2024-12-04, Лхагва
-23 C
Ulaanbaatar

Харшлын тухай 8 баримт

Таваас есдүгээр сар хүртэл хүн амын гуравны нэг нь ургамлын тоосны харшилд нэрвэгддэг аж. Харшлын ид үед харшлын тухай 8 баримтыг хүргэж байна. Бид 8 баримт бэлдэхдээ эмч С.Мөнхбаярлахын "Ургамлын тоосны харшлын оношлогоо, эмчилгээний чиг хандлага” сэдвээрх лекцийг эх сурвалж болголоо.

  • Ургамлын тоосны харшилтай хүмүүс маш хүчтэй, угсарсан байдлаар найтаадаг байна. Дэлхий нийтээр харшил залуужиж байгаа бөгөөд хүүхдүүд илүү ихээр харшилд өртөх болжээ. Дөрөвдүгээр сарын аравдаас бургас гөлөглөх үеэс авахуулаад харшил эхэлдэг аж. Зун удаан үргэлжлэх үед ургамлын тоосны харшил хоёр удаа ч үзэгдэх хандлагатай болж. Ургамлын тоосны харшил Монголд зонхилон тохиолддог нь цаг ууртай холбоотой. Монголын ургамлууд ихэвчлэн салхиар тоосоо хүртээдэг ажээ. Харшилтай хүмүүсийн хамраас гэнэт ус гоождог, угсруулан ханиалгах зэргээс болоод зарим нь ичиж хүнд байдалд ордог байна.
  • Зарим тохиолдолд харшил нь сэтгэцийн шинж тэмдэгтэй хамт илэрдэг байна. Харшилтай хүмүүс ядрамтгай, ууртай болох, сэтгэл гутралд орох зэрэг нь сэтгэцийн өөрчлөлттэй холбоотой гэнэ. Харшилтай хүмүүсийн дэргэд тамхи татах нь тэднийг хэцүүхэн байдалд оруулдаг байна.
  • Харшлын улирал эхэлсэн үед зөв цагтаа салхивчаа нээх учиртай. Өдрийн цагаар цахилгаан агаар шүүгчээр агаараа цэвэршүүлэх нь чухал аж. Үдэш өрөөндөө сайтар агаар оруулах хэрэгтэй гэж эмч зөвлөж байна.
  • Харшилтай хүмүүсийн хувьд харшил төрүүлэгчээс өөрийгөө холдуулах нь хамгийн сайн арга. Япончууд гэхэд л харшлын улирал эхлэхэд бүгд ургамлын тоосноос хамгаалах нүдний шил, хамар дотроо хийчихдэг гаднаасаа харагддаггүй маск хэрэглэх болжээ. Энэхүү бичил маскыг нь манайхан оруулж ирж туршсан ч хамар битүүрээд байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг сул талтай аж.
  • Ургамлын тоосны харшлыг хүнсний харшил дагадаг гэнэ. Тухайлбал шарилжны харшилтай бол түүхий лууван идэж болохгүй. Хөх тариа эсвэл үет ургамлын тоосны харшилтай хүмүүс гадил, тарваснаас харшлах гэх мэтээр солбих урвалд ордог байна.
  • Төгс эдгээж чадахгүй ч харшил эмчлэгддэг өвчин аж. Зовуурьгүй, эмнэл зүйн шинж тэмдэггүй болтол нь эмээр эмчлэх боломжтой юм байна. Мөн дархлаа эмчилгээ үр дүнтэйгээс гадна харшлын эсрэг биологийн бүтээгдэхүүнээр эмчилдэг болжээ. Хамгийн их харшил үүсгэдэг 40 төрлийн харшил төрөгчөөр нь бүрэн автомат анализаторын тусламжтайгаар юунд харшилтайг илрүүлдэг оношлогооны арга технологийг манай улсад хэрэглэж байгаа аж.
  • Харшлын эмнэл зүйн шинж тэмдэг жил болгон өөр байгаа аж. Магадгүй нэг жил тухайн хүний хамар битүүрч, хамрын зовууриуд илүү их байсан бол дараа жил энэ зовуурь дээрээ нэмээд астмын шинж тэмдэг давхар илэрч болох гэнэ. “Зарим үед зөвхөн астмын шинж тэмдгүүд нь давамгайлж болно. Энэ бол тухайн жилийн онцлогтой холбоотой. Ямар шалтгаанаас үүссэнээсээ хамааралтай, харилцан адилгүй байдаг. Тийм учраас бие биенээсээ дуулсан ч юм уу. Эсвэл би энийг уугаад гайгүй болчихдог доо гэсэн эмчилгээг тааж битгий хийгээч ээ. Мэргэжлийн эмчдээ үзүүл. Тэр хүмүүсийнхээ зөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгээрэй. Зөвхөн нэг эмээр эмчлэхээ больчихоод байна шүү дээ. Эмчилгээг цогцоор нь хийдэг болсон. Зөв зохицлыг олж хийнэ гэдэг нь мэргэжлийн ур чадвартай холбоотой” С.Мөнхбаярлах эмч зөвлөжээ.
  • Астмын үндсэн дөрвөн шинж тэмдэг байдаг. Нэгдүгээрт, хуурай ханиалгадаг. Хоёрдугаарт, амьсгаадна, гуравдугаарт, цээж давчидна. Дөрөвдүгээрт амьсгал нь шуугина, шуугиантай амьсгална. Ийм шинж тэмдэг илэрвэл астма болж байж магадгүй гэж үзээд эмчид хандах ёстой аж.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img