2024-10-17, Пүрэв
5 C
Ulaanbaatar

Г.ГАНХҮҮ: Манай хүүхнүүд хөргөгчиндөө хоолгүй хэрнээ булган шуба аваад өмсчихдөг. Яадаг юм бэ, энэ чинь гоё байхгүй юу…

"Grand Khaan" компанийн захирал, “Шар айраг” хамтлагийн дуучин, уулын Спортын мастер, “Үүргэвчтэй аялагч” Гэндэндарамын Ганхүүгээс 2009 онд “Гялбаа” сэтгүүлд авсан ярилцлагаа толилуулъя. Одоо эргээд санахад, энэ нь миний хувьд ууланд авирдаг хүнээс анх удаа авсан ярилцлага байж таарч байна.

-Та аялж байсан улс орнуудынхаа хөгжлийн аль салбарт илүү анхаарлаа хандуулдаг вэ?

-Аялж яваа болохоор голдуу аялал жуулчлалын салбарыг нь л харна л даа. Тэгээд Монголдоо жуулчдыг яаж яаж татах вэ гэж бодно. Ерөнхийдөө улс гүрнүүдийг ажиглаад байхад их сонин сонин хөгжлийн хэлбэрийг сонгосон байдаг. Миний бодлоор, нэн түрүүнд өөрийн гэсэн сонирхолтой уриатай байх хэрэгтэй юм шиг. Жишээлбэл, өөр бусад орнуудад гэхэд л террорист халдлага, бөмбөг дэлбэрэлт, шашин хоорондын мөргөлдөөн гэх мэт эрсдэлтэй зүйл их байдаг бол манайх шиг аюулгүй газар ховор гэдгээрээ бид азтай. Өнөөдөр, дээр үеэс уламжлалтай зургаан шашин нэгэн дор эв найрамдалтайгаар оршин тогтнож байна гэдэг дэлхийд хэзээ ч байгаагүй гоё түүх шүү дээ. Энэ мэт давуу талтайгаа холбоод гоё уриа өгөөд, үүндээ тохирсон ажил хийх юм бол аялал жуулчлал Монголд хөгжих бололцоотой л гэж боддог.

-Тун удахгүй та тив тивийн ноён оргилуудаас гурав дахь дээрээ авирах гэж байгаа. Цаг хугацааны хувьд зуныг сонгоход ямар нэгэн учир байсан уу?

-Зургаан тивийн долоон өндөр уулан дээр гарах зорилгыг би өөртөө тавьчихсан байгаа л даа. Антарктидын дээвэр Винсон Массиф уулан дээр улсынхаа далбааг мандуулсан анхны монгол хүн боллоо, ахиж тийшээ өөр хүн очих ч үгүй байх. Яагаад гэвэл, энэ маш хэцүү, бас өндөр өртөгтэй. Тавин мянган доллараар тийшээ явдаг тэнэг хүн надаас өөр байхгүй биз. Үүнээс өмнө Африкийн ноён оргил Килиманжаро уулан дээр бас гарсан л даа. Одоо би Австрали тивийн хамгийн өндөр оргилд авирахаар зургадугаар сарын 28-нд явна. Яагаад энэ үеийг сонгосон бэ гэхээр, энэ үед тэнд өвөл байдаг. Тэгээд л жаахан цастай үед нь гарах гээд хүлээсэн юм. Ингээд ямар ч гэсэн гурав дахь ууландаа гараад ирье.

-Өч төчнөөн хөрөнгө мөнгө, хөлс хүч, цаг заваа зарж, бас маш их эрсдэл хийж та ууланд авираад, оргил дээр нь хэдхэн минут болоод л буудаг. Юуны тулд…?

-Мэдээж Монголынхоо далбааг оргил дээр нь мандуулна. Хамгийн гол нь, анхдагч байна гэдэг маш чухал. Би чинь айхавтар уулчин болчихсон юм биш шүү дээ. Хамгийн анх Килиманжаро ууланд гарчихаад буугаад ирэхэд надад “Африкийн дээвэрт гарсан Монголын анхны уулчин боллоо” гэсэн бичигтэй сертификат өгсөн байхгүй юу. Тэр сертификат нь надад одоо ч байгаа.

Тэгээд би чинь баатар боллоо гэж онгироод л, эх орондоо ирээд “Африкийн дээвэрт гарсан анхны монгол уулчин боллоо” гэж зарлаад. Гэтэл Уулын холбооноос намайг дуудлаа. Яваад очтол “Уучлаарай Ганхүү, 1994 онд гавьяат уулчин Болдбаатар Монголоос анх удаа энэ ууланд гарсан юм аа” гэж хэлсэн. Тэгсэн чинь аймаар онгироод байсан хүн чинь ёстой шараа болж байгаа юм. Тийшээ явуулдаг олон компани байдаг, тэгээд миний явсан компанийн хувьд би анхны монгол хүн нь болж таарсан юм байлгүй л гэж ойлгосон.

Үүнээс болоод, “тэгвэл би заавал анхдагч болно доо” гэсэн хор шарандаа Антарктидын дээвэрт гарсан юм. Анхдагч болох бололцоо нь ганцхан Антарктид л байсан. Одоогийн авирах гэж байгаа Австралийн ууланд манай эмэгтэйчүүд урьд нь авирчихсан юм билээ. Ер нь ууланд авирах нь миний хообий л юм даа. Би өөрийгөө сорих дуртай. Би чинь бас марафон гүйдэг. Өнгөрсөн жил Хонг Конгийн, Бээжингийн марафонд гүйлээ.

Ер нь Монголдоо болж байгаа бүх марафонд гүйдэг. Хүмүүс намайг гайхдаг юм, “Чи юуны төлөө гүйгээд байдаг юм бэ?”, “Түрүүлэхгүй л байгаа биз дээ?” гээд. Миний хувьд түрүүлэх нь чухал биш. Уржнан жил би 21 км замыг хоёр цаг 10 минутад туулсан бол ноднин нэг цаг 50 минутад гүйсэн. Нэг жилийн дараа гэхэд миний амжилт 20 минутаар ахисан байгаа биз дээ? Хүмүүс намайг бусадтай уралддаг гэж ойлгоод байх шиг, гэтэл би ингэж өөрөө өөртэйгөө л уралддаг. Антарктид яваад ирсний дараа надад уулын Спортын мастер цол өгсөн л дөө. Тэгэхээр хүмүүс намайг одон медаль горьдож явсан юм байна гэж хардаад байгаа юм. “Би үүний төлөө яваагүй юм аа, зөвхөн өөрийгөө тэр уулан дээр гарч чадах нь уу, үгүй юу гэдгийг л сорих гэж явсан” гэж хэлэхээр ойлгодоггүй. Үнэндээ би одон медалийг сонирхдог ч үгүй. Өгье гэвэл ичнэ, очиж авах ч үгүй.

-Шар айргийг таны амьдралын нэгэн салшгүй хэсэг гэж би ойлгосон. Гэтэл шар айраг үнэндээ биеийн галбирыг алдагдуулдаг шүү дээ…?

-Шар айраг, тамхи, тэгээд гурван цэг /инээв/. Энэ гурвыг би хэзээ ч хаяж чадахгүй. Шар айраг мэдээж маш сөрөг нөлөөтэй. Гэхдээ хүний амьдралыг чимдэг зүйл шүү дээ. Шар айрагнаас болж жингээ нэмэхгүйн тулд би харин маш их бэлтгэл хийдэг. Ер нь долоо хоногт хамгийн олондоо гурван удаа бэлтгэл хийх боломжтой гэж хүмүүс боддог л доо. Харин намайг 12 удаа явдаг гэхээр гайхаад байдаг юм. Би өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг. Өглөө 10.00 цагт очоод, нэг цаг гүйгээд, гэдэсний таталтаа хийгээд, усанд орчихоод ажилдаа ирнэ. Орой 19.00-21.00 цагийн хооронд очоод төмөр өргөнө. Ийм их бэлтгэл хийж байгаа хүн жингээ хасахад ямар ч асуудал байдаггүй.

-Ер нь та хэзээнээс фитнесээр, бодибилдингээр хичээллэх болсон юм бэ?

-Арван жилийн өмнө юм даа. “Шар айраг” хамтлагтаа тоглож байхад “Тайхар” клубын Батсуурь багш намайг дуудаад “Тайзан дээр гардаг хүн бүдүүн байж болохгүй ээ” гэж хэлээд ийш “уруу татсан” юм. Одоо бол миний хувьд гоё харагдах нь сонин биш, зүгээр л бэлтгэлээ хийхгүй бол бие ядраад эхэлдэг. Бэлтгэлдээ яваад эхлэхээр маш сайхан тайвшралыг авдаг. Саяхан манай 10 жилийн ангийнхан уулзлаа л даа. Гэтэл хүүхнүүд нь эмээ, эрчүүд нь өвөө болсон байна шүү дээ. Мэдээж хүнийг залуу байхад урлаг нөлөөлдөг л байх. Гэхдээ хөгширч байна гээд хүн өөртөө нас нэмээд яваад байдаг болохоос нас гэж юу юм?! Насыг нэг их анзаараад байх хэрэггүй юм шиг ээ.

-Эрүүл, залуу байхад спортоос гадна хооллолт бас чухал. Та хоолны дэглэм барьдаг уу?

Ганхүү-Энэ тухай ярих юм бол хүн бас л үнэмшихгүй. Би өглөө босоод нэг жижиг аяга цагаан будаа, хоёр ширхэг чанасан өндөгний зөвхөн цагааныг нь идээд, нэг жижиг аяга кофе уугаад бэлтгэлдээ явдаг. Өдрийн хоолондоо ууранд жигнэсэн давсгүй тахианы чээж, дөрвөн өндөгний цагаан, нэг жижиг аяга будаа, нэг лууван, тал өргөст хэмх, гурван ширхэг улаан лооль иддэг. Бүгд тоотой. Тэгээд орой бэлтгэлд явахаасаа өмнө нэг ширхэг өндөгний цагаан, нэг ширхэг алим идээд, бэлтгэлээ тарсны дараа гэртээ очоод нэг ширхэг алим, иогурт иддэг. Өндөгний шар нь хүнийг таргалуулдаг, харин өндөгний цагаанд хамаг уураг нь байдаг юм. Мэдээж бэлтгэл хийдэг хүнд уураг нь илүү хэрэгтэй. Эмэгтэйчүүд турахын тулд бэлтгэл хийх хэрэгтэй гэж боддог, гэтэл хоол хамгийн чухал. Турахад 20 хувь нь дасгал, 80 хувь нь зөв хооллолт байдаг. Энэ хоёрыг хоршуулж байж л үр дүнд хүрнэ. Одоо миний хувьд, энэ хооллолтондоо дасчихсан болохоор өөр хоол идэх гэхээр дургүй хүрдэг болсон.

-Та гоо сайхандаа хэр их цаг зарцуулдаг вэ?

-Нэг их анхаардаггүй юм аа. Эхнэр л “гоо сайхандаа анхаар” гээд байдаг юм. Би нэг л зүйлийг боддог юм. Хүн гүзээтэй, тарган биш, хэвийн биетэй байх юм бол ямар ч хувцас зохидог. “Эрээн”-ий подволк өмслөө ч гоё л харагдана. Харин гүзээтэй хүмүүс ямар ч үнэтэй хувцас өмсөөд гоё харагдахгүй.

-Таны үнэлэмжээр хамгийн сайхан бүсгүйчүүдтэй улс орон хаанах вэ?

-Монгол.

-Та яг жинхэнээсээ хэлж байна уу?

-Тийм, яг жинхэнээсээ. Барууны хүүхнүүд монгол хүүхнүүд шиг донжтой байж чаддаггүй. Манайхан бие хаа, хувцас хунартаа онцгой анхаардаг. Нэг жишээ хэлье л дээ, германы оюутнууд Монголд ирж гутал авч байна. Энэ бол манай наймаачдын нүд тийм агуу мэдрэмжтэй гэдгийн нотолгоо. Моод Монголоор дуусдаг гэдэг бол ёстой худлаа. Манайхан моодноос хэзээ ч хоцордоггүй. Харин ч эсрэгээр, моод харин ч Монголоор л эхэлдэг шүү дээ. Олон орноор яваад харахад энэ яг үнэн болох нь үнэхээр мэдэгдэнэ. Гадныхан маш энгийн хувцасладаг, подволк, шорт, шаахай, тэгээд л болоо. Гоё туфль өмссөн, гунхсан охидыг олж харна гэж бараг байхгүй дээ. Харин манай хүүхнүүд бол хөргөгчиндөө хоолгүй хэрнээ булган шуба аваад өмсчихдөг шүү дээ. Гэхдээ яадаг юм бэ, энэ чинь гоё байхгүй юу. Энэ бол жинхэнэ монгол зан, надад яагаад ч юм таалагддаг. Залуучууд нь гоё машин, мотоцикл унах дуртай, тэгсэн хэрнээ гэрт нь идэх хоол байхгүй л байдаг. Яадаг юм, юмаа төлөвлөж хардаггүй л байгаа биз, залуу насандаа хүн гоё л байх хэрэгтэй шүү дээ.

-Биеэ авч яваа байдлаараа монгол бүсгүйчүүд гайхалтай юм бол төрөхийн сайхан хүүхнүүд хаана байдаг гэж боддог вэ?

-Африкт. Танзанид очиход тэндхийн хүүхнүүд бол үнэхээр байгалиасаа заяасан гайхалтай гоё бие хаатай. Тэр өгзөг, хөх бол гайхамшигтай. Тэдэнд бэлтгэл, дасгал хийх ямар ч шаардлага байхгүй. Тэгээд наашлах тусмаа намхан болсоор байгаад Солонгос, Японд яваад очихоор юу вэ, “элгийг нь аваад хаячихна” шүү дээ. Солонгосчууд хэдэн царайлгуудаа түүж кинонд тоглуулаад од болгодог. Мэдээж тэр олон сая хүний дотор ганц нэг гайгүй хүүхэн байж л таарна биз дээ. Харин монгол хүүхнүүд шиг жигд сайхан байдаггүй л байхгүй юу.

-Муухайн хүүхэн байдаггүй гэж зарим хүмүүс хэлдэг. Таныхаар…

-Байгаа, байгаа. Биеэ авч явж чаддаггүй, арчаагүй хүүхнүүд бас байдаг. Хүн ямар байх нь өөрөөс нь л шалтгаална. Жишээлбэл, би 43 настай хэрнээ 23 кг жин хаяж чадаад байхад энэ залуу эмэгтэйчүүд чадах л хэрэгтэй, өөрөө өөртөө арчаатай л байх хэрэгтэй шүү дээ.

-Монголд эмсийн хүрээлэн байгуулна гэвэл та дэмжих үү?

-Уг нь бол зөв. Үүнийг дэлхийн хамгийн анхны мэргэжил ч гэж ярьдаг. Тэгээд ч олон жилийн түүхэнд хориглоод дийлээгүй л байхгүй юу. Дийлддэггүй учраас үүнийг зөв гольдролд нь оруулах нь буруу биш. Улс нийгмээ эрүүл байлгах ч үүнтэй холбоотой.

-Танд дайсан бий юу?

-Тэрийг би мэдэхгүй. Ер нь хүн үхэхдээ сэтгэл амар л үхэх ёстой юм шиг. Үүний тулд хүн шиг л амьдрах хэрэгтэй. Хүн шиг амьдарна гэдэг нь баян цатгалан гэсэн үг биш, хүний ёсоор л амьдарна гэсэн үг. Хүнд муу юм хийхгүй, бололцоотой бол хүнийг дэмжээд туслаад явах, улс орныхоо хөгжил дэвшилд бага ч гэсэн хувь нэмрээ оруулаад явах, эргээд харахад харамсахааргүй л амьдрах нь чухал. Миний хамгийн том зарчим бол хүүхдүүдээ дэлхийн аль ч оронд очоод ажиллахад гологдохооргүй мэдлэг боловсролтой хүн болгох. Түүнээс биш, олсон хэдэн төгрөгөөрөө тансаг орд харшид амьдраад байх сонирхол надад байхгүй. Би маш энгийн хүн. Бас хувь хүний эрх чөлөөг эрмэлздэг.

-Хувь хүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдах ёстой гэдэг…?

-Үүнийг гэр бүлийн амьдрал дээр ярья л даа. Дээр үед бүх юмыг хүчээр зохицуулдаг байсан. Хайр дурлалгүй хэрнээ хамт амьдардаг гэр бүл зөндөөн байсан. Эхнэрээсээ салах юм бол намынхаа улаан батлахаас салах гээд байдаг. Намын улаан батлах бол тухайн үед маш чухал зүйл. Аав ээжүүд үүнийгээ торгон баринтагт боогоод хадгалдаг байсан шүү дээ. Тэгээд өдөр бүр нээж үздэг. Би санаж байна, манай аавын намын батлах нэг удаа алга болчихоод гэр бүлээрээ хайгаад, олохгүй болохоороо гамшиг болсон юм шиг л уйлцгааж байсан юмдаг. Тэгээд тэр нь олдсон л доо. Тэр улаан батлахыг гээх юм бол намаасаа хөөгдөнө, шоронд орно. Харин өнөөдөр бид эрх чөлөөтэй нийгэмд амьдраад эхэлж байна. Хайр дурлалгүй бол хүчээр ингэж суугаад байж болохгүй шүү дээ.

-Хоёр биедээ хайргүй болсон ч хүүхдээ бодоод амьдраад байдаг хүмүүс бий. Үүнийг буруутгаж боломгүй биш үү?

-Салж сарниж болно шүү дээ. Харин хүүхдээ хаяж болохгүй л байхгүй юу. Түүнээс биш, хүүхдийнхээ төлөө гээд өөрсдийгөө гаргуунд нь хаяж болохгүй шүү дээ. Ингэж хэлэхээр салж сарнихыг уриалж байгаа юм шиг болох гээд байна л даа. Үгүй л дээ, хамгийн гол нь анхнаасаа л ханиа зөв сонгох нь чухал. Яагаад өрнөдийн орнуудад эмэгтэйчүүд 30 гарч байж хүүхэд төрүүлдэг юм бэ гэвэл, 30 хүртлээ амьдрал үзэж байгаа юм. Манайхан болохоор 10 дугаар анги төгсөөд л гэрлэцгээчихдэг. Дараа нь тэр нь гай болж эхэлдэг шүү дээ. Тиймээс эхлээд өөрийгөө боловсруулаад, хөгжүүлээд, хэнээс ч хамааралгүй болоод авах хэрэгтэй. Нөхөртэй боллоо ч гэсэн нөхрөөсөө хамааралтай биш, боловсролтой, өөрийн гэсэн байртай, унах унаатай байх хэрэгтэй. Дөч гараад хүүхэд төрүүлэх нь хэцүү л гэж ярьдаг. Шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед энэ бол хэвийн л үзэгдэл шүү дээ.

-Сургуулиа төгсөж ирэнгүүтээ та бизнес хийж эхэлсэн гэдэг. Харин яг цалин авч ажиллаж эхэлсэн ямар ажил байдаг вэ?

-Би хүний төлөө ажиллаж, цалин авч байгаагүй л дээ. Ханброй миний өөрийн өмч болохоор би өөрөөсөө цалинждаг гэсэн үг. Миний бүх амьдрал пивотой холбоотой. Чехэд сурсан хүн болгон л пиво ууж сурдаг. Манай хамтлагийн нэр хүртэл “Шар айраг”. Би өөрөө Шар айрагчдын холбооны ерөнхийлөгч. Тэгээд Монголд шар айрагны үйлдвэр хэрэгтэй юм байна, жинхэнэ утгаар нь гоё шар айраг үйлдвэрлэх ёстой юм байна гэж шийдээд сургууль төгсөж ирээд л энэ чиглэлээр ажилласан.

Би уг нь хувцас загвар зохион бүтээгч, дизайнер мэргэжилтэй л дээ. Гэхдээ мэргэжлээрээ ерөөсөө ажиллаж байгаагүй. Бидний үед ямар мэргэжил сонгох нь чухал биш, Герман, Чех, Польш гээд барууны орнууд руу явах нь л мөрөөдөл байлаа шүү дээ. Тэгээд би бусдын л адилаар, эхлээд Чехийг сонгосныхоо дараа “Аан, загвар зохион бүтээгч болох юм байна. Би зураг зурах юм байна” гээд мэргэжлийг нь харж байгаа юм. Одоо бол намайг хувцас загвар зохион бүтээгч хэрнээ хамгийн мэдрэмжгүй хувцасладаг гэж шүүмжилдэг. Уг нь оюутан байхдаа хамгийн ганган нь байсан, тэгээд амьдралын хэмнэлээсээ болоод ч юм уу, энгийн чөлөөтэй л хувцаслах болсон доо.

-Тэгвэл та шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Миний нийтлэлүүд, бас миний тухай бичсэн зүйлс интернэтэд тавигдана л даа. Харин би ард нь бичиж үлдээсэн сэтгэгдлүүдийг унших дуртай байдаг. Зөв зүйтэй гэж дэмжсэн хүмүүс ч их байдаг, шүүмжлэл ч их байдаг, бас доромжлол ч их байдаг. Манайхан шүүмжлэл, доромжлол хоёроо ялгаж салгаж сурмаар юм шиг. Шүүмжлэлийг бол би хүлээж авдаг аа. Би Антарктид явах гэж байгаагаа хэвлэлийн бага хурлаар мэдэгдэхгүй юу. Тэр мэдээ нь интернэтэд тавигдсан чинь нэг нөхөр сэтгэгдэл дээр нь “Ухамсарт амьдралынхаа туршид пиво уусан Ганхүү гэдэг нөхөр тэр өндөр уулан дээр гарчихаад ирэх юм бол шар айргийг эхийн сүүтэй адил үр шимтэй, өгөөжтэй юм байна гэж бодъё” гээд биччихсэн байсан. Магтаал юм уу, шүүмжлэл юм уу, мэдэхгүй л дээ. Зүгээр л, энэ үг надад их таалагдсан.

-Таны амьдралын хамгийн хүнд үе?

-Би долдугаар ангид байхдаа аавыгаа алдаад, өвөө, ээж, дүү нартайгаа үлдэж байсан юм. Бага дүү тэгэхэд дөнгөж ой гаруйтай байсан. Тэгээд яах вэ, сайн найз нөхдийн буянаар ядарч зовоогүй ээ. Дараа нь Чехэд оюутан байхдаа өвөөгөө алдсан. Өвөөг өөд болсныг тухайн үед нь манайхан надаас нуугаад, зуны амралтаараа ирэн иртэл хэлээгүй. Тэгээд гэртээ орж ирмэгц л өвөөгийнхөө зургийг хараад шоконд орсон л доо. Онгоцны буудал дээр буухад ч хэлээгүй, ядаж тэнд хэлсэн бол арай хэвийн хүлээж авах ч байсан юм бил үү гэж боддог. Үүнээс гадна, хүний амьдралын хамгийн хэцүү үе гэвэл хүүхэд өвдөх. Хүүхэд өвдсөнөөс өөрөө өвдсөн нь хамаагүй дээр. Би чинь бага хүүгээ өвдөхөөр л шаналчихдаг юм, ёстой яахаа мэдэхээ больчихдог. Тэгээд сайн эмч нар, сайн найз нарын буянд болдог. Яах вэ, миний хувьд хообийгоо ажил болгочихсон болохоор ажил маань бол зугаатай. Мэдээж зах зээлд өрсөлдөөн ихтэй болохоор ажил хэрэгт бэрхшээлтэй үе байлгүй л яах вэ. Үүнийг би нэг их хүндээр хүлээж авдаггүй.

-Та багадаа голчлон ямар тоглоомоор тоглодог байсан бэ. Одоо ямар тоглоомоор тоглодог вэ?

-Бидний үед тоглоом гэж байгаагүй ээ. Гадаа гараад элсэн дээр шээж байгаад түүгээрээ танк барьж тоглоно, хүүхэд юм болохоор тоохгүй. Тэгээд арай жаахан том болонгуут энд тэндээс бөглөө цуглуулаад бөглөөднө. Эсвэл тэвэг өшиглөнө. Одоо бол хааяа найзуудтайгаа покер тоглоно. Гадаадад явж байхдаа казинод орж азаа сорино. Покер, казинод би ёстой азгүй. Гэхдээ би улсын мөнгийг алдаагүй, өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олсон хэдэн төгрөгөө л алдсан байх.

-Та юугаар баян бэ?

-Зарим хүн өөрийгөө гарын таван найзтай гээд л ярьдаг. Миний хувьд тийм биш. Найз нөхдөө цуглуулах юм бол нэлээд их тоо гарна шүү. Багын, дунд сургуулийн, оюутан цагийн, хөлбөмбөг, спортын найзуудтайгаа бүгдтэй нь л адилхан найзалдаг. Ганхүүгийн бригадынхан пиво ууна гэхээр 2-3 ширээ нийлүүлж байгаад л 20-30-уулаа сууна шүү дээ. Тиймээс найзын хүрээгээрээ бол би Монголдоо л тэрбумтан.

-Та уншигч бүсгүйчүүдэд хандаад ямар үг хэлэх вэ?

-Өөрийнхөөрөө л бай, бие галбиртаа маш их анхаарч байгаарай гэж хэлмээр байна. Эмэгтэй хүн 90:60:90 байх ёстой гэсэн стандарт хэмжээ өнөөдрийг хүртэл хэвээрээ л байна. Тийм хүн ховор ч гэсэн тийм байхын төлөө зүтгэ л дээ. Яагаад болохгүй гэж?! Одгэрэл юугаараа та нараас илүү юм?! Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэр үүнийг хийж чадсан. Болормаа, Цолмон, Туяацэцэг нар одоо ч гоё хэвээрээ л байна шүү дээ. Өөртөө цаг гаргаж амжихгүй байна гэдэг бол худлаа. Тэгвэл би яагаад ийм олон ажлыг зэрэг хийгээд байж болоод байгаа юм бэ? Өдөр бүр бэлтгэл хийнэ, дуу хуур, нийгмийн ажил гээд барагдашгүй л юм шиг хүмүүст харагддаг байх. Гэхдээ амжуулна л гэвэл амжуулна шүү дээ. Хүн өөртөө том зорилго тавиад түүндээ хүрэх эрмэлзэл, хүсэл мөрөөдөлтэй байж л амжилтанд хүрдэг болохоос, юу ч мөрөөдөхгүй байх юм бол юунд ч хүрэхгүй л гэж хэлмээр байна даа.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

  1. МӨНГӨТЭЙ МӨРТЛӨӨ ҮНЭН ЯДУУ ГУЙЛГАЧИН СЭТГЭЛГЭЭТЭЙ МӨНГӨГҮЙ ЮМ ШИГ АМЬДАРДАГ
    МӨНГӨГҮЙ МӨРТЛӨӨ ҮНЭН САЙХАН СЭТГЭЛТЭЙ МӨНГӨТЭЙ ЮМ ШИГ АМЬДАРДАГ ХҮМҮҮС ИХ Ш ДЭЭ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img