2024-10-16, Лхагва
4 C
Ulaanbaatar

Теннисний “алиалагч хаан” Новак Жокович хариагүйгээ дахин харууллаа

АНУ-ын теннисний нээлттэй аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд Сербийн Новак Жокович талбайн эзэн Бен Шолтонтой хоёр цаг 42 минутын турш ширүүн өрсөлдөн 6:3, 6:2, 7:6-гаар буулгаж авсан билээ.

Ингэснээр, 36 настай серб теннисчин хариагүйгээ дахин харуулж, Их дуулгын энэхүү тэмцээний үзүүр түрүүнд 10 дахь удаагаа үлдээд байна. Тэрээр дэлхийн чансааг тэргүүлж буй Испанийн Карлос Алкарасыг хожиж дуулиан тарьсан Оросын Даниил Медведевтэй маргааш аваргын төлөө өрсөлдөх юм.

Спортын хорхойтнууд Лионел Мессиг хөлбөмбөгийн, Леброн Жеймсийг сагсан бөмбөгийн хаан гэж өргөмжлөх нь бий. Тэгвэл теннисний хаан ширээнд залрагч нь яах аргагүй Новак Жокович ажээ.

Түүний эвдсэн бус, эвдээгүй дээд амжилтуудыг тоолоход илүү амар гэж теннис сонирхогчид хошигнодог нь бас арга ч үгүй. Новак Жокович дэлхийн теннисчдийн чансааг хамгийн олон буюу долоон жил тэргүүлжээ. Тэрээр Их дуулгын тэмцээнд 23 удаа аваргалсан нь теннисийн түүхэн дэх дээд амжилт юм. Их дуулгын дөрвөн тэмцээний дөрвүүлэнд нь гурвантаа түрүүлсэн теннисчин ч түүнээс өөр үгүй.

Мастерс цувралын 39 түрүү авсан нь мэдээж мөн л түүний тогтоосон дээд амжилт. Их дуулга (4), Мастерсын (9) бүх тэмцээнд түүн шиг аваргалсан теннисчин дахиж төрнө гэдэг эргэлзээтэй гэж үзэгсэд ч цөөнгүй юм билээ. Новак Жокович түүнчлэн теннисний тэмцээнүүдээс хамгийн их буюу 171 сая ам.долларын мөнгөн шагнал хүртээд байгаа аж.
Теннисний талбай дээр тэрээр Рожер Федерер, Рафаэл Надал, Серена Вильямс, Мария Шарапова гээд шилдэг теннисчдийн хөдөлгөөнийг үе үе дуурайж хурсан олныг хөгжөөсөөр нэг мэдэхнээ “Жокер” (“Алиалагч”) хочтой болжээ.

Новак Жокович

Тэгвэл “Жокер” Жокович яаж яваад цагийг эзэлсэн теннисчин болоо вэ? Түүний намтрыг сөхөж, амьдралынх нь замналыг хөөж үзье.

Новак Жокович 1987 оны тавдугаар сарын 22-нд тухайн үед задраагүй байсан Югославын нийслэл Белград хотноо серб эр Сржан Жокович, хорват эмэгтэй Дияна Жагар нарын ууган хүү болон төржээ. Түүний аав, онгоцны нисгэгч Сржан Жокович залуудаа цанын спортоор хичээллэдэг, хөлбөмбөг ч давгүй тоглочихдог, ер нь спортод элэгтэй нэгэн байж. Иймээс ч гэрт нь цана, бөмбөг, тэшүүр, хоккейн шайб, теннисний цохиур гээд спортын элдэв зэмсэг хөглөрдөг байсан аж.

Тэр бүгдээс дөрвөн настай жаалхүүд теннисний цохиур хамгийн ихээр таалагджээ. Хоёр жилийн турш теннисний бөмбөг нүдсээр өөрөөсөө ах хүүхдүүдийг түвэггүй хождог болсон түүнийг зургаатайд нь Югослав даяар алдаршсан теннисчин Елена Генчич анзаарсан байна. Дасгалжуулагч болоод удаагүй Елена Генчич түүнийг хэрхэн тоглохыг хараад л теннисний жинхэнэ од болгон хүмүүжүүлэхээр эргэлт буцалтгүй шийджээ.

Новакийн аав, ээжид ч нэр хүндтэй Елена Генчичийн эрс шийдмэг итгэл үнэмшил “халдварлаж”, ер бусын чадвартай хүүгийнхээ бэлтгэл сургуулилтад бүхнээ зориулах болсон аж.

Сржан Жокович хожим энэ тухай дурсахдаа, “Новакийг бага байхад манай гэр бүл хүндхэн амьдрал туулсан. Эхнэр бид хоёр харьцангуй гайгүй орлоготой ч хүүгийн минь карьерт шаардлагатай мөнгө хүрэлцэхгүй үе цөөнгүй тохиолддог байв. Тэгээд шулаач мөнгө хүүлэгчдээс сарын 10, 12, бүр 15 хувийн хүүтэй зээл авч, төлөх гэж ёстой л үйлээ үзнэ шүү дээ. Талхны ч мөнгөгүй үлдэх нь цөөнгүй. Эхнэр бид хоёр алт, мөнгөн эдлэл, үнэтэй цайтай бүхнээ зарж, хөлсний орон сууцны буйдан дээр арван жил унтаж өнгөрөөсөн. Тэглээ гээд шантраагүй ээ. Гол зорилгодоо хүрч, хүүгээ теннисний жинхэнэ од болгож чадсан юм” гэжээ.

Новак Жокович

Новак Жоковичийн ээж Дияна ч амаргүй цаг үед цөхөрч бууж өгөлгүй хүүдээ теннисний ертөнцийн хаалгыг нээж өгсөндөө баярладаг нэгэн. Тэрээр, “Нөхөр бид хоёр Новакт менежер, ивээн тэтгэгчид олох гэж мөн ч их гүйдэг байв. Бидэнд итгэж туслах хүн олдоно гэж үлгэр. Сржан үлдсэн бүх мөнгийг цуглуулж аваад Новакийн ээлжит тэмцээнд явахад би талх ч авах мөнгөгүй хоёр хүүхэдтэйгээ үлддэг байж билээ. Бид их зоригтой байжээ. Хэрэв Новак өөр улсад, өөр цаг үед төрсөн бол ийм амжилтад хүрэхгүй л болов уу” гэж дурссан нь нэгийг өгүүлнэ.

Новакийг 11 настай байхад дайн эхэлж, тэрээр гэр бүлийнхээ хамт хоргодох байранд 76 хоног амьдарч, төрсөн өдрөө хүртэл тэнд тэмдэглэжээ. Тэр үеийн айдас хүйдэс Новакийн ой тоонд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн нь тодорхой. Тэрээр “CBS” телевизэд ярилцлага өгөхдөө ийн ярьсан аж.

“Бөмбөгдөлт эхэлсэн эхний хоёр сарын турш шөнийн хоёр, гурван цагийн алдад хоргодох байр аймшигтай доргидог байв. Тэгэх бүрийд цочиж сэрнэ. Гэвч тэр өдрүүдийг би эерэгээр, гэгээлгээр эргэн дурсахыг хичээдэг. Сургууль өдөр бүр хичээллэхгүй юм чинь би найзуудынхаа хамт боломж гарах бүрийд теннис тоглодог байлаа. Бөмбөг тэсрээгүй тэгш газар олоод шүү дээ. Тэр үе л хүүхэд биднийг хатуужуулж, амжилтад шуналтай болгосон биз ээ.”

Новак Жокович

Түүний дасгалжуулагч Елена Генчич эргэн тойронд дайн дажин, үхэл хагацал болж буйг ер ажрахгүй бөмбөгдөлтөд өртөөгүй теннисний талбай бүхнийг бүртгэн Новакийг дагуулж очиж бэлтгэлийг нь базаад байсан аж. Үүний ачаар Новак дайн дуусангуут Германы теннисний академид тэнцэн ер бусын гайхамшигтай карьераа эхлүүлжээ.

Иймд Новак Жоковичийн бага наснаасаа өнөөг хүртэл “теннисний ээж” гэж хүндлэн дуудсаар ирсэн Елена Генчичийн дурсамж яриаг ч мөн толилуулж байна. Тэрээр, “Новакийг долоон настай байхад би нэг удаа нэлээд ядарч, тайвшрахын тулд Чайковскийн “1812 он” уветюр хөгжмийг тавьсан юм. Нэг мэдсэн чинь Новак хажууд ирээд тэр хөгжмийг чих тавин сонсож байснаа, “Дотор эрвэгэнүүлэх хэрнээ зоригжуулмаар гоё хөгжим юм” гэж билээ. Тэгэхэд нь би, “Тоглолтын үед юу ч тохиолдож болно. Хэрэв хожигдоход хэдхэн оноо дутуу байвал энэ хөгжмийг санан хүч орж байгаарай. Тэгж чадвал хожигдлыг хожил болгож эргүүлэх боломжтой” гэх ухааны сургамж айлдсан санагдана.

Новак Жокович

Би түүнийг сонгодог хөгжмийн амтанд оруулсан. Бас анхнаасаа л түүнийг дэлхийд дээгүүр орох теннисчин болохыг мэдэж байсан учир гадаад хэл хурдан сурах арга зааж өгсөн юм. Мөн олны дунд биеэ хэрхэн зөв авч явах, хамгийн наад зах нь хоолны ширээний ард сэрээ, хутга яаж зөв барихыг хүртэл хэвшүүлж өгсөн дөө.

Новак Жокович дэлхийн шилдэг теннисчин болсны дээр сайхан сэтгэлтэй зөв хүн болж төлөвшсөнд ихэд баярладаг юм” гэжээ.

Новак Жокович өдгөө Сербийн хамгийн алдартай хүн, эх орныхоо нэрийн хуудас болжээ. Манай улсын “МИАТ” компани тив хоорондын нислэг үйлдэх анхны онгоцоо “Хубилай хаан” гэж нэрлэсэн дээ. Тэгвэл “Air Serbia” компанийн мөн тийм онгоц “Новак Жокович” нэртэй.

Сербийн Ерөнхийлөгч асан Борис Тадич түүний талаар ярихдаа, “Өнөөдөр Сербийг дэлхий дахинд урьд өмнөх шигээ дарангуйлагч Слободан Милошевич бус, Новак Жоковичтэй адилтган төсөөлдөг болжээ. Алдарт теннисчний ачаар эх орны минь нэр хүнд сэргэж байна. Энэ бол гайхамшиг” хэмээн онож дүгнэжээ.

Хүүхэд насанд нь хөнөөлт дайн тохиосон ч хошин шогийн мэдрэмжтэй теннисний “алиалагч хаан” болсон Новак Жоковичийн тухай товч өгүүлэхэд ийм байна.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img