2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

Хараа булаан ногоорох Карибын тэмдэглэл

Майамигаас гарсан онгоц Антигау ба Барбуда дөхөж ирэхэд, би цонхоор шагайлаа. Тэртээ доор нүд алдам гүн цэнхэр Карибын тэнгист цайран харагдах хөлөг онгоцууд дун цагаан лавай мэт хачин гоё үзэсгэлэнтэйгээр цайвалзана. Тэнгэр тэнгисийн дунд маргад ногоон өнгө гялбуулан тодоос тод харагдах 700 гаруй Карибын арлуудыг диваажин гэж дуу алдахаас өөр үг амнаас үл унана. Диваажин гэж байдаг бол хараа булаан ногоорох тэр арлууд л диваажин байх.

Мексикийн булан, Хойд Атлантын далайгаар хүрээлүүлж, хоёр Америк тивийн дунд орших Карибын арал 13 тусгаар тогтносон улс, 17 хараат нутаг, 43 сая хүнтэй. Хамгийн сонин нь Карибын улсуудын ижил төстэй нэрс зарим хүнийг хөөрхөн будилуулж орхино. Жишээ нь “Доминиканы Бүгд Найрамдах Улс”, “Доминикийн Хамтын Нөхөрлөлийн Улс” гэх хоёр өөр орныг нэг улс гэж ойлгох нь энүүхэнд. Барбодос улсыг Барбудатай хольж сольдог хүнтэй мэр сэр таарч л явлаа.

Кариб1493 оны есдүгээр сарын 24-ний өдөр алдарт Кристофер Колумб хоёр дахь их аялалдаа гарахдаа санваартан лам, цэрэг, фермерүүд нийлсэн 1200 хүн, 17 усан онгоцтой явсан гэдэг. Тэд арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн ням гаригт шинэ арлаар дайран өнгөрөхдөө “Доминика буюу Ням гариг” гэдэг нэр өгөөд байж. Эдгээр арлуудад “Сент Мартин”, “Сент Маартин” гэх мэтчилэн сент гэдэг нэртэй тав, зургаан жижиг улс бий. Сент гэдэг нь христосын шашны хувьд ариун хутагт гэсэн утгатай үг. К.Колумб санваартан лам нартай явж байсан учраас ийм нэр төрсөн байх аа магадгүй.

Антигау ба Барбуда орох онгоцонд ганган гэхэд “дэндүү ганган” эр зэргэлдээх суудалд суусан юм. Тэр эр зузаан хүрэн уруулынхаа цаанаас үе үе алтан шүдээ гялбуулан инээмсэглэж, чихэндээ зүүсэн том хар чихэвчээ хоёр алгаараа дарж, цээжээ этгээд сонин хөдөлгөн суудалдаа бүжиглэсэн шигээ явах нь хэний ч анхаарал, сонирхлыг татахаар. Мань эр бусдын анхаарлыг татаж байгаадаа тун чиг сэтгэл ханамжтай суугаа нь илт. Буржгар өтгөн хар үсээ бөндийтөл, олон жижиг хэсэгт хувааж тус бүрийг нь тод өнгийн боолтоор ороожээ. Хүзүүндээ зузаан зүүлт, гартаа бүдүүн алтан гинж давхарлан ороосон харагдана. Залуугийн энэ чимэг гоёл хар арьсанд нь зохицсон гэж жигтэйхэн. Хүнд төвөг болохгүй ч янз донжтой хөдөлгөөн нь нүдний үзүүрт байнга өртөж анхаарал өөрийн эрхгүй өнөө залуугийн зүг хулжаастай. Олны анхааралд аль хэдийнэ орчихсон түүний хажуугаар онгоцны үйчлэгч бүсгүйчүүд инээмсэглэн өнгөрнө.

Кариб

Гурван цагийн нислэг өндөрлөж Сент Жонс хотноо газардахад, алтан шүдэт өнөө дэгжин эр нүд гялбатал дахин нэг инээгээд “Карибид тавтай морил, сайхан аялаарай” гэж эрхий хуруугаа гозойлгоод цээжээ хөдөлгөсөөр олны дунд уусан одов. Онгоцны буудал дүүрэн нарийхан бэлхүүс, хотгор нуруугаа тас барьсан сиймгэр нимгэн, нэвт гэрэлтсэн торон хувцсандаа том том өнгийн шигтгээтэй, алаг нүдэн хөөрхөн хүүхнүүд өдөн далавч мөрөвчилсөн байх нь эгээ л тэнгэрээс буусан дагинас, тэнгисээс гарсан лусын охид гэлтэй. Сайхан охидын арын ханан дээр тусгайлан байрлуулсан хүрэн модон сийлбэр өөрийн эрхгүй хараа булаасан юм. Тэр хананд хүзүүндээ дөнгөтэй, гар нь гинжээр гавлуулсан боолчуудын үхэн үхтэлээ ажиллах үйлийн үрт тавилан, чихрийн нишингэ боловсруулдаг хуучны салхин тээрэм, эздийнхээ гарт зарагдаж үрэгдэж байсан түүхээс өгүүлжээ. Өнөөгийн диваажингийн “тамын түүх” сэтгэлийг минь өөрчилж аяллынхаа замаас бага зэрэг хазайлаа.

Сэйнт Жонс хотын хөөрхөн хийцтэй улаан, ногоон, цэнхэр шоо мэт өнгө булаалдах байшингууд дундуур сүлжиж, далдуу модтой гудамж уруудан явсаар хуучин гэгдэх сүрлэг цагаан чулуун байранд ороод авав. Музейн тайлбарлагч бахь биетэй, хар залуу том том цагаан шүдээ яралзтал инээн угтаж, хаанаас ирэв, усан онгоцоор явна уу, эсвэл нисэж ирсэн үү гэх нь ихэд яриа байрын хүн болохыг төвөггүй илтгэнэ. Тэгж байснаа Монголия гэснийг Анголия гэж сонсоод цочин үсэрч бөөн инээд ханиад болов. Бас ч үгүй алиа эр бололтой. Өнөө эр өөрийгөө Валентино гэж танилцуулаад л тайлбарлаж гарах нь тэр. “Валентина гэж хэлбэл эмэгтэй хүний нэр болно. Эрүүл чийрэг хүчтэй гэсэн утгатай латин үгээс нэр минь гаралтай” хэмээн цэвэр англи аялгуугаар хэлж байна. Валентино дэл сул яриагаа ашгүй нэг орхиж музейгаа тайлбарлаж эхлэв. Би ч сонирхсон бүхнээ асуугаад Валентино мэдэх бүхнээ сонирхуулж гарлаа.

“Хуучин Шүүх” нь байрлаж байсан энэхүү барилгыг боолын эзэд хөрөнгө гаргаж Петер Харрисан гэдэг Английн архиктекторч бариулжээ. Хожим хойно 1985 онд түүх, археологийн нийгэмлэг нь уг байрыг музей болгосон байна. Америк тивийн нээлт нь түүхийн шинэ үе, өөрчлөлт колоничлол боолын худалдаагаар асар том “нүүлгэн шилжүүлэлт” хийжээ. Унасан бүхэн ургаж, ургасан болгон цэцэглэх үржил шимт, бурхны орон гэмээр байгаль цаг ууртай, өргөн уудам Америкт чихрийн нишингэ, цагаан будаа, навчин тамхи, хөвөн, кофе тариалах, алт, мөнгөний уурхай ажиллуулах, зам тавих, мод дүнз татах гэх мэт хүнд хүчир салбарт, ажиллах хүч асар ихээр шаардагдаж эхэлжээ.

Хамгийн анх португальчууд 1526 онд Анголоос олзолсон хүмүүсийг Бразилд авчирсанд, англи, франц, нидерланчууд “Атлантын боолын худалдаанд” уралдан орцгоосон түүхтэй. Түүхийн шарласан хуудсанд 1526 -1867 оны хооронд Африкаас 12.5 сая боолыг усан онгоцоор зөөхөд 10.7 сая нь амь гарсан тухай Америкийн түүхч Стивэн Минц судлагаандаа бичсэн юм. Төв Африкийн Конго, Чад, Габоноос олзолсон боолчуудын 90 хувь нь “Атлантыг дайран өнгөрөх боолын худалдаа” буюу Карибид газардаж Хойд Америкаар тархсан аж.

Зөвхөн Их Британи дангаараа 3.1 сая боол зарсан түүх бий. 25 нас орчим насны цэл залуухан эрс хамгийн их үнэ хүрч 25–30 ам.доллараар арилжигддаг байсан бол 1860-аад оны үед үнэ нь огцом өссөн байна. Олзлон авсан африк боолчуудыг морь үзэж буй мэт амыг нь ангайлгаж шүдийг нь шинжиж, зориуд хамгийн эрүүл чийрэг өсгөлүүн залуучуудыг шилэн олзолж, хүн багтах зай бүрт чигжин дүүргэнэ. Оргож зугтаах, эсэргүүцэх тул гар хөлийг нь шалтай холбон гинжилж 1-2 сарын турш далайгаар аялдаг байлаа.

Далайн шуурга, шатам халуунаар төөнөх наран дор хувцас ядмаг, хоол ус тарчиг, бохир орчинд зарагдахаар явж байгаа боолууд өвдөж шаналах энүүхэнд. Өвчилсөн, үхсэн хүмүүсийг далайд шидэн зогсолтгүй урагшилж явсан хөлөг онгоцнуудын гашуун аяллыг өнөөгийн хүн төрөлхтөн түүхийн шарласан хуудаснаас санаа алдан уншицгаадаг. Тухайн үед 50-100, түүнээс дээш боолтой хүнийг баянд тооцдог байж. Боолын эзэд боолоо сонинд зар тавьж зараад мөнгө болгодог төдийгүй зугтсан боолыг нь олж өгсөн хүнд шагнал өгөхөө хүртэл олонд зарладаг байжээ. Америкчуудын хувьд 1704 онд анх Массачусетс мужийн “Бостоны мэдээ – захиа” нэртэй, сардаа нэг удаа гардаг сонинд, газар, үхэр мал зарах гэдэг ангиллын тусгай хуудсанд, худалдаачин Жон Колмэн гэгч эр хүн зарах боол худалдах зарыг оруулж байсан юм билээ.

КарибБоолын хөдөлмөр нь амьд хүнд тамын шийтгэл байсан учир олон зуун хүний тэсвэр тэвчээр алдарч 1736 онд Принц Клаас хэмээх залуу боолчлолын эсрэг тэмцэлд уриалан боссон юм. Валентино Антигау ба Барбуда улсын үндэсний баатрынхаа түүхийг сэтгэл хөдлөл, бахдлаа барьж ядсан өнгөөр ярина. Тайлбарлагч залуугийн хүүрнэсэн өнгөрсөн цагийн гашуун түүхийг толгой дохин, бодолд автан сонсч дуусахад Валентино ихэд дотночлон “ Чөтгөрийн гүүр” гэдэг газар заавал очоорой. Түүх нь өрөвдмөөр ч маш үзэсгэлэнт газар гэв. Хатуу бэрх амьдралд туйлдсан боолчууд эх нутагтаа очъё хэмээн Атлантын ширүүн урсгалт далайд “биеэ өргөдөг” байж. Энэ тухай ярихад нь сэтгэл минь жихүү даасан мэдрэмжид эзлүүлж орхив.

Антигау ба Барбуда нь нутаг дэвсгэрийн хувьд манай Улаанбаатар хоттой ойролцоо 440км, хоёр жаахан арал хэрнээ өнгөрсөн жил сая гаруй жуулчин хүлээн авснаа тэмдэглэж байв. Карибын арлынхан жуулчдад үзүүлэх боломжтой бүхнийг гайхтал нь харуулаад, халаасыг нь хоосортол гөвдөг улс юм билээ. Зарим нь бүр хэт шунасандаа чих хатуу, хараа муу бүр мартамхай будилуу болж жүжиглэн илүү төлбөр бичих нь хэвийн үзэгдэл тул авсан юмныхаа үнийг шалгаж байх нь зүйтэй. Та андуурсан бололтой гээд илүү үнэ бичсэнийг хэлэхэд сайхан инээгээд дор нь засаад өгөх жишээтэй.

Антигау Барбуда нь торгон сайхан элстэй 365 далайн эрэг хөвөөтөй тул эрэг болгон дээр нэг хоноход жил болно гэж “ Карибын сэтгүүл” дээр хошигносон байв. Өөр өөрийн өвөрмөц үзэсгэлэнтэй, байгалийн гоо бүрдсэн далай эргүүдээс “Хавирган сар” гэдэг газар нүд унам, жигтэйхэн чамин.

Эх газрын ногоон арлыг хагас дугуйлан түрэн орж ирсэн цагаан элсэн эмжээртэй цэнхэр далай үнэхээр л хагас сар мэт хачин гоё. Амьсгалын хоолойвчтой усан дор аялж далай гэх ертөнцөнд бүрэн татагдсан хүнд жаргалын орон. Карибын тэнгисээр усан онгоцоор хөвж явахад, өнөөх алдарт оффшор бүсэд хамаарагдах орнууд Антигау ба Барбуда эхлэн Британийн Вержиний арлууд, Барбадос, Бахамийн арлууд, Белиз улс, Ангель, Грнад зэрэг улсуудаар дайран гарах сайхан боломжтой. Давс, салхи, ус үнэртэх далайн усаар дарвуулт онгоц дүүрсэн үзэсгэлэнт Антигау Барбудагаас явах минь болсон тул, жижигхэн онгоцонд сууж аваад дараагийн орон Доминикийн Хамтын Нөхөрлөлийн Улсыг зорин нисэв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img