Хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг гэгддэг доктор Ж.Хинтон “New York times” сонинд өгсөн ярилцлагадаа “Google” компанид хашиж байсан ажлаасаа гарсан тухайгаа, мөн өөрийн бүтээсэн технологийн тарьж мэдэх хор уршиг, аюул заналхийллээс сэрэмжлүүлжээ.
Ж.Хинтон 2018 онд их сургуулийнхаа өөр хоёр профессорын хамт нейро сүлжээ гээчийг бий болгон хиймэл оюун ухааны өнөөгийн дэвшлийн үндэс суурийг тавьж Тьюрингийн шагнал хүртсэн билээ.
Технологийн нэгэн том компани Ж.Хинтоны И.Суцкевер (одоо “OpenAI”-ийн ахлах эрдэмтэн), А.Кришевский гэх хоёр оюутныхаа хамт үүсгэн байгуулсан “Google” компанийг 2013 онд 44 сая доллараар худалдан авсан юм. Гэвч үүний дараа ч ясны эрдэмтэн тэрээр “Google”-д эрдэм шинжилгээний ажилтнаар үлджээ. Түүний бүтээсэн нейро мэдрэлийн сүлжээний систем эцэстээ “ChatGPT” болон “Google Bard”-ийг бий болгоход хүргэсэн.
Гэвч Ж.Хинтон “New York times”-д өгсөн ярилцлагадаа өөрийн хийсэн шинжлэх ухааны нээлтдээ нэлээд харамсах болсон тухайгаа ярьжээ. Тэрээр, “Би хиймэл оюун ухааныг бүтээсэндээ улам бүр харамсдаг боллоо. Гэхдээ би хийгээгүй бол өөр хэн нэг эрдэмтэн хийх л байсан гэж өөрийгөө тайтгаруулах юм даа” гэжээ. Ж.Хинтон хиймэл оюун ухааны цаашдын хөгжлийн аюулын талаар олон нийтэд чөлөөтэй ярьж сэрэмжлүүлэх гэж, тэр нь “Google” компанид муугаар нөлөөлөлөхгүйн тулд ажлаасаа гарахаар шийдсэн гэнэ.
Тэрээр “Microsoft” компани “Bing” хайлтын системдээ “ChatGPT”-ийг нэгтгэсэн нь технологийн аварга компаниудын дунд зогсоох боломжгүй өрсөлдөөн өдөөхөөс эмээж байгаа аж. Учир нь тийм өрсөлдөөнөөс үүдэн интернет орчин хуурамч зураг, видео, текст бичвэрүүдээр дүүрч, жирийн хүн аль нь үнэн болохыг ялгаж салган ойлгох боломжгүй болох юм байна.
Ж.Хинтон худал мэдээллийн “үер”-ээс гадна хиймэл оюун ухаан олон ажлын байр устахад хүргэн нууц кодоо өөрөө бичдэг болж, тооцоолж байснаас хавьгүй эрт хүнээс илүү ухаалаг болж болох талаар санаа зовдог болсон тухайгаа мөн ярьжээ.
Тэрээр, технологийн компаниуд хоорондоо уралдан ямар ч хяналтгүйгээр хиймэл оюун ухааныг сайжруулах тусам аюул нь улам нэмэгдэнэ гэж үзэж байна. Ж.Хинтон, “Хиймэл оюун ухаан таван жилийн өмнө ямар байсан, одоо ямар болсныг харьцуулаарай. Зүйрлэвэл бараг л гэрлийн хурдаар ухаалагжиж байна. Энэ нь юунд ч хүргэж мэднэ. Үнэхээр аймшигтай” гэжээ.
Хиймэл оюун ухааны хөгжлийг хянах шаардлага
Хиймэл оюун ухааны хурдацтай, хяналтгүй хөгжлөөс сэрэмжлэхийг анхааруулж буй хүн ганц Ж.Хинтон биш аж. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр хойд Америкийн IT салбарын хоёр мянга гаруй удирдах албан тушаалтан, тэргүүлэх мэргэжилтнүүд “ChatGPT”-ийн “GPT-4”-өөс илүү хүчирхэг дараагийн системийг боловсруулах ажлыг зургаан сараар зогсоохыг уриалсан нээлттэй захидалд гарын үсэг зурсан юм.
Элон Маск, “DeepMind”-ийн судлаачид, компьютерийн ухааны нэртэй эрдэмтэн Ёшуа Бенжио зэрэг нээлттэй захидалд гарын үсэг зурагсад, “Хиймэл оюун ухааныг цаашид хүн төрөлхтөнд гагцхүү эерэг нөлөөтэй, удирдан чиглүүлэх боломжтойг харгалзан үзэж хөгжүүлэх шаардлагатай” гэж үзжээ.
Атлантын далайн цаад эрэгт, Европын холбоо, тус холбооны гишүүн орнуудын зохих албууд “ChatGPT”-ийн огцом тархалтаас үүдэн хиймэл оюун ухааны хөгжлийг инновацыг боомилохгүйгээр хянан зохицуулах алхмуудыг хийж эхэлжээ.
Хиймэл оюун ухааны сүүлийн үеийн загваруудын үйл ажиллагаанд Европын холбооны зарим орон хяналт тавихыг оролдох болов. Жишээлбэл, Испани, Франц, Итали хувь хүний мэдээллийн нууцлалыг ил болгосон хэмээн “ChatGPT”-ийг хэрэглэхийг мөрдөн шалгаж, түр хугацаанд хориглосон өрнөдийн анхны орнууд болсон юм.
Европын холбоо түүнчлэн хиймэл оюун ухааныг хянан зохицуулах тухай дэлхийн анхны хуулийг батлахад ойрхон байна. Юу гэвэл, өнгөрсөн долоо хоногт Европын парламент тийм хуулийн төслийн эхний уншилтыг баталж, сүүлийн шатны, нарийн ширийн зүйлийг нэмж хасах шатанд шилжүүлжээ. Үүний дараа дахин санал хурааж хуулийг эцэслэн батлах аж.
Европын холбооны Технологийн зохицуулалтын дарга Маргрет Вестагерын хэлснээр, тус холбоо уг хуулийг энэ жилийн дотор батлах магадлалтай бөгөөд бизнес эрхлэгчид ийм хууль үйл ажиллагаанд нь хэрхэн нөлөөлөхийг урьдчилан тооцохыг анхааруулжээ.
Европын парламентад хуулийн төслийг анх танилцуулахдаа тэрээр, “Хиймэл оюун ухааныг ард иргэдэд аюулгүй байхыг хянан хөгжүүлэх дэлхийн анхны жишиг хуулийг санаачилснаар энэ салбарт манай холбоо тэргүүлж байна. Хиймэл оюун ухааны технологийн ёс суртахууны стандартыг ийнхүү тогтоох нь дэлхий даяар ач холбогдолтой” гэсэн юм.
Европ төдийгүй дэлхий нийтээр хиймэл оюун ухааны технологийн хөгжлийг хянан зохицуулах хүчин чармайлтыг идэвхжүүлэхгүй бол Ж.Хинтоны хэлснээр маш аюултай цаг үе айсуй ажээ. Урьд өмнө хүн төрөлхтөн зохион бүтээсэн аливаа техник технологио өөртөө зориулан ашигладаг байсан. Тэгвэл хиймэл оюун ухааныг хяналтгүй хөгжүүлбэл түүндээ захирагдан гар хөл нь болж болзошгүй билээ.