2024-10-08, Мягмар
-0 C
Ulaanbaatar

“Мөрөөдөл”-ийн зэс хайлуулах үйлдвэр

Зэс хайлуулах үйлдвэртэй болох хүсэл мөрөөдөл монголчуудын цээжинд үргэлж байсаар ирсэн нь үнэн. Хоёр сар дараалан Эрдэнэт хотыг, Эрдэнэт үйлдвэрийг зорьж сурвалжилж явахдаа ч сэтгүүлч миний бие энэ тухай л бодож явлаа. Тэрхүү мөрөөдөгчдийн нэг нь би. Бид яагаад өдий хүртэл Зэс хайлуулах ганц сайхан үйлдвэртэй болж чадаагүй юм бэ? Хариулт нь тодорхой, “Оросууд тийм боломж олгоогүй юм”…

Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороо гэж том байгууллага соц нийгмийн үед байлаа. Дарга нь Д.Салдан. Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй, эх оронч хүн байж. Энэ хүн 1973 оны арваннэгдүгээр сарын тэр нэгэн өдөр Зөвлөлтийн том даргатай нүүр улалзуулсан “халз тулаан”-д ганцаарчлан оржээ. Монголд ирсэн тэр том дарга бол И.Т.Новиков. ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комиссын Х хуралдааны Зөвлөлтийн хэсгийн дарга гээд эрх мэдэл, нэр нөлөөгөөрөө аварга “амьтан” ажээ.

“Халз тулаан”-ы гол сэдэв нь Монголд Зэс хайлуулах үйлдвэр байгуулах, эс байгуулах тухай яриа. Д.Салдан гуай үйлдвэртэй болно гэж зүтгэж. Новиков шулуухан “үгүй” гэж хариулжээ. Тэгж тэгж асуудал Оросын талын төлөөлөгчийн талд гарч, 1973 оны 11 дүгээр сарын 22-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийг байгуулах албан ёсны гэрээ зурагдлаа. Монголчуудын Зэс хайлуулах үйлдвэртэй болох мөрөөдөл ийнхүү Орос даргын, Оросын том бодлогын сүүдэрт дарагдаж, зэсийн баяжмалаа төмөр замаар зөөж экспортолдог улс болсон юм.

Бид Эрдэнэт хэмээх сайхан хоттой, “Эрдэнэт үйлдвэр” хэмээх “саалийн үнээтэй” болж амжсан ч Зэс хайлуулах үйлдвэртээ болох мөрөөдлөө өнөөдрийг хүртэл сэтгэл оюундаа хадгалж ирэв. Монгол мэргэжилтнүүд элдэв арга чарга хайн үйлдвэр байгуулах оролдлого хийвч Ц.Балдорж сэтгүүлчийн “Далай ээж цаазын тавцанд” хэмээх алдартай нийтлэлд тас цохиулж хэсэгтээ нам гүмхэн болсон тохиолдол ч бий. Хөвсгөлийн иргэд Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглуулахгүй гэсэн тэмцлээс үүдэлтэй сэтгүүлчийн байгаль орчноо хамгаалж өмгөөлсөн нийтлэл тийм хүчтэй нөлөөлж. Том төсөл хэрэгжүүлье гэтэл орон нутаг нь эсэргүүцээд нам дардаг одоогийн дүр төрх хуучин нийгэмд ч байж.

Маркшейдер мэргэжилтэй, уул уурхайн салбарын сайдаар ажиллаж байсан Г.Ёндон өдгөө “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал. Саяхан сэтгүүлчидтэй уулзахдаа ч, томоохон хурал зөвлөгөөнд орохдоо ч “Зэс хайлуулах үйлдвэр бол монголчууд бидний, салбарын үе үеийн мэргэжилтнүүдийн мөрөөдөл” гэж давтан хэллээ. Аргагүй тийм. Салбарын мэргэжлийн хүний зүрхнээсээ уудалж гаргаж ирсэн үг, гэгээн хүсэл мөрөөдөл мөн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэд Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн нэг төсөл хэрэгжиж байгаа. ТЭЗҮ нь энэ оны зургадугаар сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ороод батлагдчихвал олон жилийн мөрөөдөл маань биелэх ажилдаа орно.

“Эрдэнэ үйлдвэр” оросуудын мэдлээс гарч, Монголдоо бүрэн шилжиж ирсэн, дээр нь монгол захирал удирдаж байгаа энэ цаг үед Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжиж байгаа нь бидний аз.

Оюу Толгойн дэргэд, Өмнийн говийн Ханбогд суманд Зэс хайлуулах үйлдвэрийн бас нэгэн том төсөл бий. Хоёулаа өндөр ач холбогдолтой, улс оронд маань хэрэгтэй төслүүд. Гэхдээ нэг зүйл бодогдож байна. Үйлдвэр байгуулна, аж үйлдвэрээ хөгжүүлнэ гэж дарга, цэрэггүй олон жил ярьж байна.

Том том макет цаасан дээр урлаж, ТЭЗҮ хэмээх баримт бичгийг зөндөө л үйлдлээ. Төр хийнэ, бүтээнэ гэж ажил авдаг, хэрэгждэг нь ховор. Хувийн хэвшил, тэр дундаа уул уурхайн салбарт бизнесийн амжилтаар тодорч гарч ирсэн МАК-ийн Б.Нямтайшир “Зэс хайлуулах үйлдвэр, гангийн үйлдвэр гэж олон жил ярилаа. Төр хийнэ гэж ер нь байхгүй.

Харин төр дэмжээд, дэд бүтцийг нь шийдээд өгвөл хувийн хэвшлийнхэн бид хамтраад хийчихнэ шүү дээ” хэмээн саяхан Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн дээр учирлав. Гэхдээ тэрээр Эрдэнэт үйлдвэрийн дэргэд, Оюу Толгойн хажууд биш, харин Чойрт Зэс хайлуулах үйлдвэрээ байгуулбал илүү оновчтой гэсэн байр сууриа тодхон илэрхийлэв. Г.Ёндон захирал “Зэс хайлуулах үйлдвэрийн байршил сонголт дээр бүгдээрээ саналаа нэгтгэж, зөвлөлдөе” гэсэн утгатай үгийг тайзан дээрээс хэлж байгаа харагдав.

Мөрөөдөлдөө хүрэхийн тулд инженерүүд маань нэг санаан дээр тулж очих цаг ирсэн. Тал тал тийшээ харсан олон салаа бодлого Монголд лав ашиггүй, хэрэггүй. Туулж өнгөрүүлсэн түүх ч үүнийг өгүүлнэ.

Саяхан хэвлэл “эргүүлж” байтал “Зэс хайлуулах үйлдвэрийн ажил энэ хавар эхэлнэ” гэсэн Х.Бадамсүрэн захирлын 2016 онд өгсөн ярилцлага гарч ирж байна. Хэнтийн Бор-Өндөрт Зэс хайлуулах үйлдвэр байгуулах шийдвэрийг тухайн үеийн УИХ, Засгийн газар гаргаад манайхан мөрөөдлөө биелүүлнэ гээд л зүтгэж байж. Овоо судалгаа тооцоо хийж байж Бор-Өндөрийг сонголоо хэмээн дээр дооргүй ам уралдан ярьж байсан чинь энэ шийдвэр гэнэтхэн өөрчлөгдөөд Ханбогдод барихаар болсон гэж билээ. Хоржоонтой юм аа. Ямар их судалгаа тооцоо, хөрөнгө мөнгө, цаг заваа гаргасан билээ дээ. Зэс хайлуулах үйлдвэрийн төслийн нэгжийнхэн гэж цөөн тооны, даруухан мэргэжилтнүүд яамны нэг өрөөнд өдөржин сууж, бичиг цаастай зууралдаж суусныг санах юм.

Зэсийн баяжмал боловсруулах төслийн менежер Х.Владимир 2017 онд “Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг энэ онд багтаан тодруулж, үйлдвэрээ 2020 онд ашиглалтад оруулна” гэсэн үгтэй ярилцлага нэгэн томоохон сайтад нийтлэгджээ. Тав, зургаан жил жирийгээд одчихлоо.

Төслийн бичиг цаасан “дарагдаж” суусан мэргэжилтнүүдийн буруу гэж юу байхав. Монгол төрийн эргэж буцсан, өөрчлөгдөмтгий, хувьсамтгай бодлого томоохон аж үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг биш, садаа болдгийн жишээ энэ. Аж үйлдвэржилтийн үндэсний хороо байгуулснаа саяхан салбарын сайд нэлээд сүртэй зарлалаа. Зэс хайлуулах үйлдвэр, Гангийн үйлдвэрээ байгуулна гэлээ. Энэ хорооны хамгийн түрүүнд, хамгийн бодитой хэрэгжүүлж олон арван жилийн мөрөөдлөө биелүүлэх төсөл бол Зэс хайлуулах үйлдвэр. Монголчууд өөрсдөө барьж байгуулж чаддаг гэдгээ харуулаад өг. Их тэнгэрийн аманд Д.Салдан гуайн Орос даргатай үзэлцээд дийлээгүй тэр сайхан үйлдвэрийг монгол инженерүүд л байгуулж чадна.

эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img