2024-10-20, Ням
-3 C
Ulaanbaatar

Хүйтэн уулын хүү

2016 оны нэгдүгээр сарын дунд үе. Жил жилийнхээс гойд хүйтэн гэгдэх тэр өвөл нэг байшингаас нөгөө рүү орохын зуурт л хамрын үзүүр хөлдчих гээд байсныг санаж байна. Улаанбаатарт ийм хүйтэн байхад Монгол орны баруун хязгаарт, цаст уулсын дунд ямар байгааг би төсөөлж байсансан.

Идэр ес тачигнасан тэр өдрүүдэд өглөө сэрмэгц интернэтэд яаран орж, Алтай таван Богдод соло авиралт хийж яваа Спортын мастер, уулчин Жагдалын Бямбасүрэнгээс сураг ажиг танддаг байлаа. Түүнийг Бамби нэрээр нь уулын салбарынхан андахгүй. Миний хувьд зүс таних төдий л байсан. Тэглээ ч, цас мөсөн дуулгаа өнөд тайлдаггүй Хүйтэн ууланд өвлийн авиралт хийх гэсэн удаа дараагийн оролдлогууд амжилттай болж байгаагүйг мэдэх болохоор дулаан гэртээ тайван сууж чадахгүй сэтгэл түгшээд байсан билээ.

…Намайг ийн мунгинаж суух зуур төсөөллийн минь орон зайд бөртөлзөх Бамби бодит амьдрал дээр ч мөн адил хөмсөг, сахлаа цантуулан өвдөг давсан цасан дундуур гав ганцаар чарга чирэн зүтгэж явлаа. Чарган дээрээ майхан сав, хоол хүнс, аяны хөнжил гудас гээд лавтайяа 20 гаруй килограм ачаа ачжээ. Бас нуруундаа 10 гаруй килограм ачаа бүхий үүргэвч үүрчээ.

Өвлийн цагаар ойр хавьд айл мал нутаглах нь байтугай зэрлэг амьтад нь ч дүрвэн оддог анир гүм, цэвдэг цагаан орчил… Энд зөвхөн уул, хүн хоёр л байна…

Дээр хөхрөгч тэнгэр цэв цэлмэг атал жихүүн салхинд хөлөөр үе үе явган цас шуурна. Бамби байсхийгээд амьсгаагаа даран зогсож, өдөрчийн газарт дүнхийвч өмнөхөн нь мэт харагдах Хүйтэн уул өөд ширтэн дотроо залбирна: “Хайрхан минь, ач ивгээлээ өгч цаст цагаан оргилдоо хөлж тавиулж хайрлаач…”. Тэрбээр алхам бүртээ хянуур хандана. Потанины мөсөн голыг гатлахдаа ангал байх магадлалтай хэд хэдэн газраар мөлхөж гарав. Хэрэв ангалд унах юм бол хэн түүнийг татаж гаргах билээ. Энд, өвлийн цагт цас байнга шуурч мөсөн голын ангалуудыг чигжин хатуурснаар цөмөрч нурах эрсдэл харьцангуй багасдаг аж.

Алтай ТаванбогдУулчдын үндсэн отгоос өглөө хөдөлсөн Бамби энэ өдөр найм орчим километр алхаад нар шингэхийн алдад Хоног толгойн ойролцоо очиж буудаллав. Өндөр ууланд өдрийн цагаар хүйтний эрч сулрах ч нар жаргамагц, тэр бүү хэл нар үүлний цаагуур орохын төдийд эрс хүйтэрдэг нь жам. Тэгээд ч манай баатрыг тэнд байхад өдөртөө -15-20 хэм, шөнө нь -38-40 хэм хүрснийг термометрийнх нь заалт нотолсон билээ. Бамби нар шингэхтэй уралдан майхнаа бариад, аяга хоол буцалгаад идэх гэтэл олигтой орж өгсөнгүй. Өндөрт, бас хүйтэнд түүний хоолны дуршил илт буурчээ. Тэгээд бушуухан аяны хөнжилдөө шургаж авлаа.

Их уулсын дунд идэр есийн хүйтэнд дан даавуу майханд хоноглоход ямар байхыг Бамби төсөөлж байсан. Хэдийгээр аяны хөнжил нь -35 хэмд дааруулахгүй байх технологитой ч хөл гар нь хөлдчих шахан эргэж хөрвөсөөр унтаж чадалгүй үүр цайлгав. Аяны хөнжлөөсөө хамраа цухуйлган амьсгал авахын төдийд бүхий л биеэр нь хүйтэн агаар нэвчих шиг болно. Өвлийн шөнийн уртыг хэлэх үү, өөрөөсөө өөр ханьгүйгээр “ертөнцийн мухарт” ирсэн түүнд юу эс бодогдоно. Бодолдоо хөтлөгдсөөр тэрбээр хоёр хоногийн өмнөх цаг хугацаандаа эргэн очвой…

…Алтай таван Богдын хормойд зуны цагт уулчдын ирж буудалладаг үндсэн отог гэж бий. Нэгдүгээр сарын 13-нд Бамби үндсэн отогт ирсэн. Тэнд ирэхийн тулд Өлгий хотоос машинаар гарч Ойгор талаас буюу казахуудын талаас уул руугаа дөхсөн билээ. Хүйтэн ууланд хамгийн ойр өвөлждөг айл нь Улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч Эрзатынх байлаа. Эднийхээс цааш зузаан хунгар цастай учир машин явах аргагүй. Иймд Бамби мотоцикл хөлөглөн есөн километр явж, Алтай таван Богд руу машин нэвтрэхийг хориглосон хаалт хэсэгт хүрлээ. Хаалтнаас цааш мотоцикл ч явах боломжгүй болж моринд ачаагаа ачаад хөдлөв. Гэвч, морины хөл байсхийгээд л цас цөмлөн орж, хэнхдэгтээ тултал цасанд шигдсэн морь хэд цамнаад л хамаг тэнхэлээ барчихна.

Тэгээд хэдэн минут хүлээж байгаад цулбуураас нь огцом татахад амарч амжсан морь цаснаас цоройн гарч ирнэ. Ийм маягаар удаан явж, газар хороох аргагүй байлаа. Тиймээс чарган дээр ачаагаа ачаад мориороо чирүүлэхэд морь цасанд шигдэх нь гайгүй болов. Алтай таван Богд руу очих замд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор экс ерөнхийлөгч Н.Энхбаярын босгосон дурсгалын самбар бий. Бамби 10 орчим километр яваад уг самбарын наана морио үлдээж, өөрөө бүх ачаагаа чирсээр үндсэн отог руу явлаа.

Замдаа цав цагаахан чандага цасан дээр гүйж явахыг үзээд өхөөрдөн инээвхийлэв. Төд удалгүй чандага хийгээд чонын мөрийг ахин олж харлаа. Цаст их уулсын дунд чандага юугаар хооллон амьдарч буйг ойлголгүй өнгөрсөн ч чоно юуг мөшгиж явсан нь тодорхой болов. Аглаг буйд, нэр шигээ хүйтэн уул руу ийнхүү гав ганцаар, даарч хөрөн зүтгэж ахуйд цасан дээрх чонын шинэхэн мөр Бамбиг улам ч жихүүцүүлж орхисон юм. Үндсэн отог дээр ирээд GPS-ийн заалтаа харахад тэр өнөөдөр 15 км газар цас туучин алхжээ. Их ч ядарсан байлаа. Тэрбээр үндсэн отог дээрх Баян-Өлгий аймгийн цаг уурын контейнерт байрлахаар шийдэв.

Контейнерийн гадуур явж өнгөрсөн боохойн мөр анхаарлыг нь ахиад л татлаа. Мэдээж Бамби энэ зэлүүд нутагт нүүр тулж болох бүхий л бэрхшээлийг судалсан. Чонын яг сүрэглэдэг үе нь өнгөрчихсөн гэдгийг тэр мэдэж байгаа. Чоно олуулаа бол аюултай. Харин ганц чоно хүнийг зөвхөн дагана уу гэхээс улаан цайм дайрахгүй гэдэгт итгэлтэй байв. Хэрэв шаардлага гарвал тэр мөсний сүхээрээ өөрийгөө хамгаална.

Контейнерийн доторх зайны гуравны хоёрт бараа хурааж, багахан зай үлдээжээ. Өөрт нь л зориулан үлдээсэн гэмээр тэр жижигхэн орон зайд Бамби төвхнөөд авав. Гаазаар хоол, цай буцалгахад, мөн түүний амьсгалаар “явуулын бяцхан сууц” нь төдхөн дулаацлаа. Бамби энэ шөнө давхарлан хураасан эсгийн дээр тухлан, огт дааралгүй нам унтжээ.

Өглөө сэрэхэд цас нүдгүй шуурч байлаа, ер намдах шинжгүй. Иймд тэр өдөртөө тэндээ амрахаар шийдэв. Бамби цаг уурын контейнерт ахин нэг хоноод сэрэхэд шуурга намдаж, тэнгэр цэлмэжээ. Ингээд тэр аян замаа үргэлжлүүлж, Хоног толгойн ойролцоо ирж буудалласан нь энэ…

Хоног толгойн ойролцоо дан даавуун майханд унтаа сэрүүний хооронд шөнийг өнгөрөөсөн Бамби нэгдүгээр сарын 16-ны өглөөтэй золголоо. Өнөөдөр дайралтын өдөр. Тэр энэ өдрийг их удаан хүлээсэн. Цаг агаар сайхан байлаа. Хайрхан түүний залбирлыг сонссон бололтой.

Нар ээж, жавар арилмагц Бамби авиралтаа эхлэв. Хэдийгээр цаг агаар сайхан байгаа ч өвөл бол өвөл, уул бол уул, тэр дундаа Монгол орны хамгийн өндөр цэг Хүйтэн оргил бол Хүйтэн л оргил. Бамби баруунаас үлээх жихүүн салхинаас баруун гараараа нүүрээ нөмөрлөн жигд алхаагаар урагшилсаар байлаа. Цас, мөс, жавар түүний хүчийг сааруулна. Тэр байсхийгээд л цагаа харна. Зуны улиралд уулчид Хүйтэн оргил руу гурван цаг орчим алхаж гардаг бол манай баатар ийм хугацаанд замынхаа дөнгөж хагасыг туулаад байв. Тэр өөртөө эргэлзэж эхэллээ…

Алтай Таванбогд…Бамби урьд нь энэ хайрханы оргилд гурван удаа хөл тавьсан. Анх 2011 оны долдугаар сард ОУХМ, уулчин Д.Мөнхжаргалыг дагаж Алтай таван Богдыг зорьсон билээ. Мөнх цасаа гялбалзуулан дүнхийх их уулсын хормойгоор зуны дэлгэр цагт гол горхи урсаж, цэцэг ногоо дэлгэрч, шувууд жиргэж байсансан. Цэцэгт ногоон хөндий, цаст цагаан уулс зэрэгцэн орших эл ер бусын хөгжимлөг орчин Бамбиг энгийн борог амьдралаас их ээ хол авааччих шиг л санагдсан. Хүйтэн уулын оргилд гарснаас хойш түүний өөдөө дээшээ тэмүүлэх хүсэл мөрөөдөл улам бүр бадарсан юм. Түүнээс хойш Бамби Хүйтэн уулаа дандаа зүүдлэх болсон. Зүүдэлж хоноод сэрэхээрээ сэтгэл нь баяраар бялхана.

Хүйтэн уулаа ингэж хоёр жил зүүдэлсний эцэст Бамби 2013 оны зургадугаар сарын 1-нд хайрхандаа ахин бараалхжээ. Тэгэхэд анх удаагаа баг удирдаж өндрийн авиралт хийсэн юм. Хаврын улиралд Алтай таван Богд түүнд бас нэгэн өөр дүр төрхөө үзүүлэв. Хүчтэй хавсарга салхи Потанины мөсөн голын цасыг мөлчийтөл хийсгэж орхижээ. Энд тэндгүй том том ангалууд дурайтал харагдаж зориг мохооно.

Хүйтэн уул яг л толь шиг гөлгөр мөстэй байсансан. Шил толь шиг мөсөн уул руу бусдын амь насыг хариуцаж авирна гэдэг ямар ч аавын хүүд асар том сорилт билээ. Тиймдээ ч оргил дээр гараад Бамби эр нулимсаа унагасан. Хотод ирснийхээ дараа тэр “Хэрвээ байнга зүүдлээд байвал тэр уул чамайг дуудаж байгаагийнх. Очвол тэр уул ч юм уу, эсвэл чиний сэтгэл амарна. Тиймээс ийм зүүдийг муу зүйлтэй холбон бодож санаа зовох шаардлагагүй. Харин тэр ууландаа л очих ёстой юм байна” гэх гаргалгаанд хүрчээ…

Одоо Бамби Хүйтэн ууландаа дөрөв дэх удаагаа бараалхахаар явж байна. Тэр ахиад л өөрийгөө сорьж явна. Бамби оргил дээр гарч чадах эсэхээ мэдэхгүй. Яагаад гэвэл, одоогоор хэн ч Хүйтэн ууланд өвлийн цагаар амжилттай авирч чадаагүй байгаа. Тэгээд бүр ганцаараа шүү. Тиймээс чадахгүй байх магадлал нь чадах магадлалаасаа хавьгүй өндөр байлаа.

Хүйтэн уулын цасан дуулган дээр өвлийн цагт мөрөө үлдээх зоригтон салхинаас өөр үгүй. Харин одоо салхи, Бамби хоёр агшин бүрт биесийнхээ мөрийг баллан тэмцэлдэнэ. “Би ийм удаан явж байгаа юм чинь оргилд гарч амжина гэж үү. Буухад харанхуй болчихвол маш аюултай. Буцдаг ч юм бил үү” гэж ахин дахин бодогдоно. Толгойд нь ийн бодогдовч хоёр хөл нь урагшаа л алхсаар байлаа. Түүний тархинд эрүүл саруул оюун ухаан, “эрүүл бус эр зориг” хоёр арцалдаж байв. “Буцъя” гэх бодол бүрийг нь “Ахиад жаахан яваад үзье. Болохооргүй бол бууя” гэх бодол дарангуйлна.

Ийнхүү тэр өөртөө итгэж чадахгүй явсаар нэг л мэдэхэд оргил дээр гарч ирэв. Цаг 16.00 болж байлаа. Оргилд хөл тавьсан хойноо ч өөртөө бүрэн итгэсэнгүй. Учир нь, зун, хаврын цагт Хүйтэн уулын оргил шовх, зай талбай багатай байсан бол өвөл их цасанд дарагдсаар танигдахын аргагүй уудам болчихсон байв. Ямартаа ч тэр зорьсондоо хүрлээ!

Бамби хүрэмнийхээ энгэрээс дүрс бичлэгийн камераа гаргаж ирэв. Камераа хөлдөөчихгүйн тулд хэдэн өдөр энгэртээ нандигнаж, хэдэн шөнө өвөрлөн унтсан юм. Тэрбээр камераа зоож автомат дээр нь тавиад, эсрэг тал руу нь үсэрч очоод Монголынхоо далбааг барин суув. Чаккк… Тэр камер руугаа гүйн очиж авсан зурагаа шалгахад фокус муутай гарчээ. Хэд хэдэн удаа ингэж нааш цааш гүйж зурагаа дарсан ч хүчтэй салхи камерыг нь чичиргээд олигтой зураг дарагдахгүй байлаа. Харин дүрс бичлэг нь харьцангуй боломжийн хийгдсэн юм.

Одоо тэр хурдан буух ёстой. Нар шингэх дөхөж байна. Харанхуй болмогц эндхийн жавар ямар харгис үлээдгийг тэр урьд шөнө биеэрээ мэдэрсэн…

Бамби оргилоос бууж эхэлснээсээ хойш цаг гаруйхны дараа, нар хэдийгээр жаргасан ч бүгээн гэгээтэй байхад, их хүйтэн болохын өмнөхөн майхан дээрээ ирж амжсан юм. Тэр өөрийгөө тийм хурдан бууна гэж үнэхээр төсөөлөөгүй. Уулсын цаагуур жаргаж буй нар, урдаас үлээх жихүүн салхи, урьд шөнийн даарч хоносон мэдрэмж нь түүнд ийм их хүч, хурдыг өгсөн болов уу. Хүний хүч чадал, нөөц боломжид хязгаар байдаггүй гэдгийг уул хүнд ингэж л ойлгуулдаг билээ.

Энэ шөнө Бамби дан даавуун майхандаа тохилог сууцанд байгаа юм шиг л нам унтжээ. Шөнө нь нүүр нүдгүй цасан шуурга тавьж байхад шүү. Их ядарсных ч байх, сэтгэл нь амарсных ч биз, эсвэл тэр өвлийн цагаар ууланд амьдарч дасч буйнх биз ээ. Өглөө сэрэхэд нь хоёр алхмын цаадах харагдахгүй битүү шуурга тавьж байлаа. Ийм нөхцөлд яаж буцах билээ гэж хэсэг гайхширав.

Гэхдээ л, Хүйтэн уул өчигдөр түүнийг ивээж, тэнгэрээ цэлмээж, цаст цагаан оргилдоо хөл тавиулсанд нь туйлын баяртай байсан юм. Жаахан хүлээзнэсний эцэст тэр зориг гарган явахаар шийдлээ. Түүнд GPS бий, бас мөсөн голоо зөвхөн уруудаж л явах ёстой учраас төөрөхгүй гэдэгтээ итгэнэ. Бамбиг доош уруудсаар Малчин хайрханы хажууханд ирэхэд шуурга намдаж орчны юмс бага багаар харагдаж эхлэв. Доошлох тусам гайгүй болсоор үндсэн отог дээр ирэхэд зузаан саарал үүлэн цаанаас наран ёлтойж байлаа. Тэрбээр эргэн харахад Хүйтэн уулын тэртээд цасан шуурга тавьж, тэнгэр газар нийлэн бужигнасаар авай…

…Одоо Бамби Хүйтэн уулаа зүүдлэхгүй байгаа. Харин Хүйтэн уулаас эхлэлтэй түүний өгсүүр зам долоон тивийн ноён оргилын тавд нь хөтлөн гаргаж, өдгөө дэлхийн дээвэр Эверестийн зүг зурайж байна. Бамби 2017 оны тавдугаар сард Эверестэд авирахаар төлөвлөж, бэлтгэл ажилдаа ороод байгаа билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img