2024-10-21, Даваа
-5 C
Ulaanbaatar

Шүгэл үлээгч Ж.Энхбат: Туул голын захиргаа нэрнийхээ эсрэг ажиллаад байна

Шүгэл үлээгч Ж.Энхбаттай Нийслэлийн ногоон байгууламж хийгээд ундны усны аюулгүй байдлын талаар ярилцлаа.

-Туул, Сэлбэг голоо аваръя гээд иргэнийхээ хувиар шүгэл үлээж байна. Шүгэл үлээлт хэр үр дүнтэй байна вэ?

-Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэний хувьд агаарын бохирдлын эсрэг бидний хийх ёстой хамгийн том ажил нийслэлийн цөөн хэдхэн ногоон байгууламж, Туул, Сэлбэ, Дунд голоо хамгаалах ёстой. Иргэнд ээлтэй, хотын төвийн ногоон байгууламжаа устгадаггүй юм гэхэд хамгаалж үлдэх гээд өөрийнхөө чадал хэмжээнд оролцоод явж байна. Үр дүн гэхээсээ илүү шүгэл үлээж нийгмийн анхаарлыг хандуулах ёстой юм байна гэж харсан. Сүүлийн гурван жил Туул голын ай савын асуудлаар шүгэл үлээсэн. Зөвхөн Ханхилсээс Зайсангийн гүүр хүртэл 21 аж ахуйн нэгж, байгууллагуудад хувийн орон сууц, хотхон барих зөвшөөрөл өгсөн байсан. Энэ зөвшөөрлийг судалж байгаад шүгэл үлээснээр 19 компанийг хууль зүйн үндэслэлтэй, баримт нотолгоотой газар олгосон үндэслэлээр хуульчид болоод иргэдтэй нийлж тэмцэл өрнүүлээд өнөөдрийн байдлаар 21 аж ахуй нэгжээс 19 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг цуцлуулсан. Хоёр компани шүүхийн давж заалдах шатанд явж байна. Ногоон байгууламжийг илтэд сүйтгэж Байгаль орчны тухай, Усны тухай, Модны тухай хуулиуд, хотын А зэрэглэлийн бүсэд мөрдөх дүрэм, журмуудыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр цуцлуулсан.

Ж.ЭнхбатЖ.Энхбат

Туул гол гэдэг бол Улаанбаатар хотын иргэн бүрийн амь шигээ хайрлах гол юм. 1,7 сая хүн амын ундны усны хэрэгцээг хангаж байна. Ногоон байгууламж болоод ундны усны голдиролд заналхийлсэн Улаанбаатар хотын үе үеийн засаг дарга болон үе үеийн Байгаль орчны яамны газрын албан хаагч нар, яамны харъяа байгаль орчин хамгаалах чиглэлийн байгууллагууд нийлж үгсэн хуйвалдан хууль бус авилгалаар газар олгосоор ирсэн. Одоо ч олгосоор байна. Туул гол гэлтгүй нийслэлийн хэмжээнд зохион байгуулалт төлөвлөлтгүйгээр газрыг нийслэлийн харъяа байгууллагууд олгодог. Иргэдийн гомдол, санал, хүсэлтийн дагуу газар дээр нь очиж үзэхэд дандаа хууль бусаар газар олгосон байдаг. Нийслэлийн газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газар, Байгаль орчны газар гээд хууль бус газар олголтуудыг олгосон байна гэж хувьдаа харж байгаа.

-Туул голын хамгаалалтыг хэн хариуцаж байна вэ? Яагаад Туул голын эрэгт урсац таслахаар ойр газар олгоод байдаг юм бол?

Ж.Энхбат-Туул голын захиргаа гээд маш том байгууллага байдаг. Туул голын ай савыг хамгаалдаг, голдиролыг нь нэмэгдүүлдэг, ногоон байгууламжийг нь нэмэгдүүлэх үүрэгтэй байгууллага юм. Гэтэл энэ байгууллага нь өөрөө хамгаалахаасаа илүү Туул голынхоо эсрэг ажилладаг байгууллага болчихоод байна. Өнөөдрийг хүртэл Туул орчим дахь ногоон байгууламж сүйтгэгдээд, эрэг рүү нь шахаж маш олон байгууллагад газар олгоод байхад яагаад чимээгүй байгаад байна вэ. Уг нь зүй ёсоор бол би шүгэл үлээгээд иргэдийг уриалан дуудаад хамгаалах биш Туул голын захиргаа энэ ажлыг хийх ёстой баймаар биз дээ. Гэтэл энэ байгууллага нүд чихгүй мэт дүлий ажиллаж байгаад иргэнийхээ хувьд би харддаг. Нэрнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэхэд болно. Туул голын захиргаа, Экологийн Цагдаагийн алба, Байгаль орчны газар гээд бүгд байгууллагынхаа нэрний эсрэг ажилладаг төрийн байгууллагуудтай болчихоод байна.

-Шүгэл үлээгчийг хамгаалдаг эрх зүйн орчин манайд байхгүй. Энэ нөхцөлд хэрхэн шүгэл үлээгээд байна вэ, мэдээж дарамт шахалт ирж байгаа биз дээ?

-Надад маш их дарамт ирдэг. Жишээ нь танихгүй дугаараас залгаад л танай гэр тэнд байдаг биз дээ. Танай хүүхдүүд тэр сургуульд сурдаг биз дээ. Чиний тухай бүгдийг мэднэ шүү, аятайхан байгаараа гэх байдлаар байнга дарамталдаг. Энэ дарамтуудаас гадна төрийн байгууллагуудын болоод цагдаагийн дарамт их байдаг. РЦНК-ийн хажууд ногоон байгууламж сүйтгэж байгаа тухай шүгэл үлээгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж ярилцлага өгсөн чинь БЗД-ийн цагдаа дээр Зөрчлийн тухай хуулиар намайг жагсаал цуглаан хийсэн гээд шийтгэвэр гаргасан. Дахиад ногоон байгууламжид аюулд учирлаа гээд шүгэл үлээсэн чинь нөгөө компаниуд нь намайг нэр төрд халдлаа цагдаад өгсөн.

Ж.ЭнхбатСүүлдээ бүр цагдаагийн газрын үүд сахидаг ажилтай болсон. Байгууллагын нэр төрд халдсан, хүний нэр төрд халдсан гээд гэмт хэрэгтэн шиг цагдаагийн үүд сахиад сууж байдаг болсон. Нийтлэг том эрх ашиг зөрчигдөөд ногоон байгууламжууд сүйтгэгдээд, гол усны ойр орчим, бүр урсац тасрах хэмжээний аюул заналхийлээд байхад намайг л шийтгэх гээд үзээд байдаг. Гэтэл хамгаалах үүрэгтэй том бүтцээр ажиллаж буй төрийн байгууллагууд нүдээ аниад, чихээ бөглөөд сууж байна. Миний хувьд бүр аргаа ядаад Өмгөөллийн холбоотой хамтраад өмгөөлөгч хөлсөөр аваад 2022 оны турш Хан-Уул, Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагын үүдийг сахисан. Бүр хэсгийн төлөөлөгч гээд бүх шатанд нь шалгуулсан.

Ж.Энхбат

Ер нь бол шүгэл үлээсэн иргэнийг хууль хяналтын байгууллагаар дарамтлуулдаг, айлгадаг, ичээдэг, залхаан цээрлүүлэх ажлыг зохион байгуулалттайгаар хийдэг. Ийм эсрэгээрээ ажилладаг төр захиргааны байгууллагуудтай болчихсон. Энэ дээр би маш их харамсдаг. Гэтэл Байгаль орчны яамнаас иргэн болгон байгаль хамгаалагч байя, Засгийн газар 5 Ш ажиллагаа иргэн бүр шүгэл үлээе гээд байдаг. Гэтэл бодит байдал дээр шүгэл үлээж байгаа хүнийг ямар их дарамт шахалтанд оруулж дарамталж байна вэ. Шүгэл үлээгчийг хамгаалах хууль, дүрэм гэж байхгүй. Над шиг маш олон иргэн шүгэл үлээе гэсэн ч за яршиг, бөөн дарамт чирэгдэл гээд төвөг дөө гээд цагдаагийн залхаалтаас нь залхаад шүгэл үлээхгүй. Ажил төрөлтэй гээд бүгд хойшоо сууж байна. Үндсэндээ нийтийн эрх ашиг зөрчигдсөн асуудлаар дуугардаг хүнгүй, дарангуйлал бий болчихлоо.

-Засгийн газар 5 Ш ажиллагааны хүрээнд шүгэл үлээгчийг дэмжинэ. Иргэн бүр бараг мэдээлэгч бай гээд байсан биз дээ?

-Засгийн газрын тогтоолоор 5Ш ажиллагаа гээд их л сайхан юм ярьсан. Би энэ дагуу шүгэл үлээж байгаа. Энэ асуудлын хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, дүрэм журам гарна гэсэн яг бодит байдал дээрээ байхгүй зүгээр л шоу болж байна. 5Ш ажиллагааны хүрээнд дагалдах хууль, дүрмүүд батлагдах ёстой. Төр бол дэндүү удаан байна. Хэвлэл мэдээлэл, сошиалаар гоё юм яриад байдаг гэтэл хөрсөн дээрээ бусад зохицуулалт нь гараагүй. Ийм байхад улс оронд ямар шударга ёс, зарчим яригдах юм бэ.

-Монголчууд маань нийтээрээ бэртэгчин болж байна уу? Нийгмийн асуудлаар шүгэл үлээх битгий хэл гудамжинд болж буй зодоон цохион, хулгай дээрмийн хажуугаар хараагүй мэт өнгөрдөг болоод байна?

-Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй хэллээ, мэдээллээ өөрөө эргээд гэмт хэрэгтэн шиг дуудагдаж байцаагдаад байгаа учраас за яршиг даа, төвөг дөө гээд харсан ч хараагүй юм шиг өнгөрдөг нийтлэг дүр төрх бий болсон. Яг хажууд нь голын голдирол, урсац алдагдаад хайрга дайргын компаниуд гол руу дайраад орохоор “Хүүе Энхбатаа энд ийм юм болоод байна. Чи дуугараач” гэдэг… Асуудал бүрд иргэн бүр шүгэл үлээдэг баймаар байна. Энэ бол бидний оршихуй руу халдаж буй том асуудал. Манайхан нийтлэгдээ хүний гараар могой бариулах дуртай. Монгол Улсад ямар ч төрлийн хууль ижил жигд хэрэгждэггүй болсон учраас эсрэгээрээ хүн бүр бэртэгчин амиа бодсон нийгэм рүү шилжээд байна. Шүгэл үлээсэн иргэн элдвээрээ доромжлуулаад ямар ч хамгаалалтгүй амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнээд явж байна. Энэ шантаажчин, цаана нь улс төрийн хүчин байгаа, нам байгаа, өөрийнх нь эрх шиг байгаа гээд дандаа эрүүл бус байдлаар хардаг. Би сүүлийн гурван жил ногоон байгууламжийн төлөө хэн нэгэн хүний захиалгаар дуугараагүй, нийгмийн захиалгаар л дуугарсан дуугарсаар байх болно.

-Яг чиний шүгэл үлээж буй асуудлуудыг хариуцсан төрийн байгууллагууд ажиллаж байгаа шүү дээ. Тэд яг юу хийж байна вэ?

-Сэлбэ голын эхэн дээр газар олголоо, ногоон байгууламж сүйтгэлээ, гадаргын усыг өөрчилж байна, голын голдиролыг өөрчилж байна гээд байгаль орчин хамгаалах чиглэлийн төрийн бүх байгууллагуудад утсаар болон гар бичмэлээр бичиж өргөдлүүд аваачиж өгсөн. Зөрчлийг арилгалаа гэсэн хариу ирүүлдэг боловч бодит байдал дээр худлаа байдаг. Сэлбэ голыг жинхэнэ сүйтгээд ухаад төнхөж байх үед хажууд нь болиоч ээ гээд би хоолойгоо сөөтөл орилоод, лайв хийж байхад манай төрийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүрэн зогсоолоо гээд худал мэдэгдэл хийгээд л байж байдаг. Эсрэгээрээ ногоон байгууламж нь бүрэн сүйтгэгдээд сүйтгэсэн компани нь хоёрхон сая төгрөгөөр торгуулиад л өнгөрсөн. Ийм хариуцлагын тогтолцоотой байж бид яаж тэрбум мод хөтөлбөр, үндэсний ногоон хөтөлбөр хэрэгжүүлэх гээд байна вэ? Өөрсдийгөө олны танил гэсэн инфлүзэрүүд хамгийн их хулгай луйвар хийдэг. Олны танил гэсэн гарууд намайг нэр төрд халдсан гээд өмгөөлөгч авчихсан хууль хяналтын байгууллагад өгсөн.

Ж.Энхбат

Бас л би цагдаад дуудагдаж явсан. Ингээд эсрэгээрээ гэмт хэрэгтэн шиг цоллуулдаг. Нийтийн эрх ашиг зөрчсөн нь цагдаад гомдол гаргаад яваад байдаг. Би бүр үнэндээ хэн нь юу хамгаалаад, хэн юу сүйтгээд байгаа билээ. Тэгээд хэн нь цагдаад байнга дуудагдаад байгааг ер ойлгохоо байсан. Манай монголын бүх зүйл уруугаа харсан урвуу байдлаар явж байна. Би бүхэл бүтэн Байгаль орчны яамны ажлыг, Туул голыг хамгаалах захиргааны ажлыг, Экологийн цагдаагийн хяналтын үйл ажиллагаа, мэдээлэх үүргийг бүгдийг нь ганцаараа хийж байна. Ер нь төрийн чиг үүргийн ажлыг иргэн шүгэл үлээх байдлаар хийгээд байх юм бол ийм том бүтэцтэй төрийн байгууллагууд ажиллах ямар хэрэгтэй юм бэ? Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад яам, газар дүүрэн хүн суугаа хэрнээ үндсэн үүрэгт ажлаа хийхгүй юм бол байгаад яадаг юм бэ?

-Шүгэл үлээсний мөрөөр үр дүн хэр гарч байна вэ?

-Сэлбэ голын эхэн дээр маш олон ногоон байгууламж сүйтгэсэн орн сууцны зориулалтаар барьж байсан барилгын ажлыг хууль хяналтын байгууллагынхантай хамтран зогсоолоо. Сүхбаатар дүүргийн газрын алба, газар эзэмших гэрчилгээг цуцалсан. Туул голын ай сав газарт био комбинат орчимд голын голдирол өөрчилж хайрга дайрганы үйлдвэрлэл эрхэлж байсан үйлдвэрүүдийн зүй бус үйлдлийг зогсоолоо. Техник хэрэгслийг хураалгуулж, торгуулаад үйлдвэр эрхлэх зөвшөөрлийг цуцалсан. Туул голын ай савд олгосон газар эзэмших, барилга байшин барих зөвшөөрлүүдийг цуцалсан. Гэхдээ энэ бол зөвхөн Ханхилсээс Зайсан хүртэлх тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан гэсэн үг.

Ж.ЭнхбатСэлбэ голын хаяа буюу БЗД-ийн нэгдүгээр хорооны голын ай савд олгогдсон таван компанийн барилга барих зөвшөөрлийн дөрвийг цуцлуулсан. Мэдээж компанийг бас хохиролгүй болгох ёстой учраас сонсох ажиллагаа явагдаж байна. Энэ асуудал шийдэгдчих юм бол энэ газар дээр цэцэрлэгт хүрээлэн байгуулья гэж байгаа. Яагаад бүгд зөвхөн Дүнжингаравын тийшээ ганцхан цэцэрлэгт хүрээлэнд салхилах ёстой гэж хүн бүр гэрийнхээ ойролцоо ногоон байгууламжинд амарч зугаалж болдоггүй юм бэ. Дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байх ёстой. Хоёр гүүр давсан урагшаа чиглэлийн хотхонууд дэргэдээ ногоон байгууламжтай байж болоод бусад дүүрэг хорооныхон яагаад дүүрэгтээ ганц ногоон байгууламжтай байж болохгүй байна вэ. Дүүрэг бүрд байгаа ногоон байгууламж дээр тулгуурлан цэцэрлэгт хүрээлэн байгуулья гэдэг санал санаачилгыг дүүрэг бүрд уриалж саналаа явуулж байгаа. Энэ бол нийтийн эрх ашиг болохоос иргэн Энхбат дүүрэг бүрд ногоон байгууламжтай газрыг авах гээгүй юм шүү. Хэдийгээр хууль эрх зүйн байхгүй ч гэсэн иргэнийхээ хувьд чадлаараа шүгэл үлээж байна. Иргэн бүр шүгэл үлээгч байгаарай. Тэгж байж бид бурууг өөгшүүлэхгүй, амьдарч буй орчноо, нийгмээ сайхан болгох юм шүү.

-Ярилцсанд баярлалаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img