Хэдэн жилийн өмнө Австралийн “Busted Coverage” сэтгүүл Германы залуухан хөнгөн атлетикч Алиса Шмидтийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй тамирчин бүсгүй гэж нэрлэсний дараа шууд алдаршсан билээ.
Гэхдээ тэрээр спортын амжилтаараа бус, гадна төрхөөрөө илүүтэй нэрд гараад байгаа юм. 24 настай Алиса Шмидт одоогоор олон улсын тэмцээнээс хоёр л медаль хүртсэн юм. Тэдгээр нь Европын хөнгөн атлетикийн 20 хүртэлх насны АШТ-ий 4Ч400 метрийн буухиа уралдааны мөнгө, Европын хөнгөн атлетикийн 23 хүртэлх насны АШТ-ий 4Ч400 метрийн буухиа уралдааны хүрэл медаль.
Тэрээр мөн өнгөрсөн оны Токиогийн олимпод Германы 4х400 метрийн буухиа гүйлтийн Германы шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан ч, харамсалтай нь уралдаанд оролцолгүй сэлгээнд үлджээ.
Тэгвэл он гарсаар царайлаг тамирчин бүсгүй бэлтгэлээ эрчимжүүлж улсынхаа томоохон уралдаан тэмцээнд тогтмол медалийн тавцанд гарах боллоо.
Энэ оны хоёрдугаар сард Дортмунд хотод болсон Германы заалны аварга шалгаруулах тэмцээнд Алиса Шмидт 4х200 метрийн буухиа уралдаанд хоёрдугаар байр эзэлж мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм. Улмаар дөрөвдүгээр сард Германы шилдэг хөнгөн атлетикчдын тэмцээнд 4х400 метрийн эмэгтэйчүүдийн болон холимог буухианы төрөлд тус бүр мөнгөн медаль хүртэж бэлтгэл сайтайгаа харуулжээ.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Шлезвиг-Холштейн хотноо өндөрлөсөн Германы хөнгөн атлетикийн зуны АШТ-д Алиса Шмидт маш амжилттай оролцож 400 метрийн зайд хүрэл медаль хүртсэнээс гадна энэ зай дахь хувийн дээд амжилтаа 52,37 секунд болгон ахиулсан аж.
Тамирчин бүсгүй төдийгүй дэлхийгээр нэг тархсан түүний үй олон фэнүүд (сошиал сүлжээнүүдэд Алиса Шмидтийг 3.8 сая хүн дагадаг) энэ амжилтад туйлын ихээр баярлажээ.
Учир нь үндэснийхээ АШТ-ий медаль хүртсэнээр тэрээр карьертаа хоёдахь удаагаа хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцох нэлээд өндөр магадлалтай болж байгаа юм. Алиса Шмидт анх 2022 оны хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцож дэлхийн шилдгүүдтэй уралдан бас ч гэж хал сууж халуун чулуу долоочихсон нэгэн.
Түүний одоогийн бэлтгэлийн байдал, үзүүлж буй амжилтууд наймдугаар сарын 19-27-нд Будапештэд болох ДАШТ-д Германы шигшээ багийн бүрэлдэхүүнд шалгаран оролцох боломжтойг харуулж байгаа юм.
Тэгж чадвал гоо үзэмжээрээ дэлхийг байлдан дагуулсан залуухан бүсгүй ирэх жил болох Парисын олимпод оролцох мөрөөдөлдөө хүрэхэд нэг шат ахих билээ.
Алиса Шмидт саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа, “Миний одоогийн гол зорилго бол Парисын олимпийн наадамд оролцох явдал. Үүний тулд бүх хүчээ дайчилж байна. Үүгээрээ би олон хүнд мөрөөдөлдөө хүрэх урам зориг өгдгөө мэдээд сэтгэл их догдолсон шүү. Мөн намайг Олимпод оролцохын тулд ямар их хичээл зүтгэл гаргаж буйг хараад ойр дотны хүмүүс минь ташуур өгөн үргэлж дэмждэгт талархаж байна” гэжээ.
Мэдээж хэрэг Алиса Шмидт уралдаан тэмцээнд оролцоод төдийлөн их мөнгө олдоггүй. Түүний орлогын гол эх үүсвэр бол гоо үзэмж нь. Энэ жилд гэхэд тэрээр Миланы моодны долоо хоногт загвар өмсөгчөөр оролцож, янз бүрийн сурталчилгааны кампанит ажилд гэрэл зургаа авахуулан дэлхийд алдарт хэд хэдэн брэндийн нүүр царай болох гэрээ байгуулжээ. Гэхдээ тэрээр ямар ч мөнгө амалсан “Playboy” зэрэг сэтгүүлд нүцгэн зургаа авахуулахаас эрс татгалздаг юм.
Хөнгөн атлетикч Алиса Шмидтийн танилцуулга
- Бүтэн нэр: Алиса Меган Шмидт
- Төрсөн газар: Вормс хот, Герман
- Төрсөн огноо: 1998 оны арваннэгдүгээр сарын 8 (одоо 24 настай)
- Иргэншил: Герман
- Боловсрол: Фрезенсиусын хавсарга шинжлэх ухааны их сургууль төгссөн
- Ажил мэргэжил: Хөнгөн атлетикийн тамирчин, модель
- Өндөр: 1.75 м
- Жин: 55 кг
Олон улсын тэмцээнүүдэд үзүүлсэн амжилт:
- Европын хөнгөн атлетикийн 20 хүртэлх насны АШТ-ий 4 Ч 400 метрийн буухиа гүйлтийн мөнгөн медаль (2017)
- Европын хөнгөн атлетикийн 23 хүртэлх насны АШТ-ий 4 Ч 400 метрийн буухиа гүйлтийн хүрэл медаль (2019)