2024-10-17, Пүрэв
1 C
Ulaanbaatar

С.Пүрэвмаа: Гэр бүлдээ л хамаг гоё юмаа зориулчих, тэгвэл сайхан бүхэн өөрөө хүрээд ирнэ

“Би чамд хайртай”-гийн Үрэлээгийн дүрээр дэлгэцийн урлагт мөнхөрсөн С.Пүрэвмаатай өрнүүлсэн ярилцлагаа хүргэе. Бидний энэ ярилцлага “Танд хэрэгтэй” сэтгүүлд нийтлэгдэж байсан юм.

-Тухайн үед хүн бүхэн урлаг руу хошуурч, од болохыг хүсч байхад та мэргэжлийн жүжигчин байж яагаад кино урлагаа орхисон юм бэ?

-Хүний зохиолоор, хүний найруулгаар хүүхэлдэй шиг тоглоод, гүйгээд л, утгагүй санагдаад. Надад тийм мэдрэмж төрсөн юм. Тэгээд ер нь яагаад бүгдийг өөрөө хийж болохгүй гэж. Бүгдийг ойлгочихоод дараа нь хийж яагаад болохгүй гэж. Ингэж бодоод л орхичихсон. Жүжигчин байхад хувцас, хоол байгаад байдаг, гэсэн ч нэг л дутуу санагдаад байсан юм. Өдрийг өнгөрөөж ядсан, зохиол уншихаар таалагдахгүй, илүү сайн юманд тоглож болмоор санагдсан ч нөгөө л юмтайгаа зууралдаад байдаг. Өөрийгөө таньж мэдье, амьдрал гэж юу байдаг юм гээд л залуу байхад омголон ч байж, зоригтой ч байж тэгээд л амьдралын давалгаа руу орсон.

-Тэгээд та юу олж авсан бэ?

-Гоё байна. Ойрхон ойрхон хүүхэд төрүүлээд. Тэр хооронд нь асрагч хийгээд. Шал угаагаад, хүмүүст тусалж, хүмүүсийг асраад. Дараа нь огт өөр ажил хийгээд. Дизайнерийн ажил хийсэн, юм оёсон. Ер нь янз бүрийн л ажил хийсэн. Тэгсэн чинь л юмны учир зангилааг тайлж эхэлсэн. Энэ байсан юм уу, өө энэ л байсан байна шүү дээ гээд л. Гэгээрчих л юм бол энэ ертөнцийн бүх юмыг л чадах юм байна шүү дээ гээд л.

-Та эрсэнээ олсон гэсэн үг үү?

-Би зүгээрээ, эрсэнээ олчихсон.

-Хорин таван жил хаагуур явав, юу хийв гэсэн асуултыг олон хүн сонирхож байгаа байх?

-Хүүхдүүдээ төрүүлсэн. Бас эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. Би хүмүүсийг зүгээр л таньж мэдэхийг хүсч яваа эмэгтэй. Хүн яагаад өвддөг юм, яагаад зовдог юм, юу нь өвдөж байгаа бол гэдгийг урьдчилаад мэдэх юмсан, хүний дотоод мөн чанар гэж юу юм гээд олон асуулт байсан. Эмнэлэгт хүмүүс үнэн байдаг, хэн ч жүжиглэдэггүй. Зовлонгоосоо ангижрах гэсэн хүмүүс тэнд байдаг. Тиймээс тэдэнд туслахад гоё мэдрэмж төрдөг.

-Таны гэр бүлийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Нөхрийгөө танилцуулаач?

-Жаргалсайхан гэж сайхан хүн байдаг даа. Гэр бүлийнхээ хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Энэ хүн байгаагүй бол би хэдий завандаа оёдол оёж, дизайнер хийж, бясалгаж, гимнастикаар хичээллэж амжих билээ. Надад ийм их орон зайг гаргаж өгсөн хүн. Бас аав гэдэг хүний үүрэг, хариуцлагыг өөртөө аваад тэр гэрийг авч явж байгаад нь маш их баярладаг.

С.Пүрэвмаа

-Үрэлээд дурлаад суучихсан уу, эсвэл…?

-Үгүй, аз болж тэр киног үзээгүй, гадаадад сурч байсан. Тэгэхээр нь л би суучихсан юм.

-Нээрээ юу?

-Яг үнэнээсээ. Урьд нь дандаа л кино үзсэн залуучууд над дээр ирдэг байсан. Пүрэвмаатай уулзъя гээд л … Манай нөхрийн найзууд нь “Пүрэвмаа чамайг яаж тоосон юм” гэхээр нь “үгүй, ёстой надад унадаг” гэж хэлсэн гээд инээгээд байсан. /инээв/

-Тэр үед ч та захианд дарагдаж байсан байхдаа?

-Маш их ирсэн шүү, залуучуудаас. Цэргүүдээс их ирнэ. Хайртай болчихлоо яахав гэдэг ч юм уу, найз охиноосоо болиод танд хайртай болчихлоо гэдэг ч юмуу. Би нэг ч хариу бичиж байгаагүй. Тэр үед чинь их ичдэг, хүмүүс биедээ хямгатай ханддаг байсан үе л дээ.

-Таныг олны нүдэнд ил байхгүй байх хугацаанд их олон юм л сонсч байлаа. Та өөрөө мэдсэн л байлгүй?

-Муу хэлүүлэх сайн гээ биз дээ. Би жүжигчнээ, асрагчаа хийнэ, хажуугаар нь гимнастикаар хичээллэнэ, баяр наадмаар тоглолтод оролцоно, таван хүүхдээ өсгөнө бас дизайнер, сэтгэлзүйчээ хийнэ хаагуур нь тэгж янз бүр болж явах вэ дээ. Тийм зав надад гарахгүй шүү дээ. Нэг жилийг ч зүгээр өнгөрөөгөөгүй завгүй байлаа.

-Яагаад гэнэт дизайнер болсон юм бэ?

-Энэ үнэхээр гайхамшигтай. Өөрөө мэдэхгүй л юм оёж эхэлсэн. Би нударгатай хувцас оёод байсан. Миний бүх хувцас нударгатай. Авьяас байхгүй шүү дээ. 2000 онд байх аа, би яах гээд ч билээ гадагшаа гарсан юм. Тэгээд явж байгаад дэлгүүрт ороод кассан дээр очерлоод зогсож байсан чинь хоёр гадаад хүн монголчуудыг хятад хувцсаар булна аа гэж ирээд ярьж байна аа. Би юмаа ч авалгүй гэртээ гүйж ирээд эхэр татаад уйлаад л байсан. Гомдол ч юмуу, цөхрөл ч юмуу бүү мэд, их уйлсан. Тэгээд тэр өдрөө зах гарч материал авсан. Гэр бүлийн хүн маань оёдлын машин авч өгсөн. Би тэр дэлгүүрт сонссон үгийг олон сар бодсон. Бид Монголоо алдаж байна уу даа, өөрсдөөрөө байхаа больж байгаа юм биш биз гээд л. Тэгээд л хул өнгийн өмд, цамц, нударгатай, уужтай монгол хувцсыг иж бүрдлээр нь анх хийсэн.

Манай нэг найз дорнын массаж хийдэг юм. Тэндээс гарын алганы цэг, хөлийн улны цэг гээд энергийн цэгүүдийг нарийн судаллаа. Харин гарны массаж дээр би гайхсан. Гарын бугуйнд эмэгтэй хүний өндгөвч, давсаг бөөр эрхтнүүдийн цэгүүд байдаг юм байна. Өвөг дээдэстээ хязгааргүй баярлалаа. Бидний гарын үеийг дааруулахгүй гэж өвөг дээдэс маань ханцуйны төгсгөлд нударга гэж юм хийсэн байна шүү дээ. Өвөл хүмүүсийг харахад гарынх нь шуу дандаа ил явж байдаг.

Охидууд ээж болно, эрүүл хүүхэд төрүүлэх хэрэгтэй. Тиймээс л би дахиад хувцсаа оёх болдог. Охидууд гоёх гээд даарч явдаг. Өнөөдрийн тэр гоёл бол түр зуурын гэдгийг ойлгоосой. Бид буруу хувцас өмсч, буруу хоол идэж байгаа шүү дээ гэж санахаар л ичмээр санагддаг.

-Өмнө нь оёж байсан уу?

-Манай гэрт оёдлын машин байгаагүй. Манайх чинь өнөр айл. Тэр үед чинь есөн хүүхэдтэй. Тэр үед юм ховор байсан болохоор арван жилд юм оёъё ч гэж боддоггүй байсан. Одоо бол цэвэр эртний хувцсаар дагнадаг. Гял цал пластик биш, хармаар санагдаад хараагаа салгаж чадмааргүй тийм хувцас хийхийг боддог.

-Яагаад бясалгал руу орох болов, харин зүгээр л гэж битгий хэлээрэй?

-Үнэнийг таньж мэдэх гэж. Энэ үнэн шүү. Сургуулиа төгсөөд 1983 онд Москвагийн театрын дээд сургуульд орж чадаагүй л дээ. Гадагшаа гарах гэхээр ямар сургуульд орсон гэж хүмүүс асуугаад байдаг. Ичээд, уйлаад л. Тэгээд эмнэлэгт асрагчаар орсон. Тэнд ороход миний зовлон, зовлон биш байсан. Би асрагч хийх дуртай байсан л даа. Арван жилд байхдаа л номны мөнгөнд нэмэртэй гээд ажил хийдэг байлаа. Шалаа сэтгэлээсээ угаана. Сайн угаахгүй бол эмч нар маргааш нь хөвөн бариад шалгадаг байхгүй юу. Сэтгэлээсээ юм хийхийг тэнд л сурсан. Өвчтөнд дусал залгаж байхад сувилагчдаа хэлэхгүй бол болохгүй. Шингэн судасных нь гадуур орчихвол тэр хүн үхнэ шүү дээ. Үнхэлцгээ хагартал айж, үнэн сэтгэлээсээ хүмүүсийн төлөө хичээсэндээ л би их зүйлийг олж авсан.

С.Пүрэвмаа

Цэвэрлэгээгээ хийчихээд өглөө гарахад үүдэнд нэг мод байна. Тэнд гимнастикийнн сунгалтаа хийчихнэ. Өвчтөнүүддээ дасгал зааж өгдөг байлаа. Би тэр үед 17, 18 настай жаахан охин байсан. Заримдаа тулаа хийж нойргүй хононо. Тэгж байгаад нэг өглөө дасгалаа хийж байсан чинь яг тэр модны өмнө өөрийн эрхгүй суумаар санагдсан. Тэгэхдээ би завилж биш зүгээр л суусан. Дээшээ тэнгэр хараад нэг л гоё анир чимээгүй орчинд ууссан. Өөрийн эрхгүй нүдээ аниад тэгсэн чинь сэтгэл нэг их гоё болоод ирсэн. Тэр л миний анхны мэдрэмж байсан.

Дараа нь хүүхэд чихэрний амтанд ордог шиг ингэж суух дуртай болсон. Надад ямар дэвшилт гарсан гэхээр би дотоод хүнээ сонсч чаддаг болсон. Тэр үед дотоодтойгоо холбогдсон юм билээ. Билэг ухаан агшин зуур нээгддэг шиг билэг нээгдсэн гэж хэлэх гээд байна л даа.

Тэгээд би урлагт ороод тэр дотоод чадвараа алдчихсан. Нэг л хоосон юм руу орчихсон. Биеэ тоож байгаа ч юм шиг. Тэгсэн хэрнээ дотоод сэтгэл нь хоосон. Амархан ганцаарддаг болсон. Нэг л ядуу, сул дорой болж байгаа юм шиг санагдаад. Асрагч хийж байхдаа олж авсан тэр мэдрэмжээ мэдрэхийн тулд өөр гарц хайсан.

За тэгээд Хүүхэлдэйн театрт жүжигчин боллоо. Ногоон дарь эхийн жүжигт тоглож байхдаа кварцийн гэрэл нүдэндээ тусгаснаас болоод хөдөлмөрийн чадвараа алдсаны гуравдугаар группт хүртэл орж байлаа шүү дээ. Гэртээ дэмий хэвтэж байхаар эмнэлэгт асрагчаар оръё гэж гуйтал намайг оруулахгүй гэдэг юм байна. Чи хүүхэлдэйн театрт, телевизэд ажилладаг байж эмнэлэгт асрагч хийж яах гээд байгаа юм бэ гээд халгаадаггүй. Яасан шуналтай юм гэж хэлсэн хүн ч бий.

Би тэр үед “Шарай голын гурван хаан”-д тоглож байсан юм. Хатны дүр гаргах гэсэн чинь болдоггүй ээ. Танайд шээс ч хамаагүй зөөж, шал угаах юм бол болох гээд байна гэж гуйгаад орж байлаа. Би чинь хатан хүн яаж алхаж гишгэх, харц нь ямар байхыг мэдэхгүй. Манай эмнэлэгт Лхамсүрэн гэж нэг их гоё эмч байлаа. Би тэр эмчийг хараад л дүрээ олсон доо. Тэр эмч бүх өвчтөнөө, тасгаа сэтгэлдээ багтааж яваа учраас маш гоё сүрлэг харагдаж харагддаг байх гэж бодсон шүү.

-Зарим хүмүүс эрүүл хоол гэхээр зөвхөн цагаан хоол идэх гэж ойлгодог юм шиг. Эрүүл амьдрахын тулд яах хэрэгтэй вэ?

-Монголчууд хэзээ хүнээр хоолоо хийлгэж иддэг байлаа. Хэзээ зоогийн газар хэсээд, орой шөнөөр явж байлаа. Өөрийн энерги, сэтгэлийг шингээсэн хоол идэх ямар гоё билээ. Хүний бэлдсэн юмыг ямар энергиэр хийсэн гэж тааж идэх юм бэ. Монголчууд эрт дээр үеэс л идээ ундаагаа өөрсдөө бэлдэж, адислаж, хайраа шингээж хийдэг сайхан уламжлалтай. Идээ ундаа нь буруу болохоор хүмүүс өвддөг, зовдог.

Зөв хоол идээд эхлэхээр хүссэн хүсээгүй зөв эерэг энергийг мэдэрнэ. Бие нь эрүүл болчихно, сэтгэл нь ариусчихна. Тэгээд л хайрын үндэс дэлгэрнэ. Ганц Монгол ч биш дэлхий даяар буруу зүг рүү явж байна. Яг л галзуугийн эмнэлэг шиг. Энэ байдлаас яаж гарах вэ гэхээр анхнаасаа суурь нь зөв байсан учраас монголчууд үүнийг өөрчилж чадна гэсэн горьдлого надад байдаг.

-Энэ байдлаас ангижрах арга замын талаар та яриач?

-Эхлээд өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй. Амьдралд тохиолдож байдаг элдэв энгийн шалтгаануудыг хойш тавиад өөрийнхөө мөн чанар руу ороорой л гэж хэлмээр байна. Ямар гоё байдаг гээч. Нэг л амттай. Өөрийгөө чагна л даа. Дотоодоо чагна. Дотоод чинь аягүй гоё агуу зүйл байдаг. Тийм оршихуй хүн бүхэнд бий. Агуу, тэгээд бас эрх чөлөөтэй. Өөрөө өөртэйгөө хамт байгаагаа мэдрэх үнэхээр гайхамшигтай.

-Танай гэрийнхэн бүгд цагаан хоолтон уу?

-Дөрвөн охин маань цэвэр цагаан хоолтон. Хань, хүү хоёр маань хоёр хагас цагаан хоолтнууд. Махан хоол идэхээр миний толгой өвддөг. Миний гэр, миний диваажин гэж боддог.

-Гэхдээ л гэр бүлд асуудал их гардаг шүү дээ?

-Гэр бүлдээ л хамаг гоё юмаа зориулчих. Тэгэхээр таны хүсээд байгаа сайхан бүхэн өөрөө хүрээд ирнэ. Манай аав ажилдаа явахдаа “За нэг хоёрын гурваа дух нь” гэдэг байхгүй юу. Том болсон ч гэсэн нойрмоглочихсон духан дээрээ үнсүүлэх гээд л тавуулаа гүйнэ шүү дээ. Биднийг үнсчихээд аав үнэхээр кайфтай гарна. Ийм эерэг энерги, дадал тогтчихсон болохоор гэр бүлд асуудал гарахгүй шүү. Ээжээс л бүх зүйл улбаалдаг.

-Таны эмзэглэж явдаг зүйл юу вэ?

-Би нэг удаа эмэгтэйчүүдийн эмнэлэгт очоод үр хөндүүлж байгаа хүмүүсийн хамгийн бага нь хэдэн настай болохыг сонирхсон. Долоо, наймдугаар ангийн охид үр хөндүүлж байгааг хараад үнэхээр эмзэглэсэн. Биеэрээ үлгэрлэх хэрэгтэй юм байна гэж бодсон доо.

Бид хэзээ ч дээр үеийнхээ ээж, эмээ нар шиг байж чадахгүй. Тэгэхдээ л ядаж надад бурханаас өгсөн бэлгийг нь төрүүлээд байх юмсан гэж боддог. Тэгээд ч таван сайхан хүүхдийн ээж болсон. “Чиний өлсч, цангаж, ядарч байгаа чинь зовлон биш. Чи тэсэх л ёстой” гэсэн үг байдаг юм. Би янз бүрийн юм тохиолдох бүрт л тэр үгийг боддог.

-Та том хүүхдэдээ Золбоо гэдэг нэр өгсөн юм биш биз?

-Том охиныг маань Ану гэдэг. Золбоо гэснээс миний амьдралд энэ нэртэй холбоотой нэг содон явдал тохиолдсон. Би өмнө аравдугаар ангиа төгсөөд асрагч хийж байсан гэж ярьсан даа. Асрагчаар ажилласан сүүлийн өдөр болсон явдал. Ажилдаа ирээд цагаан өмд, цагаан углааш, цагаан халат, цав цагаан маск өмсөх ямар гоё гэж санана.

Халатны маань бүс их гоё нарийхан. Би хувцсаа өмсөх их дуртай. Миний ээлжинд гарсан тасаг нэгээс гурван насны хүүхдүүдийн сахиургүй тасаг байсан юм. Хоёр настай хөөрхөн хүүд ээжийнх нь өгсөн нэг печенийг өгчихлөө. Тэгээд тэр хүүгийн хажууд халатаа дэвсээд жаахан дугхийж байсан чинь нөгөө хүү бөөлжчихсөн байсан. Саяхан цэвэрлэсэн байхад яагаад бөөлжчихөвөө гээд крантны хүйтэн усаар толгойг нь угаагаад цэвэр даавуу дэвсч хэвтүүллээ. Тэгтэл нөгөө хүү маань ахиад бөөлжчихсөн. Бөөлжсөний дараа нүд нь цаашаа хонхойгоод. Нэг мэдсэн чинь ээж, аав нь, эмч нар, өглөөний ээлжнийхэн ирчихсэн бөөн юм болж байсан. Намайг айлгасан тэр хүүгийн нэрийг Золбоо гэдэг байсан. Би маргааш нь гарсан ч гэсэн ирээд тэр хүүг цонхоор нь хардаг байж билээ.

-Таны ярианаас хайрын тухай их сонслоо. Таныхаар төгс хайр гэж юуг хэлэх вэ?

-Чи зүгээр л нэг хүнийг төгс хайрлаадах, тэгвэл бусад хүмүүсийг хайрлахад амархан гэж багш хэлдэг. Төгс хайр гэдэг доод түвшний секс биш гэж хэлэх гээд байна л даа. Сексийн эрчим хүч залуу насанд ирдэг, хөгшрөхөөр явдаг тийм л эрчим хүч. Хайр бол өөр. Гэр бүлийнхээ хүний хажууд сууж байхад бие биедээ уусдаг нэг л гоё мэдрэмж. Залуу зандан насандаа эрхлээгүй мөртлөө одоо хамт байхаар тийм нэг сайхан мэдрэмж төрдөг юм. Ямар ч нөхцөл, болзолгүйгээр бие биеээ хайрлах хайр л төгс хайр.

С.Пүрэвмаа

-Таны сэтгэлзүйч болсон түүх сонирхолтой санагддаг юм?

-Мэргэжлийн сургууль төгсөөгүй. Амьдралаас л сурсан. Жүжигчин хүн чинь хүн судалдаг шүү дээ. Тэрнийхээ далимаар олимпид оролцох гэж байсан тамирчдад сэтгэл зүйн хичээл зааж байлаа. Би өөрийгөө их азтай гэж боддог. Тийм сайхан залуучуудад хичээл заана гэдэг. Нийгэмд хамгийн эерэг мэдээллийг түгээгч нь одоо урлаг, спорт хоёр л байна шүү дээ.

-Мэргэжлийн биш болохоор асуудал гардаг байсан уу?

-2000 онд яг наад асуудал чинь тулгарч байсан. Гуравдугаар эмнэлэгт сэтгэл зүйчээр ажиллаж байх үед, Батсэрээдэн эмч миний саналыг дэмжиж ажиллуулсан юм. Миний өвчтөнүүд намайг эмчээ гэж дуудахад мэргэжлийн эмч нар нь гайхдаг байсан. Гэхдээ тэд намайг ойлгож байсан гэж бодож байна. Би зүгээр л өвчтнийг сонссон. Миний царай олны танил болохоор ч тэгдэг юм уу өвчтөнүүд надад хамаг зовлонгоо ярьчихдаг.

Маргааш нь настай өвчтөнүүд ирээд би урьд шөнө ямар сайхан унтав аа гэдэг байхгүй юу. Хамаг хог шаараа сэтгэлээсээ гаргаад хаячихсан хүн ямар байх вэ. Стрессгүй болоод ирнэ биз. Эхний удаа би дандаа сонсдог байсан. Харин дараа нь зөвлөж эхэлсэн. Хүнийг сонсоно гэдэг хамгийн сайн ярилцагч байхыг хэлдэг. Сайн ярилцагч байя гэвэл сайн сонсогч байх хэрэгтэй.

-Та бясалгал хийдэг гэсэн. Гэгээрэл хүрэх таны мөрөөдөл үү?

-Оюун санааны амьдралтай болно гэдэг маань хүмүүстэй мэдэж байгаа зүйлээ хуваалцах, тэдэнд тусалж, үйлчлэх шүү дээ. Яг Дэлгэр шиг. Үрэлээгийн дүү нарт бэлэг авчирч өгөөд, хүмүүсийн сайн сайхны төлөө хүмүүст үйлчлээд л. Бидний түвшинд заавал гэгээрэлд хүрнэ гэх хэцүү л дээ. Гэхдээ бид эерэг бодол, эерэг үйлдэлтэй тэгээд сайхан стрессгүй амьдрах л гэгээрэл шүү дээ. Хүмүүс гэгээрэл гэхээр заавал хэцүүгээр хүлээж авах хэрэггүй л дээ. Ер нь бол зөв амьдрах л чухал.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img