2024-07-23, Мягмар
13 C
Ulaanbaatar

Баянаа аваргын менежер хийсэн нь

2000 он. Их онцгой он байсан билээ. Хүн бүр л гурван тэг давхарласан энэ оныг үзэхсэн, тэр үед Монгол орон хөгжлийн туйлд хүрнэ хэмээн өөр өөрийнхөөрөө төсөөлж, бясалгаж явсаар нүүр тулан золгосон билээ. Зуд турханд нэрвэгдсэн хязгаар нутгийн зон олон зовсон зүдсэнээ умартаад, сонгууль хэрхэн болох талаар ам өрсөн ярьж суусан цаг. Увсынхан бол угаас час улаан аймаг. Өдгөө хүртэл МАХН (одоогийн МАН)-даа үнэнч явах. Энэ нь тэдний урвалтгүй чанарыг илтгэх авч бөглүү буйдын үнэр ханхалдаг.

АН-ынхан 1996 онд олуулаа болж байх үедаа Дархан аварга Х.Баянмөнхийг сойсон авч МАХН-ын батлахаа хураалгаж амжаагүй нэрийдлээр сонгуулийн уралдаанаас хасагдаж Увс аймаг цэнхэртэх боломжоосоо хагацав. Мань эр шантарсангүй. 2000 онд дахин хүч үзэхээр Увс аймгийн 41 дүгээр тойрогт УИХ-д нэр дэвшихээр зодог шуудгаа эвхчихээд Ханхөхийн нурууг тойрсон зүүн найман сумаар аялсан юм. Арав түрүүлсэн аваргад ийм ааг байлгүй яахав. 1996 оны үеийг бодохд 2000 он нь улс төрийн огт өөр хэмнэлтэй байлаа.

“Ардчилсан холбоо” эвслийнхэн Засгийн газраа хэд хэд огцруулж золигтсоны үрээр Увс аймагт АН-ын угшилтай хүн парламентын гишүүн болох үүд хаалгыг цоожилж орхисон хэрэг. Энэ нь сонгуулиас өмнө илэрхий байсан л даа. Хан Хөхүйг тойрсон найман сумаас хамгийн ардчилсан үзэлтэй нь болох Өндөрхангайд нутгийн хүү Жаргалсайхан БНН, Зүүнхангайд Авдаа гуай МАХН-аас нэр дэвшсэн нь Баянаа аваргад хүнд цохилт болоод байлаа. Арван баядын хошууны үр сад аваргаа дэмжилгүй МАХН-ыг сонгов. Үндсэндээ Баянаа аварга сонгуулиас өмнө ялагдсан байсан юм.

Би өөрийн унаган морь болох цагаан морьтойгоо явж байгаад нойтон боргонд хальтран хөлөө даруулж гэмтчихсэн үе л дээ. Манайх Шонтын бэлчир хэмээх газар зусч байв. Нэг өглөө гэрийн гадаа мотофикльтэй залуу ирж сигнаалдав. Намайг байна уу гээд асууж байна. Ээжид нугалсан цаастай бичиг өгч харагдана. Уншлаа. Сумын АН-ын дарга Б.Батням намайг урьжээ. Баянаа аварга УИХ-д нэр дэвшихээр иржээ, чи менежерээр нь ажиллана, уран илтгэгч хүн хэрэгтэй, яруу найрагчийн үнэ цэн одоо л гарна шүү гэх ухааны юм увуу цувуулан өөрийн гараар бичжээ.

Баянаа аваргын менежер болох ий…

Бодлоо, сайхан санагдаад явчихав. Олимп, тив, дэлхийд нэрээ цуурайтуулсан домогт аваргын менежер хийнэ хэмээн ургуулан бодсон чинь гэмтсэн хөл маань чичирч байна аа. Юутай ч хямар (элжгин халхчууд хярамыг ийн дуудаж бичдэг) залгилаад гэр дотроо сойдгонон алхаж үзэв. Санаа зовж байна. “Ийм чухал үеэр гэмтэж байдаг золиг” гэж энэ тэрээр хочлов. Гэтэл аав ороод ирлээ. Хэллээ дээ. Манай аав МАХН-ын төлөө толгойгоо тасдаад чулуудчих улаан фэн нь тул олигтой хариу ирэхгүй гэж бодож билээ.

Аав хэлж байна. “Аваргын төлөө зүтгэнэ дээ, миний хүү” гэв. Мань эр МАХН-ын ч, Баянаа аваргын ч фэн билээ. Тэрээр аваргыг сонгожээ. Баянаа аваргыг унах, давах бүрийд цуг унаж, ургаж явсан аав маань энэ удаа ардчилсан хүчнийг таалдаг байна шүү. Даруйхан яв гэж байна. Мотоциклиэ асаагаад сумын төв рүү шуугиад л оров. Хэрэг болуужин гэж бодоод хэдэн навсархай шүлгийн дэвтрээ богцолсон байгаа юм.

Тухайн үед молхи миний бие Ховдын багшийн дээдийг төгсчихсөн, яруу найрагч нэгэн тул сумандаа тодорхой хэмжээгээр хүндлэгдэнэ л дээ. Тэгээд л сумын АН-ын дарга Баянаа аваргад санал тавьсан хэрэг. Б.Батням дарга хэлж байна. Баянаа аварга сумын зочид буудалд байрлаж байгаа. Өөрийгөө танилцуулаад сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулах талаар төлөвлөгөө боловсруул, аваргатай сайн ярилц гэх мэтээр зөвлөгөө өгөв. Бас хэдэн хавтастай цаас сугавчлуулав.

Ингээд л Баянаа аваргын менежер хийсэн түүх эхлэв. Буудлын хаалгаар орлоо. Баянаа аварга цагаан өнгийн морин цамцтай, цаас бичиг дэлгэчихсэн, эхнэр Дэжинбээгийн хамт сууж байна. Олимпийн хороонд ажилладаг нэг хүн байсан санагдана. Баянаа аварга өндийн босч ирснээ “Манай менежер мөн үү” гэв “Мөөн” гээд өөрийгөө танилцуулав. Баянаа аварга их гарын хөөрөг гарган ирж тамхилав.

Чи чинь чөлөөт бөхийн баймаар нөхөр үү дээ. Хүний хаагуур ч гүйгээд орж мэдэхээр харагдаж байна гээд Дэжинбээ эгч рүү харан инээж байна..

За, тэгээд өнөөдрөөс эхлээд менежерийн ажлаа ажлаа гялалзуулан, цог нэмэн дүрэлзүүлж өгнө дөө хоёулаа гэв. Энэ үеэр улсын гарьд Б.Гантогтох (тэр үед заан цолтой байсан) орж ирээд надтай мэнд усаа мэдэлцэв. Баянаа аварга хүүдээ “манай менежер Цогнэмэх чинь яруу найрагч гэнэ лээ. Уран илтгэх их чухал. Дэлхийн олон суутнууд уран илтгэж л гарч ирсэн юм даа. Өндөрхангай чинь Лу жанжин гүн, Г.Санжжав гээд билигт яруу найрагч олонтой. Залгамж халаа нь болсон энэ залуу миний менежер болдог нь сайн хэрэг болов” гэж билээ. Дээрх үгийг Баянаа аварга манай сумын сонгогчидтой уулзах бүрийдээ хэлж явсан юм. Улс төрийг их энгийнээр тайлбарлана.

Ардчилал, шударга ёс, эрх чөлөөг амьдралтай холбоно. Хан Хөхүйн нурууг нутгийн олны зүрх сэтгэл, түүх, ёс заншилтай эвтэйхэн уялдуулж өгүүлнэ. Ер нь л аварга мань өөрөө лут уран илтгэгч болох нь шууд мэдэгдэв. Би ч эмээв. Бас өөрийгө зоригжуулав. Харин Б.Гантогтох гарьд маань тэр бүрийд олон юм ярихгүй. Дуугүй талдаа хүн л дээ. Дэжинбээ эгч эевэргүү зөөлөн, сурган хүмүүжүүлэх талын ухаалаг үг шаглахдаа гаргуун. Ийм аяс хэдхэн хоромд цээжинд мөрөө үлдээж билээ. Ажилдаа ч орцгоолоо доо. Баянаа аварга хүүтэйгээ, А.Сүхбат хүргэнтэйгээ, Д.Ганбат заан, О.Балжинням аварга, Ж.Ганболд заан нарын бөхчүүдтэй хамт авахуулсан зураг, плакат, сонгогчдод илгээх захидал зэргийг ангилж, хаана хэрхэн тараах талаар удаан зөвлөлдлөө.

Б.Батням даргатай АН-ын гишүүд орж ирж хамжилцав. Хэд хоног аялах замын маршрутаа ч гаргасан. Юун түрүүнд сумын соёлын төвд сонгогчидтой уулзалт хийхээр зар тараалаа. Биднийг соёлын төв рүү ороход хүмүүс пиг дүүрчихсэн, амьсгаа даран хүлээж суусан билээ. Баянаа аварга анхныхаа уулзалтад костюм пиджактай оролцсон юм. Хүмүүс шивэр авир хийж байна. Дээлтэй биш ийм хувцастай байхаараа аварга маань залуу харагддаг юм байна, яг л сайд шиг алхаж байна шүү гэцгээгээд л. Уулзалт хийх болгонд миний бие аваргын чимгийг арай л дуудалгүйгээр танилцуулна.

Бүүр түүр санахад “Дэлхийн дэвжээг эзэгнэсэн их аварга маань дээлтэй монголчуудынхаа зүрх сэтгэлд үүр засахаар ирлээ. Төр засгийн сонорт түмнийхээ үгийг хүргэхээр дэвжээ юүгээн орхиод Хан Хөхүйдөө мөргөлөө” хэмээн шүлэглэн өгүүлж байсан маань санагддаг.

Дараа нь Баянаа аварга үг хэлнэ. Завсар зуур нь би бяцхан шоу маягийн үзүүлбэрүүд үзүүлнэ. Өөрийнхөө шүлгийг уншина. Намын болоод Баянаа аваргын мөрийн хөтөлбөрийг уншиж танилцуулна. Сүүлдээ ч цээжилчихсэн дээ. Хааяа нэг зарим хүн “Бөх хүн байж улс төрд зүтгэж юу хийнэ” гэж асууна.

Би болохоор Монгол Улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэх мэтээр хариу барина. Баянаа аварга төрж өссөн Хан Хөхүй уул маань намайг дуудсан билээ. Түмнийхээ төлөө зүтгэ гэж хөх тэнгэр шивнэсэн юм шүү гэж өгүүлнэ. Баянаа аваргын зургийг тараах үед ёстой нэг алалцаан болно. Зарим овсгоотой нь нэлээн олон зураг авчихсан бусдадаа гайхуулж явах. “Аваргын захиа үг” хэмээх А4-өөр хэвлэсэн мөрийн хөтөлбөр айл бүхэнд хүрсэн байх. Хүнийг бурхан бүтээгээгүй, хөдөлмөр л бий болгосон. Ухаан бодлоо зөв ажиллуулж, хоёр гараа хөдөлгөсөн хүн л хорвоогийн хишгийг зөв хүртэнэ.

Харин нөхдүүд архи хүртэж болохгүй шүү хэмээн хүмүүсийг инээлгэнэ. Баянаа аварга хошин шогийн их мэдрэмжтэй л дээ. Хэрэгтэй үед нь тохируулан онигоог уран гэгчийн ярьчихна. Энэ нь сонгуульд өрсөлдөгчдөөсөө ялгарах нэг онцлог болж түүхэнд үлдсэн хэмээн мунхагладаг. Байгаль дэлхий, газар нутгаа хайрлах, хамгаалахын ухааныг дэлхийд байхгүй монгол төрх хэмээн үнэлж байсныг санаж байна. Уулзалтын үеэр Баянаа аварга бүжиг таанцыг ёстой л яйлж өгдөг авьяас нь тодорч хурсан олныг жинхэнэ хөгжөөж ч байв. “Хөөрхөн халиун”-аас эхлээд ардын олон дуу дуулж явсан билээ.

АИХ-ын депутат болж Үндсэн хуулийг батлалцаж байсныгаа одоогийн улс төрийн байдал, улс орны хөгжилтэй холбон өгүүлэхэд олон хүн урамшиж байсан байх. Зарим хүн Ж.Мөнхбат аварга та хоёр яагаад таардаггүй юм бэ гэхэд, хамгийн их таарамжтай хоёр шүү. Бид гэр бүлээрээ найзууд.

Ж.Мөнхбат байгаагүй бол Х.Баянмөнх байх уу, Х.Баянмөнх байгаагүй бол Ж.Мөнхбат байх уу гээд эргүүлээд өөрөөс нь асууна. Нэгэн эр толгойгоо илээд хоёр Мөнх шүү дээ гээд сууж билээ. Дэжинбээ эгч “Мөөеө аваргын эхнэр Тамир маань манай хүнийг шарласан гээд эмнэлэгт хэвтэхэд огт цээрлэлгүй хоол унд авчирч хажууд нь суучихна. Тэр үед шар өвчин гэхээр хүмүүс холуур дөлдөг үед ингэж л ханддаг байлаа гэж ярив. Хүмүүс нөгөө сонгууль, улс төрөө мартаад Баянаа аваргын ярианд согтон, шимтэнгүйеэ чих тавина. Бүжгийн үеэр манай аварга олон бүсгүйтэй хөл нийлүүлсэн байх.

Дараа нь тэд аварга ямар гоё хөтөлж, дагуулж бүжиглэдэг юм бэ. Бөх хүн гэхээр бүдүүн хадуун гэж бодсон чинь 360 градус эргэв гэж билээ. Энэ үеэр манай ангийн, үеийнхэн, найз нөхөд, ах дүү нар маань миний менежерийн ажилд их тус болсон юм. Баянаа аварга “менежер ээ, чиний үг их хурдан зүгширч, илтгэлийг усны урсгал шиг явуулдаг болоод байна шүү” гэж байна. Урам өгч байгаа хэрэг. Би ч их маадгар. Сүүлдээ дүрдээ итгээд их л эвлэгээр ажлаа явуулдаг болсон шүү. Юутай ч сумын төвд хурал хийн, үдэшлэг зохион байгуулаадахав. Заримдаа Баянаа аварга үндсэн зорилгоо умартав уу гэлтэй “Хөдөө ингээд явж байх ямар сайхан гээч” гээд менежер болох миний “ааш”-ийг хөдөлгах шахна.

Х.БаянмөнхНутгийн олонтой хууч хөөрөөд л явж байдаг болов. Сүүлд бодохнээ Баянаа аваргын хувьд гэвэл сонгуулийн хамгийн зөв тактик энэ л байсан юм билээ. Гэхдээ мань хүн түүх-нийгмийн ухааны чиглэлээр боловсрол эзэмшсэн болохоор дэлхийн бөгөөд Монголын түүх, улс төр, эдийн засаг, соёлын талаар далайцтай өгүүлдэг байсан юм. Би амьдралд, хөдөлмөрт шуналтай хүн гэдгээ л байнга давтан ярьж байсныг санадаг. Өндөр хөгжилтэй орныг юу босгов, хөдөлмөр, бүтээн байгуулалт л босгосон гэхчилэнгээр өгүүлнэ. Би ч чамгүй ярьсаар байгаад “улстөрч” болохоо шахсан шүү. Инээмсэглэм хэрэг дэг. Ер нь Баянаа аваргатай цуг байхад уйдахгүй дээ. Үлгэр домгоос өгсүүлээд мэдэхгүй юм гэж үгүй.

Энэ мэтээр бид сумын төвд хоёр удаа, сумын төвөөс хойш орших Хүрэн асганы мухар, Шавар жалгын ам, Өндөр улааны өвөрт уулзалт хийж билээ. Нэг удаа Баянаа аваргын менежер шооконд оров. Би шүү дээ. Сум нэгдлийн даргаар олон жил ажиллаж байсан манай авга ахынхаар орох уу гэлээ. Баянаа аварга “М.Памаж гуайг танилгүй яахав, орцгооё гэлээ. Бид Табгаа гэж авгайлдаг байсан авга ах маань 73-тай хөгшин л дөө. Баянаа аваргад цай барингуут л “Баянаа чи МАХН-ын ачаар өдий зэрэгт хүрчихээд урвана гэнэ ээ” гээд баахан загнав. Бараг л одоо буц, хүү хүргэн хоёроо л энэ жилийн наадамд сайн барилдуул гэж үүрэгдэв. Миний, Баянаа аваргаас ичсэн, Табгаад гомдсон сэтгэл хоёр хоолойд тороод болдоггүй ээ. Бүлх залгичихсан юм шиг болж билээ. Зүгээр ээ, менежер минь.

Настай хүмүүс загнаж, буруу зөрүү ярьж байсан ч заавал авах юм бий гэж замд хөдлөхдөө намайг тайвшруулав. Дотор онгойж билээ. Тэгтэл Баянаа аварга нэг санаачилга гаргалаа. Нутгийн хөгшдөд мөнгөтэй золговол ямар вэ. Хүндлэл ч, буян ч болно. Би ч дэмжлээ. Баянаа аварга 1000 төгрөгөөр өндөр настнуудтай золгож байна гэх сургаар айл бүр шахуу хамгийн өндөр настнаа авчирдаг болсон билээ. Хожим айлуудаар явахад Баянаа аваргын золгуутын мөнгө болох1000 төгрөг жаазанд заларсан байх нь харагддаг сан.

Баянаа аварга миний бас нэг авга болох О.Хадбаатартай их дотно, найз нөхөр явсныг нь мэдэв. Жолооч хүн л дээ. Бяртай, аралтай ч манай Хадаа (авга ахыг хэлж байна) мэхгүй л дээ. Би хөөцөлдөж шинэ тэрэг авч өгч байсан гэж ярьж билээ. Манай Өндөрхангайхан хавар болонгуут Хан Хөхүйн нурууг даван ард нь зусдаг зон олон. Тийм болохоор Ханхөхийн нурууг давж Шаварт, Боомын энгэр, Буштаг, Цувраа мод, Тунгалаг нуур, Булгуудын бэлчир, Уужим булан зэрэг олон газарт уулзалт хийсэн юм. Баянаа аваргатай замд явахад олон сонин хачин яриаг сонсдогсон.

Манай ангийн Д.Батням, намын дарга Б.Батням, жолооч Эркаа бид нар нэг УАЗ-469 хөлөглөн аваргыг дагуулж явдаг байлаа. Улсын наадам болох дөхсөн болохоор Б.Гантогтох гарьд бэлтгэл хийгээд л яваад байсан даа. Жолоо Эркаа, манай ангийн Батням бид гурвыг нуруун дээрээ овоолчихоод босч сууна. Гэдэргээ харж хэвтчихээд биднийг хоёр хоёроор нь гараараар дээш шахна.

Миний хөл муу, нөгөө хоёртой ноцолдоод л. Баянаа аварга, гарьд хоёр очсон газарт бүртээ бөхийн барилдаан зохион байгуулж зарим хүүхдүүдийн нэр усыг бичиж авдаг байв. Харин аварга маань адуу мал харахаараа нүд нь сэргээд хажууд нь очоод зогсчихно. Бид хүлээгээд л. Хугацаа шахамдуу байдаг. Дэжинбээ эгчээр загнуулж байж авчирна шүү дээ. Менежер миний бие “явах уу даа, аварга аа” гэх жишээтэй.

Тэр үед би Баянаа аваргаас ид түрэн гарч ирсэн буй зургаан зааны талаар нэлээд шалгаасан юм даг. Тэдний онцлогийг ёстой тоочно доо. А.Сүхбат бол хоромхон зуур хэд хэдэн угсраа мэх хийж мэднэ. Толгой бол компьютер шиг сэтгэдэг. Д.Ганбат машин техникээр бол бул холбоос агуу шүү. П.Цэрэнпунцаг чинь ёстой л дөрвөн мөчиндөө тэнцүү бяртай бөх дөө. Д.Сумъяабазарт шуудагдуулж болохгүй, Г.Өсөхбаяр арал чацаараа л илүүрхэнэ дээ. Би энэ Гантогтох шиг байсан бол өдийд гурав түрүүлчихсэн байхгүй юу. Хүмүүсийн хэт хашир гээд байгаа нь үнэн л дээ гэж ярина.

Харин Б.Гантогтох юу ч ярихгүй инээмсэглээд л сууж байна. Ааваасаа их эмээнэ шүү. Сумын төвийн уулзалтын дараа би Б.Гантогтох гарьдыг манай найзуудынд очиж буу халах уу гэлээ. Шөнө орой болсон байв. Гарьд маань Баянаа аваргаас эвтэйхэн гуйлаа. Нөхөр менежер хүрээд ир гэж байна. Энэ Гантогтохыг чамд даалгалаа шүү. Залуу улс байна. ярьж хөөрвөл хөөр дөө гэлээ.

Гарьд маань унтлагын цагаан хэрэглэлээ мешоконд эвхэж хийв. Баянаа аваргад Увс аймгийн зон олноос бэлэглэсэн УАЗ-469 машинаар бид хэд ч жийж өглөө. Ангийн анд Д.Батнямын хашааны гадаа очлоо. Мөн л манай ангийн Д.Хөхөөхүүтэй хоёул бантан хийчихсэн сууж байна. Манай хоёр сайн эр байшингийнхаа түлхүүрийг ололгүй цонхоороо орсон байгаа юм. Гадаа Гантогтох заан ирчихээд байна гэв. Д.Батням маань ухасхийн босоод хаалгаа ганцхан тийрээд онгойлгов. Манай ангийн хоёр зааныг ингэж л хүлээн авав.

Нэг нь пивонд явж, нөгөө нь “заан аа, бантан идэх үү” гээд аягалж байна. Заан “Бантан шиг сайхан хол хаана байх вэ” гээд идэж билээ. Шөнөжингөө түүний тив, дэлхийн тэмцээнд чөлөөт, сүмо бөхөөр барилдсан түүхийг сонсоод их л сайхнаар зуны шөнийг хугаслаж билээ.

Замд явахад Дэжинбээ эгч ч хааяа сонин хачныг хүүрнэнэ шүү дээ. Нэг барилдаанд Баянаа аварга Мөөеө аваргатай их удсан юм байх. Хаячихаад гэртээ ирж л дээ. Хувцсаа солиход нь цээжинд нь нэг үс зоогдсон байх юм гэнэ. Энэ юу вэ гэхэд Баянаа аварга үзсэнээ “Мөөеөөгийн толгойны үс л байна. Цээжинд толгойгоо шаачихаад байсан юм. Дээр залчихаарай” гэсэн гэдэг.

Аваргын очсон газар бүхэнд хорхог, боодог хийж өгнө. Баянаа аварга “халуун зун хамаагүй амьтны амь таслуулаад яахав. Үүнийг зохицуулаарай” гэв. Манайхан миний үгийг авахгүй ээ. Аварга ирж байхад юу гэсэн үг вэ гэцгээх. Хөдөлмөрийн баатар, адуучин Ж.Гангиагийнн хот айлд өнжихдөө Баянаа аварга, хоёр Батням бид хэдтэй хамтран сурталчилгааны самбар үзүүлэнгээ өөрийн биеэр байрлуулж, ирсэн хүн бүрт тайлбарлаж өгөв. Орой ч боллоо. Хүн ч тасардаггүй, аварга ч ярьж дуусдаггүй ээ. Та одоо амар, маргааш эрт хөдлөнө гэлээ. Баянаа аварга хүмүүст “менежерийнхээ үгэнд орохгүй бол толгойгүй болох нь. Цогнэмэхтэй яриад бөхийн барилдааны сайхан бичлэг үзээрэй” гээд алхаж одов. Бид хэд шөнөжингөө бичлэг үзүүлж хоносон дог. Нутгийнхан маань Баянаа аваргатай зогсох, цуг зураг татуулах гээд ажил удаашруулна. Тээртэй санагдаад л. Төлөвлөсөн хугацаанаасаа хожимдох гээд болдоггүй ээ.

Ингээд л уулзалтаа цөөлж тоймтой хэдэн газарт Баянаа аварга очно гэж зар тараав. Мотоцикльтой залуучуудад бензин хийж өгөөд давхиулаад байв. Баянаа аварга, “Менежер сайн ажиллаж байна шүү. Өндөрхангайнхан бүгд ирчих шиг боллоо” гээд л. Миний сайных ч гэж юу байхав. Баянаа аваргыг “ориг”-оор харж үзэх гэсэн хүмүүсийн сэтгэл дуудсан хэрэг л дээ. Үүгээрээ л Монгол бөх гэдэг гайхамшиг юм даа. Нэг шөнө Гантогтох гарьд маань чоно хөөх юм сан гэж байна. Байлгүй яах вэ гэлээ. Ааваас эвтэйхэн гуйгаад өгөөч гэж байна. Дархан аваргын заан хүү нь ийм л даруу байсан юм. Бид хэд гуйсаар байгаад аваргаас ангийн бууг нь салгаж дөнгөв. Чоно тааралдсан боловч бартаа ихтэй болохоор агнаж чадаагүй юм. Нэг өглөө Гантогтох гарьд Ханхөхий нурууны ой руу санаашрангуй харснаа “Энэ модны хормойд дүнзэн байшин барьчихаад амар сайхан суухсан” гэв. Баянаа аварга уурлах төлөвтэй. Чиний насан дээр амрах, хэвтэхийг биш ажиллаж хөдөлмөрлөхийг бодох ёстой. Яаж олимпийн хоёр медальд хүрэх вэ гэж бодож үзээч гэж байна. Хүү нь таг дуугүй. Аварга хүүгээ хүмүүжүүлсэн л байгаа юм даа.

Нэг өдөр Баянаа аваргын хөдөөгүүр уулзалт хийхдээ суудаг байсан сандлыг мартаж орхив. Эрэл, сурал болсны эцэст манай дээд ангийн Батжаргалынд байгаа сураг гаргасан боловч гаргаж өгсөнгүй. Энэ сандлын төлөө намайг яасан ч болно. Сандлаа өгөхгүй ээ гээд гүрийв. Ингэж манай нутагт аваргын байнга суудаг байсан сандал үлдэж хоцорсон юм. Би ч хүчлээгүй. Хүмүүс манай эндээс бөх төрөх байх, бэлэгшээлтэй хэрэг болов гээд сэтгэл хангалуун үлдсэн билээ. Монголоо, хөдөө нутгаа хэрхэн хөгжүүлэх вэ, төрийн бодлого жалганд хүрэхгүй, жалганы үгийг төр сонсохгүй байна хэмээн ярьж, Хан Хөхүйн цэнхэр хязгаарт нутгийн хүүгийн сэтгэлээр очсон Баянаа аварга сонгуульд ялагдсан юм. Харин зон олныхоо сэтгэл, итгэлийг өвөртөлж буцсанаараа ялсан даг.

Өндөрхангай, Цагаанхайрхан сумын хилийн дээс дээр бид ирлээ. Менежертээ, та бүгдэдээ их баярлалаа. Цогнэмэх ээ, чи яруу найрагч хүн байна. Даруйхан хот орж их газар бараад. Энд байгаад байвал чи сайн дурын урансайханч болж л үлдэнэ гэв. Өөрийг өгүүлсэнгүй. Удалгүй болсон улсын их баяр наадамд хүү Б.Гантогтох нь үзүүрлэж, хүргэн А.Сүхбат нь түрүүлсэн юм. Ханхөхийн цэнхэр салхи ивээгээ биз ээ.

2013.04.02

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img