2024-10-07, Даваа
7 C
Ulaanbaatar

Б.Эрдэнэдалай: Даргадаа санал өгүүлнэ гээд хотод сурдаг хүүхдээ нутагтаа авчруулсан жишээ бий

Сонгуулийн санал худалдан авалтын асуудлаар Нийгэм, Улс төрийн боловсрол ТББ-ын захирал, МУИС-ын Улс Төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.

-Энэ зун олон аймаг, сумдын түүхт ой тохиож байна. Энэ үеэр улс төрчид тойргийнхоо ойн арга хэмжээг ивээн тэтгэх, түрүү морь бөхийг байлах, унаач хүүхдүүдэд бэлэг өгөх зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ажиглагдаж байна л даа. Эдгээр нь хэр зохистой үйлдэл юм бол?

-Улс төрчид болон улс төрийн намуудын гол зорилго бол засгийн эрхийн төлөө өрсөлдөх юм. Үүнийг улс орныг хөгжүүлэх “бодлого”-ыг тусгасан мөрийн хөтөлбөрийг сонгогчдод санал болгодог өрсөлдөөн гэж ойлгож болно. Манай улсын хувьд улс төрчид иргэдэд маш их хэмжээний бэлэг, мөнгө тараах, амлалт өгдөг байдал түгээмэл болсон. Эдгээр амлалт нь яг улс орны хөгжилд чиглэсэн бодлогын амлалт биш, харин эсрэгээрээ сонгуульд ялалт байгуулах гэсэн явцуу сонирхлыг л агуулдаг. Энэ байдал жил ирэх тусам нэмэгдэж, улам боловсронгуй болсоор байна.

Өөрөөр хэлбэл, дээрх таны хэлсэн жишээ бол сонгогчдыг саналыг татах зорилгоор хийж байгаа үйлдэл гэж харж болно. Уг нь шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа албан тушаалтанд ийм ажил хийх “үүрэг” байхгүй шүү дээ.

-Улс төрийн шинжлэх ухаанд хэрэглэгдэж буй сонгогчдын санал худалдан авалтын тодорхойлолтыг хэлж өгөөч?

-Сүүлийн 20 гаруй жилд эрдэм шинжилгээний болон хэвлэл мэдээллийн салбарт “сонгуулийн санал худалдаж авах” гэсэн нэр томьёог судалж, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, арилгах вэ гэсэн агуулгатай олон тооны бүтээлүүд гарсан.

Үүнтэй холбоотойгоор санал худалдан авалтын тухай олон тодорхойлолтууд байдаг. Гол нь “улс төрийн албан тушаалыг материаллаг болон материаллаг бус зүйлээр солилцох”, “улс төрийн нам, нэр дэвшигч, төлөөлөгч, дэмжигчээс сонгогчдод саналаа өгөхөд нөлөөлөх, эсхүл боломжоо сайжруулахын тулд үүнийг хийхээс татгалзах, материаллаг болон материаллаг бус зүйлээр барьцаалах, урамшуулах аливаа хэлбэр” гэх зэрэг бий.

Эндээс хамгийн товчоор, “сонгуульд ялалт байгуулахын тулд хэн нэгэнд санал өгөх, эсвэл тодорхой байдлаар санал өгөхөөс татгалзсан тохиолдолд шууд болон амласан шагналын аливаа үр дүнг санал худалдан авах” гэж болох юм.

-Манай улсад сонгуулийн санал худалдан авалтыг хуулиар хязгаарласан зүйл бий юу?

-Сонгуулийн санал худалдан авалт гэхээр яг сонгуулийн өдөр л болдог, мөн зөвхөн мөнгө өгөх, авах тухай ойлголт биш юм. Маш их өргөн агуулгаар харах шаардлагатай. Манай Сонгуулийн тухай хуулиар ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон.

Үүнд, мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх, сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах зэргийг тусгаж өгсөн байдаг.

Сонгуулийн жил гэдэг нь сонгууль болох жил эхэлсэн жилийг хэлж байгаа юм. Тодруулбал, 2024 он бол Монгол Улсын хувьд сонгуулийн жил. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулиар 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлээд дээр дурдсан сонгогчдын саналыг татах зорилготой үйлдлүүдийг хийхгүй байх нь.

-Тэгэхээр сонгуулийн жил л биш бол бусад үед нь улс төрчид сонгогчдын саналыг өөртөө татах зорилгоор юу ч хийж болох нээ?

-Гол аюул нь үүнд байгаа юм. Сонгуулийн жил буюу 6 сард л энэ бүхэн хориотой, үлдсэн 3.5 жил нь чөлөөтэй. Сонгуулийн бусад жилүүдэд сонгогчдын саналыг татах зорилгоор ямар ч үйлдэл, үйл ажиллагаа явуулж болоод байгаа юм. Сонгуулийн хуульд тусгасан улс төрчдийн хийж байгаа дээрх үйлдэл, үйл ажиллагаа нь санал худалдан авах зорилготой гэдгийг хүлээн зөвшөөрсөн, түүнийг хор хохиролтой гэдгийг мэдээд байгаа юм манай улс. Гэхдээ энэ нь сонгуулийн жилд л хамаатай. Бусад үед чөлөөтэй. Энэ хуулийн цоорхойг ашиглан манай улс төрчид сонгуулийн жил эхлэхээс өмнө сонгогчдын саналыг татах зорилгоор дээрх бүх зүйлсийг хийсээр байгаа.

Санал худалдан авахаас гадна сонгогчдыг төөрөгдүүлэх байдлаар манай парламентын гишүүд болон засгийн газрын гишүүд өөртөө “оноо” авдаг зүйл бол тухайн тойрогтоо улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажлыг өөрөө хийсэн мэтээр, өөрөө өгч байгаа мэтээр пи ар хийдэг.

Төсвийн хөрөнгөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр барьсан сургууль, цэцэрлэг, тоног төхөөрөмж, машин гээд бүх зүйл дээр очиж нээлт хийж, гардуулж өгдөг. Мэдээж өгч болно, нээж болно. Гэхдээ хандлага нь өөрөө хийсэн мэт, өөрийн хөрөнгөөр хийсэн мэт мэдээллийг сонгогчдод өгдөг, олон нийтийн сүлжээгээр цацдаг. Энэ “жүжиг” өмнө нь парламентад сонгогдсон улс төрчид болон эрх барьж байгаа нам, хүчинд маш том давуу байдлыг үүсгэдэг.

-Санал худалдан авалтын сөрөг нөлөө нь юу вэ? Цаашид энэ байдал үргэлжлээд байвал юу болох вэ?

-Сөрөг нөлөөг нь бид байнга амсаж байна шүү дээ. Маш энгийн жишээ гэвэл, өвөлдөө утааны хордлоготой, зундаа үер ус, хөрсний бохирдолтой, хот төлөвлөлтийн асуудлууд, эрүүл мэнд, боловсролын хүртээмж гээд бидний амьдралын наад захын суурь асуудлууд шийдэгдээгүй иргэд хохирсоор л байна шүү дээ. Энэ бүхэн бидний буруу сонголтын л үр дүн.

Бидэнд өөрсдийнхөө төлөөлөгчийг парламентад сонгох замаар төрийн эрхийг барих том эрх бий. Энэ бол ардчиллын суурь зарчим. Хэдийгээр бид одоохондоо улс төрчдийн тарааж буй мөнгө, бэлгийг аваад саналаа өөрийн өгөх хүндээ өгнө гэж бодох боловч яваандаа ийм байдлаар улс орны хөгжлийн бодлогыг санал болгож сонгуульд өрсөлддөг бус мөнгө, бэлэг тараадаг “бохир”, “увайгүй” улс төрчдийг сонгоод байвал дарамт, шахалтад орж саналаа өгдөг ядуу буурай, ардчиллаас ухарсан улсуудтай адилхан түвшинд очих амархан.

“Та нар намайг сонгоогүй учраас танай аймаг, дүүрэг, хороонд, суманд улсын төсвөөр хийх ажлыг хийхгүй”, “Танай амьдарч байгаа орчинд сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихгүй”, “Чиний авдаг халамж, тэтгэврийг багасгана, өгөхгүй” гэх мэтчилэн асуудлууд бий болдог байх нь. Тэгэхдээ мэдээж иргэдийн улс төрийн боловсрол бага, эдийн засаг, амьжиргааны түвшин тааруу байгаа нь сонгуулийн санал худалдан авалтыг өөгшүүлэх гол хүчин зүйл болдог. Энэ байдлаар цаашид яваад байвал ардчиллын үнэт зүйл, ардчиллын зарчим алдагдаж, ардчиллаас ухрах зэрэг сөрөг үр дагаврууд гарна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын дархаа нь өөрөө ардчилал шүү дээ.

Дээрхээс гадна өндөр түвшний авлигын асуудал энд яригдана. Улс төрийн санхүүжилт буюу улс төрчид, намууд тэгвэл санал худалдан авахад зориулж зарцуулж байгаа тэр их мөнгийг хэрхэн, хаанаас бүрдүүлдэг вэ, хэдий хэмжээний мөнгө зарцуулдаг вэ?

Энгийнээр бодоход л 3.5 жил “тойргоо услан” мөнгө цацсан улс төрч парламентад сонгогдлоо гэхэд олж авсан эрх мэдлээ “шархаа нөхөх”, “ашиг хийх”, “бизнесээ томруулах” хэрэгсэл болгож л ашиглана. Энэ зүй тогтлыг одоо манайхан хангалттай мэддэг, ярьдаг болсон.

Өөр нэг хэлмээр байгаа сөрөг үр дагавар нь сонгуульд нэр дэвшигчдэд өрсөлдөөний тэгш бус гарааг бий болгодог. Тухайн тойрогтоо санал худалдан авах зорилгоор зөндөө ажилласан, хөрөнгө, мөнгөтэй хүнтэй өрсөлдөж ялах нь бусад шинэ, залуу, хөрөнгө муутай, “бодлого” дэвшүүлж буй нэр дэвшигчдийн хувьд маш хэцүү. Энэ нь бидний хүсээд байгаа боловсролтой, шударга, улс орны төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүний сонгох боломжийг багасгадаг, хаадаг.

Дээрх олон шалтгааны улмаас бидний ярьдаг УИХ мэргэжлийн биш байна, гишүүд чуулганы хуралдаанд суухгүй байна, тэд элдэв авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байна зэрэг асуудлууд гардаг. Парламентын гишүүнээр сонгогдохдоо “би юу хийх ёстой хүн бэ?” гэдэг үүргээ ухамсарласан байна уу эсвэл “би УИХ-ын гишүүн болчихвол надад давуу байдал үүснэ” гэдэг хувийн ашиг сонирхол байна уу гэдгээр улс төрчийн үйл байдал харагдаад байна.

-Улстөрчид өөрсдөө бол сонгуулийн тогтолцооноос болоод “тойргоо услах”-аас өөр аргагүй байдалд ордог тухай их тайлбарладаг л даа. Тэгэхээр сая Үндсэн хуульд өөрчлөлт орлоо. УИХ-ын гишүүдийн тоо өссөнөөс гадна, сонгуулийн холимог тогтолцоог хуульчилсан. Энэ хуулийн өөрчлөлт бидний ярьж байгаа сэдэвт нөлөө байх болов уу та юу гэж харж байна?

-Манай улс сонгуулийн мажоритар тогтолцоогоор олон сонгууль явуулсан. Мажоритар тогтолцоо нь тухайн улс төрийн нам гэхээс илүү хувь улс төрчийг сонгодог систем юм. Энэ утгаараа тухайн тойрогт хэн гэдэг УИХ-ын гишүүн сонгогдсон байна, тойрогтоо ямар бүтээн байгуулалт хийв, хэдэн айлд гэр олгов гэдэг л зүйл яригдаад, анхаараад байдаг.

Мөн сонгуулийн нэг тойрогт нэг намаас нэр дэвшигчид хүртэл хоорондоо өрсөлддөг сонгуулийн систем шүү дээ. Дээрх шалтгаануудын улмаас нэр дэвшигчид “би яаж сонгогдох вэ?” гэдэг хувийн тоглолт л хийх боломжтой болгосон. Эндээс сонгуулийн маш их бохир технологийг бий болгосон.

Сая сонгуулийн тогтолцоог өөрчилж 2024 оноос хэрэгжих нь. Мэдээж энэ бол дэвшилттэй зүйл. Гэхдээ пропорциональ тогтолцооны зарчмаар явагдах намын нэрсийн жагсаалтад ямар хүмүүс байх вэ? гэдэг чухал асуудал хөндөгдөнө. Энд нэг чухал асуудал яригдах ёстой.

Тэр нь манай “санал авах хуудас”-т намуудыг эрэмбэлэхдээ тухайн нам анх үүсгэн байгуулагдсан огноог үндэслэдэг. Үүнээс үүсэх сул тал нь манайх шиг иргэдийн улс төрийн боловсрол тааруу, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг уншдаггүй, төдийлөн ач холбогдол өгдөггүй нөхцөлд сонгогч өөрийнхөө мэддэг, таньдаг, сонсож байсан намуудаа автоматаар дугуйлах хандлагатай байдаг.

Үүнийг зарим улсуудад шийдэхдээ санал авах хуудас дээрх намын эрэмбийг шодож, энд тэнд нь байрлуулж хэвлэдэг. Ингэснээр сонгогч хэнд санал өгөх вэ гэдгээ шийдэхдээ илүү рациональ байдлаар шийднэ, ядаж л сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хариуцлагатайгаар уншиж, дүгнэсний эцэст аль намын “бодлого”-ыг дэмжих вэ гэдгээ бодож байж саналаа өгөх намын нэрийг дугуйлах нь байна. Санал авах хуудас дээрх намын жагсаалтыг гаргахдаа үүнийг бас анхаарч үзэх л хэрэгтэй.

-Санал худалдан авалтын олон төрөл байгааг дээр ярьсан. Үүнээс судлаач хүний хувьд хамгийн эмзэглэж байгаа нэг жишээ хэлээч гэвэл та юуг хэлэх вэ?

-Маш олон хэлбэр байна. Олон оюутан, залуучуудад хичээл ордог багш хүний хувьд харж эмзэглэж, илүү мэдэрч байгаа зүйл бол санал худалдан авалтад монголын ирээдүй болсон шинэ, залуу сонгогчдыг татан оролцуулж байгаа явдал.

-Та үүн дээр тодорхой кейс хэлж болох уу?

-2020 оны Орон нутгийн сонгуулийн үеэр “Нийгэм, Улс Төрийн Боловсрол” НҮТББ-ийнхан санал худалдан авалтын хэлбэрүүдийг судлахаар мониторинг хийсэн юм. УИХ-ын сонгууль 6 сард буюу харьцангуй амралтын байдалтай үед зохион байгуулагддаг. Харин Орон нутгийн сонгууль 10-р сард хичээл, сургалтын үе, орон нутгаасаа хот руу явж ажил хийдэг гэх мэтээр ид ачаалалтай байдаг үед болдог.

2020 оны Орон нутгийн сонгуульд оюутнуудыг оролцуулахын тулд ирж, очих замын зардлыг өгөх, унаа тэргээр хангах байдлаар орон нутаг руу нь нэр дэвшигчид зөөсөн. Ингэхдээ оюутан, залуучуудыг “яг энэ нэр дэвшигчид саналаа өгнө шүү” гэдэг чиглэлийг өгч санал өгөх байр руу оруулж саналыг нь өгүүлсэн байгаа юм. Бүүр автобусаар бөөнд нь орон нутагт нь авч очоод, санал өгөх байрны гадаа буулгаж саналыг нь өгсний дараа гэртээ очоорой гэсэн тохиолдол байсан.

Бас нэг хэцүү жишээ байна. Орон нутгийн сонгуульд ажлын газрын дарга нь нэр дэвшихдээ ажилчдынхаа хотод сурдаг оюутан хүүхдийг авчирч “надад саналыг нь заавал өгүүл” гэж хэлсэн учраас хүүхэд нь шалгалтаасаа чөлөө аваад явж байсан тохиолдол байгаа. Энэ жишээ бол миний дээр дурдаад байсан эхлээд бид саналаа худалддаг ч, эцэст нь саналаа тэдэнд өгөхөөс гарцгүй болж дарамтад ордог гэсэнтэй яг адил буюу бид аль хэдийн ийм аюултай нөхцөл рүү орсон байгааг харуулж байна.

Ингэж улс орны ирээдүй болсон залуу үеийг ардчилал, сонгуулийн талаарх зөв цэгцтэй, ёс зүйтэй сайн зүйлд уриалахын оронд тэднийг улс төрийн бохир технологид ашиглаж, “өө сонгууль угаасаа ийм бохир” гэдэг анхны ойлголтыг өгч сөрөг сэтгэгдэл, зан үйлийг бий болгоод байна. Энэ бол маш хор хохиролтой, муу үлгэр дуурайлал юм. Ялангуяа манай сонгогчдын насны суваргад залуучуудын эзлэх хувь маш өндөр тохиолдолд улс төрчид өөрсдөө л сонгогдож байвал бусад зүйл хамаагүй болсныг илтгэж байна. За тэгээд үүгээр зогсохгүй залуучуудыг сонгуулийн кампанит ажилд татан оролцуулахдаа хуулийн гадуур үйл ажиллагаандаа татан оролцуулах байдал бас элбэг байна. Сошиал орчинд хуурамч олон хаяг нээлгэх, нэр дэвшигчдийн талаарх пост, мэдээнд эерэг, өрсөлдөгчийнхөө тухай сөрөг сэтгэгдэл бичүүлэх гэх мэт зүйлд оролцуулаад байгаа нь маш буруу жишиг юм аа.

-Хүмүүс “Би өнөөдөр авлаа гээд дараа нь өөрийнхөөрөө саналаа өөр хүнд өгчихнө шүү дээ” гэж нийтлэг ярьдаг. Энэ зөв хандлага уу?

-Маш буруу. Улс төрчдийн буруу үйлдлийг л өөгшүүлж байна. Энэ нь эргээд нөгөө улс төр дэх их хэмжээний мөнгөний асуудал, улс төрийн санхүүжилт, авлигыг өөгшүүлж байна гэсэн үг. Монголчууд ач санах сэтгэл зүй өндөртэй ард түмэн. Юм авсан бол хариу барих гэдэг. Сэтгэл зүйчид ч үүнийг ярьдаг. Хүний өгсөн юмыг авсан хүний ард ач санах, дотно санагдах гэдэг ухамсар үлддэг тухай. Нөгөө талаасаа санал худалдан авалтад шууд өртөж байгаа бүлэг бий. Манайх сонгуулийн тогтолцооны хувьд нэг тойрогт олон нэр дэвшигч өрсөлддөг болсон, сонгуулийн ирц угаас өндөр биш, зарим намуудын гишүүд нь намаа дэмжиж саналаа өгдөг. Эдгээр хүчин зүйлээс хамаарч бусад нэр дэвшигчтэйгээ харьцуулахад харьцангуй цөөн хүний саналын зөрүүгээр өрсөлдөгчөө ялах боломжтой байдаг тул улс төрчид санал худалдан авах аргыг байнга л хийгээд байгаа юм.

-Манай зарим улс төрчид чуулганы танхим дотор ч, хэвлэл мэдээллээр ч шууд ярьдаг даа. Миний санаж байгаагаар Д.Ганбат гишүүн “Хэвийн боов биш бэлэн мөнгө зүгээр юм байна лээ” гэж чуулганы танхимд хэлж байсан. Ж.Ганбаатар гишүүн “Би өөрийн компанийн ашгаа яаж зарцуулах нь миний асуудал” гээд хэвлэлд ярьж байсан. Тэгэхээр манайд аль аль түвшиндөө энэ байх ёстой л асуудал гээд хүлээн зөвшөөрсөн хандлага ажиглагдаад байна?

-Иймэрхүү асуудалд улс төрийн намууд өөрсдөө манлайлаад оролцох ёстой юм. Улс төрийн эдгээр суурь асуудлууд дээр яавал зөв байх вэ? цаашдаа бид яавал эрүүл улс төртэй байх вэ? гэдэг дээр манлайлал үзүүлдэг болох хэрэгтэй. Улс төрийн нам, төрийн институцүүдэд итгэх иргэдийн итгэл бүүр байхгүй болчхоод байгаа энэ үед “Манай нам ямар нэг санал худалдан авах шинжтэй үйл ажиллагаанд оролцохгүй, хийхгүй” гээд зарлах эр зориг хэрэгтэй. Санал худалдан авах үйл ажиллагаа хийгээд байгаа улс төрчдийг намдаа байлгахгүй, хариуцлага тооцоод явуулах хэрэгтэй. Манай намууд огт хэрэгжүүлэхгүй байгаа болохоос улс төрийн нам чинь өөрөө нийгэмд улс төрийн боловсрол олгох үүрэгтэй, ард иргэд биднийгээ сайхан улсад амьдруулах, хөгжүүлэх “бодлого” боловсруулах хамгийн том бүлэг юм шүү дээ.

Сая шинээр батлагдсан “Улс төрийн намын тухай” хуульд төрөөс намыг санхүүжүүлж байгаа санхүүжилтийн 15 хувийг иргэдийн улс төрийн боловсролд зарцуулна гээд тусгасан. Тэгэхээр нам өөрийнх нь нэрийн өмнөөс нэр дэвшиж байгаа болон нэр дэвшээд сонгогдсон улс төрчдөдөө сонгогчдын саналыг худалдаж авах, элдэв авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдохгүй байх зэрэг хатуу шаардлагуудыг тавьдаг болох л ёстой. Ийм хэргүүдэд улс төрчид нь оролцоод байгаа нь тухайн намын нэр хүндэд шууд нөлөө үзүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр нам өөрөө дотооддоо шаардлага сайн тавьдаг, хариуцлага тооцдог, өөгшүүлдэггүй байх хэрэгтэй. Заавал мөнгөтэй байж нэр дэвшдэг, ялдаг биш шүү дээ гэдэг манлайллыг намууд бодлогоор гаргаж ирэх хэрэгтэй байна. Эцэст нь энд хэлэх гээд байгаа санаануудыг маань иргэд сайн ойлгоод, бид сонгуулийг яагаад зохион байгуулдаг юм бэ, улс төрийн намууд, улс төрчид хэний төлөө, ямар үйл хэрэг хийж ажиллах ёстой юм бэ гэдгийг маш сайн ойлгоод, маш хариуцлагатай, улс төрийн бодлогод, аливаа асуудалд идэвхтэй оролцдог иргэн байгаасай гэж хүсч байна.

-Ярилцсанд баярлалаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img