2024-12-04, Лхагва
-23 C
Ulaanbaatar

Сэтгэл зүйн хувьд тогтвортой гэр бүлд өссөн хүүхдүүд донтолтоос татгалзаж чаддаг

Дэлгэцэнд донтогч хүүхдүүдийн 90 гаруй хувь нь хөвгүүд

Сүүлийн 20 жилд бий болсон гэх дэлгэцийн донтолт буюу зан төлвийн өөрчлөлт, компьютерийн хамааралтай сэтгэцийн эмгэгүүд хүүхдүүдэд тод ажиглагдах болсон гэж сэтгэл зүйчид онцолж байна. Хүүхдийн дэлгэцийн донтолтын том шалтгаан нь үрсдээ анхаарал тавих цаг наргүй ажиллацгаадаг аав, ээжүүд гэнэ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд дэлгэцийн донтолттой, хамааралтай болсон зан төлвийн өөрчлөлтөд орсон хүүхдүүдийг эмчлэх тасаг нээгдээд багагүй хугацаа өнгөрчээ.

СЭМҮТ-ийнхөн цахим донтолтод өртсөн хүүхдүүдийг эмчлэх явцдаа илрэх шинж тэмдгийг нь анзаарчээ. Таны хүүхдэд нүдээ ойр ойрхон анивчих, нойргүйдэх, шалтгаангүй толгой нь өвдөх, уур бухимдалтай болох, хичээлээ шалтгаангүй таслах, аливаа зүйлд сонирхолгүй болох, зүүдэндээ тоглоомныхоо тухай ярих зэрэг шинж тэмдэг ажиглагдвал цахим донтолттой болсон байна гэсэн үг. Ийм шинж илэрч байвал цаг алдалгүй сэтгэл зүйчид, СЭМҮТ-д хандаарай.

Шилжилтийн насны хүүхдүүд дэлгэцийн донтолттой болчихвол архи тамхины хэрэглээтэй хүн шиг болчихдог эрсдэлтэй аж. Зан төлвийн хувьд маш тогтворгүй хүн болох ч магадлалтайг эмч нар үгүйсгэсэнгүй. Энэ эмгэгт нийтээрээ анхаарахгүй бол 5-10 жилийн дараа хүнд хэлбэрийн эмгэг рүү шилжих эрсдэл бий хэмээн СЭМҮТ-ийнхөн сануулж байна. Дэлгэцийн донтолтонд өртөж буй хүүхдийн 90 хувь нь хөвгүүд гэсэн статистик гарчээ. Эндээс интернэт тоглоом хүүхдүүдийг дэлгэцэнд донтох том шалтгаан болдогийг харчихаж болно.

Хүндрэхээрээ өөр дон руу шилжчихдэг нь энэ донгийн хамгийн том аюул гэж СЭМҮТ-ийн эмч нар хэлж байна. Хүүхдүүд томчуудад сэтгэлээ бүрэн нээж чаддаггүй учраас гар утсаа оролдоод суухыг илүүд үздэг гэнэ. Тэгэхээр дэлгэцийн донгоос хүүхдээ хол байлгая гэвэл сэтгэл зүйчид хандаж байнгын зөвлөгөө авч байх учиртай аж.

Дөрвөн хүүхэд тутмын нэг нь хар тамхи хэрэглэж үзсэн гэв үү?

Хүүхдүүдийн хувьд хар тамхины хэрэглээ донгийн хэмжээнд очсон кейс цөөнгүй дуулддаг. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Ш.Лхагвасүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхий боловсролын сурагчдын дунд хийсэн судалгааны дүгнэлтээр мансууруулах бодисын хэрэглээ хүүхдүүдийн дунд хавтгайрсан байна. Дөрвөн хүүхдийн нэг нь хар тамхи хэрэглэж үзжээ. Өөрөөр хэлбэл, өсвөр насны нийт хүүхдийн 130 гаруй мянга нь ямар нэгэн байдлаар хар тамхи хэрэглэж үзсэн гэх тоо гарсан” хэмээн ярьсан нь бий.

Ердөө хэдхэн жилийн өмнө монголчууд хар тамхийг мөнгөө үрж ядсан баячуудын хүүхдүүд л хэрэглэдэг гэж ойлгодог байсан бол Ш.Лхагвасүрэн докторын өгсөн мэдээлэл энэ хандлага үеэ өнгөрөөснийг гэрчилж байна. Хар тамхины хэрэгт орооцолсон хүүхдүүдийн жишээнээс харахад 16-20 насныхан найз нөхдийнхөө хүрээнд хар тамхины хэрэгт холбогдсон байдаг аж. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн шалтгааныг нь тодруулахад бусдад уруу татагдаж, сонирхсон, хөгжим гоё сонсогддог, тайвширдаг, онгод ордог, эсвэл өвчнөө намдаах зорилгоор олж авч хэрэглэсэн гэх тайлбарыг өгдөг байна. Хүүхдүүдийн хувьд өссөн орчин, эцэг, эхийн хараа хяналтаас шалтгаалан бусдын нөлөөнд автаж хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэдэг гэнэ.

Д.Эрдэнэбаатар: Хатуу гараар хүмүүжсэн хүүхэд мансууруулах бодис хэрэглэх магадлалтай хэсэгт багтдаг

Академич, сэтгэл засалч Д.Эрдэнэбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Хүүхдүүдийн дунд дэлгэцийн донтолт түгээмэл болсон нь нэгэнт ил болсон асуудал. Гэтэл сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодисын донтолт яригдах боллоо. Донтолтоос татгалзахын тулд яах ёстой бол?

-Ярилцаад үзэхээр сэтгэл зүйн хувьд тогтвортой гэр бүлд өссөн хүүхдүүд донтолтоос татгалзаж чаддаг.

-Хүүхдэдээ анхаарал тавилгүй өсгөсөн айлын хүүхдүүд донтолтод өртдөг гэж СЭМҮТ-ийнхөн онцолдог юм билээ. Гэр бүлийн хүмүүжил том нөлөөтэй гэж ойлгож болох уу?

-Эцэг эх нь хүүхдэдээ анхаарал тавилгүй өсгөсөн айлын хүүхэд сэтгэл зүйн хувьд сул байдаг. Ийм хүүхдүүд донтолтоосоо татгалзаж чадахгүй байх эрсдэл өндөр. Энэ төрлийн хүүхдүүд гурван янз байдаг юм. Нэг нь эрх хүүхдүүд. Хүлэмжийн хүмүүжил гэдэг л дээ. Аав, ээж нь бүхнийг урдуур нь орж хийгээд байдаг айлын хүүхдүүд. Тэд тэмцэгч биш болж өсдөг. Амьдрал гэдэг бол асуудлыг даван туулах буухиа уралдаан шүү дээ. Хоёр дахь нь хатуу гарын хүмүүжил.

Аав ээж нь бие махбод, сэтгэл зүйн хувьд хүчирхийлэгч байсан бол тухайн хүүхэд томроод хүчирхийлэгч болдог. Хэчнээн “Би хүүхдэдэээ аав, ээж шигээ зан гаргахгүй” гэж боддог ч амьдралын асуудлыг шийдэх ганцхан арга нь хүчирхийлэл юм байна гэсэн хандлагыг багаасаа мэдрээд өсчихдөг гэмтэй. Ийм шалтгаанаар стресстэнэ, гутарна, айдастай болно. Тэгээд л мансууруулах бодис хэрэглэх магадлалтай хэсэгт багтчихдаг. Гурав дахь хэв шинж нь харшилдсан хүмүүжил. Аав нь загнахаар ээж нь өмөөрдөг айл байдаг даа. Эсвэл ээж нь нэг загнаад, дараа нь загнасандаа гэмшээд бөхөлзөөд байвал энэ хэв шинжид багтана. Энэ тохиолдолд хүүхэд “Ийм нөхцөлд биеэ яаж авах ёстой юм бол” гээд дахиад тодорхойгүй байдалд орчихдог. Гэтэл аав, ээж нь буруу юм хийвэл зэмлэж, сайн үйл хийвэл магтдаг айлын хүүхэд бие даагаад зөв шийдвэр гаргаж сурдаг.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img