2024-05-13, Даваа
10 C
Ulaanbaatar

М.БАЯРАА: Манай улс ирвэсийн тоогоороо дэлхийд хоёрт жагсдаг

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ирвэс судлаач М.Баяраатай ярилцлаа.

-Ирвэс гэдэг амьтны тухай ярилцлагаа сошиалд шуугиж байсан нэг мэдээллээр эхэлье гэж бодлоо. Ирвэсийг агнах хориотой учраас малчин айлын гэр дээр гарчихсан хэвтэж байдаг, малчид яаж ч чадахгүй малаа бариулдаг боллоо гэсэн агуулгатай мэдээлэл цацагдаж байсан л даа. Малчдаас ийм гомдол ирж байсан уу?

-Яг таны хэлсэн гомдол ирээгүй. Ер нь ирвэс мал идлээ гэсэн гомдол ирдэг. Тухай бүрд нь ямар нэг байдлаар үргээж явуулах гэх мэт арга хэмжээ авдаг. Ирвэсийн хувьд барьсан амьтнаа хоёр, гурван хоног иддэг юм. Чоно шиг олон мал сэглэдэггүй. Зөвхөн нэг амьтнаа хоёр гурван хоног иднэ. Тэгээд хоёр гурван хоногийн дараа буцаж ирээд байдаг тал бий. Барихад амар учраас малчны хотоор эргэлдээд байдаг талтай. Энэ байдлаас сэргийлэхийн тулд Дэлхийн байгаль хамгаалах сан гэх мэт газрууд тодорхой төслүүд хэрэгжүүлж яваа.

-Малаа ирвэсэнд бариулсан малчид төлбөр мөнгө нэхэмжилж ханддаг л байх…?

-Тийм тохиолдол байна. Хэдэн айл нийлж бүлэг үүсгэсэн байдаг юм. Ийм зохион байгуулалтад орсон айлууд малын даатгалд хамрагдсан байдаг. Айлууд мөнгө хуримтлуулна, мал нь ирвэсэнд бариулчихвал тухайн хуримтлалаасаа мөнгөө буцааж авдаг гэх мэт шийдэл бий. Тухайн хуримтлалын сангийн мөнгөний тал хувийг төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь өгдөг шиг санагдаж байна.

-Ирвэсийг хулгайгаар агнах эрсдэл хэр бол, хулгайгаар агнасан тохиолдолд шийтгэл нь өндөр учраас хулгай гарах нь бага гэж сонсч байсан юм байна?

-Олон байгууллага хамтраад хамгаалах менежмэнтийн асуудлыг маш сайн шийдэж өгсөн учраас хулгайн хувьд манайх хамгийн гайгүйдээ орно. Ирвэс хамгаалах сангийн шугамаар хэрэгжиж буй төсөл гэж бий.

Малчин айлуудын орлогыг нэмэгдүүлэх шинэ эх үүсвэр олж өгдөг юм. Малчин эмэгтэйчүүдийн хийсэн ноосон бүтээгдэхүүнийг Америкт аваачиж зараад олсон мөнгөө малчдад өгдөг. Бүтээгдэхүүн хийх зардлын тал хувийг нь ч билүү төслөөс санхүүжүүлдэг. Энэ мэт олон төсөл, ажил бий. Ирвэс агнаад байгаа гол шалтгаан ерөөсөө л малтай холбоотой. Малыг нь идээд байхаар агнадаг асуудал л бий. Ирвэсийн арьсыг урагшаа гаргаж зардаг л байх. Гэхдээ таны хэлсэнчлэн маш чанга хуультай. Торгууль нь асар өндөр. Агнаад баригдвал бараг жараад сая төгрөгөөр торгох хууль үйлчилж байгаа.

-Хүмүүс хээр хөдөөгөөр аялах зугаалах нь ихэссэн. Уул хээрээр аялаж явах үедээ ирвэстэй тааралдчихвал ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг тал дээр зөвлөмж байна уу. Хүнтэй таарвал шууд дайрдаг амьтан уу, эсвэл…?

-Хүн рүү шууд дайрахгүй. Хүнтэй харц тулвал хөдөлгөөнгүй болоод ухардаг. Ирвэстэй таарсан хүн “Хөдөлгөөнгүйгээр нүүр тулбал бага багаар хойшилоод байдаг юм билээ” гэж ярьж байсан л даа. Аялаж байгаа хүнтэй бараг таарахгүй байх. Хүнийг харчихвал өөрөө дөлөөд явчихдаг инстинкттэй.

ирвэс

-Ирвэс манай аль аймгуудаар тархсан байдаг бол?

-Манай орны баруун аймаг, Алтайн уулс, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий, Өмнөговийн Тос тосон бумбын нуруу, хойш хангайн нуруу, Алтайн хойд нуруун бий. Увс, Завхан, Өвөрхангай гээд Хангайн нуруунд байна. Сүүлийн үед ирвэсийн шилжилт хөдөлгөөн их анзаарагдах болсон. Миний судалгааны чиг энэ л дээ.

Ирвэсийн шилжилт хөдөлгөөн, хаагуур тархаж амьдарч байгааг судалдаг. Эзэмшил нутгийн хувьд ихдээ 130 км квадрат газарт, багадаа уулынхаа хэсэгт амьдарна. Ирвэс ганцаараа амьдардаг. Хоёроос гурван төл гаргана. Нэг нь байгалийн шалгарлаар эндэнэ. Хоёр юм уу нэг төлөө л том болтол нь өсгөдөг гэсэн үг. Бага тоотой байгаагийн нэг шалтгаан нь хоёр жилд нэг удаа төллөдөг амьтан.

-Тэмээ шиг онцлогтой амьтан байх нь. Ганц ганцаараа амьдардаг нь сонирхол татаж байна шүү.

-Их нууцлаг амьтан шүү дээ. Орооны үеэрээ л нийлнэ. Эх нь зулзагануудтайгаа жил хэртэй хамт байгаад л өөр өөр уулын оройнууд руу салаад явцгаадаг. Хүмүүст тийм амар харагдаад байдаггүй. Харахын тулд маш их хичээл зүтгэл хэрэгтэй. Маккарти гээд Америкийн судлаач хүн гучаад жил ирвэс судалсан байдаг юм. Тусгайлж барихыг тооцохгүйгээр байгаль дээр огт харж байгаагүй гэж ярьсан нь бий.

ирвэс

-Барина гэдэг нь…?

-Урхинд оруулаад барихыг хэлээд байна л даа. Яг байгаль дээр алхаад явж байхыг нь харж байгаагүй гэсэн үг.

-Хамгийн олон төл гаргасан тохиолдол гэж байх уу, гурваас олон төл гаргасан тохиолдол…?

-Дэлхийн байгаль хамгаалах сан судалгаа хийж байгаад байгаль дээр таван төлтэй байж болдогийг анх удаа баталсан. Баатар хайрханы нуруунд юм билээ. Дэлхийд анх удаа ийм олон төлтэй ирвэс бүртгэгдсэн нь энэ л дээ.

-Дэлхийн хэчнээн улсад тархсан байдаг вэ?

-Дэлхийн 12 улсад тархсан амьтан. Алтайн уулсад буюу Казахстан, Хятад, Монгол, Орос улсад, урагш Хималайд уулс буюу Төвөд, Непалд гэх мэт улсад бий. Хамгийн олон ирвэстэй нь Хятад. Дэлхийд 5000 ирвэс бий гэж үздэг. Тал нь Хятадад, манайд 20 хувь нь бий. Манай улс Хятадын дараа ордог гэсэн үг. Орост гэхэд л их цөөн ирвэс бий. Зөвхөн манайтай хиллэдэг хэсэгт нь байх жишээний.

-Та түрүүн ирвэсийн шилжилт хөдөлгөөн ихэссэн гэж ярилаа. Дэлхийн дулаарал нөлөөлж байна уу?

-Нэг жижиг уул, нэг газарт судалгаа маань төвлөрдөг учраас сүрхий айхавтар өөрчлөлт ажиглагдах боломжгүй. Гэхдээ дэлхийн дулаарал бүх зүйлд нөлөөлж байгаа. Жишээ нь дэлхийн дулаарлаас болж тарваганы популяци урдаасаа хойшоо нүүгээд байна гэсэн мэдээлэл бий. Тарвага бол ирвэсийн нэг төрлийн идэш тэжээл. Тэр утгаараа тарвагаа дагаад нүүх шилжих магадлалтай гэсэн үг.

-Манайд яг төчнөөн тооны мазаалай бий гэсэн яг таг тоо гарчихсан байдаг. Түүн шиг ирвэсээ яг таг тоолж бүртгэсэн байдаг уу, манай улс?

-Ирвэсийг тоолох арга бол автомат камер байрлуулах. Камерын урдуур амьтан явахаар зургийг нь авна гэсэн үг. Ирвэсийн толбо болгон ялгаатай. Толбоороо ялгараад явчихдаг. Өөрөөр хэлбэл толбоор нь ялгаад тоолчихдог гэж ойлгож болно. Уул уулын системд цөөхөн камерууд тавиад тэнд үлдсэн зураг, бичлэгийг харж байгаад ирвэсийнхээ тоог гаргах боломжтой.

-Толбо болгон нь адилгүй, толбоор нь тоолдог нь сонирхолтой санагдлаа. Тэгж ялгаж тоолохдоо нэр өгдөг үү, эсвэл кодлочихдог уу?

-Ер нь бол кодлочихдог. Цахирын аманд тавьсан камеруудад гэхэд гурван ирвэс буусан байсан л даа. Цахирын нэг, хоёр, гуравдугаар ирвэс гээд тоогоор кодлочихдог. Ууланд судалгаа хийж шилжилт хөдөлгөөнийг нь тандахын тулд сансарын дохиололтой хүзүүвч зүүж судалдаг. Тэгэхдээ харин амьтандаа нэр өгдөг. Говь-Алтай, Ховдын заагт байдаг Сутай хайрхан ууланд гурван цоохор ирвэс хүзүүвчилсэн. Тогтуун, Шуурга, Цэцэг гэсэн нэр өгсөн.

-Сүрхий содон нэрнүүд байна…?

-Нэрийг тухайн өдрийнхөө байдлаас хамаарч өгсөн (инээв). Шуургатай өдөр байсан учраас Шуурга, тогтуун өдөр болохоор нь Тогтуун гэчих жишээний. Цэцэг гэдэг нь сумын нэр. Сутай хайрхан уул 120, 130 км квадрат талбайтай. Ирвэсийн эзэмшил нутаг хамгийн багадаа 20 км квадрат талбайтай. Ганцхан тэр ууланд гэхэд л 30 цоохор ирвэстэй гэсэн тоо гарч ирж байгаа юм.

Сонирхолтой нь Сутай хайрханд байснаа Баатар хайрханд оччихсон тохиолдол анзаарагдсан. Увсад Цагаан шувуутад “Цагаан” гэдэг нэртэй ирвэс хүзүүвчилсэн юм. Тэр ирвэс өмнө нь байгаагүйгээр хамгийн том эзэмшил нутагтай гэж тогтоогдсон. Өвөл тарвага ичингүүт хоол тэжээлээ хайгаад өнөө уулнаасаа бууж өөр уулын системд очиж аргаль янгираар хооллож байх жишээний.

Эсвэл Оросын хил давж хэсэг амьдраад зун эргэж ирсэн тохиолдол ч бий. Ингээд харахаар зэрлэг амьтдад хилийн бүс гэж үгүй. Тийм учраас сүүлийн үеийн судалгаанууд хоёр улсын хоорондын хилийн бүс дээрх зэрлэг амьтад руу чиглэж байгаа. Ийм судалгаа өвөрмөц, бас сонирхолтой.

ирвэс

-Хятад руу бас орох уу?

-Тэгнэ. Урд талдаа Сэгс цагаан богд байгаа. Сэгс цагаан богдоос хорин км орчим яваад хил залгана. Тэндээсээ цааш явбал Тэнгэр уул бий. Тэнгэр уул руу шилжиж очих боломжтой. Гэхдээ Сэгс цагаан богдод хүзүүвчилсэн ирвэс тэндэхийн бүс бүслүүртээ л байгаа. Хятадын хил өндөр хашаатай учраас шилжиж хөдлөхөд хэцүү байж мэднэ. Гэвч нэг тохиолдол гарсан. Нэг мазаалай хил гараад тэнгэр уулын хавьд хэд хоноод буцаж ирсэн. Амьтдад хашаа саад биш л дээ.

-Таныг удам дамжсан ирвэс судлаач гэж сонссон. Аавынхаа ирвэс судлалд тод мөртэй ажлаас нь сонирхуулаач?

-Манай аавыг Мөнхцаг гэдэг. Хустайд тахийн биологич байсан хүн. Мий овгийн амьтдыг судалдаг. 1993 онд Говь-Алтайд очиж ирвэс хүзүүвчлээд, тэр цагаас хойш ирвэсийн судалгааг баруун Монгол, Өмнөговь гэх мэт олон газарт нэлээд сайн хийсэн. 2007 онд докторын зэрэг хамгаалахдаа Монгол орны ирвэсийн тархалтын зургийг гаргаж байсан юм. Одоо хүртэл бид тэр зургийг ашигладаг.

-Тухайн үед техник технологийн хөгжил одоогийнх шиг байгаагүй. Ирвэсийн тархалтын зургийг гаргахдаа ямар арга хэрэглэж байсан бол?

-Муур шээснийхээ дараа шээсээ булдаг даа. Ирвэс бас тэгнэ. Түүнийг нь бид бумбаа гэж нэрлэдэг юм. Бумбаа, мөрийг нь нэгбүрчлэн тоолж тэмдэглэж яваад ирвэсийн байршлын зургийг гаргасан.

-Сонирхолтой хэрнээ хэцүү ажил юм байна шүү. Аав нь гэрийн бараа хардаггүй хүн байжээ дээ…?

-Тийм шүү, багын дурсамжид аав үргэлж л эзгүй байдаг байсан (инээв). Аав маань өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан.

-Тэтгэвэртээ гарсан ч зүгээр суудаггүй л байх…?

-Мэдээж, үргэлжлүүлээд ажиллаж байгаа. Уулаараа яваад. Сурчихсан, дуртай ажил нь шүү дээ.

-Аавын тань үед судалгаа хийхэд их бэрх байж. Хаа нэг өөрийнхөө үеийн судалгааны орчинтой харьцуулж бодно биз?

-Тэгэлгүй яахав. Автомат камерын судалгаа гэж бий. Аавыг судалгаа хийх үед плёнктай камер байсан. Дөрвөлжин тавцан дээр өнөө камераа тавьчихдаг байж. Ирвэс өнөө тавцан дээр нь ирж гишгэхээр зураг авж судалдаг байсан юм билээ. Гишгэхгүй бол зураг авах боломжгүй гэсэн үг. Гэтэл одоо бол тийм биш. Жижигхэн камер тавьчихна. Хажуугаар нь явах төдийд өндөр нягтаршилтай зураг авчихна, видео хийчихнэ. Бид өнөөдөр сансарын дохиололтой хүзүүвч ашигладаг. Аав судалгаа хийж байхдаа богино долгионы радио ашигладаг байсан юм билээ. Ирвэсээ дагаад явна. Хүзүүвчнээс ялгарах долгионыг нь хүлээж авдаг антеннтай, өнөө антенн нь дөхөөд очиход дуугардаг гэсэн үг. Гэтэл өнөөдөр тийм зовлон байхгүй. Өдөрт хэд хэдэн цэгийг шууд л интернэтээр хүлээж авч байна.

-Монголын ирвэс судалгаа ер нь хэр хөгжсөн бол, дэлхийтэй харьцуулахад. Олон улсад ирвэсийг сэргээн нутагшуулсан тохиолдол бий юу?

-Би Бээжингийн Ойн их сургуульд сурдаг юм. Урд хөршид судалгааны талбайтай. Миний судалгааны хэсэг бол Сутай хайрхан, Сэгс цагаан богд. Хятадад Ганьсу мужийн Янчуань байгалийн нөөц газарт бас судалгаа хийдэг. 2021 онд Хятадад анх удаа ирвэс хүзүүвчилсэн. Тэр ажилд нь миний бие оролцсон. Гэтэл манай улс ерээд онд анх удаа ирвэсэнд хүзүүвч зүүсэн түүхтэй.

Ер нь манайд ирвэсийн судалгаа тэр үеэс эрчтэй хийгдсэн. Ирвэс судалгаа маш сайн хөгжсөн. Гэхдээ Хятадад хожуу хүзүүвчилсэн нь учиртай. Засгийн газар нь зэрлэг амьтныг хүзүүвчлэхийг зөвшөөрдөггүй байсан юм билээ. Янчуаны урд Чиляний уулс гэж бий. Тэндээс ирвэс бариад Хятадын өөр хэсэгт аваачиж тавьсан гэсэн. Гэхдээ хаана тавьсныг нь мэдэхгүй. Ер нь ирвэсийг сэргээн нутагшуулсан түүх тийм олон биш.

-Ярилцлагынхаа төгсгөлд эмзэглэж явдаг нэг өнцгөө хөндмөөр байна. Ирвэс айлын мал руу их орж байгаа талаар хоёулаа ярилцлагадаа дурдлаа. Малын тоо толгой хэт өсөхөөр бэлчээрлэх газар нутаг тэр хэрээр тэлж таарна. Ингэж тэлэх хэрээр зэрлэг амьтдын амьдрах бүс хумигдаж байх шиг санагддаг. Малынхаа тоо толгойг нэмэх гэхээс илүү чанарт анхаарах цаг ирсэн гэдэг ярианы цаана ийм шалтгаан байх шиг. Ийм байдал анзаарагдаж байна уу?

-Яг таны хэлсэн шалтгаанаар амьдрах орчны шахагдал, доройтол гэдэг асуудал гарч ирж байна л даа. Малын тоо толгой ихсэх хэрээр ирвэсийн тэжээл болох янгир ямааны байрлах газар хумигдаж байна гэсэн үг. Тэгэхээр ирвэсийн идэш тэжээл багасаад, ийм шалтгаанаар мал идээд байгаа гэх мэт асуудал бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img