2024-10-17, Пүрэв
1 C
Ulaanbaatar

Хүн төрөлхтөнд “9/11” товчлолоор хадагдаж үлдсэн аймшигт террорист халдлагын тухай хэдэн үг

“Аав аа, байдал бүр бишдлээ. Үйлчлэгч бүсгүйчүүд шархджээ. Террористууд хутга, амьсгал боогдуулагч хийтэй бололтой. Тэд онгоцонд бөмбөг тавьсан гэсэн. Зорчигчид үймж сандралдан заримынх нь бие муу эрс муудлаа. Онгоц огцом хөдөлгөөнүүд хийж байна. Аав аа, сандарсны хэрэггүй. Бурхан минь, ээ бурхан минь…”

Питер Хансоны яриа 2001 оны есдүгээр сарын 11-ний өглөө 09 цаг, 03 минут, 02 секундэд ийн тасарчээ. Энэ мөчид Питер Хансоны эхнэр, хоёр настай охиныхоо хамт нисч явсан “United Airlines” компанийн 175 дахь чиглэлийн “Боинг 767—222” онгоц

9-11

Нью Йоркийн Дэлхийн худалдааны төвийн Өмнөд цамхгийг мөргөсөн юм.

Онгоц Өмнөд цамхгийг 80 дахь давхрын орчимд мөргөж дэлбэрэх аймшигт агшныг “CNN” зэрэг хэд хэдэн телевиз шууд дамжуулж үзүүлсэн нь дэлхий нийтийг цочроосон билээ. Үүнээс 17 минутын өмнө Дэлхийн худалдааны төвийн Хойд цамхгийг өөр нэг онгоц мөргөсөн ба Нью Йорк дахь телевизийн сэтгүүлчид үйл явдлыг газар дээрээс нь шууд сурвалжилж эхэлсэн тул видео камеруудынх нь дуранд ийнхүү өртсөн байдаг.

22 жилийн тэртээ, 2001 оны есдүгээр сарын 11-ний мягмар гаригийн ажлын өдөр дөнгөж эхлэж байхад алан хядагчдын халдлагад өртсөн АНУ-д эмгэнэлт үйл явдлууд ар араасаа хөврөн маш хурдан өрнөсөн. Бостоны “Логан”, Нью Жерсигийн “Нью арк”, Вашингтоны “Даллес” нисэх онгоцны буудлуудаас тус улсын нөгөө эрэг дэх Калифорни мужийг зорьсон дөрвөн онгоцыг хөөрсний дараахан бүхээгт нь зорчигчоор нэвтэрсэн террористууд нэгэн зэрэг хяналтдаа авчээ. Тэд хүчтэй дэлбэрч аль болох их хөнөөл учруулах зорилгоор түлш ихтэй алсын чиглэлийн онгоцуудыг зориудаар сонгосон аж.

Эхлээд “American Airlines” компанийн 11 дэх чиглэлийн N334AA дугаартай “Боинг 767-223ER” онгоц 8:46 цагт Нью Йоркийн Дэлхийн худалданы төвийн Хойд цамхгийн 96 давхар хавьцаа мөргөжээ. Дараа нь 9:03 цагт дээр хэлсэнчлэн “United Airlines”-ийн 175 дахь чиглэлийн N612UA дугаартай “Боинг 767—222” онгоц дээр Дэлхийн худалдааны төвийн Өмнөд цамхгийн 80 дахь давхрын орчимд мөргөсөн.

Улмаар 9:37 цагт “American Airlines” компанийн 77 дахь чиглэлийн N644AA дугаартай “Боинг 757-223” онгоц АНУ-ын нийслэл Вашингтон дахь тус улсын Батлан хамгаалах яам байрладаг Пентагоны барилга руу унаж дэлбэрчээ. 10:03 цагт “United Airlines”-ийн 93 дахь чиглэлийн N591UA дугаартай “Боинг 757—222” онгоц Вашингтоноос 240 км зайд Пенсилвани мужийн Шанксвилл суурингаас холгүй тариалангийн талбайд унаж сүйрсэн юм.

Сүүлийн онгоц АНУ-ын Конгресс байрладаг Капитолийн ордныг онилсон байсан гэдэг. Гэвч тус онгоцны нисэх багийнхан, мөн гэр бүлийнхэнтэйгээ гар утсаар холбогдоод барьцаалагдсан өмнөх онгоцууд хэрхсэнийг мэдсэн зарим зорчигч зориглон террористуудтай тэмцэлдсэнээр онгоц Вашингтон хүрэлгүй сүйрснийг онгоны хар хайрцагт үлдсэн бичлэг нотолсон билээ.

9-11

Энэхүү цуврал үйл явдал АНУ даяар мэдээллийн замбараагүй байдал үүсгэжээ. Агаарт хөөрсөн онгоцуудаас бусад бүх нислэгийг цуцалж, гадаадаас АНУ-ыг зорьсон бүх онгоцыг буцаасан байна. Тус улсын томоохон хотуудыг зэвсэгт хүчний сөнөөгч онгоцууд агаараас хамгаалах болжээ. АНУ-ын түүхэнд анх удаа тус улсын тэнгэрт нисч байсан иргэний агаарын бүх онгоц, нисдэг тэрэг, бусад төрлийн нисдэг төхөөрөмжийг газарт буулгах ажиллагааг явуулсан аж.

АНУ-д түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх болон үндэсний удирдагчдыг нууц байрлал руу зөөх онц байдлын үеийн тусгай төлөвлөгөөг анх удаа хэрэгжүүлжээ.

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо түүхэндээ хамгийн өргөн цар хүрээтэй мөрдөн байцаах ажиллагааг маш богино хугацаанд явуулж террорист ажиллагаанд биечлэн оролцсон 19 хүн болон зохион байгуулагчдыг тогтоосон юм. Дөрвөн онгоцонд нэвтэрсэн 19 алан хядагчийн 15 нь Саудын Араб, хоёр нь Арабын нэгдсэн эмират улс, мөн Египет, Ливаны тус бүр нэг иргэн байжээ. Тэд лалын хэт даврагч бүлэлглэлүүдийн хэвшмэл дүр төрхөөс тэс өөр, өндөр боловсролтой, тогтсон ажил амьдралтай дундаж насны хүмүүс байсан аж.

Тэдний нэг болохоор иргэний тээврийн том онгоц жолоодох нислэгийн бэлтгэлд хамрагдсан Саудын Арабын иргэн Закариас Муссауиг террорист халдлагаас дөрвөн долоо хоногийн өмнө АНУ-ын цагаачлалын дүрэм журмыг зөрчсөн хэргээр саатуулагдсан байдаг. Тэрээр 2005 оны гуравдугаар сард террорист халдлагыг санхүүжүүлж зохион байгуулсан Осама бен Ладен, Ричард Рейд нарын даалгавраар өөр дөрвөн хүний хамт тав дахь онгоцыг барьцаалан АНУ-ын Ерөнхийлөгчийн байрладаг Цагаан ордон руу чиглүүлэх ёстой байснаа албан ёсоор хүлээж, зургаан жилийн хорих ял авчээ.

1998 онд АНУ-ын эсрэг жихад буюу лалын шашинтнуудын ариун дайныг зарласан “Аль Кайда” хэмээх зэвсэгт бүлэглэлийг үүсгэн байгуулагч, Саудын Арабын тэрбумтны хүү Осама бен Ладен эхэндээ есдүгээр сарын 11-ний террорист халдлагатай ямар ч холбоогүй гэж мэдэгдэж байв. Харин АНУ-ын 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн тэрээр гэнэт видео мэдэгдэл хийж, террорист халдлагыг “Аль Кайда” зохион байгуулсныг хүлээн зөвшөөрсөн юм. Осама бен Ладен “Аль Жазира” телевиз дэлхий даяар цацсан тэрхүү видео бичлэгтээ, лалын ертөнцийн дайсан АНУ-ын эсрэг хийх халдлагын төлөвлөгөөг Мохаммед Аттагийн хамт нарийвчлан боловсруулсан гээд, Жорж Буш тэргүүтэй АНУ-ын удирдлагад юу болсныг ухаарах сөхөө өгөлгүй 20 минутын дотор шуурхай гүйцэтгэхийг урьтал болгосноо мөн дурдсан байдаг.

9-11

Террорист дайралтад АНУ-аас гадна 91 улсын иргэн 1977 хүний амь эрсдсэнээс 246 нь онгоцны зорчигч ба нисэх багийн гишүүд, 2606 нь Нью Йоркийн Дэлхийн худалдааны төвийн хоёр цамхаг, 125 нь Вашингтоны Пентагоны барилгад байсан хүмүүс ажээ.

Дэлхийн түүхэнд байгаагүй харгис хэрцгий, адал балмад террорист ажиллагааны хариуд АНУ тэргүүтэй НАТО-гийн гишүүн орнууд Афганистан, Пакистан дахь “Аль Кайда”, “Талибан” зэрэг бүлэглэлүүдийн эсрэг байлдааны ажиллагаа явуулж, Иракт цэргийн хүчээр цөмрөн орж Саддам Хусейны дэглэмийг унагасан билээ.

АНУ-ын тусгай албад “дэлхийн №1 террорист” гэгдсэн Осама бен Ладеныг Пакистаны Абботтабад хотын нэгэн байшинд бүгэж буйг тогтоосны дараахан буюу 2011 оны тавдугаар сарын 2-нд АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Барак Обамагийн тушаалаар “Нептуны жад” тусгай ажиллагаа зохион байгуулж устгасан юм.

9-11

АНУ-д ямар ч золгүй явдал тохиолдоход, хэн нэгний бие өвдөхөд, эсвэл гэмт халдлагад өртөхөд 911 дугаар руу залгаж яаралтай тусламж хүсдэг. Тэгвэл алан хядагчид чухам энэ тоог бэлгэдэн есдүгээр сарын 11-нийг хүний ёсноос гадуур үйлийнхээ өдөр болгон сонгожээ. Тэр өдөр 911 дугаар руу мянга мянган энгийн номхон иргэд залгаж, тусламж авч чадалгүй алтан амиа алдахыг террористууд зориудаар харгалзсан гэж бодохоор адгууснаас долоон дор гэмээр…

Терроризмын эсрэг өршөөлгүй дайн хийж, дэлхий даяар аюулгүй байдлыг эргэлт буцалтгүй чангатгахад хүргэсэн 22 жилийн өмнөх тэрхүү аймшигт үйл явдал терроризм юунд хүргэдгийн сануулга болон хүн төрөлхтний ой тоонд “911” товчлолоор нэгэнт хадагдан үлджээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img