэгдсэн. Дэлхийг хүний биетэй адилтгаж үзвэл хүн төрөлхтний байгалийн зарчмыг зөрчсөн үйлдлүүд цэнхэр гарагаа өвчлүүлээд байна. Нэгэнт эхэлсэн өвчлөлтэй тэмцэхийн тулд дэлхий халуурах хариу үйлдэл үзүүлж байгааг дэлхийн дулаарал гээд ойлгочихож болно. Дэлхий ээжийн биеийн хэвийн дулааныг аж үйлдвэржилтийн зуунаас (1800 он) өмнөх үеийн температураар босго тавьж тогтоосон байдаг. Тэр түвшинээс 2 градусаар ихсэхэд л гал усны гашуун зовлон тохиож, амьдрах нөхцөлгүй болох шинжлэх ухааны нийтлэг дүгнэлтүүд бий. Шинжлэх ухааны эдгээр дүгнэлттэй маргалдах хүн гарч болох ч байгальтайгаа зохирон амьдрах зөн совинг үгүйсгэх хүн ховор байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлах зорилтууд

Парисын гэрээний хүрээнд дэлхийн дулаарлыг 1.5 градуст барихаар дэлхий нийтээрээ зориг шулуудчихсан яваа. Одоогоор 1.1 градусаар дулаарсан гэх мэдээтэй сууцгааж байна. Дулаарлыг хязгаарлахын тулд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд улс орнууд толгой дохин санал нэгдчихсэн. Хүн төрөлхтөн 2030 он гэхэд хүлэмжийн ялгаруулалтыг 45 хувь бууруулах зорилго тавьсан бол 2050 онд илүүдэл хүлэмжийн хийн ялгаруулалтгүй (бүгд байгалийн зарчмаар шингэдэг) болох зорилт тавиад байгаа. Энэ тодорхой зорилтыг мөрдлөг болгохоор 70 гаруй улс орон, 1200 компани, 1000 гаруй хот, 1000 орчим боловсролын байгууллага, 400 гаруй санхүүгийн байгууллага нэгдээд байна. Манай улсын Ерөнхийлөгч 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь хүртэл бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх зорилгоор тэрбумаар тоологдох мод тарьж ургуулахаа 2021 онд НҮБ-ын индэр дээрээс амласан.

Хүлэмжийн хийн гол эх үүсвэр нь эрчим хүч үйлдвэрлэл

Хүлэмжийн хийн ялгарлын 75 хувийг эрчим хүчний салбар эзэлдэг. Хүн төрөлхтний эдийн засгийн цойлолт, хотжих үзэгдлийг дагаад нэгж талбайгаас гаргах эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх гарцаагүй шаардлага үүссэн. Бүр тодруулж хэлбэл эрчтэй хөгжиж буй хүн төрөлхтөн модноос нүүрс, нүүрснээс газрын тос, газрын тосноос байгалийн хий гэсэн шатлалаар эрчим хүчний агууламж өндөртэй түлш рүү шилжих зайлшгүй шаардлагатай тулгарсан юм. Шилжих гэхээс илүү шинэ эх үүсвэрүүдийг нэмсэн гэвэл байгаа оносон тодорхойлолт болно. Учир нь уламжлалт эрчим хүчний хэрэглээ багасаагүй, харин ч ихэссэн үзүүлэлттэй яваа.

ойЭх сурвалж: Quantum Energy Partners

Эрчим хүчний агууламж өндөр байх тусам хүлэмжийн хийн ялгарал ихсэх зүй тогтол ажиглагддаг. Сонирхолтой нь хэрэв хүн төрөлхтний эрчим хүчний хэрэглээ энэ хэвээр хадгалагдвал 2052 он гэхэд дэлхийн газрын тосны нөөц дуусах тооцоолол бий. Гэхдээ түүхий эдийн нөөц дуусахаас өмнө байгаль өөрөө “их цэвэрлэгээ” хийх магадлал өндөр гэдгийг онцолъё.

ой

Эх сурвалж: Жон ван Залк – Паул Беренс (Эрчим хүчний бодлого 123-р дугаар, 2018 оны 12-р сар, 83-91 хуудас); Дэлхийн цөмийн эрчим хүчний холбоо
Үүнээс гадна хүний нийгмийн түүхэн хөгжлийн явцад нэг хүний эрчим хүчний дундаж хэрэглээ дөрөв дахин өссөнийг доорх графикаас харж болно.

ойЭх сурвалж: Ваклав Смил, Ангус Маддисон

Нэгжийн эрчим хүчний хэрэгцээ өсөхөөс гадна энэ хугацаанд дэлхийн хүн ам огцом өсөх нь. Өөрөөр хэлбэл дэлхийн хүн ам 2050 он гэхэд хоёр орчим тэрбум хүнээр нэмэгдэх тооцоо гараад байна. Үүнээс гадна дундаж орлоготой иргэдийн тоо илүү хурдтай өсөх таамаг бий. Дундаж орлоготнууд бага орлоготой иргэдээс 135 хувиар илүү эрчим хүчний хэрэглээтэй аж төрдөг юм.

ойЭх сурвалж: Дэлхийн банк

Үүнээс харахад дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах гурван зам байна:
1. Нэгж хүний хэрэглээг багасгах
2. Хүн амын тоог багасгах
3. Хүлэмжийн хийн ялгарал багатай эрчим хүчний шийдэл рүү шилжих
Эхний хоёрыг ухамсартайгаар сонгох боломжгүй гэдэгтэй улс орнууд эвлэрсэн учир гурав дахь замыг сонгож “дэлхийг аврах төлөвлөгөөнд” нэгдээд байгаа. Хэрэв гурав дахь арга амжилтгүй болбол байгаль дэлхий “эрх мэдэл”-ийнхээ хүрээнд нэг, хоёрдугаар арга замыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй болох нь ойлгомжтой.

Үндсэн шийдэл нь сэргээгдэх эрчим хүч

Нүүрс, газ, нефтээс гаргах эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр солих шаардлага тулгарч байна. Дараагийн 20 жилд шингэн түлшний 70 хувь, байгалийн хийн хэрэглээний 60 хувийг солих эрэлт хаалга тогшиж буй. Физик чанараараа дулааны эрчим хүчнээс цахилгаан эрчим хүч рүү шилжих хөдөлгөөн хийгдэнэ гэсэн үг. Үүнийг “цахилгаанжуулалт” гэж томьёолж буй. Бүр тодруулж хэлбэл дараагийн 10 жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дөрөв дахин, цахилгаан автомашины тоог 18 дахин шаардлага үүсчихсэн. Үүнийг хийхэд 4.2 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн тооцоо бий.

ойЭх сурвалж: Олон улсын эрчим хүчний агентлаг

Түүнээс гадна байгалийн хий, цөмийн эрчим хүч онцгой ач холбогдолтой. Учир нь сэргээгдэх эрчим хүчний хувьд тасалддаг гэх сул тал бий. Ийм учраас тэнцвэржүүлэх чадамжтай суурь эрчим хүчний эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байна.

Шинэ технологиуд

ойЭх сурвалж: Олон улсын эрчим хүчний агентлаг

Энэхүү технологиудыг амжилттай нэвтрүүлэхэд 90 тэрбум ам.доллар, олон улсын нягт хамтын ажиллагаа шаардлагатай.

Зарим түүхий эдийн хэрэглээ огцом өсөх нь

Цахилгаан машин, нарны панел, салхин сэнс гэх мэт ногоон технологиудын тухайд эрдсийн маш өндөр хэрэглээ шаарддаг онцлогтой.

ойЭх сурвалж: Олон улсын эрчим хүчний агентлаг

2030 оны зорилтод хүрэхэд зарим нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэх шаардлага бий. Гэвч дэлхийн ашигт малтмалын салбарт аливаа нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг 100 хувь нэмэгдүүлж байсан түүх өнөөхөндөө алга. Гэтэл хүн төрөлхтний өмнөө тавьсан зорилгыг харахаар уул уурхайн зарим бүтээгдэхүүний нийлүүлэлтийг доод тал нь 300 хувь нэмэх бодит шаардлага үүсчихээд байна. Ингээд харахаар ногоон технологид шаардлагатай эрдсийн үнэ огцом өсөхөөс аргагүй болчихсон гэсэн үг. Уул уурхайн зарим бүтээгдэхүүний үнэ 2020 оноос хойш өсөөд эхэлснийг энэ дамшрамд онцолъё.

ой

Эцэст нь онцлоход манай улс дараагийн түүхий эдийн суперциклийг зөв ашиглавал бидэнд асар өндөр боломж харагдаж байна!

Эх сурвалжMIRA
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img