“Эдийн засаг руу нэг л орж чадахгүй байна аа даа гэж бид олон жил ярьж явсан юм” хэмээн МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал хэлсэн. Эмэгтэйчүүд эдийн засгийн сэдвийг барьж авахдаа “Асрахуйн эдийн засаг” хэмээх том философийг онцолж байна. Асрахуйн эдийн засаг хэмээх үндэслэл яажшуухан “төрсөн” талаар тэрбээр ярихдаа оригнал хөдөлгөөн хэрхэн бий болгож, бойжуулах “ноу хау”-гаа дэлгэчих шиг боллоо. Гудамжны, жижиг ашиг сонирхлын төлөө тэмцэгчид бол ийм далайцтай хөдөлж чадахгүй л дээ.
Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл нэмэгдүүлэх хөдөлгөөнийг тэд ийнхүү бий болгожээ.
“Хөдөлгөөн гэдэг бол маш өргөн суурьтай, олныг хамарсан, нэгдмэл зохион байгуулалттай, нийтлэг алсын хараа, үнэт зүйлтэй, олон байгууллага, бүлэг, хувь хүмүүс өөр өөр газар цаг хугацаанд өөр өөрсдийн арга барил стратегитэйгээр эерэг өөрчлөлт авчрахын төлөөх үйл явц гэж бид үзэж байна” хэмээн Д.Энхжаргал тодорхойлсон юм.
Нүдэнд харагдаж гарт баригддаггүй тэр үйл явц, хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийн өдөр тутмын идэвхи сэтгэлийн дуудлагаар дэгжиж явдаг.
Энэ хөдөлгөөний гол цөм эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүд олон янз. Тэр олон янзын төлөөлөл энэ хөдөлгөөний төвд нь байх ёстой гэж үзэж байна. Эмэгтэйчүүдийн нүдээр ямар асуудал тулгамдаж байгааг эмэгтэйчүүд өөрсдөө гаргаж ирэх ёстой.
Эмэгтэйчүүдийн аж амьдрал, туршлагад тулгуурлаж гаргаж байгаа асуудлыг бид цааш нь төр засгийн бодлогод нөлөөлөхөөр түлхэнэ гэсэн зорилготой яваа.
Хамгийн гол нь асуудлын илрэл, үр дагаварт гал унтраах маягаар бус тухайн асуудлыг үүсгэж байгаа суурь шалтгаан бүтцийн тогтолцооны ялгаварлан гадуурхалтыг арилгахын төлөө хамтын хүчээр ажиллах.
“Стратегиэ оролцооны аргаар боловсруулахад бүтэн нэг жил зарцуулсан” гэж тэрбээр онцоллоо. Стратеги боловсруулах үйл явц нь хөдөлгөөнийг бойжуулах явцын салшгүй хэсэг гэж үзжээ. Хөдөлгөөн өрнүүлэх нь органик үйл явц, маш их цаг, хүчин зүтгэл шаарддаг. Яагаад гэвэл хөдөлгөөн өргөн суурьтай байх ёстой. Өргөн суурьтай байхгүй бол он цаг өнгөрч асуудал нэмэгдэх бүрт ганхана. Ижил зорилгоороо нэгдсэн механик суурьтай бус үнэт зүйлс, сэтгэлийн дуудлага, зорилго дээрээ нэгдсэн, өргөн суурьтай хөдөлгөөн байх учиртай гэж бид үзэж байна. Тийм учраас инкубатор цех шиг хөдөлгөөнийг бойжуулж байгаа.
Манай хөдөлгөөн эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, эрх мэдлийг маш өргөн хүрээнд авч үзсэн. Энэ бол зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн асуудал биш, зөвхөн бизнесийн асуудал бус, түүнээс ч өргөн хүрээтэй.
Энэ бичил жижиг бизнес, санхүүгийн мэдлэг чадавх, албан бус салбарын хөгжил, өмчийн эрх, эрх зүйн хамгаалалт, ялангуяа Монгол Улс сүүлийн 30 жилд одоо л өмчийг мэдэрч эхэлж байна шүү дээ. Гэрээслэл, өв залгамжлал, өмчийн бүртгэл, барьцаа энэ бүх гинжин хэлхээтэй асуудлуудад бид анхаарал хандуулна. Цалинтай ажилтнуудын үйлдвэрчний эвлэл, баталгаа, хөдөлмөрийн мөлжлөг, ажлын байрын бэлгийн дарамт, үнэлгээгүй хөдөлмөрийн ачаалал, тэр байтугай суурь үйлчилгээ эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал чухал гэж үзэж байна. Ажил мэргэжлийн хуваагдлыг арилгах, өсвөр насныхны мэргэжил сонголт хүртэл чухал гэж бид үзэж байна.
Бид стратегиэ хэлэлцүүлэх явцад бүтцийн болон тогтолцооны ямар суурь шалтгаан байгааг нэлээд удаан ярилцсан.
“Эцгийн эрх ёс, жендэрийн зиндаачлал”, энэ зөвхөн эмэгтэйчүүдэд бус эрэгтэйчүүдэд ч муугаар нөлөөлдөг тогтолцоо. Хоёр дахь нь “Оролцоо төлөөллийн ардчиллын хомсдол”, энэ дотор бас авлигын асуудал орж байгаа. Гурав дахь нь “Эдийн засгийн тэгш бус тогтолцоо” гэж үзсэн.
Эмэгтэйчүүд маань тулгамдсан дөрвөн асуудал байна гэж үзсэн.
Нэгдүгээрт бичил жижиг бизнест ээлгүй орчин байна, хоёрт хөдөлмөрийн дарамт мөлжлөг, ялгаварлан гадуурхалт их байна.
Гуравт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд бүтэц сул байна. Дэд бүтэц гэдэгт цэцэрлэг зэргийг оруулж байгаа. Үнэлгээгүй хөдөлмөрийн ачаалал их байна. Дөрөвт охид, залуу эмэгтэйчүүдэд чиглэсэн жендэрийн хэвшмэл ойлголт, гэр бүлийн хөдөлмөрийн хуваарилалт, мэргэжил сонголтоос эхэлж байгаа юм.
Манай хөдөлгөөн алхам алхмаар явна. Хийнгээ суралцана. Хөдөлгөөнийг урагшлуулж, олон янз эмэгтэйчүүдтэй холбоотой байлгах “багаж” нь юу байх вэ гэж маш их эрэл хайгуул хийсэн. Эцэст нь кэйс судалгаа юм байна шүү дээ гэж дүгнэсэн юм. Амьдрал кэйсээр дүүрэн. Эхний удаадаа 22 цөм багийн оролцоотойгоор дөрвөн кэйс судалгаа хийж үзэхээр зориглосон юм. Эмэгтэйчүүд маань дөрвөн асуудлыг гаргаж ирээд, анх төсөөлж байснаас хэлэлцүүлгийн явцад их өөр болсон. Энэ кэйсийн агуулга, төрөл, хийх аргачлалаа өөрсдөө гаргасан. Кэйс судалгаа хийж, аналитик түүхүүдээ гаргаж ирсэн.
Энэхүү кэйс судалгаан дээрээ үндэслээд өнөөдрийн чуулганы агуулга, дүн шинжилгээний хүрээг гаргаж ирсэн.
Яагаад “Асрахуйн эдийн засаг” гэж.
Бид зөвхөн жижиг бичил бизнес зээлийн шалгуур хангаж чадахгүй байгааг яримааргүй байна.
Бид зөвхөн “Цалинтай ээж”-ийн “цалин“ наад захын сүү живхний мөнгөнд хүрэлцэхгүй байна гэж хэлмээргүй байна. Бид зөвхөн Засгийн газар нэг ч хүүхдийг хаалганы гадна үлдээхгүй гэж хүчин чармайлт гаргасан ч салбар хоорондын зохицуулалт байхгүйгээс болоод хүүхдээ цэцэрлэгт өгсөн ээжүүд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байна гэж явцуу байдлаар яримааргүй байна.
Бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хөдөлмөр эрхлэхэд зөндөө олон бодлого хууль, конвенц, тэр байтугай тусгай агентлаг байгуулсан ч ажлын байрны тохируулга байхгүйгээс болоод тэр эмэгтэйчүүд, долоо, 14 хоноод ажлаасаа гарч байгаа талаар зөвхөн яримааргүй байна. Бид том өргөн хүрээнд хармаар байна.
Тэр өргөн хүрээний нэг нь яах аргагүй “Асрахуйн эдийн засаг”.
Бидний оршихуйг тодорхойлж байгаа цалинтай болон цалингүй асран халамжлах ажил нь хүний, өрх гэр бүлийн, нийгмийн амьдралыг дэлхий ертөнц оршин тогтнох суурийг бүрдүүлж байгаа хамгийн чухал агуулга учраас томоор хараад энэ том сэдвийн анхаарал татсан гол асуудлууд нь энэ юм шүү гэж энэ чуулганаараа гаргаж ирэхийг зорьж байгаа хэмээн Д.Энхжаргал тайлбарласан юм.
“Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, эрх мэдлийг нэмэгдүүлэх хөдөлгөөн”-ий цөм болсон 22 багийг төлөөлж тайзан дээр гарч ирсэн эмэгтэйчүүд яагаад энэ хөдөлгөөнд нэгдэж байгаагаа цөөн үгээр хэлсэн юм.
Яагаад бид энэ хөдөлгөөнд нэгдэж байна вэ?
-Эмэгтэйчүүд өөрийн эзэмшсэн мэргэжил, сонирхлын дагуу ажил эрхлэхээс илүү хүүхэд гэр бүлээ асран халамжлах үүргээс шалтгаалж албан бус салбарт ажиллахыг түлхүү сонгож байна.
-Эмэгтэйчүүд бид чинь зөвхөн гэр бүлдээ гэлтгүй нийгэмд ч бас баялаг бүтээж байна. Гэтэл “Цалинтай ээж”-ийн сарын үнэлэмж нь цалингийн доод хэмжээнээс 11 дахин бага байна.
-Асаргаа шаардлагатай гэр бүлийн гишүүдийг асрах цалин хөлсгүй хөдөлмөрт эмэгтэйчүүдийн зарцуулдаг цаг эрэгтэйчүүдийнхээс даруй 2,1 дахин их байна хэмээн эмэгтэйчүүд онцолж байна.
-Ажлын сонгон шалгаруулалтад тэнцэж ажилд орсон ч өглөө орой бүр тэргэнцэртэйгээ ирж очих нь надад хамгийн том саад бэрхшээл болж байна хэмээн тэргэнцэртэй эмэгтэй хэлсэн юм.
Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачилжээ
Чуулганд үг хэлсэн Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр “Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталснаас хойш арван жилийн хугацаанд хуулийн үр дагаврын үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээгээр хамгийн хангалтгүй хэрэгжсэн хэсэг бол эдийн засгийн харилцаан дахь жендэрийн тэгш байдлын баталгаа. Өөрөөр хэлбэл бид монгол эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо боломж ямар байгааг төрийн бодлогын түвшинд анхаарч ирээгүй гэдгийг маш тодорхой гаргаж ирсэн.
Энэ үнэлгээний хүрээнд дараагийн арван жилд хэрэгжүүлэх жендэрийн тэгш байдлыг хангах салбар хоорондын стратеги төлөвлөгөөний хоёрдугаар том зорилт дээр бид эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавх нэмэгдүүлэх боломжийг өсгөх зорилт тавьсан. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нарын эмэгтэйчүүд Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх хуулийн төслийг санаачлаад, УИХ хаврын чуулганаар хэлэлцэхийг дэмжиж, хэлэлцэх шатандаа ороод явж байна. Үндэсний хэмжээнд жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг Монгол Улс баталсан. Жендерийн үндэсний хорооноос гадна Монгол Улсын хөдөлмөр нийгмийн гурван талт зөвшилцлөөр энэ бодлого батлагдсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Ажил олгогч эздийн үндэсний холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл хамтраад, Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, өмчлөлийн хэлбэрээс үл хамаарч, бүх байгууллага хөдөлмөрийн дотоод журамдаа тусгах замаар жендэрийн мэдрэмжтэй ажлын байрыг эрэгтэй, эмэгтэй хүний ялгаатай хэрэгцээг анхаарсан байдлаар яаж хөгжүүлж болох вэ гэдэг байдлаар бодлого гарсан хэмээн дурдсан юм.
Асрахуйн эдийн засаг гэж юу вэ?
Асран халамжлах ажил нь нарийн зангилаатай, амьдралыг тэтгэгч “хэрсэн тор” бөгөөд бидний оршихуй бүхэлдээ үүнээс шууд хамааралтай.
Хамгийн чухал нь асрахуйн эдийн засаг нь асарч халамжлах хөдөлмөрөөр дамжуулан гэр бүл найз нөхөд, хамт олон, олон нийтийг хамтад нь бэхжүүлэн барьж байдаг, хамтын нийгмийг бий болгодог амин судас нь тул нийгмийн тогтвортой байдлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байдаг.
Хөлсгүй ажил нь асрахуйн хэрэгцээний дийлэнх хувийг хангадаг ч тэдний хөдөлмөр үнэлэгдэхгүй байгаа учраас бодлого төлөвлөлтөд үл үзэгдэх, үл ойшоогдох, үл тооцогдох байдалтай байна. Асаргаа үйлчилгээний ажилчдын дийлэнх нь эмэгтэйчүүд ба цалин хөлс, нөхцөл байдал, статусын хувьд доогуур байна.
Цалинтай болон цалингүй асрах ажлыг эдийн засгийн гол хэсэг болохыг хүлээн зөвшөөрч бодлогоор шийдвэрлэхгүй бол эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо хязгаарлагдаж, хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн тэгш бус байдал улам ужиграх болно.
Хөлөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийг ижил тэгш оролцуулъя гэвэл зах зээлийн эдийн засагт цалин хөлсгүй хийгддэг асран халамжлах ажлыг хүлээн зөвшөөрч, ачааллыг багасгах, дахин хуваарилах, цогц стратеги хэрэгжүүлэх нь чухал хэмээн уг чуулганд оролцогчид онцолж байлаа.