2024-10-21, Даваа
-4 C
Ulaanbaatar

Манай гараг дээрх хамгийн том бульдозерууд

Уул уурхай, барилга зам гүүр, аж үйлдвэрлэлийн салбарт зориулсан хүчин чадал, бүтээмж өндөртэй асар том овор хэмжээтэй бульдозер үйлдвэрлэх хэд хэдэн оролдлого хүн төрөлхтний түүхэнд гарч байв. Гэвч том бульдозер үйлдвэрлэх зардал хэт өндөр, ажлын бүтээмж бага, засвар үйлчилгээ, ашиглалтын зардал өндөр гээд яривал эдийн засгийн хувьд ашиггүй үр дүн гарах нь олонтоо байлаа. Дэлхий дээр үйлдвэрлэгдэж буй хүнд машин техникүүдийг хамгийн том, хамгийн хүчтэй, хамгийн бүтээмж өндөр гэх мэтээр техникийн үзүүлэлтүүдээр нь шалгаруулан жагсаах тохиолдол бий. Тэр жишгээр гинжит бульдозерыг овор хэмжээ хүндийн жин, хөдөлгүүрийн хүчин чадал, ажлын бүтээмж, найдвартай ажиллагаа, олон талт үйл ажиллагаа, зардал ба үнэ өртөг, эдийн засгийн ашигт ажиллагаа гээд олон шалгуур үзүүлэлтүүдээр үнэлэж дүгнэн жагсааж болох юм. Бульдозерын үндсэн үүрэг бол трактор дээр суурилагдсан түрэх хусах төхөөрөмжүүдийн тусламжтайгаар газрын гадаргууг тэгшлэх. Үүнээс гадна овоолго шороог түрж зайлуулах ч бульдозерын нэг гол үүрэг. Манай гараг дээрх хамгийн том бульдозерын тухай танилцуулахаас өмнө бульдозерын үүсэл хөгжлийн тухай товч мэдээлэл хүргье.

Бульдозер үйлдвэрлэсэн түүх:

Анх 1886 оны үед том калибрын гар бууг бульдозер хэмээн нэрлэж байсан үе бий. 1800-аад оны сүүлээр дурын түлхэх хүчийг бульдозер гэж ойлгох болж. Нэлээд хожуу 1929 оноос тракторыг тусгайлан тоноглож шороо түрэх хутга суурилуулан барилгын салбарт газар шорооны ажилд ашиглах болсноор бульдозер гэж нэрлэх болсон түүхтэй.

Анхны бульдозерууд хэт том овор хэмжээтэй, хүч ихтэй, маш их дуу чимээ гаргадаг учир бараг хоч нэр болгон бульдозер гэж нэрлэсэн байж ч магадгүй. Энэ үг орос хэлэнд 1950-иад онд орж ирсэн байдаг (to bulldoze-англи хэлний газрын хөрсийг эвдлэх сэндийлэх гэсэн утгатай үг.

Бульдозер бий болсон анхны алхам бол трактор зохион бүтээсэн явдал гэж үздэг. Английн зохион бүтээгч Уильям Говард 1850-иад онд газар хагалах үйл ажиллагаанд уурын хөдөлгүүрт тэрэг ашиглах санааг сэдсэн байна. Их Британд XIX зууны сүүлийн хагас гэхэд 2000 ийм газар хагалагч уурын хөдөлгүүрт машин ажиллаж байсан хэмээдэг. Орос оронд анхны гинжит тракторыг Никольское Саратов мужийн тариачин эр Федор Блинов угсарч байж. Сонирхуулж хэлэхэд 1879 онд төмөр замгүй (рельсгүй) замаар ачаа тээвэрлэх вагон гэсэн нэрээр патент авсан байдаг. Энэ машин нь 20 морины хүчтэй уурын хөдөлгүүрээр ажилладаг байжээ. Хөдөө аж ахуй аж үйлдвэрийн салбарт ашиглахад тохиромж муутай хөдөлгөөн удаан хэт том овор хэмжээтэй байсан гэдэг.

Хамгийн анхны аж үйлдвэрийн зориулалттай уурын хөдөлгүүрт гинжит тракторыг (трактор Холта) 1904 онд АНУ үйлдвэрлэжээ. Түүнээс гадна анхны бензинээр ажиллах дотоод шаталтын хөдөлгүүрт гинжит тракторыг 1906 онд үйлдвэрлэсэн байна.

Америкийн инженер Даниель Бест, Бенджамин Хольт нар 1921 онд «Caterpillar» компанийг үүсгэн байгуулж трактор дээр шинээр түрэгч төхөөрөмж суурилуулан үйлдвэрлэж эхэлснээр бульдозерын үүсэл хөгжил эхэлсэнд тооцдог. Түүнээс хойш 1931 онд аж үйлдвэрлэлийн зориулалттай дизель хөдөлгүүрт гинжит трактор буюу бульдозерыг үйлдвэрлэж эхэлсэн юм.

Тэр үеэс хойш бульдозер нь хэлбэр загвар, овор хэмжээ, даац жин, техник технологийн хувьд маш хурдацтай дэвшин хөгжиж ирсэн билээ. Тэр тусмаа дэлхийн I дайны дараа бүр ч хурдацтай хөгжин дэвшиж илүү сайжирсан түүхтэй. Энэ огцом хөгжил дэвшлийн үед бульдозерын гидродинамик, гидростатик явах эд ангиуд, гидравлик дамжуулгын систем, гидравлик өргөх төхөөрөмж, удирдлагын мэдрэгч төхөөрөмжүүдийг зохион бүтээж улам боловсронгуй болгожээ. Эдгээр үндсэн тулгуур өөрчлөлтүүдтэй холбоотойгоор бульдозерын бусад эд анги техник үзүүлэлтүүд улам боловсронгуй болж хөгжиж дэвшин сайжирч ирсэн түүхтэй.

Авaрга том овор хэмжээтэй бүтээмж өндөртэй бульдозеруудыг барилга, зам гүүр, уул уурхай, ой мод боловсруулалт, цэрэг батлах хамгаалах гээд олон салбарт ашиглах боломжтой. Ер нь асар том овор хэмжээтэй өндөр үнээр үйлдвэрлэсэн хүчин чадал өндөр техникүүдийг ашиглах худалдан авагчид уул уурхайн салбарт багагүй тоогоор байдаг нь бульдозер үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэл бизнесийн үйл ажиллагаанд асар том дэмжлэг болдог юм.

Дэлхий дээрх хамгийн том бульдозеруудын танилцуулга:

Бульдозерын нэр марк
1. Aссо Superdozer:

Дэлхий дээрх хамгийн том бульдозерыг 1980 онд Италийн «ACCO» компани үйлдвэрлэсэн юм. Энэ (Aссо Superdozer) бульдозерын ихэнх эд ангийг АНУ-ын CATERPILLAR компанид тусгай захиалгаар хийлгэжээ. Захиалагчийн улс болох Лива худалдааны хоригт орсон учраас энэ бульдозер захиалагчдаа очилгүй, өнөөг хүртэл Италид хадгалагдан үлдсэн юм. Энэ түүх Ливи улсын удирдагч хурандаа Каддафийн дэглэмийн үед хамаарагдана.

AccoSuperdozerAссо Superdozer:

2. KOMATSU D575A-3 SD:

Өнөөдөр манай гариг дээр хөдлөж үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том бульдозер бол KOMATSU D575A-3 SD загварын бульдозер юм. Түүнийг Super Dozer гэж нэрлэдэг. 1989 оноос үйлдвэрлэж эхэлсэн хүнд машин механизмууд дундаа хамгийн хүнд жинтэйд тооцогдож байна. Ашиглалтын жин нь 153тн, хөдөлгүүрийн хүчин чадал нь 1150 морины хүчтэй, түрэх овоолгын багтаамж нь 69м3. Дизель хөдөлгүүр нь 12 цилиндертэй, нэмэлт трубо үлээгчтэй, түлшний савны багтаамж 2100 литр хүрдэг. Хойш урагш хөдлөх гурван хурдны араатай бульдозерын урт нь 11.72м.

KomatsuKOMATSU D575A-3 SD

3. CATERPILLAR D11R/ D11R CD:

Анх 1986 оноос ийм загварын булвдозерыг үйлдвэрлэж эхэлсэн. CATERPILLAR D11R/ D11R CD бульдозерын жин 104/113тн. Хөдөлгүүрийн хүчин чадал 850 морины хүчтэй, (34.49 L) багтаамжтай 3508V-8 цилиндиртэй, түрэх овоолгын хэмжээ 27,2 – 43,66м3, тракторын урт нь 10,91м хүрдэг.

CaterpillarD11RCATERPILLAR D11R/ D11R CD

4. KOMATSU D475A-5 SD:

Энэ бульдозерын масс нь 108 тн хүрдэг. Хөдөлгүүрийн хүчин чадал 890 морины хүчтэй, SDA12V140E маркийн хөдөлгүүртэй. Түрэх овоолгын багтаамж 27,2-34,4м3, түлшний савны багтаамж 1670л, их биеийн урт нь 10,52м.

D475AKOMATSU D475A-5 SD:

5. Бульдозер Т-800:

Ийм загварын бульдозерыг анх 1983 оноос үйлдвэрлэж эхэлсэн. Жин нь 106тн, хөдөлгүүрийн хүчин чадал 820 морины хүчтэй дизель труба хөдөлгүүртэй, түрэх овоолгын хэмжээ 26м3, овор хэмжээний хувьд урт нь -7,95м, өргөн – 4,18м, өндөр- 4,25м. Энэ бульдозер урагшаа 4, хойшоо 2 араатай, дээд хурд 17км/цаг хүрдэг. Түүний үнэ 20.4 сая рубль хүрдэг.

T-800Бульдозер Т-800

6. Caterpillar D10Т:

6. Caterpillar D10Т:
Анх 1978 онд энэ бульдозерыг үйлдвэрлэж эхэлсэн. Үйлдвэрлэж эхлэх үед дэлхийн дээрх хамгийн том бульдозерт тооцогдож байсан. Хөдөлгүүрийн хувьд 12 цилиндертэй 671морины хүчтэй дизель хөдөлгүүртэй, нийт жин 66 тн, түрэх хутганы өргөн 5,26м, дээд хурд 15,8км/цаг, овор хэмжээний хувьд урт нь-9,26м, өргөн -3,7м, өндөр-4,34м,

CaterpillarCaterpillar D10Т:

7. Shantui SD90

Хятадын Шанхай хот дахь “Shantui” Шантуй үйлдвэр Японы “Komatsu” компанийн лицензийг худалдан авч тэдний D85-18 загварын бульдозерын зураг төслийн дагуу анхны TY220 загварын бульдозерыг 1980 онд үйлдвэрлэж байсан. Эхний үед “Komatsu” компанийн инженер техникийн ажилтнууд Хятадын “Shantui” үйлдвэрт ирж техник технологи үйлдвэрлэлийн шат дамжлага үйл ажиллагаанд туслаж дэмжлэг үзүүлдэг байв.

“Shantui” үйлдвэр 2000 оноос өөрийн зураг төслөөр бие даан T70 загварын бульдозерыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд овор хэмжээний хувьд жижиг дунд том аварга том гэсэн 4 загвар моделийн бульдозеруудыг үйлдвэрлэдэг. Тэдний үйлдвэрлэсэн хамгийн том Shantui SD90 загварын бульдозерын нийт жин 106.2 тн хүрдэг. Овор хэмжээний хувьд урт нь: 11.5m, өргөн: 5.265m, өндөр нь :4.59m, Хутганд түрэгдэх шорооны нягт: 1.64kg/cm² хүрдэг, АНУ-н Cummins үйлдвэрийн модель QST30 хөдөлгүүртэй, хөдөлгүүрийн чадал 661 kW хүрдэг.

SD-60-5Shantui SD90-5 Бульдозер Хятад

Эмхтэгэн бэлтэгсэн:
Монгол Улсын Зөвлөх Инженер: Д.Отгонбаатар
Эрдэнэт Үйлдвэр ТӨУҮГ- “Эрдэнэт” цогцолбор дээд сургууль.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img