2024-10-26, Бямба
-4 C
Ulaanbaatar

Б.Лхагважав: Үндсэн хуулийн өөрчлөлт дээр Г.Занданшатар маш том гэмт хэрэг хийлээ

Бизесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Та саяхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд зөвлөлдөх санал асуулга хийж баахан мөнгө үрчихээд ямар ч саналыг нь тусгасангүй, үргүй зарсан тэр их мөнгийг Г.Занданшатар төлөх ёстой гэсэн утга бүхий пост оруулсан байсан. Зөвлөлдөх санал асуулга гэж тийм их мөнгө үрсэн хэрэг үү?

-Тэгсэн. Уг нь Зөвлөлдөх санал асуулгын хуулинд санал асуулгын мөнгө улсын төсвөөс гарна гэж заасан. Зардлыг нь заавал тусгасан байх ёстой. 1500 хүн оролцсон гэхээр маш их мөнгө үрсэн нь ойлгомжтой. Саяных шиг зөвлөлдөх санал асуулга өмнө нь, 2017 онд бас нэг болсон шүү дээ. Саяын зөвлөлдөх санал асуулгаар нийтийн санхүүд гар дүрсэн улстөрчдөд хариуцлага хүлээлгэх гэх мэтээр нийтийн санхүүд хяналт тавих чиглэлд нэлээд санал гарсан. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд цөөнгүй санал авсан юм. Гэтэл ямар ч саналыг нь авсангүй. Суудлын тооны өөрчлөлтийг л оруулж ирлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар маш хариуцлагагүй байна. Тэр утгаараа УИХ-ын дарга энэ удаагийн зөвлөлдөх уулзалтын зардлыг төлөх ёстой. Г.Занданшатарыг маш том гэмт хэрэг хийлээ л гэж харж байна. Нүүрсний хулгай, хөгжлийн банкны луйвар гэх мэт асуудалд нийгэм бухимдаж байх зуур, тэр сэтгэл зүйг ашиглаж зөвлөлдөх санал асуулга гэдэг юм оруулж ирчихээд ямар ч саналыг нь тусгахгүйгээр өөрсдийнхөөрөө асуудлыг шийдэх гэж улайрч байна. Ингэж улайм цайм залилан хийж болохгүй. Зөвлөлдөх санал асуулгад хэдэн тэрбумыг өлхөн зарцуулсан нь тодорхой. Дарга нарын ийм фантазид мөнгөө өгөөд яваа нь хайран байна л даа.

-Зөвлөлдөх уулзалтын үеэр Үндсэн хуульд ямар өөрчлөлт, заалтууд тусгая гэсэн саналууд гарав?

-Үндсэн хуульд хяналтын систем байхгүй. Аудитын байгууллага үндсэн хуулийн байгууллага болно гэсэн үг л дээ. Хоёрдугаарт Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийг хамгаалах гол газар бол Хүний эрхийн үндэсний комисс. ХЭҮК Үндсэн хуулийн байгууллага байх ёстой. Нийтийн санхүү гэж тусдаа бүлэг оруулах санал гарсан. Нийтийн санхүү бол төсөв, даатгал, улсын зээл. Эднийг өндөр албан тушаалтнаас хамгаалдаг, өөрөөр хэлбэл төрөөс өөрөөс нь хамгаалдаг механизм манай Үндсэн хуульд байдаггүй юм. Үүнийг хийх цаг нь болсон. Төв банкийг Үндсэн хуулийн байгууллага болгох ёстой. Төв банкны таван их наядын өр яг нарийндаа Засгийн газрын өр. Төв банк асар их өртэй. Засгийн газарт 2016 онд “Сайн хашаа, байшин” гэх мэтэд баахан мөнгө гаргаж өгсөн. Дараа нь тэтгэвэр тэглэж байна гээд 760 тэрбумыг хэвлээд гаргачихсан. Сүүлд нь төмөр зам барина гээд асар том мөнгө хэвлэж өгсөн. Нууцлалтай учраас тоог нь хэлэх боломж өнөөхөндөө алга. Эцэст нь энэ их өрөө Засгийн газар төлдөггүй. Төв банк нь ч арчаагүй байна л даа. Зүй нь өгсөн мөнгөө эргүүлж авах ёстой. Яг ийм процесс даатгал дээр явчихсан байдаг юм билээ. Улстөрийн эрх мэдэл авсан хүмүүс даатгал, татварын мөнгийг үнэгүй хэрэглэхдээ төв банкийг ашиглачихаад дараа нь өрөө төлөхгүй байна. Энэ байдал нь эдийн засгийн хямралд гүнзгий нөлөөлдөг. Гэх мэтчилэн маш чухал саналууд тавьсан ч үгүй болчихлоо л доо.

-Ер нь Үндсэн хуульд нэлээд өөрчлөлт орж байж өнөөгийн асуудал цэгцэрнэ гэж харж байна уу?

Лхагважав-1992 оны Үндсэн хуульд улстөр, эдийн засаг, нийгмийн хувьд маш том гажуудалд оруулчихсан. Энэ гажуудлаас гарах ганц зам бол Үндсэн хуулийг тэг чигт нь өөрчлөх.

-Үндсэн хуульд одоо орж буй өөрчлөлтөд эерэг тал бий юу?

-Эрх баригчид эрх барьж буй улстөрийн цагаа л бага зэрэг уртасгах арга шийдэл хайж ийм өөрчлөлт оруулж ирлээ. Өнөө яригдаж байгаа Сонгуулийн тухай хууль, Улстөрийн намын тухай хуулийн асуудал бол хүний эрхийн асуудал. Ард түмнээс санал асуулга авах хэрэгтэй. Парламентийн гишүүдийн тоогоор ард түмнээс санал асуулга авах ёстой. УИХ-ын гишүүдийн тоо бол хэдэн намын асуудал биш. Төр засгаа ард түмэн өөрсдөө байгуулдаг. Тэр утгаараа ард түмнээс санал асуулга авах учиртай. Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт хийсэн. Тэр зарчим дээрээ ч зогсч чадаагүй байж ахиад ийм өөрчлөлт хийх гэж байна л даа. Улстөрийн намын тухай хуулийн шинэчлэлийг та анзаараарай. Их сул хууль оруулж ирсэн байна лээ. 47-хон зүйлтэйгийн бараг 17-д нь Засгийн газар нэмэлт тайлбар өгсөн байсан. Бүх зүйлийг шинэчилж байгаа мэт харагдуулж л байна. Түүнээс биш бүх юм хэвээрээ үлдэж байгаа.

Улс төрийн намын хууль шинэчлэгдэнгүүт ХҮН намаас эхлээд жижиг намууд бүгд арчигдана

-Улстөрийн намын хуульд шийдэх ёстой ямар асуудлууд байна?

-Улстөрийн намын тухай хуулиар бол үзэл бодлоо өөрчилсөн үедээ тухайн нам тарах ёстой. Манай МАН жил хагасын өмнө нь л социал демократ үзлийг авлаа. Уг нь улстөрийн нам хүний эрхийн хоёрдугаар бүлгийн дагуу үзэл санаан дээр эвлэлдэн нэгдэж байгаа үйл явц. Гэтэл манай нам үзэл санаагүй болчихоод социал демократ үзлээр явна гэж байгаа бол тарах хэрэгтэй. Хоёрт нэг том асуудал бий. Манай намын үл хөдлөх хөрөнгө асар их. Бүх хөрөнгийг нь ил гаргаж ирэх хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр боссон бол хурааж авах ёстой. ХҮН-ынхан хөөрцөглөөд яваа. Гэхдээ цаад учир нь өөр шүү дээ. Манай нам ХҮН намыг өгөөш болгож ашиглаад байна.

-Өгөөш болгож ашиглаж байна гэдгээ тодруулаач?

-Манай нам 2000 оныхоо залийг ахиж хэрэглэх гэж байгаа. Тухайн үед Ардчилсан хүчин засаг бариад хэлтэй, амтай байсан. Тэгэхэд Эрэлийн намыг маш сайн додомдсон. Тэгээд тойргууд дээр АН-ын саналыг хуваачихсан. Үр дүнд нь МАН 72 суудал авсныг та санаж байгаа байх. Одоо яг ийм процесс ХҮН намаар дамжаад орж ирнэ. ХҮН бусдынхаа саналыг хуваах нь ойлгомжтой. Одоо оруулж ирсэн хувилбараар бол жижиг намуудад ч боломж байхгүй юм билээ. Улс төрийн намын хуулийн шинэчлэлээр өмчийн асуудлыг шийдэхгүй бол ийм том хөрөнгөтэй МАН-тай хэн өрсөлдөх юм? Бүх суманд барилга, байшин, үл хөдлөх хөрөнгөтэй маш баян нам. Гэтэл яг нарийндаа ХҮН намд нэг өрөө байр ч байхгүй шүү дээ. Та анзаараарай, үндэсний телевизээр гэхэд л ХҮН нам л гардаг болсон. МАН эднийг ашиглаад байгаа байхгүй юу. Яг үнэндээ одоо шинэчилж буй гэгдэж байгаа хуулиудыг харахад эд бүгд арчигдах юм билээ. Хөшигний ард ийм л юм явагдаад байна.

-МАН засгийн эрхэнд ахиад гарах арга шийдлээ хуулийн шинэчлэлүүдээр далимдуулж хийж байна гэсэн үг үү?

-Миний хувьд МАН ахиад засгаа аваасай гэж бодож байгаа. Ахиж дөрвөн жил барьсных нь дараа хүмүүс “Коммунист угшилтай нам явж чаддаггүй юм байна” гэдгийг яс, махаараа мэдрэх байх.

Шуудхан хэлэхэд сүүлийн 30 жилийн 26 жилд нь манай МАН төр барьсан. Коммунист угшилтай намаар төр бариулчихаад зах зээлийн замаар явсаар ирлээ л дээ. Эднийг нийгмээ өөрчилж чадахгүй, юмаа хийж чадахгүй явах үед нь АН гараад ирдэг байхгүй юу. АН-ынхан өөрчлөлтийг зоригтой хийдэг. Түүнээсээ болж нэр хүнд нь унаж таарна. Яг тэр үед нь МАН ахиад гараад ирдэг.

1992-1996 оныг анзаараарай. МАН үнэмлэхүй олонх болсон ч бүх реформыг хийж чадаагүй. Санаачлагч, философичид нь дандаа АН-ын залуус байсан учраас хийж чадаагүй юм. Сүүлдээ бүр цалингаа ч тавьж чадахгүй байдалд хүрсэн шүү дээ. П.Жасрай гуайн 45-50 хувийн татварт бүх компани унасан. Сүүлд М.Энхсайхан бүх муухайг нь үүрч, цэгцэлсэн. Дараа нь 2000 онд арай гайгүй болж байтал МАН ахиад 72 суудал аваад гараад ирсэн. Ингэж гарч ирэхдээ дөрвөөс найман жилийн турш ард түмний амьдралыг баллаж хаядаг л даа.

-Та саяхан нийгмийн даатгал дээр нэг том сэдэв хөндсөн байсан…?

-Нийгмийн даатгал бол социализмын үеэрээ яваа шинэчлэгдээгүй систем. Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн хуулийн 19.1-т зааснаар ажил олгогч ажилтныхаа эмнэлэгт хэвтсэн тав хоногийн листний мөнгийг төлдөг. 1994 онд хийсэн заалт. Тухайн үед байдал маш хэцүү, төр мөнгөгүй, нийгмийн даатгалын сан ч нимгэн байсан учраас түр зуур хийсэн зохицуулалт байгаа юм. Гэтэл өчнөөн жилийн турш яг тэр заалтаараа явчихсан. Өнгөрсөн жил гэхэд л 12 мянган ажил олгогч 32 тэрбум төгрөг илүү төлчихсөн яваа. Даатгал бол ажилтан, ажил олгогч хоёулаа төлж байгаа учраас эхний секундээс үйлчлэх учиртай. Өөрөөр хэлбэл компани дангаараа төлөх ёсгүй. Ийм луйвар 28 жил явчихсан байхад бид анзаарахгүй сууж байх жишээний.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img