2024-10-17, Пүрэв
2 C
Ulaanbaatar

Нэгэн эрвээхийн мөрөөр…

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

“Эрвээхэй минь, би есөн хүүхдийн ээж. Алс хол Монгол нутгаас энэ Хан Тэнгэр уулыг зорьж ирсэн. Намайг өршөөж хайрлаач. Би өөрийг чинь миний нутгаас амийг минь авруулахаар илгээсэн гэж бодож байна…”

Уулчин Т.Ичинноровын өдрийн тэмдэглэлээс.
1991 оны долдугаар сар. Хан Тэнгэр уул.
ДТД 4200 метрийн өндөрт.

-Баяраа, нааш ир. Гоё юм үзүүлье.
-Юу юм?
-Хүрээд ир ээ.
Эрдэнэбаяр намайг ийн дуудав. Бид хоёр Эльбрус уулд далайн түвшнээс дээш 5100 метрийн өндөрт явж байсан юм. Үд дундын нарны түм буман цацраг мөнх цаснаас ойхдоо хацар, нүүрийг хайргүй шарна. Аргагүй, долдугаар сар л даа.

Намайг хөлөө зөөж тавин амьсгаадасхийн очиход тэрбээр “Чишш… эрвээхэй…” гээд гараараа заалаа. Үнэхээр ч цав цагаан цасан дээр жижигхэн хөөрхөн шар цоохор эрвээхэй нисэж буун харагдав. Би уулга ч алдаж амжилгүй хөшиж орхилоо. “Ихо эгчийн эрвээхэй…”. Ийм бодол тархинд зурсхийхэд Эрдэнэбаяр луу харав. Тэр надтай ижил зүйл бодож байгаа нь илт.

Ийм өндөрт, их цасан дунд тэр яаж амьдардаг байна аа? Идэх хоол хүнс нь хаана байна, орох оромж нь аль юм? Бас амьтан ах дүүс нь хаана байна? Ойр орчныг харцаараа нэвт шувт нэгживч цэцэг бүү хэл, цасан дороос сөрвийх ширхэг өвс ч нүдэнд торсонгүй. Ерөөс эргэн тойронд зузаан цасанд хучигдсан шовх өндөр уулс, цэв цэнхэр тэнгэр л харагдана.

Уг нь би энэ шавжийг цэцгийн балаар хооллодог, зуны улиралд л цэцэгс дамжин нисэж явдаг байгалийн нэгэн чимэг төдийхнөөр ойлгодог байсан сан. Тэгтэл… Одоо тэр миний баатар болж хувирав!

Магадгүй энэ бичвэрийг уншиж суугаа та “Юун Ихо эгчийн эрвээхэй билээ?” гэж гайхаж байгаа байх. Хэрэв тийм бол миний 2016 онд бичсэн “Хан Тэнгэрийн сахиус” нийтлэлийг минь уншин, тэрхүү эрвээхэйтэй танилцаарай.

…Хөр цасан дунд цэцгийн дэлбээ хийсэх мэт… тийм эмзэгхэн гоо үзэсгэлэнг бид хоёр олж хараад, ямартаа ч олон хоног юу ч идээгүйгээс ОУХМ уулчин Т.Ичинноров эгчийн нүдэнд хий юм харагдсан биш гэдэгт итгэв. Ингээд миний толгой дотор эрвээхэйнээс өөр юм эргэлдэхээ болилоо…

Хэдэн сарын өмнө Ихо эгчээс ярилцлага авч байхдаа

Ж.Б: -Тэр ямар учиртай эрвээхий байсан юм бол?!

Т.И: -Намайг үхлээс аврах гэж л нутаг орноос минь очсон юм болов уу гэж боддог. Хэрэв тэр эрвээхэй байгаагүй бол би буух гэж яваад ангалд унаж үхэх байсан. Би бүр бууя гэж шийдсэн шүү дээ. Тэгээд тэр эрвээхэй надтай хоёр хоног хамт байсан. Оросууд намайг ирж авахад майхан маань газартайгаа наалдаад хөлдчихсөн байсан болохоор тэнд нь орхиод явсан юм. Тэгэхэд эрвээхэй байж л байсан. Дараа нь эргэж авирахдаа майхнаа очиж авахад эрвээхэй байгаагүй. Би одоо эрвээхэйнд их хайртай…

Ж.Б: -Ёстой үлгэр шиг юм аа…
Т.И: -Үлгэр шиг юм ч их бий дээ, хүү минь.

Одоо илүү бодитоор харах гээд үзье. Хамгийн өндөрт гэвэл ДТД 6000 метрт нэгэн зүйлийн эрвээхэй бүртгэгдсэн тухай мэдээлэл олж харав. Гэхдээ энэ маш ховор тохиол байж таарна. Өөр нэг таамаг гэвэл, тэр эрвээхэй тэртээ дороос, уулсын хормойгоос салхинд хийсэж ирсэн байж бас болох юм.

Гэвч энэ бүхний эцэст би нэг л зүйлд итгэхийг хүссэн юм. “Тэр эрвээхэй миний эрлийн үзүүр дэх эрдэнэ байж!”. Би авиралт хийх гэж энд ирсэн гэхээсээ илүү, нэгэн эрвээхэйн мөрөөр мөшгиж ирсэн мэт бодогдоно.

Өнгөрсөн жил буюу 2015 онд Эльбрус уулд авираад оргилд гарч чадалгүй буцахад бөөн бөөн гуниг, бөөн бөөн ухаарал цээжинд минь багтаж ядан чихцэлдэж байсан бол энэ удаагийн авиралтын олз эл жижигхэн эрвээхэй байлаа! “Хан Тэнгэр уулд, ДТД 4200 метрт монгол эмэгтэйн амийг аварсан тэр л эрвээхэй одоо Эльбрус уулын 5100 метрийн өндөрт нисэж явна. Тэгвэл ДТД 6000 метрт хүрвэл түүнтэй бас тааралдах болов уу?!” гэх асуулт үе үехэн төрнө.
Ай, улам бүр өөдөө тэмүүлэх урам зоригийг бадраагч бяцхан минь дээ…

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img