2024-07-23, Мягмар
17 C
Ulaanbaatar

Монголын цэрэг Орос, Кипчакийн нэгдсэн армийг бут цохисон Калкийн тулалдааны 800 жилийн ойд

Одоогоос 800 жилийн тэртээ Чингисхааны гарамгай жанжин Зэв, Сүбэдэй нарын удирдсан 20 мянган цэрэг Оросын хэд дахин давуу хүчтэй байлдааны талбарт анх удаа тулгарсан билээ. Орчин үеийн Украины Донецк мужийн газар нутагт Калк хэмээх голын хөвөөн дээр Монголын цэрэг 1223 оны тавдугаар сарын 31-нд Оросын армийг тэдэнтэй хүч хавсарсан кипчакуудын хамт хиар цохисон билээ.

Зэв, Сүбэдэй нарын цэрэг 8851 км газрыг хоёрхон жилийн дотор туулан марш тактикийн асар урт цахилгаан аян дайн хийхдээ замд нь таарсан бүх дайснаа ялан дийлсээр Оросын хилд тулж очсон байдаг. Дэлхийн түүхэнд урьд хожид ийм урт амжилттай аян дайн хийсэн тохиолдол гараагүй тул орон орны түүхчид байж боломгүй энэ цэргийн ажиллагааны амжилтын нууцыг тайлахыг өнөөг хүртэл оролдсоор ирсэнд гайхах зүйлгүй.

Бүх зүйл Чингис хаан хүчирхэг Хорезмын хаант улстай найрсаг харилцаа тогтоохоор элч, наймаачид бүхий өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдөө үнэт бэлэг сэлтийн хамт 1218 онд Хорезмын шах II Ала ад Дин Мухаммедад илгээснээс эхэлжээ. Орчин үеийн Узбекистан, Тажикистаны газар нутгийг хамарч байсан баян тансаг Хорезмын удирдагч Отрар хотын захирагч, өөрийн үеэл ах Кайыр ханы ятгалгаар буруу номтнуудын элч нарыг бүгдийг нь цаазалсан аж. Дипломат элч төлөөлөгчдийг цаазлахыг эрс буруушаадаг Чингисхаан Хятадад хийж байсан дайнаа зогсоон Хорезмын хаант улс руу цөмрөн орж Бухара, Хив гээд бүх томоохон хотыг эзлэн авахад шах Мухаммед баруун зүгт зугтан шинэ арми цогцлоож эхэлсэн аж.

Түүнийг нэхэхээр л Чингис хаан Зэв, Сүбэдэй нарын удирдсан 20 мянган цэргийг илгээжээ. Гэвч шах Мухаммедийн арми цогцлоох оролдлого бүтэлгүйтэж, Хорезмын удирдагч асан тэрээр төд удалгүй Каспийн тэнгисийн Абескун арал дээр өөд болов. Тэгэхэд Чингис хаан Зэв, Сүбэдэй нарт тандалтын аянаа өрнө зүгт үргэлжлүүлэхийг үүрэгджээ.

Монголын цэрэг Кавказ руу нэвтрэн ороход Гүржийн Лаша хааны арми тэднийг зогсоож хүчирсэнгүй. Армени ч монголчуудын өмнө хүчин мөхөсдөв. Кавказын нуруунаас буухад Дон мөрний өргөн хөндийд тэднийг алан, кипчакуудын холбооны нэгдсэн цэрэг тосч байжээ. Монголчууд тэдний хооронд яс хаян хагаралдуулж дөнгөн хүчийг нь тарамдуулж нэг нэгээр нь даран авсан гэдэг. Кипчакийн хан Котян ноёдынхоо хамт аргагүйн эрхэнд Оросын Галицийн ван, өөрийн хүргэн Мстислав Удатныйд алт мөнгөн үнэт бэлэг барин хаанаас ч юм гэнэт гараад ирсэн аюулт дайсны эсрэг хүч хавсрахыг хүсчээ. Котян Мстислав Удатныйд хандан, “Дайснууд өнөөдөр манай газар нутгийг эзэллээ. Маргааш тэд танайхыг ч эзлэхээр ирэх нь гарцаагүй” гэсэн утгатай үг хэлсэн гэдэг.

Кипчакууд гэдэг нь Эрчис мөрнөөс Дунай хүртэлх Евразийн өргөн уудам Их тал хэмээх газар нутагт тархан суурьшсан нүүдэлчид байжээ. Баруун хязгаараас нь байнга довтлох кипчакууд олон зууны турш монгол аймгуудын өстөн дайсан байсаар ирсэн аж. Баруун зүг нүүдэллэсээр Оростой хаяа дэрлэх болсон кипчакууд хойд хөрш рүүгээ байсхийгээд довтлон Оросын ванлигуудыг тонон дээрэмддэг байж. Гэвч гадаад дайснуудтай хамтын хүчээр тэмцсэн нь ч бий. Жишээ нь, Оросын Давыд Игоревич ван кипчакийн хан Боняк, Алтуноп нарын дэмжлэгээр Унгарын хунтайж Кальманы цэргийг 1099 онд ялж үлэмж газар нутгийг ванлигтаа нэгтгэжээ. Мстислав Удатный ч 1221 онд Унгарын Галичиийг кипчакуудын морьт цэргийн тусламжтайгаар эзэлж байсан аж. Мөн орос, кипчакууд хамтран наймаа арилжаа хийж, дээдсүүд нь хоорондоо ураг барилдсан нь ч цөөнгүй.

Галицийн ван Мстислав Удатный Котяныг хүлээн авсныхаа дараа санаачлага гарган айсуй монголчуудын эсрэг хэрхэх талаар Оросын вангуудын зөвлөлийг яаралтай хуралдуулахыг уриалсан байна. Оросын вангууд Киевийн Мстислав Романович, Галицийн Мстислав Удатный, Черниговын Мстислав Святославович гэх хамгийн нэр хүндтэй гурван Мстислав вангийн удирдлага дор чуулан удаан хэлэлцсэний эцэст Монголын цэргийг Орост оруулалгүй хүчээ нэгтгэн Кипчакийн талд тосч тулалдахаар тохиролцжээ.

Чингис хааны цэргүүдИнгээд, өнөөгийн Украины Черкассын мужийн Трахтемиров суурингаас холгүй Зареба гэх газар цэргийн цугларалтаа товлосон байна. Оросын түүхэнд үүнээс өмнө ийм их цэрэгтэй арми бүрэлдэж байгаагүй аж. Оросын арми хэдэн цэрэгтэй байсан тухай янз бүрийн мэдээлэл бий. Жишээ нь, Оросын XVIII зууны нэрт эрдэмтэн, түүхч Василий Татищев, Оросын вангуудын 103 мянган цэрэгтэй армийг кипчакуудын 50 мянган морьт цэрэг дэмжиж байсан тухай тэмдэглэн үлдээжээ. Үүнийг дийлэнх эрдэмтэд хэтийдсэн тоо гэж үздэг ба Орос, Кипчакийн нэгдсэн арми ойролцоогоор 70-80 мянган цэрэгтэй байсан гэж таамагладаг. Оросын армийн цөм нь зэвсэг, хуяг, бэлтгэл, сахилга бат сайтай вангуудын ба ноёдын мэргэжлийн морьт цэрэг байжээ.

Заребад Монголын элч нар ирж Оросын вангуудад, “Та нар кипчакуудын ятгалганд орж бидний эсрэг хөдөлжээ. Бид та бүхний газар нутаг, хот сууринг довтлоогүй. Мөнх тэнгэрийн тушаалаар адуучин боол кипчакуудаа хураахаар энд ирэв. Бидэнтэй эвийн гэрээ байгуулж оргуул босуул кипчакуудыг өөрөөсөө хөөн эд хөрөнгийг нь хураагтун. Урьд өмнө кипчакууд та нарт ч ихэд гай тарьсныг дуулсан. Үүний ч төлөө бид боолуудаа шийтгэх болно” гэсэн захидал өргөн барьжээ. Гэвч Оросын вангууд элч нарыг цаазлахыг тушаан Днепр, Днестр мөрнүүдээр мянга гаруй дарвуулт хөлөг онгоцоор уруудсан тухай эртний Оросын түүхийн бичигт бичсэн байдаг.

Галицийн Мстислав Удатныйг цэргүүдийнхээ хамт Днеприйн аман дахь Олешья сууринд саатахад Монголын элч нар дахин уулзаж, “Та бүхэн кипчакуудын ятгалганд орж бидний элч нарыг цаазлаад өстөн дайсан биш хэрнээ бидэнтэй тэрслэхээр хөдөлжээ. Хэрхэхийг тэнгэр мэдтугай” гэсэн жанждынхаа захидлыг өргөн барьжээ. Мстислав Удатный монгол элч нарыг цаазлалгүй явуулсан ч ямар нэр хариу өгөөгүй аж. Ингэснээр хоёр талын тулалдаан гарцаагүй гэдэг нь эцэслэн тодорхой болсон юм.

Днеприйн зүүн эрэгт гарангуутаа Орос, Кипчакийн нэгдсэн арми голдуу бусад үндэстний олзны цэргүүдээс бүрэлдсэн Монголын толгой анги нэгтгэлүүдтэй тулгаран богино үргэлжилсэн ч цуст тулалдааны дараа удирдагч Ганибек гээчийг нь хороон гэдрэг ухраан зугтаалгажээ. Арабын нэрт түүхч Ибн Аль Атир энэ тухай, “Орос, кипчакууд татаруудыг аймхай, сул доройгоосоо болж тулалдахаас эмээн дутаасан гэж бодон бүрмөсөн дарахын тулд араас нь уулгалан нэхжээ. Татарууд зугтаасаар, тэд араас нь 12 хоногийн турш нэхсэн юм” гэж бичиж үлдээсэн байдаг.

Чингис хааны цэргүүд12 хоног дайснаа хөөсөн Оросын армийн зохион байгуулалт муудаж, зарим нь хол хоцорч, зарим нь хэт урагшлан сунжирч, хоорондоо холбоо барих явдал ч хүндэрсэн байна. Оросын армийн толгойд явсан Мстислав Задатный кипчакуудын хамт Калкийн баруун эрэгт Монголын өөр нэг толгой ангитай тулгаран түвэггүй бутниргэжээ.

Эхний хоёр жижиг тулгаралтад дайснаа хөнгөхөн дарсны дараагаар Оросын вангууд гол тулалдааныг хаана, хэрхэн хийх төлөвлөгөө боловруулахыг оролдсон ч санал зөрөлдөж, нэгдсэн нэг шийдэлд хүрсэнгүй. Киевийн Мстислав ван Калкийн баруун эрэгт байрлалаа эзлэн бэхлэлт босгон дайсныг хүлээх бодолтой байсан бол нэлээд ван Калкийг гатлан Монголын цэргийг түрүүлж довтлох нь зөв гэж үзжээ.

Эцэст нь 2021 оны тавдугаар сарын 31-ний үүрээр Волынийн ванлигийн цэргүүд кипчакуудтай, араас нь Галиц, Черниговын, улмаар Смоленск, Владимр, Туровын ванлигийн анги нэгтгэлүүд баруун эрэгт хөл тавив. Харин Киевийн ванлигийн цэрэг Калкийн баруун эрэгт үлдэн бэхлэлт барьж эхэлжээ.

Монголын цэргийн толгойн хэсэг гарч ирэхэд кипчакууд ба Волынийн ванлигийн цэргүүд түрүүлж тулалдаанд орсон байна. Волынийн ван Даниил Романович шархадсан ч эрэлхгээр тулалдаж, Монголын толгойн анги ухарч эхэлжээ. Кипчакууд ч тэр, Даниил Романовичийн цэрэг ч тэр эгнээгээ алдан нэг нэгнийхээ урд хойно орон замбараагүй давшлахад Сүбэдэй үндсэн цэргээ тулалдаанд оруулахыг тушаав.

Эхлээд Монголын эрхий мэргэн харваачид довтлогчдын өөдөөс суман мөндөр буулган баримжааг нь алдагдуулж сандраан, төд удалгүй нуман хагас бүслэлтэд орсон орос, кипчакуудын гол байрлалыг суут жанждын шилмэл хуягт морин цэрэг сэт цохин дутаалгажээ. Зугтагсад араас нь тулалдаанд дөнгөж орохоор жагсагсдын эгнээг сарниулан замбараагүй байдал бүр ч газар авав.

Галиц, Волынийн ванлигийн зарим цэрэг Калк дээр үлдээсэн далбаат завинууддаа сууж зугтаахдаа үлдсэнээр нь монголчууд араас нь нэхнэ гэдгээс эмээн живүүлжээ. Ингэснээр, олон мянган элэг элэгтнүүддээ амьд үлдэх боломж үлдээгээгүй аж. Киевийн ванлигийнхны босгосон лагерьт цөөн тооны орос цэрэг хүрч нуугдаж амжжээ. Үндсэн тулалдаан дууссаны дараа Монголын цэрэг Киевийн ванлигийн бэхлэлтийг гурав хоног довтолсны эцэст усгүй харангадсан Киевийн ванлигийн цэрэг, ноёд бууж өгсөн байна.

Үүний дараа монголчууд Оросын олзлогдсон 12 ван, олон арван ноёдын дээр аварга том банзан хавтан дэлгэж дээр нь найрласан гэдэг. Оросын вангуудын цусыг асгаруулахгүй гэсэн амлалтдаа хүрч ийн амийг нь бүрэлгэсэн гэж үзэгсэд ч бий.

Чингис хааны цэргүүдЮутай ч Монголын цэрэг Оросын хүчирхэг ванлигуудтай анх удаа тулгарахдаа ялгуусан ялалт байгуулжээ. Тулалдаанд Оросын арван цэрэг бүрийн ес нь амь үрэгдсэн гэж үздэг. Дээр нь Калкийн тулалдаанд оролцсон Оросын 19-өөс 12 ванлигийн тэргүүн Калкад булшлагдсан билээ. Энэ нь Оросын олон ванлигийг удирдлагагүй болгон цэргийн хүчийг эрс сулруулан харийн дайсанд өртөмтгий болгосон.

Монголын тал Калкийн тулалдаанаар Оросын армийн байлдах арга барил, зэр зэвсэг төдийгүй дотоодын нөхцөл байдал зэргийг сайтар судалж, үүний үндсэн дээр 1235 оны Их хурилдайгаар өрнийн аян дайн хийхийг шийдвэрлэсэн билээ. Хашир жанжин Сүбэдэй, Чингис хааны ач Батын удирдсан өрнийн их аян дайнаар Монголын цэрэг Калкийн тулалдаанд авсан шархаа нөхөж амжаагүй Оросын ванлигуудыг нэг нэгээр нь өөртөө нэгтгэн Унгар, Польшийн армийг бутцохин Адриатын тэнгист хүрсэн түүхтэй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img