2024-10-16, Лхагва
4 C
Ulaanbaatar

Х.ДОНДОГ: Улстөрчид нь дэлхийн олигархиудтай зэрэгцэх мөрөөдөлтэй. Ард түмэн нь төрөөр үйлчлүүлэх хүсэлтэй

Нийгэм судлаач, доктор, дэд профессор Х.Дондогтой нийгмийн сэтгэлзүйн судалгааных нь сэдэв болоод өнөөгийн нийгмийн сэтгэлзүйн талаар ярилцлаа.

-Өнөөдрийн Монголын нийгмийн сэтгэлзүйн асуудал нь юу вэ?

-Хялбаршуулаад хувааж үзье. Амьдрахуйн орчноор нь бизнест ороод өөрсдийгөө авч явж байгаа нэг хэсэг, төр буюу төсвийн байгууллагад ажилладаг нэг хэсэг, малчид гээд хэсэг, бүр аль ч талбарт хөлөө олж чаддаггүй нэг хэсэг гээд товчхон дөрөв хувааж үзье. Социалист нийгмээс буцаад хөрөнгөтний нийгэмд гэнэт шилжчихсэн бизнесийн ертөнцийнхөнд “би бол хязгааргүй эрх мэдэлтэй хүн, миний ажилчид бол боол” гэсэн сэтгэлзүйн бэрхшээл байдаг.

Энэ нь бизнесийн менежмэнтийн ухаан гэдгээ нураачихдаг. Нөгөө талаас ажилчид нь сэтгэлгүй, идэвхгүй “хулгайчийн сэтгэхүйтэй” ажилладаг. Эзэн нь болж өгвөл хүний хөдөлмөрийг мөлжчих санаатай. Энэ хоёрын дунд асар том ойлголтын зөрүү байгаа биз! Гэтэл бидний будилж явсан 70, 80 жилд чинь дэлхийд хөрөнгөтөн, пролетари гэдэг хоёр ойлголт огт байхгүй болтлоо хөгжчихсөн. Өнөөдөр хөрөнгөтөн хүн бол ажилчин хүн, ажилчин хүн бол хөрөнгөтөн хүн болсон.

Төрийн байгууллагуудын орчны сэтгэлзүй гэвэл улстөрчид тэнд гол эрх мэдэлтнүүд. Улстөрчид бол эрх мэдлийн туйл, хөрөнгийн туйл үүнийгээ дэлхийн олигархиудын нэг бүрэлдэхүүн хэсэг гэж үзэн, ийм хүмүүс л улс орныг авч явдаг юм байна гээд ойлгочихсон. Тэгэхээр улстөрчдийн мөрөөдөл тэнд л хүрэх. Харин ард түмэн нь болохоор төр бидэнд үйлчлэх ёстой гээд байдаг. Энэ сэтгэлзүйн зөрчлөөс л бүх хямрал үүснэ. Ард түмэн нэг буянтай хүн олох гээд л сонгоод байдаг. Гэтэл бидний шилжиж орсон нийгэм чинь буянтай хүн дагаж амьдрах биш өөрөө өөрийгөө авч явах нийгэм.

Мал маллаж байгаа хүмүүсийн хувьд бас өмнөх нийгмээсээ салаагүй сэтгэлзүйн дарамттай. Малчин хүний ажил бол өөрийнх нь бизнес, компани нь, хүүхдүүд нь ажиллах хүчин нь шүү дээ. Гэтэл үүнийгээ ойлгодоггүй. Үүнийг нь төр нь ч үнэлдэггүй. Малчид өнөөдөр өөрсдийгөө орхигдсон, азгүй хүн гэж хардаг.

Төр нь амьдрахуйн уламжлалт энэ боловсролыг үнэлдэггүй, яах вэ гэдгийг нь ярьдаггүй. Малчдын хувьд “ухаан муутай” болохоороо л сургуульд яваагүй амьд явахын тулд малтай зууралдаж байна гэж өөрсдийгөө сэтгэлзүйгээр дарамталдаг. Ямар ч хамаагүй аргаар хотод очиж шилэн байшинд амьдрахыг мөрөөддөг сэтгэлзүйг бүрдүүлсээр ирсэн. Хүүхдээ хот руу явж, ямар ч хамаагүй сургууль бараад, тэгвэл төлбөрийг нь төлнө гэж захидаг.

Бас аль ч үгүй хуйларсан хэсэг манай нийгэмд бий. Аль ч салбарт очсон гологддог, тоогддоггүй хэсэг бүлэг. Монголчууд нийтээрээ дайлах тогтолцоотой учраас тэд өлсөөд үхчихдэггүй. Амжилттай гайгүй яваа хэдээрээ дамжаад тэжээлгээд явж байдаг. Ямар нэг юман дээр төвлөрөөд амьдруулах гэхээр түүнд сэтгэлээ өгөх, суралцах гэдэг юм байхгүй хаяад явчихдаг.

Х.Дондог

-Таны ярианаас монголчууд өмнөх нийгмийн сэтгэлзүйгээсээ салаагүй хувь хүн нь өөрийн оршихуйгаа олоогүй. Энэ сэтгэлзүйн зөрчлүүдээсээ болоод улам их асуудлыг бий болгоод байна уу?

-Тийм. Энэ бүхний гарц нь тэгэхээр хувь хүндээ байна.

-Өнөөдрийн Монголын нийгмийн сэтгэлзүйг нэг үгээр илэрхийлээч?

-Ороо бусгаа. Олон төрлийн давлагаанд автчихсан. Энэ давлагааг төрийн бодлогоор л давж гарах ёстой юм. Гэтэл төрд ажиллаж байгаа хүмүүс нь өөр сонирхолтой. Энэ давлагаанд автахгүй гээд байвал жинхэнээсээ стресстэнэ. Тиймээс хувь хүн өөртэйгөө ажиллаж байж л өөрийн дархлаагаа олж авах нь.

-Та хэзээнээс нийгмийн сэтгэлзүй судлах болсон бэ? Таны үндсэн мэргэжил үү?

-Миний суурь мэргэжил бол гэрлийн физикч. Дараа нь биофизикийн чиглэлээр Москвагийн их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан. 1990 оноос нийгмийн шилжилт болсон учраас энэ сэдэв сонирхолтой санагдаж учрыг нь олохоор судалж эхэлсэн дээ. Сайн дурын нийгэм судлаач гэж хэлж болно. Ингээд судлахаар сэтгэлийн ухаан буюу оршихуйн ухаан гэдгийг зайлшгүй судлах шаардлага гараад сүүлийн үед билиг ухааныг сонирхон судалж байна.

-Та өөрийгөө сайн дурын судлаач гэлээ. Хүн өөрөө судалж, танин мэдэж түүнийгээ хүмүүстэй хуваалцахад заавал дипломын боловсрол шаардлагагүй гэсэн үг үү?

-Өнөөдөр бүх зүйл нээлттэй, боломжтой байхад хүн танин мэдээд түүнийгээ хэрэглэх нь чухал болохоос батламж нь чухал биш. Албан бус боловсрол гэдэг нь хүнд хэрэгтэй юм олж авч чадсан уу гэдгээр хэмжигдэхээс юу цээжилснээ шалгуулдаг үйл явц биш. Мэдлэг хоёр жигүүртэй. Гадаад ертөнцөөс хүлээж аваад өөрийн төсөөлөл, ойлголттой болох. Нөгөө тал нь дотоод ертөнц буюу хүн дотроосоо мэдлэгээ олох. Энэ хоёрыг ухамсар хянана. Боловсрол бол батламж биш харин хүний ухамсрын боловсруулах чадварыг нь хэлж байгаа юм. Далд ухамсраас ирж байгаа мэдлэгийн талыг билиг ухаан, гадаад ертөнцөөс эрхтнүүдээр дамжаад ирж байгаа мэдлэгийг арга ухаан гэж байгаа юм.

-Таны судалж байгаа хүний оршихуй гэдэгт юуг багтааж ойлгох вэ?

-Хүний оршихуй энэ арга ухаан, билиг ухааны тэнцвэр дээр л тогтоно. Хамгийн энгийн үгээр хэлэх юм бол бид газар, тэнгэр хоёрын завсар л амьдарч байгаа шүү дээ. Хүний оршихуй дээр сэтгэл, мэдрэмж гэдэг ойлголтууд нэмэгдэнэ. Тэгвэл миний хувьд гэвэл гадаад ертөнц, дотоод ертөнц, ухамсар гэдэг гурван орчин дотор хүн амьдардаг юм байна гэсэн загварыг авч үзэж байна. Гадаад ертөнц нь байгаль, нийгэм гэж хоёр хуваагдана. Хүн тэгэхээр байгаль, нийгэм, далд ертөнцийн огтлол дээр ухамсраараа дамжин оршдог байх нь.

-Тэгвэл өнөөгийн нийгмийн сэтгэлзүй ухамсар дээр биш сэтгэл хөдлөл дээр тогтоод байна уу энэ талаарх таны ажиглалт?

-Энэ чинь өнөөдрийн оршихуйн үндсэн асуудал. Хүн үүссэний дараах үедээ байгалийн хүчин зүйлээс айж, мэгддэг байсан. Дараа нь бөө мөргөл үүсээд түүндээ найддаг болсон. Түүгээрээ хүн тайтгардаг, тайвширдаг байж. Гэтэл хүн танин мэдэх тусмаа хүн чинь өөрөө их хүчирхэг амьтан юм байна гээд ойлгосон. Ид шидтэй хүний төсөөлөл бүрдээд бурхан гэдгээр томьёологдсон.

Хүний танин мэдэхүй улам дээшлээд шинжлэх ухаан бий болсон. Хүн нийгмээ хүртэл судлаад нийгмийн онолууд бий болж измүүд үүссэн. Нэг измийг шүтэж массаараа хуйларч явсан үе бий. Энэ бүхэн нь худлаа юм байна гээд ирэхээрээ дараагийн нийгмийн сэтгэлзүйн давлагаа үүснэ. Энэ нь орчин үеийн хэллэгээр постмодернист давлагаа. Энэ бол хүн ерөөсөө өөрийнхөөрөө л орших ёстой юм байна гэсэн үзэл. Постмодернист оршихуй бол нийгмийг түрж байна. Ухамсарлахгүй яваад байна гэдэг чинь постмодернист оршихуйн давлагаа мөн. Энэ бол хамгийн сүүлийн үеийн хүний хөгжлийн үеийн төвшин.

-Хүн дотоод ертөнц буюу далд ертөнцөө хэрхэн танин мэдэх вэ?

-Далд ертөнцөө ухаарахуйгаар танина. Бодож байгаад “Өө энэ чинь ийм учиртай юм байна шүү дээ” гэх үе хүнд байдаг шүү дээ. Энэ чинь таны далд ертөнцөөс ирж байгаа мэдлэг. Энэ чинь халуун, хүйтэн, гашуун, нялуун юм байна гэж мэдэрч байгаа нь гадаад ертөнцөөс ирж буй мэдлэг.

-Постмодернист оршихуйн давалгааны сайн, муу тал нь юу вэ?

-Сайн тал нь далд ертөнцийг судлаач ээ эрдэмтдээ гэсэн мессэжийг өгч байна. Сул тал нь дотоод ертөнцөөрөө гээд дур зоргоороо ямар ч ухамсрын хяналтгүй сул тавих юм бол мэдээж хэцүү байдалд л хүргэнэ.

-Нийгэмд нөлөөлөхүйц чухал шийдвэрүүдийг төр засгийн зүгээс ийм постмодернист давлагаанд тааруулсан байдлаар гаргаад байгаа нь ямар учиртай юм бэ?

-Масс буюу хүн сүрэг гэж байна. Энэ сүргийнхээ шинжээр нийгмээ авч явж байгаа юм. Хүн хүссэн, хүсээгүй энэ үерт автаад урсчихдаг. Нэг хүн өөрийнхөөрөө байя гэхээр тэр давлагаа чинь аваад л явчихна. Нэгэнт энэ бүхэн бодитой, үүний өмнө нэг хүн хүчин мөхөстөж байгаа юм чинь тэр үерт автахаас аргагүй болдог. Гэхдээ энэ дотор урсахдаа өөрийн ухаантай явах хэрэгтэй. Энэ нь массын оршихуй, өөрийн бүтээлч оршихуйг тэнцвэртэй авч явна гэсэн үг.

-Билиг ухааны талаар та тайлбарлаж өгнө үү?

-Хүн гэдэг нэг цаг үед, нэг орон зайд маш олон юмыг өөртөө тээж явдаг. Тухайлбал миний нүд бол миний нүд биш болчихсон гэсэн үг. Хүн танин мэдсээр ирсэн учраас миний нүдэнд шинжлэх ухааны нүд, амьтан гэдэг талаасаа амьтны нүд, урлагийн нүд байгаа гэж жишээлж хэлье. Хүн гэдэг чинь “Хэн бэ?” гээд бариад авчих боломжгүй ийм олон юмнаас бүрдсэн хийсвэр оршихуй.

Энэ олон талт зүйлээ хүн өөрийнхөө хяналтаар л зохицуулж явдаг. Хүнд байдаг хяналтын систем нь ухамсар. Энэ хяналтын системээ мэдлэгжүүлж, боловсруулах хэрэгтэй. Энэ арга бол гүн гүнзгийгээр тунгаан бодох буюу бясалгал юм. Оршихуйгаа гүн гүнзгийгээр төвлөрч бодохыг л бясалгах гэж ойлгоорой. Тэр бясалгахуйгаараа ухамсраа цэнэглээд, ухамсраараа өөрийгөө хянах, өөрийгөө жолоодох ухааныг л билиг ухаан гээд байгаа юм.

-Хүний оршихуй юунаас бүрддэг юм бэ? Монгол хүний оршихуй гэж тусдаа байх уу?

-Жишээ нь би гэдэг хүн уламжлалаасаа, туулж ирсэн түүхээсээ, өнөөгийн энэ давлагаанаасаа бүрдэж байгаа. Хотод төрсөн, хотын хүн гэдэг ч тэр хүний дотор уламжлал гэж юм бий. Тэр нь унтчихсан байвал сэрээх хэрэгтэй. Монгол хүний хувьд байгаль дэлхий буюу нутаг ус гэж бий. Нутаг гэдэгт айл саахалтууд хүртэл орно шүү дээ.

Тэгэхээр ямар ч юмыг нэгийг нь нөгөөгөөс нь хэтрүүлж болохгүй, нэгийг нь нөгөөгөөр нь дарангуйлж болохгүй гэдэг ухаан бидэнд суудаг. Энэ бүхнийг тэнцвэртэйгээр авч явсныг л монгол ухаан гэж байгаа юм. Одоо нэгэнт залуу үе маань байгалиасаа тасарчихаар тэр тэнцвэрийг мэдэрч, хүлээж авах орчингүй болчхоод байна. Зохиомол боловсрол гээч юмаар бөмбөгдсөн ийм орчинд өсч байгаа залуус яаж төлөвших вэ.

-Орчин үед ямар нэг изм-ээр төлөвшүүлэхгүй ч гэсэн даяаршсан ертөнцийн давлагаа маш хүчтэй байгаа. Энэ жам ёсны үзэгдэл үү?

-Нийгмийн сэтгэлзүй гэдэг нь хүнд хүчтэй нөлөө үзүүлээд байгаа орчныг л хэлж байна. Даяаршил, ардчилал, суурин соёл гээд давлагаануудад монголчууд 1990 оноос хойш гэнэт өртчихсөн. Манай улсын макро, микро орчин гэж бий. Эдгээр орчнууд ч биднийг түрж байгаа. Бүр жижгэрүүлээд харвал гэр бүлийн орчин байна. Энэ орчин маш их асуудалтай байгаа. Хүн рүүгээ чиглэвэл дээр өгүүлсэн гурван орчны тэнцвэр алдагдчихсан байна.

-Хүн яаж оршихуйгаа олох вэ?

-Өмнө хэлснээр хүн гадаад, дотоод ертөнцийн мэдрэхүй, өөрийн ухамсар гэдэг гурваа нийлүүлж байж л хөлөө олдог юм байна гэдгээ ухаарч ойлгох хэрэгтэй.

-Олон зууны түүхтэй суурин иргэншилд нийгмийн зэрэг зиндаа байдаг. Монголд зарим хүн өөрийгөө элит, дээдэс гэх мэтээр нэрлээд байна. Манай нийгэмд ийм зэрэг зиндаа байгаа гэж үү?

-Системээ өөрчлөөгүй унаган төрхөөр нь хүний нийгмийн хөгжлөөрөө явсан улс орнуудад энэ нь ялгараад ирдэг жамтай. Социалист хувьсгалын зорилго нь үүнийг шударга бус гэж үзээд арилгасан явдал. Манай нийгэм одоо тэр давхаргаараа ялгарах шатандаа явж байна.

-Хувь хүний сэтгэлзүй рүү оръё. Хүн яагаад стресстдэг вэ?

-Хүнд мөрөөдөл, айдас, жаргалын, зовлонгийн мэдрэмжүүд байдаг. Энэ мэдрэмжүүд нь хоорондоо зөрчилдөөд нийцтэй биш болоод нэг жанжин шугаманд орохгүй болохоор л стресстдэг.

-Хүнд стресс байдаг. Харин одоо огт стресстэхгүй байх талаар л маш их зөвлөдөг болоод байна. Нэгэнт байгаа зүйлийг зөв даван туулж чадвал хүний сэтгэл улам хүчтэй болох биш үү. Стрессийг яах ёстой юм бэ?

-Стресс бол хүний сэтгэлзүйд тохиолдож байгаа эрсдэл. Жишээ нь бизнесийн салбарт ийм эрсдэл тулгарвал яаж даван гардаг вэ? Энэ эрсдэлээ судалж байж л давдаг шүү дээ. Хүн үүнтэй адил энэ эрсдэлтэйгээ ажиллах хэрэгтэй. Энэ стресс юунаас болж үүсээд байгаа юм, би юунаас болоод ингээд байгаа юм гэх мэтээр. Энд нэг алдаа гаргадаг нь стресст хэн нэгэн буруутай болдог. Тэр нь өөрөө биш байдаг. Тэгвэл судлаад үзвэл хүн өөрөө 99 хувийн буруутай болж таардаг. Ийм болтол ажиллах чадварт суралцах хэрэгтэй.

-Хүний сэтгэлийн үндсэн төлөв нь юу байдаг юм бэ?

-Сэтгэлийг гэгээнтнүүд маш их судалсан байдаг. Нэг үгээр хэлбэл дасах, дадах, өөрийн гэж үзэх хүний мэдрэмж юм.

-Хүн болгон аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Аз жаргал гэж юу юм бэ?

-Сайхныг мэдрэхийг аз жаргал, мууг мэдрэхийг зовлон гэж байна. Гэтэл хүний сэтгэл зовлон, жаргал хоёроос бүрддэг. Хүн үүнийгээ ойлгох хэрэгтэй. Дан ганц жаргалаас хүн сэтгэлээ бүтээх гээд байдаг. Энэ нь эргээд зовлон болно.

-Хоёуланг нь хүлээж аваад байя. Тэгвэл хэрхэн амар тайван байх вэ?

-Сайн тунгаавал жаргал, зовлон хоёр чинь салангид биш нэг гэж ойлгогдоно. Тэр төвшинд хүрвэл амар тайван болно. Энэ бол ихэнхдээ гэгээнтнүүдийн хүрдэг төвшин.

-Тэгвэл аз жаргал гэж хүний сэтгэлийн амар тайван байдал мөн үү?

-Мөн.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img