Арлуудын хооронд нисэх, цөөхөн хүний суудалтай, жижиг онгоцонд хөлийн хурдаар гүйж ам мөлтөс амжиж орсондоо би ихэд баяртай байлаа. Бие амарч, сэтгэл тайвширч орчин тойрноо анзаарахтайгаа болов. Хажуу бөөрнөөс халуу дүүгтэл шахах сүрлэг хар хүүхэн миний суудлын бараг талыг эзэгнэчихлээ. Хөл гар хумигдан хавчигдаж тавгүйхэн яваа байдал минь тийм удаан үргэлжилсэнгүй. Суудал зэрэгцсэн алаг нүдэн бүсгүй дуу зөөлөн, ааш ялдам, яриа хөөрөөтэй нэгэн аж. Сүүлдээ бүр орон нутгийнхаа элдэв хөгтэй явдлаас ярьж гарлаа. Би инээд муутай. Харин өнөөх маань нулимс муутай гэж жигтэйхэн юм. Жижиг цэцэгтэй алчуур гаргаж ирээд л байн байн нулимсаа арчаад л инээнэ.
Хөгжилтэй байхад цаг хугацаа харвасан сум мэт өнгөрдөг хойно доо, нэг хартал Антигау ба Бар будагаас хөөрсөн 50 минутын нислэг дуусч Доминика /хуучнаар Британийн Хамтын Нөхөрлөл өдгөө бол Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл / улсын нисэх буудал “Дуглас Чарльзис”-д газардах нь тэр.
Доминика улсын хүн ам 71 мянга, нийт газар нутаг нь 746 км2 гаруй. Манай Төв аймагтай ойролцоо гэсэн үг. Удаж төдөлгүй буудалдаа очих байх гэсэн таамаглал маань буруудав. Уул ороосон цагирган нарийхан замыг зогсолтгүй сүлжин давхилаа. Машины цонхоор эцэс төгсөлгүй хөврөх ой мод жирэлзэнэ.
Өтгөн шигүү битүү ойд дарагдах арлын орнуудад “тал газар, уудам хөндий” гэдэг нүдний гэм, хамгаас үнэтэй. Тэгш талбай гаргах, машин зам тавихад их хэмжээний хөрөнгө мөнгө, ажиллах хүч, машин техник шаардагдана. Өдөр сараар үргэлжлэх усархаг борооны улиралд дэвтэж зөөлөрсөн газрууд модтой, үндэс хөрстэйгөө тэр чигээрээ нурах нь толгой өвтгөсөн том асуудал гэнэ. Аварга том хад чулууд сууриараа ганхан суларсаар нурах нь энүүхэнд бололтой. Заримдаа хүчтэй хар салхи дайран өнгөрөхдөө бүхнийг орвонгоор хэмх шидэх тул зам талбайг байнга арчилж засах шаардлагатай эндэхийнхэн нүүр тулдаг ажээ.
Давхиж давхиж цаг гаруй болсны дараа Розохотын бараа харагдав. “Порт Ян” хэмээх тэнгисийн хуучин боомт түүхт зочид буудалд ирэхэд аль хэдийнэ үдшийн бүрий нөмөрчээ. 1770 онд анхны амбан захирагч, англи ноён Вилльям Ян цэрэг дайны зорилгоор энэхүү хуучны цайзыг бариулжээ. Хад чулуу холин зуурсан бөх зузаан ханатай энэ цайзын гол хаалганы хоёр талд сүглийх эртний их бууны баримал сүртэй гэж. Тэнгисийн дайн тулааны түүхийг өгүүлэх мэт мэдрэмж төрүүлнэ.
Овойж товойсон булчинтай, зүлгэж тосолсон хүрэл баримал мэт зүс царайтай сүрдэм өндөр хоёр эр нүүр дүүрэн инээн биднийг угтаж хүнд ширмэн хаалга нээн ачаа сав зөөлөө. Далдуу моддын навчис сэррчигнэж, тэнгисийн ус шуугин цалгих нь нэн таатай. Задгай хоолны талбайд дүүрэн хүн.
Нутгийн дуу хангинасан орчинд оройн хоолоо идэх хүмүүс ширээнд тухалцгаажээ. Загасны сайрс шиг мөнгөн саатай, тас бариу даашинзтай бүжигчин үегүй мэт гунхалзан бүжиглэнэ. Буудлын залуус, биднийг газарчилан явсаар, эгээ л загас эхнэр хэмээн андуурам сайхан хүүхний хажуугаар зөрөн лифтэнд оруулав.
Өглөөний эртэд Карибын тэнгис юутай үзэсгэлэнтэй. Хөх тэнгэр хязгааргүй их усаар хөвөх мэт, их усны дээгүүр мандах нарны туяанд тэнгис толь мэт гялбана. Хотон шувуутай төстэй сүрлэг цагаан шувууд хаа нэгтээ загас шүүрч, моторт завьтай загасчид усан дээгүүр цагаан зам татуулан нисэх адил хурдална. Доминикийн нийслэл Розохотын оршин суугчид 14 мянга гаруй. Тэнгисийн эрэг дагасан намхандуу өнгөлөг хөөрхөн байшин барилгуудтай, гудамж талбай нь цэвэрхэн, төөрч будилах зүйлгүй, амар амгалан газар юм. Буудлаас тав алхаад л байгалийн түүх, соёл урлаг бүгдийг багтаасан музей таарав. За тэгээд жижигхэн зуушны газар, худалдааны задгай зах, усан онгоцны зогсоол гээд үргэлжилнэ.
Тэртээх 1493 оны арваннэгдүгээр сарын 3-ны ням гаригийн нэгэн өдөр домогт Кристофер Колумб энд ирж, Доминика – ням/латин/ хэмээх нэр хайрлаад явчихсан ажээ. Үүний дараагаар испаничууд урт удаан хугацааны туршид ноёрхож, дараа нь францчууд эрх мэдлээ бага багаар ахиулсаар 1160 онд гэхэд уг арлыг зорьж ирэн суурьшжээ. Хожим нь 1805 оноос Британийн колони байж байгаад 1978 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн тусгаар улс болсон байна. Карибын орнуудын нэгэн ижил,хүн амынх нь 80 гаруй хувь африк гаралтай. Бусад нь уугуул нутгийнхан болон өөр олон үндэстнүүд холилджээ. Англи хэл албан ёсны хэл нь хэдий ч францаар ярьцгаана.
Доминика улсын өөр нэг нэр нь “Түмэн бодист байгалийн арал”. Энэ нэр нь илүү оносон гэмээр. Өндөр сайхан уулс, өтгөн ногооной, торгон элстэй эргүүд, 360 орчим том жижиг нийлсэн тунгалаг гол горхи, үзэсгэлэнт хүрхрээ, алдартай халуун рашаан, 195 төрөл зүйлийн шувууд, олон янзын цэцэг ургамалтай гайхамшигтай улс юм. Хараа булаасан үзэсгэлэнтэй цэцэгт хүрээлэнгүүдийг нь онцлохгүй өнгөрч болохгүй. Энэ улсын байгалийн өвөрмөц тогтоцтой газрууд дэлхийн өвд орсон төдийгүй, хаана ч байхгүй ховор сайхан тоть шувуу энд бий. Доминика улс “Сиссерио” нэртэй ногоон торго адил гоёмсог өдтөй тоть шувуугаа төрийнхөө далбаанд залсан нь тохиолдлын хэрэг биш юм.
Махир хошуутай, ногоон голдуу зүстэй “Сиссерио” тоть шувууд хамгийн ухаантай шувуудын нэгэнд тооцогддог. Заримынх нь хүний дуу хоолойг дуурайх чадвар гайхам. Тиймээс ч олон өдөр, сараар дээрэм тонуул хийж аялах далайн дээрэмчид муур, нохойг хоол их иддэг арчилагаатай гэж төвөгшөөдөг хэрнээ тоть шувуутай байнга явдаг байж. Гоёмсог өдтэй тоть шувууд үргэлж эрэлт ихтэй учраас шувууны зах дээр очоод өндөр үнээр зардаг байсан гэнэ. Тэжээхэд хялбар, хямд жаахан үр, самар, жимс л хангалттай учраас далайн дээрэмчид тоть шувууг төвөгшөөлгүй замын хань болгодог байжээ. Аян замын хол, их уснаас өөр бараагүй урт өдрийг ромдарстай найзалсан шигээ өнгөрөөдөг далайн дээрэмчдэд заасан үгийг нь дуурайж хэлдэг тоть шувууд зугаатай байхаас аргагүй биз.
“Карибын тэнгисийн дээрэмчид“ цувралын “ Үхсэн эрийн авдар” конионы зураг авалтын хэсгийг Розо хотоос холгүйхэн газар авчээ. Нэрт жүжигчин Жон Кристофер буюу Жонни Деппийн тоглосон газар “Хаймпстэй” далайн эрэг хавийг сонирхохоор нутгийн хүүхэн Тияагийн шинэхэн машинд суулаа. Тияа машиныхаа хөгжимөө чанга гэгч тавиад Карибын эргийг дагаад давхиж гарлаа. Хөгжмөө давах гэж бараг хашгирч ярьсаар, наргил жимстэй дал модод өтгөн шугуй, хад цохиот арлын хормой, хар элст эрэг хөвөөг үзэж сонирхов. Сүүлдээ бүр загасчдын жижиг тосгоноор хүртэл дайрав.
Тэнгисийн цагдаа нар тосгоны иргэдэд усны амьтад, загас жараахай, шүр, ургамлыг хэрхэн хамгаалах талаар сургалт хийж байтай таарав. Хөгшид хүүхэд голдуу харагдана. Арлын дундуур явахад 2017 оны гамшигт хар салхи Мариа ямар их сүйрэл учруулсан нь мэдэгдэнэ. Одоог хүртэл янзлан засаж байгаа гэнэ. Тэндээс буцаж явтал, өглөө таарсан зам засврын залуус биднийг таньж гар даллан инээмсэглэсээр үдэв. “Эднийг хараач, өглөө яг л энд сууж байсан, одоо бас л сууцгааж байна” гэж цухалдангуй хэлээд толгой сэгсэрч байна. Төд удалгүй хот руу орж ирлээ. Би Хөдөө аж ахуйн яамныхны зохион байгуулсан худалдаа яармагийг зүглэв. Асар сүүдрэвч эгнүүлсэн талбайд хоолны хурц үнэр ханхийнэ.
Өндөр өндөр биетэй нутгийн хүмүүс загас жараахай, амтат төмс амтлангаа гар урлал, гоо сайхан, гоёл чимэглэлийн зүйлс сонирхоно. Захын хана дагуулан 100-гаас дээш насласан, олон хүний зургийг тайлбар бичигтэйгээр эгнүүлжээ. Өндөр настнууд нь энэ улсын нэгэн бахархал аж. Энд ирсэн гадны жуулчид хотоор бараг үзэгдэхгүй. Далайд гарч, халим, шувуу харж, дельфин үзэж, усны гүнд шумбаж, эрэг хавиар сэлж, уул хадаар аялцгаана. Зарим нь нутгийн шувуу дурандаж, цэцэг ургамал сонирхож ой модонд өнжинө. Харин Америкаас ирсэн тусгай анчид далайн хорт загас крылатки- зебра судалт /арслан загас ч гэж нэрлэх/ хэмээх намирсан хурц гоё өнгөтэй загасыг агнахаар урт жад, гэрэлтүүлэгч, хүчилтөрөгч үүрэн, далайн усанд шумбацгаана. Тэд 30 метрийн гүн хүртэл ёроол руу шумбаж загас ангуучилна.
ЮНЕСКО- гийн байгалийн өвд бичигдсэн дэлхийн хамгийн үзэсгэлэнт, онгон зэрлэг газрын нэг бол яах аргагүй “Маргад ногоон өнгөт” цөөрөм билээ. Нов ногоон ой дундаас сүндэрлэн харагдах хөлөрсөн хүрэн хавцлаас сүр жавхлантайгаар шуугин унах хүрхрээ жинхэнэ онгон байгалийн нүд унагам үзэсгэлэн хийгээд сүрдэм хүчийг мэдрүүлнэ. Чийг цохисон мөлийсөн хөх үхэр чулуунууд дээр ургах нов ногоон хөвд яг л хөвөн мэт зөөлхөн.
Нэрийг нь үл мэдэх яв ягаахан жижигхэн хөөрхөн цэцэг энд тэнд харагдах нь зохисон гэж. Усны тунгалаг, агаарын ариухан шувуудын жиргээг сонсоход үлгэрийн орон гэж өөрийн эрхгүй хэлмээр. Биднийг дагуулж явсан газарч “Маргад ногоон цөөрмийн ус их ид шидтэй, нүүрээ булхвал үзэсгэлэн гоо болно, бүтэн биеэ булхан шумбавал мөнхийн залуухан болдог” хэмээн хошигнож явав. Тэнгэр тэнгисээр урсаад байгаа мэт, ургамал модод нь усан дороос урган найгаж байгаа мэт байгалийн сайхан улс юм билээ, Доминика.