2024-07-23, Мягмар
17 C
Ulaanbaatar

Өнгө цацарч аялгуу эгшиглэх Бразил орноор

Хүлээсэн аяллынхаа эхний алхмыг Вашингтон хотын хамгийн урт бөгөөд том гудамжны нэгэн болох Массачусетсээс эхэллээ. Модот өргөн чөлөө, өөрийн өөрийн чамин үзэмжит төрхөөрөө онцгойрох байшин барилга олонтой энэ түүхт гудамж 1930 оны үеэс гадаадын томоохон орнуудын элчин сайд, дипломатуудын гудамж болжээ. Бразилийн элчин сайдын яамаас виз авахаар орлоо.

Хар хөх өнгийн дүрэмт хувцас өмссөн хамгаалалтын албаны өндөр нуруу, чийрэг биетэй бразил залуу биднийг угтан инээмсэглэсээр элчингийнхээ шилэн хүнд хаалгыг түлхэн онгойлгов. Богино ханцуйтай цамц өмссөн бразил залуугийн бугуйгаа хүртэл угалзарч мушигирсан битүү шивээс хэний ч анхаарлыг татахаар содон юм. Зүүн нүднийхээ өтгөн хар хөмсгийг ташуу зураас татуулан зориуд гурван хэсэг болгон тасалсан нь сонирхом дэгжин гэж.

Элчингээр орж гарах олон хүмүүс “панк” эрийг зэрвэсхэн хараад л өнгөрцгөөнө. Гаднах байдлаараа этгээд харагдах ч бразил хүний найрсаг сайхан зангаар жижиг зүйл бүр дээр огтхон ч төвөгшөөлгүй чин сэтгэлээсээ тусалсны ачаар бидний виз маш хурдан шуурхай гарчихав. Ажилдаа хариуцлагатай залуу маань үүд хүртэл биднийг үдэн гаргаж аян замын дөрөөг бэлгэ дэмбэрэлтэй сайхан үгээр мялаасанд бид ч сэтгэлээсээ талархсаар саллаа.

Майамигаар дамжин Рио-де- Жанейро ороход найман цаг гаруй болох аж. “Рио-де- Жанейро”-г орчуулбал “Нэг сарын гол” гэсэн утгатай. Их хотод хөл тавьмагц л андашгүй, битүү чийг, бөглүү нүргэлэх дуу чимээ, гудамжаар хөлхөх хүмүүс, үнэртэх агаар нь хүртэл тун чиг өөр. 12 сая гаруй хүн амтай, чигжүү шигүү бужигнах амьдралыг нь шууд ”арьсаараа” мэдрэх шиг санагдана ( Бразилийн нийт хүн ам 209.5 сая гаруй, дэлхийд дээрээсээ тавд орно).

Хаа газрын таксины жолооч нар яриа хөөрөө ихтэй байдаг даа. Бидний суусан таксины жолооч бүлтгэр хар нүдтэй, гялтганасан бор залуу ч яриа хөөрөө сайтай гэж жигтэйхэн юм. Онгорхой цонхоороо салхи шуугиулан давхингаа, урд толиндоо биднийг үе үе харна. Эцэст нь харц тулгармагцаа томоос том цагаан шүд гарган инээмсэглэж португал аялгатай англи хэлээр шулганаж хотоо танилцуулж гарав.

Замын хажуугаар багширах ядмагдуухан хямд төсөр барилгуудын өнгө төрх, хэлбэр үзэмж нь цаашлах тусмаа аажим сайжирсаар нэг л мэдэхэд амьдралын өртөг үнэ ихтэй Атлантын далайн хөвөө даган сунасан дэлхийн гайхам сайхны нэг болсон үзэсгэлэнт Copacabana-Копакабана эрэгт ирцгээлээ. Зочид буудлын гадаах сүүдрэвч доор хөөсрөх хүйтэн шар айраг шимж, самар хатаасан загас амтлан суух царай тунгалаг, дэгжин хүмүүс толгой дохин инээмсэглэх нь зан сайтайг илэрхийлэх ажуу.

БразилХалууцсаныг үгээр хэлэх юм биш. Сэрүү татсан тохилог буудлынхаа өрөөнд орж цүнх саваасаа салж, гутлаа тайлахад ядарсан хөлийн улыг хүйтэн гантиг шал сэнгэнэтэл жигнэх нь хэчнээн таатай. Буудлын цонхны зузаан хөшгийг яран дэлгэмэгц гэв гэнэт нүдний өмнө гайхамшигт зурагтай номны хуудас дэлгэгдэх мэт хачин гойд үзэсгэлэн хараа булаав… Нэг л итгэмээргүй нэг тийм тансаг, хараа үл салгам үнэхээр сайхан харагдах аж.

Байгаль ээж Бразилчуудад юу ч харамлаагүй мэт. Мянга мянган оныг элээсэн, геологийн цаг тооллоор маш эртнийд тооцогдох мөлийж мохоо болсон оройтой помбогор бөөрөнхий хэлбэрт аварга уулс сүндэрлэх нь нууцлаг бөгөөд сүрдэм. Эгээ л үлгэрийн мэт энэхүү өндөр уулсын ёроолоор Атлантын далайн номин цэнхэр ус түрэн орж, цав цагаан торгон элсээр эх газраас өөрийгөө эмжиж таслан тусгаарлажээ.

Байгалийн энэхүү гайхамшгийг цааш нь залган үргэлжлүүлэгч нь гадаа талбайн нэрт архитектор Роберто Маркс хэмээх хүн. Уран хирнээ маш ухаалаг сэтгэмжээр 1970 онд бүтээсэн далайн үелзсэн давалгааг дүрслэн хар цагаан чулуугаар хослуулан шигтгэсэн, дөрвөн км үргэлжлэх явган хүний зам үнэн гайхам гоё. Гүн цэнхэр далайн усыг дундуур нь шугам шиг татан зурайх 14 км орчим урт гүүр барьжээ. Ухаант хүмүүний харц татам урлагийн бүтээл гэмээр энэ байгууламж нь Рио хотыг хуучин нийслэл Нитеройтой холбодог гүүрэн зам юм. Далайн энэхүү гүүрээр өдөрт дунджаар 150 мянга гаруй машин салхи татуулан давхидаг. Хамгийн сонирхолтой нь энэ гүүрийг бүр анх 1875 онд барихаар төлөвлөж байж. Үеэс үе дамжсан бразилчуудын мөрөөдлийг 1974 онд буюу бараг 100 жилийн дараа биелүүлсэн хүн бол Бразилийн архитекторуудын “сор” гэгддэг Оскар Нимейер. Энэ эрхэм Нью-Йорк дахь НҮБ-ын барилгыг барихад хүртэл гар бие оролцож явсан нэгэн билээ.

БразилҮеийн үед далай дагасан амьдралтай улс өдрийн наранд далайн усандаа сэлж, биеэ шарж, дуулж хуурдаж бүжиг эргэж, эрэг хавиар хоол унд эргүүлнэ. Усны хувцастай хачин хөөрхөн хүүхнийг нойтон элсээр урласан хэсэг залуус зөрөн өнгөрөх хүмүүсийг багахан мөнгө төлөөд “элсэн бүсгүйтэй” зургаа авахуулахыг урина. Үдэш болоход энд тэндгүй гэрэл цацарч Рио хотын хөл хөдөлгөөн багасах нь бүү хэл улам ч ихсэв. Залуус нүцгэн хөлөөрөө элс бужигнатал хөл бөмбөг тоглож, сайхан бие хөлөөрөө гайхуулах гоолиг хүүхнүүд гар бөмбөг тоглон шаагилдах нь ёстой цурам хийнэ гэдгийг мэдэхгүй газар мэт.

БразилШөнийн амьдрал ч ид цэцэглэж хоол зоогийн газрууд таван чөлөөгүй. Бид ч Бразилийн үндэсний зоогийн газарт зориуд орцгоов. Манай барилгын дэлгүүрт тэнгэрт хадсан үнэтэй худалдаалдаг бразилын гантиг чулуугаар зоогийн газрынхаа хануудыг битүү доторлочихож. Өнгө донжийг нь тохируулсан гэж ванлий. Арай л тайзаа бүрээгүй юм уу даа хэмээн дуу алдам.

Бразилчууд гоёмсог өнгөлөг үнэт гантиг чулуугаар хана туургаа ёстой л чимэглэе гэж чимэглэдэг юм билээ. Дашрамд нь сонирхуулхад байгалийн нөөцөөр баялаг бразилчууд манайд нүдний гэм байдаг халтар мана, гартаам гээд гуч гаруй төрлийн үнэт чулууны эх нутаг. Түүгээрээ нутгийнхаа шувуу загасыг амьд мэт хийсэн нь тун гоёмсог.

Гял цал ресторанд ороод суумагцаа эргэн тойрон дандаа эрэгтэй зөөгчид үйлчилж байгааг хараад нэг л хачин санагдаад явчихав. Лалын шашинт Пакистанд амьдарч байсан дурсамжууд сэтгэлд сэрхийх нь тэр. Удаж төдөлгүй бидний ширээ амт сайтай шинэхэн ногоо, анхилам үнэрт жимс, шинэхэн хөвсгөр талхаар дүүрэв. Хоёр залуу метр гаруй урт, хальт харвал сэлэм гэж харахаар төмөр шоронд сүлбэсэн, атгасан гарын дайтай томоор хэрчиж шарсан хэдэн хэсэг махыг аварга балиусаар шүүс дуслуулан хүн болгоны тавган дээр зүсэж өглөө. Аргагүй л эр хүний гарын бяд шаардсан ажил болох нь илт. Алдарт бразил үхрийн мах аргагүй л амттай зөөлөн байна хэмээсээр амтархан идэцгээв. Бразил үхрийнхээ тоогоор Энэтхэгийн дараа ордог байна. Дэлхийн уушги хэмээдэг Амазоны үржил шимт өвс ургамлыг хоол тэжээлээ болгосон эрүүл чийрэг бразил үхэр сүргийн ашиг шим, ялангуяа мах экспортлолт сүүлийн жилүүдэд дэлхийд рекорд тогтоожээ. Америк болон хөрш орнуудад махаа экспортолдог төдийгүй орон нутгуудадаа мянга мянган ажлын байруудыг гаргадаг. Зөвхөн үхрийн мах нь улсынхаа эдийн засагт хоёр тэрбум илүү ам.доллар оруулж чаддаг аж.Биднийг орж ирэхэд эсрэг талын урд сууж байсан португал хэлээрээ шуугилдан шулагнаж байсан хүмүүсийн хоол өндөрлөх шинж огтхон ч алга. Тэгсхийж байгаад бид ч буудлынхаа зүг хөдөлцгөөв.

БразилМаргааш өглөөний мандах улаан нартай зэрэгцэн алтан шаргал буржгар урт үсээ задгай тавьсан хөөрхөн хүүхэн Марта буудлын гадаа аль хэдийнээ ирчихэж. Задгай цагаан жип машины аялалын жолооч эртэй хөөрөлдөн тас тас хийтэл инээсээр биднийг угтан уулзах нь тэр. Төлөвлөсөн ёсоор бид Рио хотын хамгийн нэртэй цэцэгт хүрээлэнг зорилоо. Замын дагуу зэргэлдээх буудлаас дөрвөн франц, аргентин хосуудыг аваад “Тижука” үзэсгэлэнт ойг зорин хурдаллаа.

Анх 1808 онд Португалийн хаан Жон VI Бразил оронд огт байдаггүй мод ургамлуудыг дэлхийн өнцөг булан бүрээс уйгагүй цуглуулсаар энэхүү цэцэрлэгт хүрээлэнд тарьсан түүхтэй аж. Бразилын хаан Энэтхэгийн баруун хэсгээс задь, чинжүү зэрэг ховор нандин бүхнийг авчирч нутагтаа тарьж. Тэгээд энэхүү цэцэрлэгт хүрээлэнгээ 1822 онд зул сарын баяраар нээж ард түмнээ урин оруулж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Парк дахь үзэсгэлэнт ойн усан цөөрөмд хөөрхөн яст мэлхийнүүд амар амирлангуй хөвж зарим нь наранд биеэ ээн тухлах аж. Нийт 540 мянган хавтгай дөрвөлжин километр энэхүү цэцэрлэгт дэлхийд ховордсон ургамал модноос эхлэн ойролцоогоор 6500 төрлийн тансаг ховор цэцэг, навч, кактус ургаж, зуу гаруй зүйл төрлийн үзэсгэлэнт шувууд амьдардаг аж.

Бразил Бразил

Тижука цэцэрлэгт хүрээлэн байгалийн музей, хоол зууш, кофе зэрэг газрууд, хүрэл гантиг уран баримал, усан оргилуур, эртний чулуун шигтгээт баннё гээд анхилах сайхан бүхнийг нэг дор цогцлоожээ. Өндөр хадан хавцлаас солонго татуулан унах хүрхрээний ойролцоо хөлөө амраангаа ус ундаа болцгоож зураг татуулан түрхэн зуур амарч амжив.

Ааш зан ялдам, яриа хөөрөө сайтай Марта халуун дулаан орны хамаг сайхан гэгдэх бүхнийг тайлбарласаар олон зуун жилийн настай нь илт, хүчирхэг аварга хүрэн улаан моддыг зорин очиж “бразил мод” хэмээв. Бразил модноос улаан будаг гаргаж авдаг байна. Мөн томоос том цагаан чөмөгтэй амтат бразил самар ургадаг аж. Португалийн язгууртан, армийн командлагч Педро Алварес Кабрал 1500 онд энэхүү нутагт газардсанаар колончлол эхэлжээ. Шинэ орныг нэрлэхдээ хамгийн эртний улаан модны нэрээр “Бразил” хэмээсэн түүхтэй. Тиймээс Өмнөд Америкт цорын ганцхан португал хэлээр ярьдаг улс Бразил билээ.

БразилБид нэлээд хугацаанд ихээхэн газраар явсан тул ойгоос гарцгаан машиндаа сууж, элдвийг хуучилангаа 700 гаруй метрийн өндөр үзэсгэлэнт Корковадо ууланд очицгоов. Тэртээх дээр уулын оргил оройд дэлхийн гайхамшгийн нэгэнд зүй ёсоор ордог гараа алдлан дэлгэсэн 40 орчим метр өндөр, нүсэр том харагдах гантиг чулуун Исус Христосын хөшөө харагдана. Бид хөшөөний зүг шатаар уул өөд өгсөцгөөлөө. Энэ аварга хөшөөний тэртээ өндөрт толгой дээгүүр нь хөвөн цагаан үүлс нүүж, тэртээ доор далайн ус цэнхэртэнэ. Өтгөн ногоон модод дундаас хашийн цагаан барилгууд наранд гялтагнасан их хотыг харан зогсох “эзэн Исус”-ийг харсан хэн ч сүрдэм. Шүтдэггүй хүмүүст ч бишрэл төрөхөөр бүтээл ажээ. Бүр анх 1850 онд уг хөшөөг энд босгох саналыг хамба лам Винсентайн гаргасан түүхтэй юм байна. Их хотынхоо хамгийн өндөрлөгт, тансаг сайхан байгалийн оройн дээд газраа үнэхээр л олж залжээ.

Бразилчууд их сүсэг бишрэлтэй улс. Хүн амынх нь 97 хувь бурханд итгэдэг христосын шашинтан бол нэг хувь нь шашингүй үзэлтэн, бусад нь өөр шашинтай гэсэн судалгаа уншиж байснаа санав. Шашин хүчтэй энэ улс уран хийцтэй олон арван сайхан сүм дугантай. Шашныхаа зан үйлийг амралтын өдрүүдэд далайн эрэг, гудамж талбайд байнга гүйцэтгэж байх нь олонтаа таарна.

БразилӨдөржингөө уул усаар аяласан бид Мартагаас салж, сэрүүн сайхан шүршүүрт орж, хувцсаа солиод, шинэхэн ногоотой хөнгөхөн хоол идэж бие сэтгэлээ сэргээж аваад сэрүү унамагц “Лапа” гэдэг урлаг соёл, шөнийн дуу хөгжмөөрөө алдартай газрын зорин давхилаа. Буудлын жолооч биднийг бужигнасан улсын дунд буулгачихаад л машиныхаа цонхоороо гараа гозогнуулан далласаар яваад өгөв. Эргэн тойрон дуу хөгжим эгшиглэж, энд тэндгүй бүжиглэсэн хүмүүс. Замаар дүүрэн хөгжилдөн инээсэн бразилчууд ёстой л нэг хөлхөлдөж байлаа. Анх хараад ямар гээчийн газар ороод ирчихэв ээ хэмээн өөрийн эрхгүй дуу алдаж явснаа нуух юун. Халуун цуст бразилчууд ёстой л бужигнан буцалдаг юм билээ, тэнд. Бөмбөрийн эрч хүчтэй жавхаат аялгуу, хийморь золбоо сэргээх бүжгийн увидаст хүч гэдэг ямар ч хүний зүрх сэтгэл дэх зовиур гунигийг элдэн хөөх мэт шидтэйг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн улс бол бразилчууд. Хөгшин залуу, эр эм, хар шар гэлтгүй ичих зовж биеэ барих зүйл энд огт алга.

Бүгд л л өөрөө өөрийнхөөрөө байх нь хэчнээн сайхан, хэчнээн эрх чөлөөтэй. Ийн бужигнаж явахад өргөн замын голд дунд бүжиглэх цав цагаан үс, мөнгөн хөмсөгтэй, саарал өмдтэй, туранхай өвгөн анхаарал татав. Өвгөн цагаан давуун цамцныхаа ханцуйг шууж, судас шөрмөс гүрийсэн туранхай гараа дээш нь хүчтэй аргагүй шидлэн гав ганцаараа бүжнэ. Өнгөрөн зөрөх охид залуус хэсэгхэн зуур өвгөнтэй зэргэцэн бүжиж байгаад орхиод л явна. Тэгж байтал нэгэн хижээл эмэгтэй ирээд өнөө өвөөтэй хөл нийлүүлэн бүжиглэж байгаад яваад өгөх жишээтэй. Урсан өнгөрөх олон мянган хүнээс хэн нь ч өвгөнийг гадуурхаж, элдэвлэхгүй нь гайхам сайхан. Одоогоос 500 гаруй жилийн тэртээд африк, европ, америкийн индианчуудын өв уламжлал дээр хөгжсөн Бразилийн дуу бүжиг олон ястан үндэстэн, сая сая ард түмнээ сэтгэл зүрхээр нь холбон зангидсан мэт сайхан санагдаж билээ.

Бразил

Рио-де- Жанейро- Улаанбаатар.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img