2024-12-05, Пүрэв
-22 C
Ulaanbaatar

Ж.Дугаржав: Байгаль, шинжлэх ухааны хамтрал газар эхийн ирээдүйг бүтээх хүч юм

Монгол Улсын химийн салбарын ноён оргил Жигжидсүрэнгийн Дугаржав гуайтай та бүхнийг уулзуулж байна. Тэрбээр Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Шинжлэх Ухааны гавяат зүтгэлтэн цол хүртсэн юм.
Буурал эрдэмтэнийг салбарынхан нь “Нүүрсний Дугаржав” хэмээн овоглодог билээ. Судалгааных нь гол хэсэг эх орны нүүрсний ангилал, сертификаци, химийн бүтэц, технологийн  асуудлууд.
Тэр дундаа Шивээ-Овоо, Өвдөг, Худаг, Хөшөөт, Төгрөг нуур, Таван толгой, Алагтогоо, Зээгт, Шарын гол, Адуунчулуун, Багануур зэрэг арав гаруй орд, уурхайн нүүрсний экологийн чанарыг шинжлэх ухааны үүднээс үнэлж, биотүлш, биохолбогчтой нүүрс, хагас коксон түлш гарган авах шийдлүүдийг боловсруулжээ.
Эдгээр судалгааны ажлын үр дүнгээр дотоод, гадаадад 170 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл, сурах бичиг хэвлүүлэн, 14 шинэ бүтээл, патентын эрх хамгаалж, 13 технологийн заавар, улсын стандарт батлуулан, нүүрс боловсруулах үйлдвэр хөгжүүлэхтэй холбоотой баримт бичиг, ТЭЗҮ боловсруулахад чухал хувь нэмэр оруулсан эрдэмтэн билээ.
-Таныг химийн салбарт өөрийн гэсэн судалгааны бүтээлүүдээ амжилттай нэвтрүүлж чадсан эрдэмтэн гэдгээр тань хүмүүс андахгүй. Та эхлээд энэ салбартай холбогдсон түүхээсээ сонирхуулахгүй юу?
Эрдэмтэн-Эрдэм шинжилгээний ажлын гараагаа 1975 онд онд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн микробиологийн тасгаас эхлүүлж байлаа. Дараа нь аспирантурт суралцаж төгсөөд Хими, химийн технологийн хүрээлэнгийн нүүрсний хими, технологийн лабораторт нүүрс, гумины бодисын хими технологийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажилтан лабораторийн эрхлэгчээр ажиллаж   ирлээ. Нэг их том эрдэмтэн болоогүй ч насан туршийн үйл маань энэ болжээ.
-Та ажлын гараагаа ямар судалгаагаар эхлүүлж байсан бэ?
-Микробиологийн тасагт яггүй өндөр тэмүүлэлтэй удирдагч, сайн мэргэжсэн эрдэмтэн нөхдийн хамт микробын нийлэгшлийн аргаар уураг, фермент антибиотик гарган авах лабораторийн төдийгүй, томруулсан туршилтууд хийж бүр үйлдвэр “байгуулчих” шахаж  явлаа. Энэ ажилд оролцож явж олсон микробиологийн онол, практикийн  мэдлэг, дадлага надад их хэрэг болсон.
-Тухайн үед өнөөдрийнх шиг техник технологи хөгжчихөөгүй байсан шүү дээ. Тэгэхээр судалгааны ажлууддаа хэдий хугацаа зарцуулдаг байсан бол. Ер нь ямар хүндрэл бэрхшээл тохиолддог байв?
-Интернет гэж байсангүй номын санд л их суудаг, гараар их тэмдэглэл хийдэг байсан даа.
-Өнгөрсөн хугацаанд та чамгүй олон төсөл удирдаж байжээ. Ялангуяа нүүрнээс гаргаж авсан бүтээгдхүүнүүд их сонирхолтой санагдлаа. Энэ сэдвийн талаар ярилцахын өмнө Монгол орны нүүрсний онцлог, шинж чанарын талаар асуумаар байна л даа?
-Монгол орон нүүрсээр чамгүй баян. Дэлхий орнуудад байдаг бүхий л ангилалын нүүрс манайд бий. Монголын нүүрс хүхэр, хүнд хортой элементийн агуулга харьцангуй бага.   Миний хувьд Тавантолгойн коксждог нүүрс,   хүрэн нүүрсний ордуудад элбэг тохиолддог лигнит, леонардитаас бүтээгдэхүүн гаргаж авах судалгаа боловсруулалтын ажлыг  түлхүү хийж ирлээ.  Тухайлбал, гумины бордоо, ялзмагт шаврын ба хуматон бэлдмэл байна.
Мөн цэвэрлэх байгууламжийн лаг, жорлонгийн үнэр арилгаж ариусгах гумины болон исэлдүүлэгч бэлдмэл зэрэг бүтээлүүд үйлдвэрлэлд нэвтэрч хөдөө аж ахуй, ногоон байгууламжийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, хэрэгт  ач тусаа өгч байна. Шинжлэх ухаан технологийн үндэсний болоод олон улсын төсөл наймыг удирдаж гүйцэтгэсэн.
120 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг дотоод гадаадын хэвлэлд нийтлүүлсэн. Практик үр дүнг технологийн заавар, стандарт, шинэ бүтээлийн патентийн хэлбэрээр гаргаж нэвтрүүлсэн юм. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эдүгээ гарааны “Хийрэв”, “Уужим булган” зэрэг компани эрхэлж байгаа.
-Улаанбаатарын утааны асуудал жилээс жилд хүндэрч байгаа. Утаагүй түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн боловч үр дүн муу байна. Бараг түүхий нүүрс нь хоруу чанар багатай гэх юм. Утаагүй түлшийг шинжлэх ухаанчаар яаж шийдэх вэ. Технологийн ямар шийдлүүд байдаг вэ. Таны хувьд 2008 оноос хойш энэ асуудлаар судалгаа явуулж байгаа шүү дээ?     
-“Энержи ресурс” компаний баяжуулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүнээр сайжруулсан шахмал түлш хийх томоохон үйлдвэр байгуулсан нь улс төрийн хувьд зоригтой, техник, технологийн хувьд ч муугүй шийдэл   болсон гэж үздэг. Хэрэглээнд гарч байгаа бэрхшээл зовлон нь түлш зуухны зохилдоо муутайд байх шиг. Түлш хүнд илчлэг ихтэй, гүйцэд шатаахад шаардагдах агаар, хүчилтөрөгчийн хэрэгцээ их. Монгол зууханд үлээлэг байхгүй, дутуу шаталтаас угаарын хий үүсдэг зовлон байна.
Цаашид, түлшин дэх үл шатах эрдсийг багасгах, дэгдэмхийн агуулгыг бага зэрэг нэмэгдүүлж шаталтыг хөнгөрүүлэхэд чиглэгдсэн технологийн дэвшил хэрэгтэй болов уу. Гэр байшингийн зуухны чанарыг сайжруулж жинхэнэ утаагүй зуухтай болох нь чухал. Энэ тухайд, манай зохион бүтээгчдийн хийсэн олон сонирхолтой  бүтээл бий, хэд хэдэн оронд патенлагдсан мундаг зуух ч бий шүү дээ.
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими, технологийн лабораторт гүйцэтгэсэн томоохон ажлын нэг нь “Утаагүй түлшний  шинжлэх ухаан, технологийн асуудлууд” сэдвээр 2008-2010 онд хийсэн  ажил юм.
Энэ ажлын үр дүн гэвэл, Монгол орны томоохон орд уурхайнуудын  нүүрсний экологи чанарыг элемент, бодисуудын агуулгаар үнэлсэнд байгаа. Мөн цэвэр түлшний технологийн есөн шийдэл боловсруулж дөрвөн патент авсан. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, хэрэглээний техник, технологийг төгөлдөржүүлэх хэрэгт энэхүү төслийн зэхэц үр дүнгүүдийг хөрвүүлэн ашиглах багагүй орон зай бий.
-Таны судалгааны ажлын үр дүнд нэвтрүүлсэн үнэр дарагч АСЕМ-ийн чуулганы үеэр Монгол Улсын нэр хүндийг авч гарч чадсан гэж олон хүн талархаж байсан. Тухайн үед Төв цэвэрлэх байгууламжийн үнэргүй болгосон технологийнхоо талаар ярьж өгч болох уу?
-АСЕМ Улаанбаатарт болох гээд Төв цэвэрлэх байгууламжийн үнэр  төр, засгийн удирдагчдаас эхлээд олон хүний сэтгэлийг зовоож байсан. Энэхүү үнэр дарагч бэлдмэлийг 2016 онд гаргаж авсан л даа. 2016, 2018  онуудад Төв цэвэрлэх байгууламж, 2019-2023 онд Эрдэнэтийн цэвэрлэх байгууламж дээр томоохон төслүүд хэрэгжүүлсэн юм. Бусад газруудад ч их бага хэмжээгээр хэрэглэж байгаагийн дээр түүнтэй төсөөтөй бэлдмэлийг  жорлонгийн үнэр арилгахад ашиглаж байна.
Бэлдмэл дэх урвалын идэвхтэй бодисуудтай  лаг болон жорлонгийн бохир дахь муухай үнэртэй, хортой  тиолууд, хүхэр устөрөгч, аммиак зэрэг бодисууд урвалд орж  хоргүйждэг. Улмаар үнэргүй нэгдлийн хэлбэрт хувирана. Хамгийн чухал нь гэдэсний бүлгийн савханцар, термофилууд мэтийн өвчин үүсгэгч хийгээд  ялзруулагч бактериудын өсөлтийг зогсоодог. Боловсорсон лаг азот, фосфор, калиар баялаг, ялзмагийн бодис ихтэй тул шимт хөрс органик бордоо болдог. Эрдэнэтийн цэвэрлэх байгууламжийн үнэргүйжиж боловсорсон лагийг, ногоон байгууламжийн үйлдвэрлэлд ашиглаж эхлээд байна. Тэндэхийн  лагийн боловсруулалтад бид Биологийн хүрээлэнд гарган авсан микробиологийн  бэлдмэлийг гумины бэлдмэлтэй хослуулж хэрэглэсэн.
Дэлхийн дундаж жишгээр, нэг тн т лаган бордооны үнэ 100 ам.долларын үнэтэй байдаг.  Европын Комиссын Milieu байгууллагын судалгааны дүнгээс үзвэл, нэг тн лаг боловсруулах зардал 30-90 ам.доллар болдог юм билээ. Энэ нь бидний хэрэгжүүлж байгаа ажлын өртөг үүнээс олон дахин бага.  Эндээс харвал, бидний хэрэгжүүлж байгаа лагийн боловсруулалт ихээхэн ашигтай үйлдвэрлэл болох юм.
-Ярилцлагын эхэнд та нүүрснээс гумины бордоо гаргаж авсан гэлээ. Үүнийг ямар зориулалтаар яаж ашиглах вэ?
-Гумины бордоо ургамлыг хуурайшил, хүйтрэл болон стрессийн бусад нөхцлүүд, өвчинд тэсвэртэй болгож боловсрох хугацааг 10-12 хоногоор наашлуулдаг. Өөрөөр хэлбэл, ургацыг 20-40 хувь нэмэгдүүлнэ.  Хүнсний ногоо, үр жимсний сахар, витамины  агуулга, буудайн цавуулгийг нэмэгдүүлдэг. Тухайлбал, буудайн цавуулаг гурван хувь, шиллэг чанар зургаан хувь хүртэл өсдөг. Бүхий л төрлийн мод, бут, зүлэг ногооны ургах эрчмийг нэмэгдүүлж, өвчлөх доройтхоос хамгаалж сайхан ургуулдаг юм. Хөрсний үржил шимийг гайхалтай сайн дээшлүүлдэг.
Талхлагдаж доройтсон билчээрт бидний явуулсан судалгааны  дүнгээр, бордсон талбайн, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн 2-4 дахин нэмэгдсэн байгаа юм. Дээрээс нь хөрс сайжирсан,  ургамлын бүрхэц бордоогүйнхээс 10-20 хувиар илүү гэсэн дүгнэлт гарсан. Ийнхүү гумины бордоо бол газар тариалан, ногоон байгууламжийн бүтээмжийг нэмэгдүүлэх төдийгүй цөлжилт хөрсний доройтлын эсрэг тэмцлийн хүчирхэг хэрэгсэл юм.
-Гумины бордоо нь эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй вэ?
-Мөнгөн дүнгээр тооцвол, гумины бордоо ашиглаад ил хөрсөнд байцааны нэг га-аас хамгийн багаар бодоход намрын бөөний үнээр 3-4 сая, улаан лоолиос 8-10 сая, хүлэмжийн нэг га талбайгаас таван сая орчим төгрөгийн ургац илүү авна. Нэг га-д хэрэглэх гумины бордооны үнэ 150 мянган төгрөгөөс хэтрэхгүй.    Өнгөрсөн жилүүдэд олон зуун тонн  гумины бордоо хэрэглэгчид нийлүүлсэн. Бидний нийлүүлсэн 50 тн бордоо дутмын хэрэглээнээс улаан буудай хоёр тэрбум орчим, байцаа 10 тэрбум, улаан лооль өргөcт хэмх 20 тэрбум төгрөгийн ургац илүү авна гэсэн тооцоо гардаг. “Байгаль, шинжлэх ухааны хамтрал бол газар эхийн ирээдүйг бүтээх хүч мөн” гэдэг энэ юм.
-Дээр дурдсан “Хуматон” бэлдмэл  мал, амьтанд зориулсан гэл үү. Яаж нөлөөлдөг юм бэ?
-“Хуматон” бэлдмэл  мал амьтны өсөлт хөгжилтийг тэтгэх, ядарч доройтсоныг тэнхрүүлэх, дархлал идэвхжүүлэх,  антиоксидант үйлчлэлтэй. Хуматон өгсөн малын амьдын жингийн өсөлт  30-40 хувь илүү байдаг нь олон жилийн турш судалсны үр дүнд батлагдсан.
-Манай улс малынхаа махыг экспортолъё гэхээр халдварт  өвчин гардаг гээд айлын талын стандартын шаардлагыг хангадаггүй. Тэгвэл энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэн мал элдэв халдварт өвчнийг хэрхэн тэсвэрлэдэг юм бол?
-Энэ бэлдмэл нь төл болон том малын энгийн, хорт биж, иж балнад гастроэнтерит, хордлого, уушгины үрэвсэл, цахлай, балцруу зэргийг  эдгээх, яр шархыг илааршуулахад тун тустай. Малд амаар өгсөн бэлдмэл дэх гумины бодисуудын үйлчлэл явагдах орон зай нь ходоод гэдэсний зам юм.
Нарийн тайлбарлавал малын ам руу тэжээл, устай гаднаас орсон хүнд элементүүд, нянгуудын хор, бодисын солилцооны хортой бүтээгдэхүүн ходоод гэдэсний ханаар цусанд шимэгддэг. Тэгвэл хуматон бэлдмэл нь үүнээс  урьтаж өөртөө нэгдүүлэн биеэс зайлуулж хүнд хордлогоос сэргийлдэг.  Вирусын халдвар эсэргүүцэх  чадамжийг  нэмэгдүүлнэ.  Адууны хүчийг нэмэгдүүлж уралдаанд хурдлах, холын зайг туулах чадавхийг өсгөдөг юм.
-Сүүлийн үед монголчууд хурдан морь ихээр сонирхох болсон. Үүнийг дагаад хурдан морины тамир тэнхээг тэтгэсэн элдэв  бэлдмэлийн бизнес цэцэглэсэн. Импортоор орж ирдэг тэдгээр бүтээгдхүүнийг хэрэглэснээр сөрөг үр дагаврууд ч их гарах боллоо. Харин хуматон бэлдмэлийг хэрэглэдэг уяачдын хувьд ямар амжилт үзүүлдэг вэ?
-Хуматон бэлдмэл хэрэглэж ирсэн уяачдын амжилт өндөр байгаа. Ганцхан жишээ хэлэхэд, Архангайн уяач А.Баасансүрэнгийн 2022 онд Баянхонгор, Өвөрхангай аймгуудад болсон наадмуудад сойсон хөлгүүд нь аман хүзүү, айргийн тавд хурдалсан байдаг. Мөн сумдын болон овооны наадамд хэд хэдэн удаа түрүүлж, айргийн тавд жагссаар ирсэн байх жишээтэй.
-Та одоо ямар инновацийн бүтээлүүд дээр ажиллаж байна вэ?
-Ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хоёр ажил бий. Нэг нь цэвэрлэх байгууламжийн лагийн  үнэр арилгаж шимт хөрс, бордоо гарган авсан  туршлагадаа тулгуурлан хөрсний бохирдлыг арилгах асуудлыг шийдвэрлэхээр зэхэж байна. Нөгөөх нь цөлжсөн болон эвдэрч доройтсон хөрсийг сэргээн засах арга хэрэгслийг бий болгож нэвтрүүлэхээр  ажиллаж байна даа.
-Манай улс импортлогч орон. Эрдэмтдийнхээ бүтээлийг харахаар үйлдвэрлэгч орон болох бүрэн боломжтой шинжлэх ухааны олон сайхан нээлтүүдийг амьдралд нэвтрүүлсэн байх юм. Валют олж ирэх Монгол эрдэмтдийн маань инновацийн бүтээлүүдэд төрийн зүгээс бодлогын ямар дэмжлэг үгүйлэгдэж байна вэ?
-Гадагш экспортлож валют олох, импортыг орлох олон бүтээгдэхүүнийг манай эрдэмтэд, инженерүүд бүтээсэн байдаг нь үнэн. Тэдгээрийг  худалдан авалтаар дэмжих, ижил бүтээгдэхүүний импортыг хязгаарлах, хориглох  нь төрийн  бодлогын хамгийн чухал дэмжлэг болно.
-Эрдэмтэн хүний хамгийн том бахархал бол шавь нар нь байдаг шүү дээ. Буурал эрдэмтний хувьд та шаггүй олон шавьтай байх…
-МУИС, Улаанбаатар их сургуулийн оюутнуудад нүүрсний хими, хатуу шингэн, хийн түлшний технологийн хичээлүүдийг олон жил заасаны дээр 20 гаруй оюутны диплом, 10 орчим магистрант, гурван докторантын ажлыг удирдаж хамгаалуулсан юм байна. Доктор Н.Даваажав, Н.Баттулга нар МУИС, ШУТИС-д олон жил багшилж байгаа. Тэд шавь сургалт явуулж эрдэм шинжилгээний олон бүтээл туурвиж шинжлэх ухааны эргэлтэд оруулсан. Мөн доктор Б.Авид Монголын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж шинжлэх ухааны томоохон зүтгэлтний зэрэгт хүрчээ.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img