2024-10-16, Лхагва
6 C
Ulaanbaatar

Ядаргаа тайлах уламжлалт эмчилгээний зоог хэрхэн бэлтгэх вэ

Уламжлалт анагаах ухааны их эмч Б.Батчимэгийн “Идээ ундаагаар эмчлэхүй” өдөрлөгт оролцож, сонссон мэдсэнээ та бүхэнтэй хуваалцъя.

Тэрбээр ясны шимтэй сүүлний өөх, шар будаагаар хуурсан ядаргаа тайлах сүүтэй хийцтэй цай, шар тосонд хайрсан боорцог, гүзээнд ороосон бууз, хонины ходоодонд чанасан битүү хар шөл хэрхэн хийх аргыг танилцууллаа.

Хоол хийж эхлэхээсээ өмнө Б.Батчимэг эмч оршил болгон ийнхүү ярьсан юм.

-Монгол хүн чийрэг, ногоо жимс иддэггүй ч шим тэжээлийн дутагдалд ордоггүй байсан нь таван хошуу малын мах, сүү, шимт идээ ундаагаар бие махбодоо тэтгэж байсантай холбоотой. Шим тэжээлийн эх нь хонины таван цул, дотор гэдэс шүү.

Монгол зоог, идээгээ зөв боловсруулж, өдөр тутам ашиглаж сураасай, эрүүл чийрэг байгаасай хэмээн хий ядаргаа тайлах эмчилгээний уламжлалт хоолны сургалтуудыг хийхээр шийдсэн юм.

Уламжлалт анагаах ухаанд хоол чухал. Хоолоор дамжуулж хийгээс үүдэлтэй өвчнийг эмчлэх боломжтой. Орчин үед мэдрэл сульдлын хам шинжийн зовуурь, эмгэг түлхүү тохиолдох болсон.

Энэ бүхэн хоол, сэтгэл санаа маш чухал гэдгийг илтгэж байна. Өвчнийг хөнгөн үед нь хоолоор анагаах учиртай. Хоолоор анагаагдахгүй бол явдал мөрөөр нь, дараа нь эмээр, эмээр анагаагдахгүй бол заслаар анагаах гэсэн шат дараалалтай явдаг.

Урт насалж, эрүүл, аз жаргалтай байхын тулд зөв хоолны тухай, хэрхэн хийх аргаа мэддэг, ямар цаг улиралд хэрэглэх, хэр хэмжээтэй хооллохоо мэддэг байх нь чухал гэв.

Тэрбээр ийнхүү тайлбарлангаа хийж үзүүлсэн юм.

Ясны шимтэй, хийцтэй сүүтэй цай

Цайгаа хийцлэхдээ сүүлний өөх, шар будаагаа хуурч, бага зэрэг гурил хийсэн. Сүү, цайны идээ, хонины чөмөгт яс хийж цайгаа чаналаа.

Чөмөгт ясыг чанахын өмнө махыг нь шулж авдаг. Ясаа цайндаа 20-иод минут буцалгана. Ясыг буцалгах тусмаа сайн. Сийрэг болтол нь дахин ашиглаж болно гэв.

Битүү шөл 

Байгалийн цэвэр ургамал идсэн малын ходоодонд ургамлын шим илүү шингэдэг. Малын ходоод, сархинаг, хэрхнэг эрүүл мэндэд тустай. Ходоод хэрхнэг сархинагаар хуушуур хийж болно. Энэ удаа хонины ходоодонд хонины махтай битүү шөл хийх юм. Махаа жижиг хэрчиж, сонгино саримсаар амтлан, бага зэргийн ус, давс хийгээд, чанана. Ходоод, таван цул, дайвар бүтээгдэхүүнээ баталгаатай газраас авах хэрэгтэй. Зүрх идвэл зүрхний тамирыг сайжруулдаг, дэлүү цус төлжүүлнэ, хоол шингээхэд сайн нөлөөтэй. Бөөр селинээр баялаг, биеэс хорт бодис гадагшлуулдаг. Ер нь зүрх зүрхэндээ, бөөр бөөрөндөө сайн гэж үздэг.

Ходоодны амсрыг савх ашиглаж хатгаад, шөл асгарахаас сэргийлж, утсаар бооно. Ходоодонд хийж, битүү чанасан шөл 30 орчим минутад болно. Тогоондоо усаа хийгээд ходоодоо хийж чанана.

 

Гүзээнд ороосон бууз

Гүзээнд ороосон буузны түүхий эдийг ердийн бууз хийдэгтэй адилхан бэлтгэнэ. Жижиглэж хэрчсэн махаа сонгино, саримсаар амтална. Харин гурилын оронд буузны гурил шиг хэмжээтэй жижиглэн тасалсан гүзээн дээрээ махаа тавиад, амсрыг нь утсаар боож чанах юм. Гүзээ нь коллаген агуулдаг учраас арьс, үс, хумс, шүд бэхжихэд сайн нөлөөтэй.

Шар тосонд хайрсан боорцог

Шар тос тосны хаан. Шар тостой боовонд хөөлгөгчийн оронд сода хийж, өндөг, элсэн чихэртэй зуурсан юм. Бас шар тосонд хайрсан. Гурван жил хадгалсан шар тос арьс харшлын тууралтад тустай гэв.

Хайлмаг

Өрөм хийж, зөөлөн галаар хайлуулаад, шар тосыг нь ялгаж авна. Жаахан гурил хийхэд шар тос нь сайн ялгардаг. Цэвэр өрөм хайлж, жаахан гурил элсэн чихэр нэмнэ.

Шар тосонд хайрсан хуушуур

Сархинаг, хэрхнэг, ходоод гүзээтэй сонгино, саримсаар амталж давс хийсэн, шар тосонд хайрсан хуушуур.

Шар тостой хуушуураараа хийн цэгүүд дээрээ жигнэж болно. Хоёр гар, чих, эрүү шанаа, чих шуугиад байвал чихэн дээрээ тавьж, хуушуураар төөнүүрийг орлуулж болдог.

Зүрх судасны болон ясны өвчнүүд, мэдрэл сульдлын хам шинж, ядрах тамирдах үед тустай. Чих шуугих, толгой эргэх, яс янгинах, шингээлт муудах, цанхайж дүүрэх нойргүйдэх, эвшээж суниах нь их болсон үед хий дарах хоол хүнс түлхүү хэрэглэх учиртай. Хий дарах хоол дор хаяж долоо хоногтоо хоёр гурван удаа хийж идэх хэрэгтэй. Тэгэх юм бол хийгээс үүдэлтэй өвчнүүдээс урьдчилан сэргийлж чадна.

Чих шуугидаг бол чихэн дээрээ, ядрахаараа ярьж чадахгүй болдог бол эрүү шанаан дээрээ, халуун хуушуураар жигнэж бас болно.

Гэнэт босохоор нүд харанхуйлдаг бол өнгөлзүүрийн хонхор, хоёр хөхний хооронд халуун хуушуураар жигнээрэй.

Гүзээний ашиг тусын тухай  

Гүзээнд В-гийн төрлийн аминдэм, глюкозамин их агуулагддаг учир сайн угаагаад шөлтэй нь хамт хэрэглэх хэрэгтэй. Гүзээг чанахад агуулагдах коллагены агууламжийн тодорхой хувь нь шөлөндөө шингэдэг. Аль болох гүзээний салслаг бүрхэвчийг хуулж авалгүйгээр хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Ямааны гүзээ хамгийн их коллаген, глюкозамин, манган, кальци агуулдаг. Ямаа өвсний сортойг шилж иддэг.

Гүзээнд биеийн дархлааг сайжруулах амин хүчлүүд агуулагддаг ба биеэс хортой бодисыг гадагшлуулдаг. Гадаад орнуудад гүзээгээр шөл хийж, хатаасан бэлдмэл болгон гаргаж хүнсэндээ тогтмол хэрэглэн дархлаагаа дэмждэг.

Гүзээнд инсулин, коллаген ихээр агуулдаг болохоор ази эмэгтэйчүүд эрт дээр үеэс эрүүл мэнд, гоо сайхнаа хадгалахад тустай гэж үзсээр ирсэн гэнэ шүү.

Б.Батчимэг эмчийн  эхний сургалтын зочид багш, эмч хүүхнүүд байв. Бид эмчийн яриаг сонсонгоо  бэлэн болсон хоол, цай, боорцог хүртэв.  Энэ сургалтын бас нэг онцлог нь оролцогчид хоорондоо танилцаж, халуун яриа өрнүүлэн, бусдадаа мэдлэгээ хуваалцах боломж байв.  “Сумади” эмнэлгийн их эмч Р.Цолмон энэ удаа “сурагч” болсон ч шар тосны хэрэглээний талаар  ийнхүү зөвлөсөн.

“Тослог зүйлийг зөв тохируулж хэрэглэх учиртай. Хийн цагт, юм идээгүй үедээ хэрэглэх хэрэгтэй. Юм идсэний дараа цөс ялгарсан үед тослог зүйл хэрэглэвэл цөсний халуун улам ихэснэ гэж үздэг.

35-аас дээш насны хүмүүс өглөө босоод өлөн дээрээ маш бага хэмжээтэй буюу чигчий хурууны хумсны толион чинээ шар тос уувал судасны хатуурал, хийн өвчин, арьс хуурайших, үс хагтах, илүү яс ургах зэргээс сэргийлнэ” гэв.

 “Ширгээсэн ус хэрхэн бэлтгэх талаар” оролцогчийн асуултад Б.Батчимэг эмч ийнхүү хариулсан шүү. “Ус ширгээхдээ зөөлөн галаар тэн хагасыг нь ширгээж хэрэглэнэ. Нэг литр усыг 500 грамм болтол нь ширгээнэ гэсэн үг. Хөөсийг нь арилтал буцалгана” гэлээ. “Шинэ эмчээс ширгээсэн ус дээр” гэж нэг хэсэг ярьдаг байсан санагдана.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img